Sunday, September 4, 2016

ТОМАС ХОББС "ЛЕВИАФАН (ЛИВЪЯТАН), БУЮУ ТӨРИЙН ИРГЭНИЙ ХИЙГЭЭД НОМЫН ЗАСАГ, ХЭЛБЭР, ЭХ СУРВАЛЖУУД"




Хожуу дундад зууны улс төрийн хайв сэтгэгч, цолгорсон төрийн бодлоготон Томас Хоббс дэлхийн улс төрийн болон эрх зүйн сэтгэлгээний түүхэнд томоохон байр суурь эзэлдэг. Тэрээр 1651 онд (1668 онд Латин хэлнээ орчуулагдсан) гаргасан хүний тухай, төр улсын тухай, христос ёсны төр, улсын тухай, харанхуйн хаанчлалын тухай гэх дөрвөн дэвтэр, нийт 47 бүлгээс бүрдэх Левиафан (Левиафан, буюу ливъятан гэдэг үг нь эртний Еврей хэлнээ «мушгиралдсан, бараа бологч» гэх утгыг илэрхийлэх бөгөөд хуучин гэрээнд дурдсныг үндэс болговол, далай, тэнгисийн бурхан Ямын дагуул олон тэргүүнт мангас Латаны нэрнээс үүсэлтэй аж) бүтээлдээ нийгмийн гэрээний онолыг цогц байдлаар хөгжүүлсэн нь хожмын олон мэргэдэд гүн хүртээл болжээ.


Английн бичгийн их хүн, механик материалист гүн ухаантан Томас Хоббс (Thomas Hobbes; Томас Гоббс) 1588 оны дөрөвдүгээр сарын 5 нд Английн Уилтшир гүнлэгт Уэстпорт нэрт газраа хөдөөгийн санваартны гэрт мэндэлжээ. Эх нь Испаны Армадагийн довтолгооны үед айн ширвээтэхдээ сараа гүйцээлгүй хүүгээ төрүүлсэн гэдэг. Энэ учирт Хоббс авгай хожмоо “Айдас, бид хоёр ихэр юм(Hobbes, 1839, p. LXXXVI) хэмээн айлджээ. Түүний бага нас хэрхэн өнгөрсөн хийгээд эх нь ямар хүн байсан тухайд түүхэн эх сурвалжийн мэдээлэл нэн хомс. Харин эцгийнх нь хувьд Чарлтон, Уэстпорт газрын санваартан нэгэн байсан бололтой (Norman Jobson; Arnold Rogow ;, 1987, p. 469). Хоббс дөрвөн наснаас эхлэн хийдэд хүмүүжсэн бөгөөд 1603 онд Оксфордын Хэртфорд Коллежид элсэн суралцаж, 1608 онд бакалаврын зэрэгтэй дүүргэсэн байна. Энэ үеэс эхлэн хожмоо Дэвонширийн гүнтэн гэгдэх болсон барон Уильям Квандэшийн гэр бүлтэй холбогдож, ууган хүүд нь багшлах болжээ.
1610 оноос шавийн хамт Европын орнуудаар хөндлөн гулд аялж, урлаг, шинжлэх ухааны ололттой танилцахын ялдар Англид нутагшуулах арга зам сүвэгчилж байв. 14 наснаас эхлэн Герег, Латин хэлнээс сонгодог бүтээлүүдийг Англи хэлнээ хөрвүүлж эхэлсэн байх юм.  Үүний нэг илрэл нь 1628 онд Фукидадын «Пелопоннесийн дайны түүх» нэрт бүтээлийг Герег хэлнээс Англи хэлнээ утгачилсан явдал билээ.
Англи улсад хувьсгал гарч, угсаа залгасан хаанаа хороосон явдал Хоббсын амьдралд хүчтэй нөлөөлөл болж, роялист (хэмжээгүй эрхт эзэн хааны засгийг талархагч үзэл санаа) үзэлтний хувьд эх орноосоо дайжин одоход хүргэжээ. 1651 оны өвөл Лондон хотноо эргэн ирсэн байна. Генерал Кромвелл төрийн өндөр алба үүрэглэх санал тавьсан ч Хоббс татгалзжээ.
Томас Хоббс 1679 оны аравдугаар сард хүнд өвчин тусч, мөн оныхоо арванхоёрдугаар сарын 4 нд Зүүн Мидлэндийн Дэрибшир хотноо “Түнэр харанхуй нөмөрлөө(A great leap in the dark) гэсээр 91 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. 

Энэ удаад Хоббсын 1651 онд бичсэн Левиафан (Leviathan, or the Matter, Forme, and Power of a Common Wealth, Ecclesiasticall and Civil; Левиафан, или материя, форма и власть государства церковного и гражданского) бүтээлийг дээжлэн хүргэж байна. Омтгойтож зуурам утгачилсан аваас өршөөн нигүүлсэхийг чин сүсгээр мөргөн гуйна.
Орчин үеийн улс төрийн философи, улс төрийн шинжлэх ухааны үндсийг тавигч (Leo Strauss , 1936, хуудсд. 4,5), нэрт эрдэмтэн Томас Хоббс нийтдээ 20 гаруй бүтээл туурвиж, олон арван зохиолыг Латин, Герег хэлнээс эх хэлнээ утгачилжээ. Ташрамд дурдахад, homo homini lupus est (Хүн хүндээ чоно; Man is wolf to man; Человек человеку волк) гэх хэлцийг Хоббстой нэр холбох эрдэмтэд манай улсад байдаг. Гэвч эртний Римийн гүн ухаантан Тит Макций Плавто Илжиг” нэрт жүжгийн зохиолдоо “Lupus est homo homini, non homo, quom qualis sit non novit(Хүн хүнээ байж, бусадтай чоно мэт харьцана) хэмээн анх хэрэглэсэн байна. Иймээс Хоббстой хамааралгүй гэж үзэж болох юм. Харин bellum omnium contra omnes (Бүгдээрээ бүгдийн эсрэг дайтахуй; The war of all against all; Войны всех против всех) гэх хэлц яах аргагүй, Хоббсын нэртэй салшгүй холбоотой билээ.
Ертөнцийг үзэх үзлийн хувьд механик материалист гүн ухаантан байсан талаар өмнө нэгэнт дурдсан билээ. Сэтгэдэг онцгой субстанци оршин байх тухай Р. Декартын үзлийг шүүмжилж, бүх зүйл материаллаг үндэстэй гэж сургаж байв. Геометр, механик бол шинжлэх ухаанч сэтгэлгээний төгс хэлбэр юм. Хоббсын хувьд байгаль юуны түрүүнд, хэлбэр, хэмжээ, байршил, хөдөлгөөний хувьд харилцан адилгүй олон биетийн нэгдэл болно. Хөдөлгөөн бол мехник шилжилт мөн. Мэдэрхүй юм үзэгдлийн өөрийнх нь уг чанар бус, харин түүний ойлгогдох байдлын хэлбэр юм. Энэ ялдамд, Хоббс индуктив болон дедуктив гэх танин мэдэхүйн хоёр арга байдгийг онцолсон байна. 

Хоббсын хувьд төр улс мөн чанарын хувьд бурхантай ямар ч хамааралгүй бөгөөд хүний үйл ажиллагааны үр дүн, «зохиомол биет» болно. Түүний үзснээр, төр улс бүгдээрээ бүгдийн эсрэг дайтсан байгалийн байдлаас ангижрах хүсэлдээ хөтлөгдөн хүмүүс хоорондоо гэрээлсний үр дүнд бий болжээ. Нийгмийн гэрээний үр дүнд хүмүүс өөрсдийн эрх, эрх чөлөөг хязгаарлаж, тэдэнд аюулгүй амьдрах баталгааг хангаж өгөх үүрэгтэй төрд түүнийгээ шилжүүлсэн байна.
Төр, нийгэм нэгэн зэрэг нийгмийн гэрээнд суурилж бий болно. Төр улсад нэгдснээр зохион байгуулалтгүй бөөгнөрсөн олон улс төрийн нэгдмэл хүч болох зүй тогтолтой. Гэхдээ улс болгон гэрээний үндсэн дээр бий болдоггүй. Хэлцэл дээр суурилсан төр байхын зэрэгцээ хүчирхийллээр бүтсэн төр гэж байна. Төр улс гэгч амьд организм лугаа адил. Оюун ухаан нь суверен эрхийг хадгалах дээд эзэн болой. Нууц гулдач нар харах мэлмий билээ. Олон ардын эв эе эрүүл байдал,  дайсагнал, тэмцэл гэгч өвчин зовлон болой. Жан Бодены дараах ихэнх сэтгэгчдийн нэгэн адил Хоббс төрийн эрх мэдэл эзэн хааны, сурвалжит язгууртны, ардчилсан, буюу ардын эрхэт гэх гурван хэлбэртэй байдаг гэж үзжээ (М. А. Василик & М. С. Вершинин, 1999, хууд. 802). Номын засаг иргэний засагт захирагдах нь зүй бөгөөд шашин гэгч олон ардыг шашлах төрийн эрх мэдлийн зэвсэг мөн. Хүний нийгмийн ёс суртахуун байгалийн хууль дээр суурилах учиртай. Нийт 19 байгалийн хуулийг тодорхойлсон бөгөөд байгалийн хуулийн гол санаа нь хэрэгцээгээ хангах, аюулгүй амьдрахад оршино. Үүнээс гадна, иргэний хууль байгалийн хуультай зөрчилдөх ёсгүй гэсэн санааг гаргасан байдаг.
Хэдийгээр үнэлэмжийн шинжтэй санааг сургасан байдаг ч түүний бүтээлүүдэд улс төрийн реалист хандлага тодорхой байр суурь эзэлсэн байна. Тухайлбал, төр, улсын тухай гэх хоёрдугаар дэвтрийн XXII бүлэгт нам нийлж, сэм хуйвалдан засгаа тэрслэх иргэд хүний тоо, зэр зэвсэг, харилцан итгэлцэл, хүчтэй удирдагч гэсэн дөрвөн нөхцлийн хангахгүйгээр зорилгодоо хүрэх боломжгүй гэж сургажээ (Гоббс, Левиафан, или Материя, форма и власть государства церковного и гражданского, 2001, хуудсд. 154-165).  
Ялдамд, Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн багш агсан Х. Ганбаатар авгай, нэрт эрдэмтэн, док., проф. агсан А. Юндэндорж авгай, Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн Философи, Социологи, Эрхийн Хүрээлэн (ФСЭХ)-гийн Эрдэм Шинжилгээ (ЭШ)-ний ахлах ажилтан, проф. А. Жамбал авгай, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль (ШУС)-ийн гэрган, док., дэд проф. Г. Цэнд-Аюуш нарын бүтээл, зүтгэлийн үрээр Монгол хэлнээ Хоббсын улс төрийн үзэл санаа, сургаал, номлолын талаар мундахгүй туурвил нийтлэгдснийг хомс хүн тэмдэглэн хэлэхэд таатай байна. Олон олон орчуулгын өмнөтгөл болгож,  нэмэлт бичвэрийг цэглэв (Тайлбар чимж, утгачилсан Удирдлагын Академийн докторант Нямаагийн Отгонбаяр).
ЛЕВИАФАН (ЛИВЪЯТАН), БУЮУ ТӨРИЙН ИРГЭНИЙ ХИЙГЭЭД НОМЫН ЗАСАГ, ХЭЛБЭР, ЭХ СУРВАЛЖУУД

II дэвтэр
ТӨРИЙН ТУХАЙ
XVII бүлэг
Төрийн үүсэл, үүслийн шалтгаан, тодорхойлолт
Төрийн гол зорилго аюулгүй байдлыг хангах тухайд. Хүмүүс өөрсдийгөө тодорхой холбоонд багтаан авч үзэхийн цаад бодол санаа, буюу чанадын зорилго нь өөрөө өөрийнхөө төлөө санаа тавих, ингэхдээ илүү таатай амьдрах хүсэл юм. Өөрөөр хэлбэл, төр улсыг цогцлоох явцдаа хүмүүс тэднийг хэлцэлд хүчилж, байгалийн хуулийг мөрдүүлэх ял шийтгэл, айдсыг төрүүлэгч илэрхий засаггүй нөхцлийн гарцаагүй үр дагавар болсон дайсагнагч, явар гуйранч байдлаас ангижрах хүсэлдээ хөтлөгддөг байна. (…)
Байгалийн хууль юуг ч баталгаажуулж үл чадах тухайд. Чухамдаа бол байгалийн хууль өөрөө сахин биелүүлэхэд албадах ямар нэгэн хүчгүй бол өш хөнзөн, атаа хорсол, атгаг санаа тэргүүлсэн бидний төрөлх мүс чанартай байнга зөрчилдөж байдаг билээ. Ирт мэсгүй хэлцэл гэгч аюулгүй байдлыг дархалж эс чадах хоосон үг ажгуу. Бултаараа амар жимэр амьдрахад дэмнэх илэрхий засаггүй л бол хичнээн сайн байгалийн хууль байгаад ч хүн бүр өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс бусдыг баширлан мэхлэх, бусчирлан дордчлох явдал үргэлжилсээр байдгийн жинхэнэ шалтгаан энэ буюу. Хаана хүмүүс хуваагдмал амьдрана, тэнд нэг нэгээ булиах болно: Байгалийн хууль байсан ч нэр хүндэд нь хэдий хэрэгтэй, төдий хэмжээгээр хүмүүс бусдыг бусчирлах аж. Урьдын жижиг гэр бүлүүдийн нэгэн адил аюулгүй байдлын томоохон нэгдэл болсон өнөөгийн хот суурин, төр улсууд хүртэл тусламж дэмжлэг, аюул заналхийлэл зэрэгт элдэвлэн эзэмшил нутгаа өргөтгөх болжээ. Аюулгүй амьдрах өөр боломж үгүй тул айл хөршөө сүрдүүлэн сандчаах, урвуулан мэхлэх тэргүүтнийг үйлдэж, нэр алдраа олон зуунаар дуурсгадаг байна. (…)
Бага тооны хүмүүсийн нэгдэл буюу гэр бүлийн тухайд. Хүн хүчний давуу байдлаа ашиглан ялалт байгуулж, бусдыг эрх сүрээр хураан эрхшээх учир бага тооны хүмүүсийн нэгдэл аюулгүй байдлын баталгаа болж үл чадна. Бидний аюулгүй амьдрах баталгаа болсон хүчний хэмжээ гэгч тоогоор бус, дайсантайгаа харилцах үйлдлээр тодорхойлогддог байна: Уулгалан довтлох, булаан эзэгнэх хүчийг дайсан этгээдэд бий болгохгүй байх нь аюулгүй байдлын баталгаа болно. (…)
Аминч үзэлдээ хөтлөгдсөн хүмүүсийн бөөгнөрөл тусыг эс үзүүлэх тухайд. Олон ард тустай ч хүн бүр өөрийн үзэл бодолд нэтлэн шургачиж, үйлс тэрслүү бол нийтийн дайсан, нэг нэгэндээ учруулах бусчир муу үйлээс хамгаалагдаж эс чадна. Үзэл бодол үл нийцэх тул нэг нэгэндээ тусыг эс үзүүлэхээр үл барам харилцан булгалдаж, дайсан этгээдийн идэш болохоор барахгүй дайсан этгээд үгүй ч нэг нэгнээ хөнөөж бүрлэх нигуур буй. Үнэнийг өчвөөс, олон хүмүүний хувьд бүхнийг айдсын хүчээр шашлах нийтийн засаг үгүй бол шударга ёс тэргүүтэн байгалийн хуулийг мөрдөх нь хоосон үг болох бөгөөд засаггүй эв эе үл орших учир иргэний засаг, төр улс үгүй бол хүмүүн төрөлтөн бултаараа бүрлэнэ. (…)
Ямар үйлийг санаж, сэрэх тухайд. Амьдралын урт удаан хугацааны туршид хүмүүс аюулгүй орчинд байхын тулд тодорхой хугацаанд, тухайлбал, дайн тулаан, аюул заналхийллын үед нэгдмэл санаатай байх нь хангалтгүй юм.  Энэ нь хэдийгээр нийтийн дайсны эсрэг тэмцэлд олны хүчийг нэгтгэж чадах ч нийтийн дайснаа даран сөнөөсний эцэст өвөр зуураа дахин тэмцэлдэн самуурахад хүргэдэг байна. (…)
Төр улс (Commonwealth)-ын үүсэл, түүний талаарх тодорхойлолт. Нэг нэгэндээ учруулах хорт үйл, нийтийн дайснаас хамгаалах чадвар бүхий засаг бий болсноор хүн бүрт газрын шим, хөдөлмөрийн үр дүнгээ хүртэж, сэтгэл хангалуун амьдрах аюулгүй орчин бүрдэх боловч ийм засаг олон ард эрхээ тэдний дуу хоолой болж чадахуйц нэг хүн, юм уу хүмүүсийн хуралд шилжүүлэх замаар үүсдэг байна. Өөрөөр хэлбэл, нийтийн засгийг тогтоохын тулд хүмүүс нэг хүн, юм уу хүмүүсийн хурлыг өөрсдийн төлөөлөгчөөр томилох шаардлагатай гэсэн үг юм: Хүн бүр тэдэнд итгэл хүлээлгэж, нийтийн энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор эрхээ хэрэгжүүлэх, хариуцлага үүрэглэх боломжийг бүрдүүлэх ёстой: Үүний тулд хүн бүр өөрсдийн төлөөлөгчийн хүсэл сонирхолд захирагдах учиртай. Энэ бол нэгдмэл санал, юм уу үзэл бодолтой байхаас ч илүү чухал юм.  Энэ бол хүн бүр нэг нэгэндээ энэхүү хүн, юм уу хурлыг төлөөлөгчөөр сонгож, эрхээ түүнд шилжүүлэхийн ялдар түүний зүгээс авч хэрэгжүүлэх аливаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхөө батлан тангараглаж байна хэмээн харилцан гэрээлэх замаар бий болгосон нэгэн бие, бодит нэгдэл мөн. Ийнхүү харилцан нэгдсэн олон хүмүүсийг төр улс, латинаар civitas гэнэ. Ингэж агуу хүчирхэг Левиафан (Ливъятан), буюу (илүү хүндэтгэн илэрхийлбэл) дэлхий дахиныг хураан эрхшээж, өөрийн соёрхолд багтаах үхэшгүй мөнхийн бурхны эзэмшил бий болдог байна. Хүн бүрийн шилжүүлсэн эрхийг журамлан хурааж, олон ардыг шашлахын зэрэгцээ, эрх сүр, ял шийтгэлийн буулгаар бүгдэд хамааралтай энх тайван, дайсагналгүй, гадны халдлагаас хамгаалагдсан, харилцан нэгнээ тэтгэх байдлыг цогцлоож болно. Дээд эрхийг агуулах тодорхой хүн, юм уу хуралд дараах байдлаар нэгтгэн илэрхийлж болох төрийн мөн чанар оршдог байна: Төр, улс гэдэг нь хүмүүс харилцан гэрээлсний үндсэн дээр бий болж, нийтийн энх тайван, амар амгалан байдлыг тогтооход шаардлагатай бүхий л арга, замыг сүвэгчлэн хэрэгжүүлэх чадвар бүхий нэгдмэл зүйл мөн. (…)
Хэн улсын эзэн, албат иргэн болох тухайд. Дээд эрхийг агуулагчийг улсын эзэн гэх бөгөөд бусад нь албат иргэн болно.
Дээд эрхийг олж авах хоёр арга байдаг. Эхнийх нь үр хүүхдээ засаглах, дайсан этгээдээ буулгаж авах тэргүүтэн хүчээр далимлах арга байна. Хоёр дахь нь хүмүүс сайн дураараа хэлэлцэн тохиролцож, өмгөөлөл, хамгаалалд нь найдах замаар нэг хүн, юм уу хүмүүсийн хуралд эрхээ шилжүүлж, захирагдах арга байна. Ингэж бүрдсэн төрийг улс төрийн төр, буюу хэлцэлд суурилсан төр (тогтоол дээр суурилсан төр) гэх бол эхний аргаар байгуулагдсан төрийг хүчирхийлэлд суурилсан төр (ололт дээр суурилсан төр) гэнэ. (…)
XIX бүлэг.
Хэлцэлд суурилсан төрийн хэлбэр, дээд эрх мэдлийн залгамж чанарын тухай
Төр улс гурван хэлбэртэй байх тухай. Төр улсын ялгаа хүн бүрийг, тэрчлэн олон ардыг төлөөлөх дээд эрх мэдлийг хадгалагчийн ялгаанд оршино. Дээд эрх мэдлийг ганц хүн, эсвэл нийт ард түмнийг, юм уу түүний тодорхой хэсгийг төлөөлсөн хурал агуулж байна уу гэдгээс хамааран төрийн хэлбэр гурав байна. Үүнээс үзэхэд, засаг төрийн дээд эрх ганц хүний, эсвэл олон ардыг бүхэлд нь, юм уу хэсэгчлэн төлөөлөх хүмүүсийн хуралд хадгалагдах учиртай аж. Хэрэв засаг төрийн дээд эрхийг ганц хүн мэдэж байвал уг төрийг эзэн хааны улс гэнэ: Хэрэв хүссэн хүн бүхэн оролцох эрхтэй хуралд дээд эрх хадгалагдаж байвал ардчилсан, буюу ардын эрхэт төр байна: Хэрэв засаг төрийн дээд эрхийг тодорхой иргэдийн хурал барьж байвал энэ улсыг сурвалжит язгууртны гэнэ. Нэг хүн, эсвэл тодорхой тооны хүмүүсийн, юм уу нийт ард түмний эрх мэдлийг төлөөлсөн засаглалын өөр хэлбэр гэж байдаггүй (…).  
XX бүлэг.
Эцгийн, буюу дарангуй (деспот) эрх мэдлийн тухай.
Хүчирхийлэлд суурилсан төр, улс. Хүчирхийлэлд суурилсан төр гэж засаг төрийн дээд эрхийг хүчээр булаан эрхшээх улсыг хэлнэ. Энэ төрлийн улсад хүмүүс үхлээс айн ширвээтэх, юм уу мэгдэн сандрахдаа өөрсдийн эрх, эрх чөлөөг тодорхой хүн, юм уу хуралд шилжүүлдэг байна. (…)
Хүчирхийлэлд суурилсан болон хэлцэлд суурилсан төрийн ялгамж. Энэ төрлийн ноёрхол, буюу дээд эрх мэдлийн хэлбэр нь засгийн эрх мэдлийг агуулагчаас айн ширвээтэхдээ бус, хүмүүс нэг нэгнээсээ болгоомжлон эмээхдээ цүглэх хэлцэлд суурилсан дээд эрх мэдлээс ялгаатай: Гэвч эдгээр тохиолдолд, хүмүүс хэн нэгнээс айн эмээхдээ төр, улсын албат болж байна. Хоёр тохиолдолд бүгдэд нь, айдас төрийг цүглэх шалтгаан болох бөгөөд эндээс бид үхэл, юм уу хүчирхийллээс эмээхдээ байгуулсан аливаа хэлцэл үнэн бус гэж үзэж болох талтай. Хэрэв энэ бодлыг үнэн гэж тооцвол, төр улсад захирагдах нэг ч албат байхгүй байхсан. Хүчирхийлэл болон хэлцэлд суурилсан төр улсад бусдыг хүчирхийлж, хүний амь бүрлэх замаар өгсөн амлалт байгалийн хуультай зөрчилдөх тул гэрээний үндэс болох учиргүй: Хэн нэгнээс айн ширвээтэхдээ бус, амлалт өгөгч нь тэгэх эрхгүй учир хуулийн хүчинтэй биш юм. Хэрэв амлалт өгөгч хэлсэн үгнээсээ бусрах аваас хүмүүсийн харилцан байгуулсан хэлцлийг бус, засаг төрийн дээд эрх баригчийн бусчир шийдвэрийг цуцлах хэрэгтэй. Энэ зүйл хуульд нийцүүлж бусдад амлалт өгсөн атлаа бусрах бүх дээд эрхийг агуулагч нарт нэгэн адил хамаатай. Хэрэв бүрэн эрхт дээд эрхийг агуулагч өөрийн амлалтаас бусрах аваас түүнд захирагдагч олон ард өөрсдийгөө хэнд ч захирагдахгүй, эрх чөлөөт хүмүүс гэж үзэх үндэстэй. (…)
Хоёр тохиолдолд засаг төрийн дээд эрх мэдэл адилхан байдаг тухайд.  Гэвч хоёр тохиолдолд, дээд эрх мэдэл адил байдаг. Засаг төрийн дээд эрх мэдлийг хүч хэрэглэх замаар олж авсан улсад бүрэн эрхт төлөөлөгчийн эрх мэдлийг түүний зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлж болдоггүй: Бүрэн эрхт төлөөлөгчийн эрх мэдлийг цуцлаж болохгүй учир албат иргэнээ хилсээр шийтгэх, гэсгээхийг эгнэгт цээрлэвээс зохино. Тэрээр бүх нийтийн амар амгаланг хангах дээд эрх мэдэлтэн болой: Хэн юуг шүтэх, сүслэхийг шийдвэрлэх улсын багштан мөн: Аливаа хэрэг маргааныг дэнслэх, цааз хуулийг журамлагч их эзэн мөн: Түүнд төрийн хэргэмтнийг дэвшүүлэн хэрэглэх, тушаалаас буулгах, хэргэм, зэрэг эвдэх эрх буй. Энэ бүх эрхийн үндэс нь өмнөх бүлэг мөхөс хүний хөндсөн хэлцэлд суурилсан төрийн эрх мэдэл лугаа адил болно. (…)
Эцгийн эрхийг хэрхэн олж авах тухай.  Ноёрхлыг олж авах угсаа залгах болон булаан авах хоёр арга байдаг. Угсаа залгаж ноёрхох эрх нь үр хүүхдээ засаглах эцэг, эхийн эрх бөгөөд энэ учирт эцгийн ноёрхол хэмээнэ. Үр хүүхдээ төрүүлсэн гэх үндэслэлээр тэднийг засаглах эцэг, эхийн эрх бий болдоггүй. Харин үр хүүхдийнхээ санал хүсэлтийг харгалзан, тэдний зөвшөөрлийн үндсэн дээр эцэг эхийн эрх үүснэ. Бурхан харилцан нэгнээ дэмжиж амьдруулахын тулд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бий болгосон бөгөөд тэд эрхийн хувьд адил болно. Хэрэв үр хүүхдээ засаглах эцэг, эхийн ноёрхол төрүүлж өсгөснийг үндэс болговол хэн боловч олон эзэнд захирагдах хүсэлгүй байдаг тэр л жам ёсны шалтгаанаар боломжгүй болох билээ. Зарим нэг хүмүүс хүйсийн хувьд эрчүүд илүү давуулаг гэх үзлийг гаргадаг ч энэ нь хараахан тийм биш юм. Учир нь, эрэгтэй, эмэгтэй хүний ялгаа дандаа өнөөгийнх шиг байсангүй. Гэр бүлд хэн тэргүүлэх үүрэгтэй байх асуудлыг олон улс оронд  эхчүүдэд бус, эрчүүдэд ашигтай байхаар шийдвэрлэх хууль тогтоомж үйлчилж байна. Гэвч үүнтэй холбоотойгоор, энд гэр бүлийн болон хүүхэд өсгөж хүмүүжүүлэх хууль ч үгүй, хүйс бүр тэгш эрхтэй байсан байгалийн байдлын талаар дурдах хэрэгтэй болов уу. Байгалийн байдалд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, эрхшээн мэдэх асуудал харилцан тохиролцсны үндсэн дээр, эсвэл дур зоргоор шийдвэрлэгддэг байжээ. Хэрэв гэрээнд үндэслэгдэж байсан гэж үзвэл гэрээн оролцогч этгээдэд эрх шилжих ёстой болно. Тэгвэл бидний ойрх жишээ болсон балар эртний амьдралын хэв маягтай амазонкчуудад эцэг хүн үр удмаа үлдээх,  бусад нь эхнэр хүнд оногдох хэв хууль үйлчилж байна. Эндээс үзвэл, эцэг, эхийн ноёрхол ихэнхдээ эхийн талыг баримталж иржээ. (…)
Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх эрхийн тухайд. Гэрээ хэлцэл үгүй үед үр хүүхдээ халамжлах эрх эх хүнд оногдох учиртай. Үнэндээ, гэр бүлийн хуулийн талаар ямар ч ойлголтгүй байсан цэвэр байгалийн байдалд эмэгтэй хүн хэлэхгүй л бол эцэг тогтооход хүндрэлтэй байв: Энэ учирт үр хүүхдийн асуудал эх хүнээс хамаарч байжээ. Хүүхэд мэндлэхдээ л эхийн хараа хяналтад байж, өсөж том болсон ч түүний ивээл, хүмүүжилд багтан амьдрах учиртай тул эцгийн гэхээсээ илүү эхийн ноёрхол бодитой оршиж байсныг бид бүхэн мэдэх билээ. Хэрэв эх хүн үрээ зочилж (гадуурчилж), бусад хүмүүс түүнийг үрчлэн өсгөвөөс үр хүүхдийг захирах эрх үрчилж авсанд оногдоно. Учир нь, үр хүүхдэд хэн амьдрал бэлэглэнэ, тэр түүнийг мэдэж явах учиртай. Амьдралаа хамгаалах, хадгалах гэдэг хэн хүний бусдад захирагдан амьдрахын үндэс буюу. Учир нь, алив хүн хүч үл хүрэх зүйлд бусдын дэмэнд найдаж, өмгөөлөл хайх төрөлх мөн чанартай билээ. (…)
XXI бүлэг.
Албат ардын эрх чөлөөний тухай
Эрх чөлөө гэж юу болох тухайд. Эрх чөлөө гэгч эсэргүүцэл (эсэргүүцэл гэдгийг хомс хүн хөдөлгөөний гадаад саад хэмээх ойлгож байна)-гүй байхын нэр бөгөөд энэ ойлголт нь оюун ухаант амьтны зэрэгцээ ухамсаргүй зүйлээс багагүй хамааралтай болно. Учир нь, нэгж биет гадаад биетийн эсэргүүцлээр хязгаарлагдсан тодорхой орон зайд хөдөлж байвал түүнийг бид бүхэн эрх чөлөөгүй гэж ойлгож болох юм. Үүний нэгэн адил, ямар нэгэн хана, хэрмээр хүрээлэгдсэн, юм уу хэн нэгний эсэргүүцлийн улмаас тодорхой орон зайд хязгаарлагдсан амьд амьтныг эрх чөлөөгүй гэж нэрлэж болох байна. Учир нь, эрх чөлөө гэгч гадны саадад өртөөгүй хөдөлгөөн мөн. Хэрэв хөдөлгөөний хязгаарлалт хүн өвчинд нэрвэгдэх, юм уу биет тайван байдал шилжих зэрэг юм, үзэгдэлд өөрт нь байгаа бол тухайн юм, үзэгдлийг эрх чөлөөгүй гэхгүй, харин хөдөлгөөний чадваргүй гэж нэрлэж болох байна.
Эрх чөлөөт хүн гэж хэнийг хэлэх тухайд. Нийтэд хүлээн зөвшөөрсөн утгаар, эрх чөлөөт хүн гэдэг нь оюун ухаан, бие бялдараа бүрэн дайчилж, хүссэн зүйлээ хийхэд ямар нэгэн саад үл учрах тэр хүнийг хэлнэ. Гэвч хэрэв “эрх чөлөө” гэх үгийг биеттэй бус, юм, үзэгдэлтэй холбон авч үзвэл арай өөр утга гарах билээ. Учир нь, хөдлөх чадваргүй юм саадыг мэдэрч чаддаггүй. Тийм ч учраас бид бүхэн зам чөлөөтэй гэдгийг уг замын эрх чөлөө гэж ойлгодоггүй, харин түүгээр явсан хүмүүс саадгүй нэвтэрнэ гэдгээр ойлгодог шүү дээ. Үүний нэгэн адил, “билиг танхай авьяас” гэх үгийг бурхнаас бидэнд хайрласан авьяасын эрх чөлөө гэдгээр бус, ямар нэгэн хууль тогтоомж, юм уу гэрээнд хориглоогүй үйл эрхлэх эрх чөлөө хэмээн ойлгодог. Үг хэлэх эрх чөлөө гэдэг нь үгний юм уу, хэл ярианы эрх чөлөө биш юм. Харин хууль тогтоомжид таны хэлснийг хориглоогүй байдлыг ойлгодог. Эцэст нь хэлэхэд, “эрх чөлөөт хүсэл” гэх үгийг өнөө цагт буруу утгаар тайлбарлаж, ойлгох болжээ. Угтаа бол, “эрх чөлөөт хүсэл” гэдэг нь хүсэл, шунал, тачаалын эрх чөлөө биш юм. Таны хүслээ гүйцээх, хэрэгжүүлэх явцад саад тотгор учрахгүй байх явдал болно. (…)
XXII бүлэг.
Хүмүүсийн улс төрийн болон хувь шинжтэй бүлэглэлийн тухай
Хүмүүсийн бүлэглэлийн олон хэв шинжийн тухайд. Төр улсын эрх мэдэл, хэлбэр, үүсэл хөгжлийн тухай өгүүлсэн учир одоо түүний бүрдэл, хэсгүүдийн тухай ярих хэрэгтэй болов уу гэж үзлээ. Юуны түрүүнд, байгалийн биетийн бүрдэл хэсэг, буюу булчин шөрмөстэй зүйрлэж болохуйц хүмүүсийн бүлэглэлийн талаар авч үзэхийг хичээе. Бүлэглэл гэдэг нийтлэг эрх ашиг, юм уу үйл хэргээрээ нэгдсэн тодорхой тооны хүмүүс юм. Эдгээр бүлэглэлийн нэг хэсэг нь зохион байгуулалттай, үлдсэн хэсэг нь зохион байгуулалтгүй байдаг. Бүгдийг төлөөлж чадахуйц хүн, юм уу хүмүүсийн хуралд захирагдсан бүлэглэлийг зохион байгуулалттай гэх бол бусад бүлэглэлийг зохион байгуулалтгүй гэнэ.
Зохион байгуулалттай бүлэглэлийг зөвхөн өөрийн төлөөлөгчдөд захирагдах хараат бус болон хараат гэсэн хоёр төрөлд ангилдаг. Төр улс чухам аль ангилалд багтах тухайд өмнө нь, номын тавдугаар бүлэгт нэгэнт дурдсан болно. Хэн нэгний дээд эрх мэдлээс шууд хамааралтай бүлэглэлийг хараат бүлэг гэнэ. Хараат бүлэглэлийг улс төрийн болон хувь шинжтэй гэж хоёр төрөлд ангилдаг. Төрийн дээд эрх мэдлээс олгосон бүрэн эрх дээр суурилж байгуулагдсан бүлэглэлийг улс төрийн (өөрөөр улс төрийн бие, буюу хуулийн этгээд гэж нэрлэнэ) гэнэ. Алба иргэд өөрсдөө хэлэлцэн байгуулсан, эсвэл харь улсаас соёрхон баталсан бүрэн эрхийн үндсэн дээр байгуулагдсан бүлэглэлийн хувь шинжтэй бүлэг гэдэг. Төр улсын доторх харь улсаас соёрхон баталсан бүрэн эрхийн үндсэн дээр байгуулагдсан бүлэглэл нь нийтийн эрх зүйн шинжтэй биш бөгөөд хувь шинжтэй болно.
Хувь шинжтэй бүлэглэлийг хууль ёсны болон хууль бус гэж хоёр төрөлд ангилна. Засаг төрөөс баталсан бол хууль ёсны, батлаагүй бол хууль бус болно. Ямар нэгэн төлөөлөлгүй, олон түмний нэгдэл зохион байгуулалтгүй бүлэглэлд багтана. Хэрэв төр засгаас хориглоогүй, ямар нэгэн тэрслүү санаа агуулаагүй бол хууль ёсны бүлэглэл юм. Хэрэв ямар зорилго агуулсан нь тодорхойгүй бол хууль бус бүлэглэл болно.
Бүх улс төрийн биетэд төлөөлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал байдаг. Хязгааргүй эрх мэдэл улсын дээд эрхийг атгагчид орших тул бусад төлөөлөгчдийн эрх мэдэл хууль тогтоомжид заасан хүрээнд хязгаарлагдмал байна. Улс болгонд засаг төрийн дээд эрхийг атгагч ард түмнийг үнэмлэхүй төлөөлөх эрхтэй. Бусад нь дээд эрхийг атгагчийн журамласан хүрээнд эрх эдлэх албат нар юм. Улсын дотоодод дээд эрхийг хувааж болох авч энэ тохиолдолд төрийн эрх мэдэл хүчгүйдэж, олон ардад энх тайван тогтоох, тэднийг хамгаалах улсын язгуур зорилго хөсөрдөх болно. Учир нь, энэ тохиолдолд, дээд эрхийг атгагч хүчгүйдэж, бусад нь эсэргүүцэн тэрслэх нигуур буй. Энэ бол хүмүүн төрөлтөнд хөнөөлтэй муу бодлого юм.
Улс төрийн биетийн төлөөлөгчдөд олгосон бүрэн эрхийг танин мэдэх хоёр арга байдаг. Эхнийх нь дээд эрхийг атгагчийн мутрын дардас, хоёр дахь нь төрийн хууль болно.  (…)

ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ

Hobbes, T. (1839). Vita carmine expressa. In William Molesworth (Ed.), Opera Latina (Vol. I). London.
Leo Strauss . (1936). The Political Philosophy of Hobbes; Its Basis and Its Genesis. Oxford: Clarendon Press.
Norman Jobson; Arnold Rogow ;. (1987). Thomas Hobbes: Radical in the Service of Reaction . Political Psychology, 8 (3).
Гоббс, Т. (2000). Левиафан, или материя, форма и власть государства церковного и гражданского. In М. А. Василик, & М. С. Вершинин (Eds.), Хрестоматия политология (pp. 135-147). Москва: Изд-во "Гардарики".
Гоббс, Т. (2001). Левиафан, или Материя, форма и власть государства церковного и гражданского. (А. В. Матешук, С. И. Ларичева, Е. М. Омельяновская, С. П. Лебедева, Eds., & А. Гутермана, Trans.) Москва: Изд-во Мысль.
М. А. Василик, & М. С. Вершинин (Eds.). (1999). Политология: Хрестоматия. Москва: Изд-во "Юристь".


ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН:  ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment