Thursday, January 5, 2017

ЖОЗЕФ ДЕ МЕСТРИЙН УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Жозеф Мари де Местр — Францын нэрт нийтлэлч, шашны философич, улс төрийн зүтгэлтэн, консерватист үзэл санааны сонгодог төлөөлөгчдийн нэгэн.
Цадаг намтар. Де Местр 1753 оны дөрөвдүгээр сарын 1 нд Савой нутгийн Шамбэри хотноо язгууртны гэр бүлд мэндэлсэн бөгөөд арван хүүхэдтэй айлын ууган хүү байжээ. Түүний эцэг гүн хэргэмтэй, Савойгийн парламентын дарга нэгэн байсан гэдэг. Францын өмнө зүгт орших Савой тухайн үедээ Сардины вант улсын бүрэлдэхүүнд багтах өөртөө эзэрхэх муж байжээ. Жозеф Мари Иезуит Коллежид хүмүүжил олж, улмаар Турины Их Сургуульд хууль цаазын ухаан судалсан байна. Савой нутгаас гаралтай байсан нь хожмоо де Местрт хүчтэй нөлөөлөл үзүүлж, дундад эртний Францын хамжлагат байгууллыг сүслэж, шашинлаг, эцгийн эрхт ёсыг хүндэтгэхэд үзэл санааны томоохон хөшүүрэг болж өгчээ.
1788 онд Савойн сенат болон шүүх яаманд алба үүрэглэх болсон. Францын агуу их хувьсгалыг хүн төрөлхтөний хилэнц нүглийг ертөнцийн эзнээс гэсгээж буйн хэлбэр мөн гэж үзсэн. Ялдарт нь, XVI  Людовиг цаазлагдсан явдлыг аймшигт гэмт хэргийн нэг гэдгийг онцолсон байна. Харин 1791 оны үндсэн хууль «мунхаглалын мөнхийн дурсгал» ажээ.
1792 онд Савой нутгийг Францчууд булаан эзлэхэд шинэ засагт захирагдах хүсэлгүйгээ илэрхийлж, Венец, Лозанна, Сардин аралд амьдрах болжээ. 1798 онд түүнийг Сардины вант улсын канцляр, 1802 онд Санкт-Петербург хотноо суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилсон байна. Итгэмжлэх жуух бичгээ барихын ялдар де Местр Оросын эзэн хаан I Александрт бараалхаж уулзсан байдаг. Хожим Оросын язгууртны дундах нэр нөлөөгөө ашиглан өөрийн үзэл санааг энэ улсад түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлжээ.
Зохиол бүтээл нь ихэд алдарших болсон тул 1817 онд Францад эргэн иржээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдийг Турин хотноо өнгөрүүлсэн байна. Гэвч хуучин бүхэн ул болж, шинэ бүхэн цэцэглэн хөгжих зүй тогтлыг их сэтгэгч хожимдож ухаарчээ. Бие барахынхаа өмнө 1821 онд «би Европ тивийн хамт мөхөж байна» хэмээн бичсэн байдаг нь үүний илрэл гэлтэй. Улс төрийн консерватив урсгалыг хөгжүүлэгч, Европын цолгорсон сэтгэгч Жозеф Мари де Местр 1821 оны хоёрдугаар сарын 26 нд 67 насандаа бие баржээ.
Үндсэн бүтээл: «Францын тухай эрэгцүүлэл» (1796 он), «Улс төрийн үзэл санаа тэргүүтэн хүний бий болгосон бүхний зүй тогтлын тухай туршлага» (1810 он), «Гэгээн хутагтын тухай» (1819 он), «Санкт-Петербургийн үдэш» (1821 он), «Бүрэн эрхт байдлын тухай эрэгцүүлэл» (анх 1870 онд хэвлэгдсэн).
Улс төрийн сургаалын агуулга
Хүний тухай сургаал. де Местрийн үзснээр, хүн бол сүйтгэх, бусниулах зөнтэй, нүгэлт, оюуланг бус, бусчир муу амьтан; Тийм ч учраас хүн өөрийн хүсэл зоригдоо захирагдах, эрх чөлөө эдлэх ёсгүй юм. Хүний нүгэлт мөн чанар нь эцэс, төгсгөлгүй гэмт үйлийн эхлэл болох бөгөөд тэднийг харгис хэрцгийгээр гэсгээн шийтгэж байвал сая болох. Хүн болгонд нийцтэй зохион байгуулалтын шилдэг арга бол бүхнийг айдсаар далайлган шашлах хүчирхийлэл мөн.
Элэр цагийн хүй элгэний хүмүүст гэрээ, хууль цааз гэж үгүй тул нийгмийн гэрээний онол бүхэлдээ худал хуурмаг зүйл юм. Зөвхөн түүхэн талаас төдийгүй, учир шалтгааны хувьд нийгмийн гэрээ байгуулагдах боломжгүй. Хүний жам ёсны эрх гэгч хууран мэхлэлт. Тэгш эрх ямагт байгалийн хууль, нийгмийн харилцаатай зөрчилдөж байдаг. Үнэндээ, хүчтэй, чадалтай нэг нь сул доройгоо бусчирлан хүчирхийлж амьдрах жамтай.
Жам ёсны эрх, нийгмийн гэрээний онолын эсэргүүцэж, ертөнцийн эзний үзэл санааг хөгжүүлсэн. «Хүний эрхийн тухай эрхэм таны тайлбарыг сийрүүлэн бичихийг хичээе.… Таны бодлоор, хүмүүсийн хооронд ямар нэгэн ялгавар үл орших нь ойлгомжтой; Та энэ төсөөллийнхөө ачаар хүний тухай хамгийн хуурмаг оюун дүгнэлтэд хүрнэ. Энэ бол хуурмаг, нотлогдох боломжгүй тийм зүйл юм. Таны бодож тунгаасан бүхэн байгаль дээр үл орших учир бодитой бус» хэмээн Местр бичжээ. Түүний үзснээр, хүний бий болгосон бүхэнд сохроор сүслэх явдал соён гэгээрүүлэлтийн үеийн философийн хамгийн том дутагдал болно. Үнэн чанартаа, хүний оюун ухаан хязгаарлагдмал бөгөөд байгалийн хууль, зүй тогтлыг битгий хэл өөрийн амьдралаа ч бүрэн дүүрэн танин мэдэж чаддаггүйд оршино.
Байгалийн болон бичигдмэл хуулийн тухай. «Байгалийн хууль» гэдэгт де Местр тодорхой ард түмний дотор түүхэн жамаар бүрэлдэн бий болж, тухайн нийгмийнхээ улс төрийн соёл, таниуцаар бататгагдан хөгжих үнэт зүйл, хэм хэмжээг ойлгож байжээ.  Байгалийн, буюу хэв хууль нь хэзээ ч хүмүүсийн гэрээ, хэлцлийн үр дүнд бий болдоггүй бөгөөд ард түмэн бүрийн түүхэн хөгжлийн явцад бүрэлдэн тогтдог жамтай.
Хүн төрөлхтөний түүхийн эхэн үед байгалийн хууль сүсэг бишрэлд тулгуурлаж үүсч байсан бөгөөд энэ үед шашныг улс төрөөс зааглан авч үзэх боломжгүй байв. «Улс төрийг шашнаас, хууль тогтоогчдыг лам нараас зааглах боломжгүй» байжээ. Дараагийн үед нь хууль, зүй тогтол хүмүүсийн амьдралын хэв хуулинд суурилж үүсэх болсон. Өөрөөр хэлбэл, хууль бий болоход хүний хүсэл зориг бус, нөхцөл байдал шийдвэрлэх нөлөөтэй байсан гэсэн үг юм: Ард түмний ёс заншил, ёс суртахуун, сүсэг бишрэлд суурилсан туршлага голлох нөлөөтэй байжээ. Эндээс «хүмүүс өөрсдийн зөвшөөж байгаа, үгүйг эс харгалзан зан заншил, ёс суртахуун, үзэл санаанд илүү захирагддаг зөнтэй» гэсэн дүгнэлтэд де Местр хүрчээ.
Харин бичигдмэл хуулийн тухайд ердөө л зохиомол зүйл юм: «Аливаа бичигдмэл хууль тасархай цааснаас өөр юу ч биш юм.… Бичигдмэл хууль хэтэрхий илэрхий, хэтэрхий тодорхой шинжтэй бөгөөд нууцлаг шинжийг үл агуулна. Тухайлан хэлэхэд, харц ардын хүсэл зоригоос өөр юу ч биш юм». Ямар нэгэн биелэгдэшгүй хүсэл зоригийн золиос болох нь олонтаа тул бичигдмэл хууль тогтвортой хэрэгжиж чаддаггүй байна. Де Местрийн үзснээр, бичигдмэл хууль дараах зарчмыг өөртөө агуулдаг. Үүнд:
1) Ямар ч бичигдмэл хууль олон нийтийн үзэл бодол, хэлэлцүүлэгийн явцад бий болдоггүй;
 2) Аливаа бичигдмэл хууль өмнөх журмын үргэлжлэл байхын сац нийгмийн харилцааг бүхэлд нь журамлан тогтоох хандлагатай байдаг;
3) Гэхдээ хуулиар зохицуулж болдоггүй зүйл, харилцаа гэж байдаг;
4) Төрийн эрх мэдлийг нэг бүрчлэн хуульчлан тогтоох нь засаглалын хүчийг сулруулахын ялдар тогтвортой байх шинжийг алдагдуулдаг байна. Өөрөөр хэлбэл, төр улс мөхөх, уналтад орохын үндэс нь хуулийн засаглал юм;
5) Бичмэл хууль ямагт хэн нэгний хүсэл зоригоос хамаарч байдаг. Хэрэв алсын бодлогогүй хүмүүс шинэчлэл хийж, төрийн эрх мэдлийг гажуудуулбал үр дүнг нь бүхэл бүтэн ард түмэн, үндэстэн амсдаг;
6) Хуулийг бүтээгчид шалгарсан, шилэгдмэл хүмүүс байх учиртай. Тэрнээс хууль өөрөө төгс төгөлдөр байна гэсэн ойлголт байдаггүй;
7) Хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөний тухай ойлголт тухайн хууль ямар ард түмний дотор хэрэгжиж байгаагаас ихээхэн хамааралтай. Энэ дэлхий дээр бүрэн эрх чөлөөтэй үндэстэн, юм уу ард түмэн гэж хэзээ ч байдаггүй;
8) Сайн хуулийг сайн хууль тогтоогчид бий болгодог. Гэхдээ сайн хууль тогтоогч байна гэдэг ердийн нэг эрдэмтэй хүн байна гэсэн үг хараахан биш юм;
9) Бүх улс үндэстэнд хамааралтай бичигдмэл хууль гэж байдаггүй. Хууль бүр тодорхой ард түмэн, юм уу үндэстэнд зориулагдсан байдаг: «Нийт хүн төрөлхтөнд … хамааралтай зүйл байгаль дээр байдаггүй. Ингэхлээр, бүх үндэстэнд нийцтэй хууль байх боломжгүй: Хүн бүрт хамааралтай үзэл санаа, төгс таамаглал дээр суурилсан хууль бол цэвэр хийсвэрлэл мөн»; «1795 оны үндсэн хууль нийт хүн төрөлхтөнд зориулагджээ. Гэхдээ ертөнцөд нийт хүн төрөлхтөний зүйл гэж байдаггүй»;
10) Аливаа бичигдмэл хуулийн хувьд ард түмэн бүрийн ёс суртахуун, шашин шүтлэг, газар зүйн орчин, улс төрийн харилцаанд суурилсан байх нь туйлын чухал болно.
Төрийн тухай сургаал. Төр улс гэгч бие даасан эрх мэдэл дээр үндэслэн тодорхой ард түмний дотор бий болох шатлан захирах ёс бүхий зохион байгуулалттай нэгдэл мөн. Харин ард түмэн гэгч бат тогтвортой таниуц, үнэт зүйлс бүхий өөрийн гэсэн хэл яриа, газар нутаг, соёл, хэв хуультай хүмүүсийн бүлэг болно: «Аливаа ард түмэн чухам түүнд л байх өөрийн гэсэн нэгдмэл үнэт зүйл, ёс суртахууны хэлэмж дээр суурилдаг». Төр улс, ард түмэн, хот суурин, хүй элгэн, хөршийн холбоо, гэр бүл тэргүүтэн нь үүнийг агуулах зүйл юм.  
Төр улс, ард түмний үүслийг де Местр хачин, тайлагдашгүй хэмээн тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, төрийн үүсэл суут ухаант, хагас домгийн жанжин, удирдагчдын үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай байдаг.
Төр гэгч нэг цэгээс бүх эд эсээ удирдах амьд организм лугаа адил юм. «Төрийн эрх мэдэл хатуу чанд, шийдвэртэй байхын тулд нэг төвд захирагдах учиртай. Үүнийг нэг цэгээс эд эсээ удирдах амьд организм лугаа адилтгаж болох байна» хэмээн Местр бичжээ.
Улсын доторх дэг журам гэгч хүмүүсийн чиг үүргийн ялгаанд оршино. Иймд агуу хүн гэдгийг онцгой эрх мэдэл, чадвар эзэмшсэн хүнийг бус, харин төр, нийгмийн өмнө тусгай үүрэг хүлээсэн хүнийг ойлговоос сая болох. Ямар ч үед өөрчилж үл болох нийгмийн харилцааны нөхцөл нь хүмүүсийн дундах шатлан захирах ёс юм.
Төгс төгөлдөр засаглалын хэлбэр гэж байдаггүй. Тодорхой ард түмний мөн чанар, таниуцад нийцсэн тэр засаглал хамгийн шилдэг нь байдаг. Ингэхлээр, Местрийн хувьд тодорхой ард түмэнд л нийцэж байвал деспоти төр ч засаглалын шилдэг хэлбэр юм. Эсрэгээрээ, тодорхой ард түмний мөн чанарт үл нийцэх бол ардчилсан төр ч дарангуйллын хэлбэр болдог байна.
Гэхдээ Местр ерөнхийдөө эзэн хаант засгийн талархан үздэг байжээ. «Эзэн хааны засаг гэгч амьд эх оронч мэдрэмжээс өөр юу биш юм» хэмээн Местр тодорхойлсон байна.
Дээрхээс гадна, зохион байгуулалтын хувьд эзэн хаант засаг Ромын хутагтын засаг лугаа адил юм. Эзэн хаадын эрх мэдлээс Ромын хутагтын эрх мэдэл өндөр байх үед дэлхий дахинаа амар амгалан тогтоно. Учир нь төр улс, гэр бүл гэгээрэн хөгжихийн үндэс болсон шашин Ромын хутагтын соёрхолд байдаг. Ерөнхийдөө Местр дундад эртний католиг шашин зонхилсон Ромын хутагтын хязгааргүй эрх мэдлийг талархагч нэгэн байжээ.
Хувьсгалын талаарх үзэл санаа. Де Местр түүхийг ертөнцийн эзний агуу төлөвлөгөөний хэрэгжилт гэж үзсэн байна. Тиймээс хувьсгал гэгч хүн төрөлхтөний нүгэл хилэнцийг ертөнцийн эзэн гэсгээж буйн илрэл юм. Өөрөөр хэлбэл, хувьсгал дүн өвлийн хүйтэнд нахиалах модод адил нүглийн дунд буяны үр соёолуулах гайхамшигт үйл болно (Р. А. Бурханов & В. Н. Руденкин, 2009, хуудсд. 117-124).

Эх сурвалжийн жагсаалт

Р. А. Бурханов, & В. Н. Руденкин. (2009). Политическое учение Жозеф де Местра. In Р. А. Бурханов, В. Н. Руденкин, & Т. А. Фридман (Ed.), История политических учений от Античности до Нового Времени: Краткий конспект лекций (2-е изд. ed.). Нижневартовск: Изд-во Нижневарт. гуманит. ун-та. Retrieved October 18, 2016, from http://nvsu.ru/ru/Intellekt/1131/Burhanov%20R.A.,%20Rudenkin%20V.N.%20Istoriya%20politicheskih%20ucheniy%20-%20Uchebnoe%20posobie%20-%202009.pdf
ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН:  ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР


No comments:

Post a Comment