Thursday, July 7, 2016

РОБЭРТ МИХЕЛЬС "ОРЧИН ҮЕИЙН АРДЧИЛЛЫН НӨХЦӨЛ ДЭХ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН СОЦИОЛОГИ"


Робэрт Михельс (1876-1936 он) - болбоос Герман-Италийн улс төр судлаач, нам судлалыг үндэслэгчдийн нэг болно. 1911 онд бичсэн «Улс төрийн намууд: Орчин үеийн ардчиллын олигархи хандлагын социологи судалгаа» нэрт бүтээлээрээ шинжлэх ухааны ертөнцөд нэр олсон. Михельс хүн төрөлхтөний нийгмийн харилцааг судлах явцдаа шууд ардчилал, олон түмний ноёрхлыг нийгмийн практикт хэрэгжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Үр дүнд нь олон түмнээс сонгогдож, тэдний эрх ашгийг төлөөлсөн тооны хувьд цөөн, улс орныг удирдан чиглүүлэх үүрэгтэй хүмүүс гарч ирдэг зүй тогтолтой.
Гэвч улс төрийн нам үүссэнээр мөнөөхөн цөөн тоот хүмүүс олон түмнээс хөндийрч, өөрсдийгөө хаагдмал, түгжигдмэл давхарга болгон хувиргадаг байна. Үүнийг Михельс «олигархийн төмөр хууль, зүй тогтол» хэмээн оночилжээ. Удирдлагын чиг үүрэг илүү мэргэшсэн шинжтэй болж, олон нийт хүчтэй засагт татагдаж, харизм түгээмэлжих болсноор олигархи хандлага улам бүх хаяалбар мөн чанартай болсон гэж Михельс сургажээ.
Германы улс төр судлаач Р. Михельсийн нөлөө улс төрийн нам судлалд хүчтэй илэрч, Францын улс төр судлаач М. Дювэрже(1951), Италийн улс төр судлаач Ж. Сартори (1968), ХБНГУ-ын улс төр судлаач Клаус фон Бэйм (1998), Герман-Америкийн улс төр судлаач Отто Киркхаймэр (1966), Ирландын улс төр судлаач Питэр Мэир (1995, 2004, 2009), Америкийн улс төр судлаач Ричард Кац (1995, 2009), Италийн улс төр судлаач Риккардо Плэццио (2003, 2008), Италийн улс төр судлаач, Болоны Их Сургуулийн профессор Пиэро Игнаци (1996, 2008, 2013), Норвегийн улс төр судлаач, Сан Диэго дахь Калифорнийн Их Сургуулийн профессор Кээри Стрүм (1999, 2012, 2014), Австрийн улс төр судлаач, Венийн Их Сургуулийн профессор Вольфганг С. Мүллэр (1999, 2012), Шотландын улс төр судлаач, Браун Их Сургуулийн профессор Марк Блюц (2002, 2013)нарын үзэл ухалд гүн тусгалаа олжээ.
Өнгөрсөн зууны 70, 80-иад оны үеэс Өрнөдийн орнуудад бий болсон улс төрийн нам картельжих үйл явцыг онолын хувьд Михельс анх хөгжүүлж, Мэир, Кац (1995, 2009) нар шинэтгэн сайжруулсан ч гэж үзэж болох талтай.
Герман-Италийн улс төр судлаач Робэрт Михельс 1876 оны нэгдүгээр сарын 9 нд Германы Кёльн хотноо чинээлэг айлд мэндэлжээ. Сорбонн, Мюнхэн, Лэйпциг, Халл, Турины Их Сургуулиудадсуралцсан. Вэрнэр Зомбарт, Макс Вэбер, Гаэтано Моска нарын үзэл санааны хүчтэй нөлөөн дор байсан. Марбургийн Их Сургуульд багшилж ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрээр 1907 оны холбооны улсын сонгуульд Германы Социал Демократ Намаас нэр дэвшсэн боловч амжилт олсонгүй ээ. 1914 он хүртэл Турины Их Сургуульд эдийн засаг, улс төрийн шинжлэх ухаан, социологи зааж байсан бөгөөд дараагаар нь, Базэлийн Их Сургуульд эдийн засгийн ухааны профессор болжээ. 1926 онд Италийн иргэний харьяалал олж, Прэгуа Их Сургуулийн түүх, эдийн засгийн ухааны профессороор ажилласан. Үзэл санааны хувьд социалист үзэлтэн байгаад сүүлээр хэт барууны урсгал дэмжих болсон. Италийн дуче Бэнито Муссолиниг бишрэн шүтэгч, Италийн фашист үзэл санааны туглагч Робэрт Михельс 1936 оны тавдугаар сарын 3 нд Италийн нийслэл Ром хотноо бие баржээ (Бичвэрийг утгачилсан Удирдлагын Академийн докторант Нямаагийн Отгонбаяр).
ОРЧИН ҮЕИЙН АРДЧИЛЛЫН НӨХЦӨЛ ДЭХ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН СОЦИОЛОГИ
(Социология политической партии в условиях демократии)
(The Sociology of political parties in modern democracy)

Социалист чиг баримжааг дэмжигч ихэнх судлаачид алс хэтдээ ардчиллыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байхад хуучинсаг үзэл бодолтой хүмүүс ардчилал хэрэгжих боломжтой ч нийгмийн харилцаандаа хөнөөлт үр дагавар авчирдаг хэмээн сургажээ. Үүнтэй зэрэгцээд нийгмийн харилцаанд бүхий л цаг үеийн туршид ардчилал хэрэгжих боломжгүй гэж үзэх үзэл санааны дэг сургууль байсаар ирсэн. Энэ чиглэлийн төлөөлөгчид (….) аль ч шатны хүний нийгэмд «ангийн бодлого» өөрөөр хэлбэл ноёрхогч анги-цөөнхи ангийн бодлого зайлшгүй хэрэгтэй гэсэн санааг гаргадаг.
«Төр», «ард түмний засгийн газар», «үндэстэн» гэх мэт хийсвэр ойлголтоор дамжуулан олон түмний эрх мэдлийг угтуулан хамгаалах бурханд үл сүслэгч ардчилал бодит байдал бус, ердөө зарчим гэдэг нь ойлгомжтой. Язгууртний болон ардчилсан засаглалууд мөнхөд нэг нэгнээ ерөндөглөн орших тухай ардчиллын үзэл санаа нь өөрийн ноёрхлоо хадгалахаар чармайж буй урьдын цөөнх, ямар ч хамаагүй аргаар засаг төрийн эрхийг булаан авах эрх ашиг өвөртлөж буй шинэ төрөн гарч байгаа цөөнх хоёрын тэмцлийг илэрхийлж буй нэг хэлбэр төдий юм. Тэдний үзснээр ангийн тэмцлийн үр дүнд олон түмнийг засаглах нэг анги нөгөөгөөр солигддог байна (….).
Вильфрэдо Парэто (….) социализм нь ажилчин ангийн дотроос шинэ элит төрөн гарч, улс төрийн ангиа шинэчлэн тогтоох хамгийн таатай арга хэрэгсэл мөн гэж үзжээ. Чухамдаа бол (…) хуучин анги шинэ ангиар солигдож буй үзэгдэл бус, харин хуучин ангиа шинэ элитээр цус сэлбэж буй үйл явц юм гэжээ.
Энэ үзэгдэл хэн бүхэнд илэрхий байна. Элитийн иймэрхүү цус сэлбэлт улс төрийн хөрсөн дээр томоохон хэмжээний нэг нийгмийн анги ноёрхож буй үед боломжтой байдаг. (…) Бүх сөрөг хүчин, улс төрийн нам ноёрхогч намаа улс төрийн тавцнаас шахан гаргаж, байр суурийг нь эзлэх өөрөөр хэлбэл нэг ангийг нөгөө ангиар халах, солих хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Харин ноёрхогч ангийн дотоод дахьтэмцэл эрт, орой хэзээ боловч ангийн дотоодод эрх мэдлийг зохистойгоор байршуулах эсвээс ноёрхлоо хадгалахад чиглэгддэг байна. (…)
Сэн-Симоны дэг сургууль анги хэмээх ойлголтыг эдийн засгийн агуулгаас бүрэн чөлөөлж ангигүй нийгэм цогцлоох зорилт өмнөө тавьж байсан. Тэд ангигүй нийгмээ цогцлоохын тулд төрмөл эрх мэдэлгүй ч, олдмол эрхийг олж авсан, удирдах чадвартай «нийгмийг хөгжилд түүчээлэх ухаалаг, хүчирхэг, нийтэч гоц хүмүүс»-ийг бий болгох хэрэгтэй гэж сургадаг. (…)
Сүүл үеийн нийгмийн хувьсгалчид олонхийн засаглалыг онол, практикт бүрэн үгүйсгэх болсон. Оросын эрдэмтэн Бакунин ажилчин анги, олон түмэн, ард түмэн эдийн засгийн хувьд хөрөнгөлөг ангиас хамааралтай байгаа нөхцөлд бүх нийтийн чөлөөт сонгуулийн эрх хуурмаг зүйл болдог учир сонгуульд ажилчид ямар нэгэн байдлаар оролцохын эсрэг зогсож байна.
Хөрөнгөтний засаглал дотроос хамгийн муу засаглалын хэлбэр бол ардчилалюм. Хөрөнгөтний ардчиллын хамгийн дээд хэлбэр гэж бидний үздэг бүгд найрамдах засаг Прудоны үзснээр хамгийн увайгүй, үл гүйцэлдэх засаглалын хэлбэр аж. Энэ засаглал цорын ганц шалтгаанаар бүхнийг ял зэмгүй хийж болдог тийм эрх мэдлийн хэлбэр юм. Деспотизм бүгд найрамдах ёс, нийтийн эрх ашгийн нэрээр өөрийн эрх мэдлийг зөвтгөж байна. Ямар нэгэн улс төрийн шинж чанартай хувьсгал хүртэл нэг ангийг нөгөө ангиар сольж буй явдлаас өөр юу ч биш юм.
Улс төрийн анги оршин байх асуудлаар хуучин, шинэ бүхий л онолтай мэтгэлцэж чадах цорын ганц шинжлэх ухаанч онол нь марксизм болно. Марксизм төрийг ноёрхогч ангитай адилтган үздэг. (…)
Ажилчин ангийн хувьсгалт шинжид итгэхийн ялдар үйлдвэрлэлийн хэрэгслийг нийгэмчлэх  хэрэгтэй гэж үзэх төрийн тухай марксист сургаал нь социалист нийгмийн байгууллыг нийгмийн хөгжлийн гарц хэмээн хардаг. Марксистуудын үзснээр үйлдвэрлэлийн капиталист арга нь хүн амын олонхийг гинжнээс өөр алдах зүйлгүй пролетари анги болгож хувиргах бөгөөд ингэснээр өөрийгөө булшлах ангийг бэлтгэж буй хэрэг юм. Пролетари анги боловсорч гүйцсний сүүлээр улс төрийн эрх мэдлийг байлдан авч, хувийн өмчийг нийгэмчилдэг. Ангийн антагонизм устаж, төр оршин байх хэрэгцээ арилна. Ангиудад хуваагдах капиталист нийгэмд төр пролетари ангийг мөлжих, капиталист шинжтэй үйлдвэрлэлийн хэрэгслээ хадгалж үлдэхэд ноёрхогч ангид туслах хэрэгсэл болж байв. Харин төр устсанаар ноёрхогч ангийн ийм хэрэгцээ үгүй болно.
Хуучин төрийн булшин дээр цэцэглэх ирээдүйн ангигүй, хамтач нийгэмд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд тусгагдаж, Руссогийн нийгмийн гэрээгээр томьёологдсон арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн тулд элит байх зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүснэ.
Нэгэнт нийгэмчилсэн нийтийн баялагийг үр дүнтэй удирдахын тулд томоохон хэмжээний албан хаагчдын баг байлгах шаардлага гарч байна. Эндээс харахад ангигүй нийгэм цогцлоох үзэл санаанд эргэлзэх байдал үүсэх нь гарцаагүй. Хамтын эзэмшигч бүхий нийгмийн томоохон хөрөнгийг төвлөрсөн эрх мэдлийн тогтолцоогүйгээр үр ашигтай удирдаж, хянаж чадахгүй. Онолын энэхүү мухардлаас гарахын тулд марксистууд капиталист болон коммунист нийгмийн дунд төр пролетари ангийн хувьсгалт диктатураас өөрөөр байж болохгүй завсрын буюу социалист нийгмийг туулах ёстой гэж үздэг. Социализмийн нэрээр капиталист үйлдвэрлэлийн аргыг хөдөлмөрчин олны тусын тулд ашиглах социалист удирдагчид энэ үед байна гэжээ.
Нэг хүний дарангуйлал мөн чанарын хувьд олигархи бүлгийн дарангуйллаас онцын ялгаа байхгүй. Гэхдээ «диктатур» гэх ойлголт «ардчилал» гэсэн ойлголтоос зарчмын ялгаатай. Ардчиллын нэрээр дарангуйлсан засаг эрх мэдлээ бататгана гэдэг нь дайны цагт хэрэгтэй зэвсэг техникээ базаах юм уу эсвэл хар тамхины эсрэг хар тамхиар тэмцэнэ гэдэгтэй агаар нэгэн болох билээ. Хамтын аргаар эрх мэдэл олж авсан бүлэг түүнийгээ хадгалах, тогтоон барихыг чухалчилдаг гэсэн үзэл санаа байна. (…) Гэхдээ нэг аюул нь хуурмаг олигархи тэгш ёсны нэрээр өөртөө эрх мэдлийн төвлөрүүлж, хуваарилалтын тэгш бус байдал үүсгэх хандлага мөнөөхөн бүлэг дотор мөнхөд хадгалагдаж байдгийг санах хэрэгтэй. (…)
Социализмийн асуудал бол зүгээр нэг баялаг хуваарилах, юм уу эсвэл үр ашгийг нэмэгдүүлэх шинж чанартай эдийн засгийн асуудал огтоос биш юм. Харин техникийн болон сэтгэл зүйн утгаараа ардчиллын, тэгэхлээр,  удирдлагын асуудал юм. (…)
Саяын бидний ерөнхий шинжээр өгүүлсэн социологийн үзэгдэл, үйл явцаас харахад ардчиллын тухайд шинжлэх ухаанч эргэлзээ үүсгэхэд хангалттай нотолгоо, баримт бүрдлээ гэж үзэж болох талтай. Соёлт хүн төрөлхтөн ноёрхогч буюу улс төрийн ангигүйгээр оршин тогтнох боломжгүй гэдгийг нотлон харуулах мэт. Хэсэгчилсэн байдлаар өөрчлөгдөж байсан ч гэсэн ноёрхогч анги дэлхийн түүхийн хөгжлийн түгээмэл шинж чанартай цорын ганц хүчин зүйл гэдэг нь харагдаж байна. Ингэхлээр, засгийн газар буюу төрийг нийгмийн үнэмлэхүй олонхид ноёрхол, мөлжлөгийн харилцаанаас үүдэлтэй эрх зүйн хэм хэмжээг тулган хүлээлгэхийг эрмэлзсэн цөөнхийн байгууллага төдий юм хэмээн тодорхойлж болох талтай. (…) Төр хэзээ ч олонхиос бүрдсэн эсвэл түүний төлөөллийн шинжийг өөртөө агуулж байгаагүй. Хүн төрөлхтөний ихэнх хэсэг, хараажаар, өөрийгөө удирдах чадваргүй байдаг. Олон түмэн тэрслэн босож хуучин засгаа ноёрхогч ангитай нь хамт устгалаа ч гэсэн боссон олон түмэн дотроос цөөн хүмүүс цойлон гарч, урьдын ноёрхогч ангийг үүргийг өөртөө хүлээдэг түүхэн зүй тогтолтой. Мөнхийн «нялхамсаг» өвчинд нэрвэгдсэн хүн төрөлхтөний олонх өөрсдийн дундаас бий болсон цөөнхдөө захирагдаж, олигархи засаглалын сүүдэрт дарагдаж явах тавилантай.
Нэг ноёрхогч анги нөгөөгөөр солигдох зүй тогтол, олигархи хууль түүхэн үзэгдэл, үйл явцыг материалист утгаар ухан ойлгох явдалд харшилдаггүй, харин ч түүнийхээ суурь дэвсгэр болж өгдөг. Түүх бол тасралтгүй үргэлжлэх ангийн тэмцэл гэх юм уу эсвэл ангийн тэмцэл болбоос нэг ноёрхогч ангийг өөр нэг ноёрхогч анги халж буй үйл явц гэж тайлбарлах сургаалуудын дунд онцын ялгаа алга. Улс төрийн ангийг ойлгох марксист ойлголт мөн чанарын хувьд өнгөц, хуудгай шинжтэй. Улс төрийн ноёрхол нийгэмд өөрийгөө бататгахын төлөө тэмцэлдэх хүчнүүдийн харилцааны үр дүн болж тогтдог байна. (…)
Социалистууд ялж болно, гэхдээ социализм хэзээ ч ялдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ард түмэн өөрийн хүчийг гарздалгүй ноёрхогч ангийг сольж чадсандаа сэтгэл ханадаг. Ажилчин хүний нэр төр шинээр бүрдүүлэх засгийн газарт оролцох боломж олддогт оршино. Хэрэв ажилтан хүн богино хугацаанд харизм ханхлуулсан удирдагч болж чадахгүй бол энэ нь туйлын муу үзэгдэл, үйл явц болдог. Франц хэлэнд «ялна гэдэг ялагдахын нэр» хэмээсэн зүйр үг байдаг нь үүнтэй холбоотой болов уу.(…)
Нам мөн чанарын хувьд нийгмийн юм уу эдийн засгийн байгууллага огтоос биш юм. Түүний үйл ажиллагааны үндэс нь мөрийн хөтөлбөр байдаг. Мэдээж хэрэг, нам онолын хувьд тодорхой нэг ангийн эрх ашгийг илэрхийлж болно. Гэхдээ бодит байдал дээр намыг хэн ч захиалдаггүй. Намын мөрийн хөтөлбөр тодорхой нэг хүний юм уу бүлгийн эрх ашигт нийцсэн байх албагүй. Тухайлбал, социал демократууд пролетари анги үзэл санааны туглагч байх нь олонтоо. Гэхдээ энэ чинь социал демократ нам ангийн байгууллага гэсэн үг хараахан биш бөгөөд нийгмийн харилцааны хувьд янз бүрийн ангиудын нийлбэр байх нь түгээмэл байдаг. Учир нь, уг намыг бүрдүүлэгч элемент бүр тодорхой утгаараа дахин давтагдахгүй эдийн засгийн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Намын мөрийн хөтөлбөр ангийн шинж чанартай байх нь дотоод нэгдлийг бусниулж болох талтай. Учир нь, намыг бүрдүүлэх зарим нэг элементүүд ангийн эрх ашигтай зөрчилдөх явдал байна. Ингэхлээр, намын дотоодод зөрчил үүснэ гэсэн үг юм. Социалистууд онолын хувьд ямар ч ялгаагүй, тодорхой нэг ангийн байр суурийг давуулаг байдлаар хүлээн зөвшөөрдөг. Пролетари ангийн хувьд ч мөн ялгаагүй, дээрхийн нэгэн адил шинжийг өөртөө агуулдаг байна. Гэхдээ энэ бүх зүйл ердөө л онолын шинжтэй гэдгийг санах хэрэгтэй.
Бодит байдал дээр хөдөлмөр, хөрөнгийн хооронд ашиг сонирхлын зөрчил үүслээ гэхэд, тэр нь намын мөрийн хөтөлбөр боловсруулж гаргахад саад болох ёсгүй. Нийгмийн дээд ангийн зарим төлөөлөгчид ажилчин ангид элэгтэй байх юм уу эсвэл ерөөсөө, намчирхах, ангичирхах хандлагаас бултах, булзайруулах чиг баримтлах тохиолдол байна. Ихэнх хэсгийнх нь хувьд эдийн засгийн талаасаа эсрэг тэсрэг сонирхол агуулах нь түгээмэл. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилтэй байдаг гэсэн үг юм. Ашиг сонирхлын уг зөрчлийг намжаах, зөөллөх хэсэг нь зөрчилдөгч хоёр ангид үл хамаарах гуравдагч ангийн байр суурь байх ёстой. Хэрэв ийм байдал үүсэхгүй бол намын хөрөнгөлөг болон пролетари гишүүдийн дунд улс төрийн хэлбэрээр хувилсан эдийн засгийн ашиг сонирхлын зөрчил хурцдах талтай. Үзэл суртлын хэмжүүрт орсноор эдийн засгийн зөрчил улам бүр илэрхий болж эхэлдэг. Намын хөтөлбөрт «социалист» гэх үг орсон л бол жинхэнэ ангийн тэмцэл намын дотоодод өрнөнө гэсэн үг юм. (…)
Хаана, удирдагч хүн (хөрөнгөтөн ангиас юм уу ажилчин ангиас тодрон гарсан бүгд ялгаагүй) намын дотоод зохион байгуулалт эрхэлсэн нэгжээр ажиллана, тэнд эдийн засгийн эрх ашиг намын эрх ашиг болж биеждэг. Гэхдээ (…) энд нэг аюулыг нарийн сайн тооцож байх хэрэгтэй. Нам, намын зохион байгуулалт хөгжихийн хэрээр намын жирийн гишүүд болон намын удирдлагын хооронд үзэл бодлын эсрэг тэсрэг байдал газар авдаг жамтай. Намыг түүнийг бүрдүүлэгч олон түмэнтэй юм уу ангитай адилтган үзэж болохгүй. Нам бол ердөө л зорилгодоо хүрэх арга, хэрэгсэл төдий юм. Нам өөрөө өөрийнхөө зорилго, ашиг сонирхол болсон тохиолдолд төлөөлөл болсон ангиасаа алсран холддог зүй тогтолтой. (…)
Хөдөлмөр хуваарилалтын үр дүнд үүссэн аливаа байгууллага батжин бэхжихийн хэрээр өөрөө өөртөө ашиг сонирхол, эрх ашиг бий болгодог нийгмийн хувирашгүй зүй тогтол гэж байна. Байгууллагын дотоодод бүрэлдэн бий болсон тэрхүү эрх ашиг өөрт хандах тэрслүү үзэл бодлыг дотроо нэгтгэж байдаг. Үр дүнд нь, бүтцийн хувьд янз бүрийн эрх ашгийн төлөөлөл болсон байгууллага бүрэлдэн тогтдог ёстой. Тодорхой нэг эрх ашгийг тугчилсан байгууллага, тэр дундаа нам гэж байдаггүй, байх ч боломжгүй юм.
(…) Улс төрийн хувьд зохион байгуулалтад орсон олон улсын ажилчны хөдөлгөөний удирдагчид ихэнхдээ парламентын гишүүдээс бүрдсэн байдаг. (…)
Өнөөгийн социал демократ намууд парламентын гишүүдээр удирдуулж байгаа нь уг хөдөлгөөн, нам улам бүр парламентын шинж чанартай болж байгааг илтгэн харуулж байна. Нам хамгийн нэр хүндтэй албандаа өөрийн гишүүдээс мэдлэг чадвартай нэгнээ өргөн мэдүүлж, төлөөлүүлэн томилдог. Энэ нь ч цаанаа үр дүнтэй гэж үзсэнийх. Нам доторх парламентын гишүүдийн нэр хүнд, жин нөлөө дээшилж байгаа нь дараах хоёр шалтгаантай холбоотой байна. Нэг талаас, албан тушаалд очихийн хэрээр намын олон нийтээс, ингэхлээр, намын удирдлагаас бие дааж эхэлдэг. (…) Нам ердөө л өөрийн гишүүнээ өргөн мэдүүлэх үүрэгтэй болж хоцордог. Парламентад сонгогдсон намын гишүүд сонгогчдоос, тэр дундаа сонгогчдыг бүрдүүлэх зохион байгуулалтгүй олон түмнээс хамааралтай болдог байна. (…)
Өнөө үед намын олон нийт, энгийн гишүүдийн үзэл бодолд ч өөрчлөлт орж, намын удирдлагадаа гэхээсээ илүүтэйгээр парламентад сууж буй намын гишүүддээ голлон анхаарах болжээ. Өөрөөр хэлбэл тэд намын удирдлагадаа гэхээсээ илүүтэйгээр парламент дахь намын гишүүддээ татагдах болсон байна. Олон асуудлыг хууль, эрх зүйн хувьд шийдвэрлэх эрх тэдэнд байна гэдгийг олон нийт ойлгож байх шиг. (…)
Олон асуудлыг бие даан шийдвэрлэх эрх олсон парламент дахь намын бүлгийн гишүүд өөрсдийгөө намаас дээгүүр, намын дээр байж, шийдвэр гаргаж байх ёстой гэж үзэх болжээ. Парламент дахь социал демократ бүлгийн гишүүд Германид өөрсдийн намын бүлгийн хурлаа харьцангуй бие даасан байдлаар хийхийг зорьж байгаагаас дээрхийг ойлгож болох мэт. (…)
Социалист ч бай, хөрөнгөтөн ч бай, парламентын гишүүд тодорхой эрхтэй болсноор, хаалттай корпорацийн шинжийг олж, намаасаа улам бүр хөндийрч эхэлж байна. Тухайлбал, Германы Рэйхстаг дахь социал демократ намын бүлэг намын бодлогынхоо суурь үндсийг өөрсдөө боловсруулж байх ёстой гэж үзэх болсон байна. (…)
Үйлдвэрчний эвлэлд бий болсон байгууллагын зохион байгуулалтын олигархи хандлагыг улс төрийн намуудад шатлан өргөжүүлэх сонирхолтой удирдагчид ч цөөнгүй байна.
(…) Намын гишүүдийн дотор байх боловсрол, чадварын тэгш бус байдал нь чиг үүргийн хуваарилалтад хүчтэй нөлөөлж байна. Удирдагчид олон нийтээс холбоо тасарч, олон түмэн бодит үйл хэргээс хөндийрөх болсон. Аливаа асуудлыг ухаалаг, оновчтойгоор шийдвэрлэх намын сэхээрэлт цөөнх ямар учраас өөрийн гэсэн үзэл бодолгүй мунхаг олныг дагах ёстой юм бэ гэх үзэл санаа ч бий болох болсон. Тиймээс намын удирдлагууд намын гишүүдийнхээ үгийг үл хэрэгсэх юм уу эсэргүүцэх, ёс төдий хандлага гаргах байдал илэрхий ажиглагдаж байна. Намын дотоодод шууд санал хураалтыг оролсон ойлгоход төвөгтэй бюрократи бүтэц үүсэх болсон. (…)
Намын дотоодод олигархи эрх мэдлийг хумих боломж ойрын ирээдүйд огт харагдахгүй байна. Удирдагчдын бие даасан байдал нэмэгдэхийн хэрээр албан тушаалтан халах, солих, сонгох байдал ёс төдий зүйл болж хувирав. (…)
Ардчилал тирани засаглалтай тун аятайхан хослох чадвартай. Олон түмэнд эрх мэдлийн үндсэн цөм агуулагддаг гэж үзэх боловч харамсалтай нь, бодит байдал дээр тийм биш байна. (…)
Ардчилсан бус зан чанартай удирдагчид өөрсдийгөө ард түмнээс сонгогдсон хэмээн зөвтгөх болжээ. Өнөөг хүртэл ард түмэн өнөө л удирдагчдаа сонгож, бидний төлөө ажиллах хүмүүс гэж үзсээр байна. Хуучин язгууртны нийгэмд эрх баригчийн хүсэл сонирхолтой эс нийцвээс бурханд тэрсэлсэн хэрэг гэж үздэг байв. Харин өнөөгийн ардчилсан нийгэмд цорын ганц дүрэм мөрдөгдөж байна: Хэн ч олигархи удирдлагын шийдвэрийг үгүйсгэж болохгүй. Учир нь, ард түмэн өөрсдөө тэднийг сонгосон учир эсэргүүцэж, үгүйсгэвэл өөрийгөө тэрсэлсэнтэй адил хэрэг болно.  (…)
Ардчилсан засгийн үед удирдагчид өөрийн дарангуй эрхээ ард түмний засаглал нэрээр халхавчилдаг жамтай. Намын удирдлага бүр жирийн гишүүдээсээ алсран холдож, тэднийг үгүйсгэж байна.  (…)
ОРЧУУЛГЫН ЭХ СУРВАЛЖ: М. А. ВАСИЛИКА. 2000. ХРЕСТОМАТИЯ ПОЛИТОЛОГИЯ, М, ИЗД-ВА “ГАРДАРИКА”, С. 540-551.
ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН:  ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

ГАЭТАНО МОСКА " ЗАСАГЛАГЧ АНГИ"


Гаэтано Моска (1858—1941 он)—нь Италийн нэртэй улс төр судлаач, элит судлалын ухааныг үндэслэгчдийн нэг, Турин, Римын их сургуулийн профессор нэгэн мөн. Түүний гол гавъяа нь судалгааны тусгай объект болох нийгмийн элит давхаргыг гаргаж, бүтэц, үйл ажиллагааны хууль, зүй тогтол, засаг төрийн эрхэнд гарах, өсөн дэвжих, уруудан доройтох, контр буюу сөрөг элитээр солигдох үйл явцыг шинжлэн судласанд оршино.
Моска 1858 оны дөрөвдүгээр сарын 1 нд Италийн Палэрмо хотноо мэндэлжээ. 1881 онд Палэрмогийн Их Сургуульд хууль цаазын ухаанаар боловсрол олсон. 1887 онд Ромд хүрэлцэн ирсэн. Палэрмо болон Ромд багшлах болсон тэрээр 1896 онд Турины Их Сургуулийн профессороор уригджээ. Энд тэрээр Римын Их Сургуулийн Төр Эрх Зүйн Тэнхмийн эрхлэгчээр ажиллах хүртлээ буюу 1924 он хүртэл байжээ. 1909 онд Италийн парлементад сонгогдож, 1919 он хүртэл ажилласан байна. 1919 онд насан туршийн сенатор болсон ч 1926 онд улс төрийн амьдралаас хөндийрч, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өөрийгөө зориулах болжээ. Моска улс төрийн тоймчоор олон жил (1911-1921 онуудад) ажилласан учир түүнийг нэртэй сэтгүүлч гэж нэрлэх нь олонтоо. Гэвч тэрээр сэтгүүлч байхын зэрэгцээ улс төрийн зүтгэлтэн, улс төр судлаач нэгэн байв. Моска 1941 оны арваннэгдүгээр сарын 8 нд 83 насандаа Италийн нийслэл Ром хотноо бие баржээ.
Москагийн анхны бүтээл 1884 онд Эрх мэдэл, парламентат төрийн онол (Sulla teorica dei governi e sul governo parlamentare) нэртэйгээр олны хүртээл болжээ. Улмаар 1896 онд Улс төрийн шинжлэх ухааны элементүүд (Elementi di scienza politica) бүтээл нь гарсан бол 1923 онд нэмж засварлагдан дахин хэвлэгджээ. 1939 онд уг зохиол Засаглагч анги (The Ruling Class)нэртэйгээр Англи хэлнээ хөрвүүлэгдэж, Москаг алдар хүндийн оргилд хүргэсэн юм. Хамгийн сүүлд, 1936 онд Улс төрийн сургаалуудын түүх (Storia delle dottrine politiche) нэртэй зохиол нийтлүүлжээ.
Элит хэмээх үгнээс илүүтэйгээр Моска засаглагч анги гэсэн нэр томъёог ашигласан байх бөгөөд улс төрийн анги гэсэн үгтэй адил утгаар хэрэглэжээ. Гэхдээ өөрийн үзэл санаанд сүүлд засвар оруулж, улс төрийн анги нь засаглагч ангийн суурь, үндэс юм гэж үзэх болжээ. Үнэндээ, засаглагч анги хэмээх ойлголт нь улс төрийн ангиасаа хамаагүй илүү өргөн утгатай юм. Энэ ойлголтод улс төрийн төдийгүй эдийн засаг, соёлын гэх мэт улс төрийн бус элитүүд багтдаг байна. Улс төр судлал болбоос, юуны өмнө, элитийн тухай шинжлэх ухаан юм. Элитүүдийн хувьд хамгийн аюултай зүйл нь өөрийгөө нийгмийн зүгээс хаах, хөгжихгүй, хаагдмал бүлэг болгох эрмэлзлэлтэй байдагт оршино. Ингэснээр улс төрийн хувьсгал, тэмцэл бий болж, нэг элит нөгөөгөөр солигдохын сац улс төрийн тогтворгүй байдал үүсгэх муу үр нөлөөтэй. Нэг талаас өөрийгөө байнга шинэчилж, нөгөө талаас залгамж чанараа хадгалсан улс төрийн систем хамгийн сайн гэж Моска үзжээ. Элитийг сонгон шалгаруулахдаа өмч хөрөнгө, баялаг дээр бус, мэдлэг, чадвар дээр нь тулгуурлах хэрэгтэй (Бичвэрийг утгачилсан Удирдлагын Академийн докторант Нямаагийн Отгонбаяр).
ЗАСАГЛАГЧ АНГИ

1. Бүхий л улс төрийн организмд илрэх хувирашгүй үзэгдэл, үйл явцуудын дотроос нэг үзэгдэл хамгийн илэрхий, хамгийн ил тод байдаг жамтай. Бүх нийгмүүдэд (дорой, буурай хөгжилтэйгээс иргэншсэн, өндөр хөгжилтэй нийгмүүдэд бүгдэд ялгаагүй) засаглагч, удирдуулагч гэсэн хоёр анги зэрэгцэн оршдог зүй тогтолтой. Эхнийх нь тооны хувьд харьцангуй бага, эрх мэдлийг монопольчлон эзэгнэж, нийгэм дэх улс төрийн чиг үүргүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ эрх мэдлийн нэхлэй эрх ямба, тусгай хангамж эдэлдэг бол хоёр дахь анги нь тооны хувьд олон, эхний ангидаа хууль ёс, хүчирхийллийн замаар удирдуулж, засаглуулж амьдрахын сац улс төрийн организм оршин тогтноход зайлшгүй шаардлагатай материаллаг эд баялагийг хангаж өгдөг.
Бодит амьдрал дээр бид бүхэн саяын тодорхойлсон засаглагч буюу улс төрийн анги оршин байдгийг хүлээн зөвшөөрдөг. Ямар ч үед манай улсад нийгмийн үйл хэргийг олонх бус, харин нэр хүнд, эрх мэдэл бүхий цөөнх удирдан чиглүүлж байдгийг бид бүхэн хамгаас илүү ойлгож, ухаарч мэдэрдэг. Бүх хүн адил бөгөөд улс төрийн амьдралд тэгш эрхтэй оролцдог гэж хичнээн хашгирсан ч нийгмийн хөгжлийн энэхүү суурь зарчмыг хэн ч, хэзээ ч тэрсэлж үл чадна. Хэрэв бид онолын үүднээс асуудалд арай өөрөөр хандвал тэр нь бид бүхний сэтгэлгээний төөрөгдөл, нийгмийн бодит үзэгдлийн мөн чанарыг бүрэн гүйцэд ухан ойлгоогүйтэй шууд холбоотой болох нь дамжиггүй.
Ямар ч улс төрийн организмд засаглагч ангийн төрийн эрх мэдэл хэмээн томьёолох тэр үндсэн бүтцийг ганц хүн төлөөлж байдаг зүй тогтолтой. Гэхдээ энэ хүн засаг төрийн дээд эрхийг ганцаар агуулдаг гэвэл хараахан тийм биш ээ. Угсаа залгасан хунтайж эсвэл эзэн хааны дэргэд ерөнхий сайд юм уу мажордууд улс орны тэргүүнээсээ ч илүү эрх мэдэлтэй байх тохиолдол байна. Өөр нэг тохиолдолд ерөнхийлөгчийн дэргэд түүний өмнөөс улс орныг удирдан жолоодох нөлөө бүхий улс төрч байх жишээтэй. Бүр онцгой тохиолдолд хоёр юм уу гурван хүн засаг төрийн дээд эрхийг хянах үе ч байна.
Улс төрийн зохион байгуулалтын ямар хэв шинжтэй байгаагаас үл хамааран удирдуулагч ангийн зүгээс гаргаж буй сэтгэл ханамжгүй байдал, дургүйцэл, дарамт шахалт нь засаглагч буюу улс төрийн ангийн улс төрийн бодлогод тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байдаг жамтай.
Төр засгийн тэргүүнээр ажиллаж буй хүн түүний гаргасан тушаал, шийдвэрүүдийг хүндэтгэн хүлээн авах удирдуулагч ангийн дэмжлэгүйгээр оршин тогтнох боломжгүй: Эрх мэдлийн нэр хүндээ ухамсарласан засаглагч ангийн төлөөлөгчид нэг хүн байна уу, эсвэл нэлээд хэдэн хүнээс бүрдэнэ үү хамаагүй удирдуулагч ангитайгаа зөрчилдөх, юм уу түүнийг үгүйсгэж болдоггүй. Удирдуулагч ангийн дэмжлэгүйгээр засаглагч анги оршин тогтнох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, удирдуулагч ангийн сэтгэл ханамжгүй байдал нь засаглагч ангийг үндсээр нь өөрчлөхөд хүргэх бөгөөд энэ тохиолдолд удирдуулагч анги өөрийн дотроос засаглагч ангийн чиг үүргийг хэрэгжүүлэх чадвартай шинэ зохион байгуулалттай цөөнхийг бий болгодог. Эсрэг тохиолдолд нийгмийн бүх бүтэц, бүх зохион байгуулалт устдаг жамтай.
Шинжлэх ухаанч судалгааны үүднээс авч үзвэл “засаглагч буюу улс төрийн анги” гэсэн ойлголт нь олон ард түмний иргэншлийн түвшин тэрчлэн засаглагч ангийн бүтцийн тогтвортой бус байдлыг илүү бүрэн дүүрэн илэрхийлдэг онцлогтой. Өнөө үед нийтэд түгсэн ангиллаар авч үзвэл Орос, Турк хэмжээгүй эрхт эзэн хаант, Англи, Итали улс үндсэн хуульт буюу хэмжээт цаазат хаант, харин Франц, АНУ бүгд найрамдах хэлбэрийн засагтай. Эхний хоёр улсад төрийн тэргүүн нь угсаа залгамжлах ёсыг чандлан баримтлах бөгөөд улс орны бүх хэргийг хөтлөн явуулах эрхтэй: Хоёр дахь бүлгийн орнуудад улс орны тэргүүн нь угсаа залгамжлах боловч эрх нь нэлээд хумигдмал шинжтэй: Франц, АНУ-ын хувьд төрийн тэргүүнээ угсаа залгамжилддаггүй бөгөөд эрх, үүрэг нь ихээхэн хязгаарлагдмал байдаг.
Гэвч энэ ангиллыг өнгөц шинжтэй гэж үзэх үндэслэлүүд байна. Хэдийгээр Орос, Турк улсууд хэмжээгүй эрхт хаант засаглалтай боловч засаглагч ангийн зохион байгуулалт, иргэншлийн түвшингийн хувьд харилцан адилгүй байна. Энэ шинжийг удирдлага болговол хаант засагтай Итали улс адилхан засагтай Англитай гэхээсээ илүү бүгд найрамдах засаг бүхий Францтай ойролцоо байна. Хэдийгээр хоёул бүгд найрамдах улс боловч АНУ, Францын хооронд улс төрийн зохион байгуулалтын хувьд онцлог ялгаа байсаар байна.
Эндээс үзэхэд уг асуудлыг шинжлэх ухааны үүднээс шийдвэрлэх бодит хэрэгцээ байгаа нь харагдаж байна. Улс орныг хэмжээгүй эрхт, хэмжээт цаазат хаант засаг, бүгд найрамдах улс гэж ангилах онолыг Монтескье анх боловсруулсан бөгөөд эзэн хаант, язгууртны, ардчилсан гэж хуваах Аристотелийг ангиллыг шүүмжлэх явцдаа гаргажээ. Аристотель нийгмийн гишүүдийн тооноос хамааруулан засаглалыг язгууртны болон ардчилсан гэж хоёр ангилсан байдаг. Ажиглагчийн үүднээс Аристотель өөрөө Герегийн хот-улс бүрийн эрх мэдлийг ганц хүн эсвэл олон хүн хэрэгжүүлж байгаагаас нь хамааруулан язгууртны болон ардчилсан гэсэн хоёр төрөлд ангилжээ. Полибий онолчоос Монтескье хүртэлх түүхийн зурвас хугацаанд олон сэтгэгчид Аристотелийн ангилалд “холимог засаглалын хэлбэр” гэсэн шинэ нэр томьёог нэвтрүүлжээ.
Руссогийн хөгжүүлсэн орчин үеийн ардчиллын онолд аливаа улс оронд иргэдийн олонх улс төрийн амьдралд идэвхтэй оролцох ёстой бөгөөд хэдий чинээ олон хүмүүсийг шийдвэр гаргах түвшинд оролцуулна, төдий хэрээр нийгэмд ард түмний бүрэн эрх хэрэгжинэ гэж үздэг. Гэтэл өнөөгийн нийгмийн шинжлэх ухаанд язгууртны, ардчилсан, эзэн хаант засаглалын зарчмууд нэг улс төрийн тогтолцоонд нэгэн зэрэг хэрэгжих боломжтой гэж баталж байна. Бидний судалгааны ажлын үндсэн санаа ч үүнд оршиж байна. Үүнээс гадна, хүмүүсийн ухамсарт гүн суусан үзэл санааны бүхэл бүтэн тогтолцоог хэдхэн хуудсанд багтааж шүүмжлэх, үгүйсгэх амаргүй хэрэг юм. (….)
(….) Нийгмийн практик зохион байгуулалтгүй олонхийг засаглах зохион байгуулалттай цөөнхийн суверен эрх мэдэл гарцаагүй. Аливаа цөөнхийн эрх мэдэл зохион байгуулалттай цөөнхийг цаг ямагт сөрөх олонхийн хувьд тэсвэрлэхийн арга зүйл байдаг. Цөөнх чухамдаа бол цөөнх учраас л зохион байгуулалттай байж чаддаг юм. Үйл хэргээ ухамсарлахын сац эесгэлэн харилцаатай байх зуун хүн нэг нэгнээ тэвчиж үл чадах, зохион байгуулалтгүй мянган хүнийг хялбархан ялах нь ойлгомжтой. Мянга биш, зуу учраас л үйл хэргээ ухамсарлахын сац эесгэлэн харилцаатай байж чаддаг юм. Эндээс нийгмийг бүрдүүлэгч олонх, цөөнхийн ялгаа тод томруун харагдах бөгөөд олонхийн хувьд цөөнхийг тэрслэн эсэргүүцэж чаддаггүй нь үүнтэй холбоотой.
Зохион байгуулалт гэсэн ерөнхий шинжийн зэрэгцээ тухайлсан цөөнхийг бүрдүүлэгч хувь хүн бүрийн эзэмших чадварууд зохион байгуулалтгүй олон түмнээс цөөнхийг ялгах бас нэг шинж болдог. Цөөнхийг бүрдүүлэгч хувь хүмүүс материаллаг талаасаа төдийгүй оюун санаа, ёс суртахууны хувьд зохион байгуулалтгүй олон түмнээс ямагт ялгарч байдаг. Өөрөөр хэлбэл, амьдарч, ажиллаж буй нийгэмдээ хүндлэгдсэн тэр чадваруудыг засаглагч цөөнхийн төлөөлөгчид зайлшгүй эзэмших ёстой.
Хөгжлийн түрүү үеийн балар эртний нийгмүүдэд дайн тулаанд баатарлан оролцох, эр зориг гаргах нь засаглагч буюу улс төрийн ангид багтах үндсэн шалгуур болж байв. Харин өнөөгийн иргэншсэн нийгэмд дайн, тулаан онцгой үзэгдэл болжээ. Гэтэл хөгжлийн түрүү үеийн балар эртний нийгмүүдэд дайн, тулааныг ердийн үзэгдэлд тооцдог байсан бөгөөд тулалдах, дайтах чадвартай хүмүүс бусдыгаа манлайлан удирдагч болдог байжээ. Хэдийгээр энэ зүйл гарцаагүй шинжтэй боловч нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй байсан. Амар жимэр амьдрах энгийн олонхийг бодвол дайчдын давхарга давуулаг шинж чанартай байхад булаан эзлэлт, ард түмэн, арьстнуудын шилжин суурьшилт зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ. Үнэндээ ч ийм л байсан юм: Тухайлбал үүнийг ари арьстны булаан эзлэлтийн дараах Энэтхэгээс ажиглаж болно. Мөн Германчуудын довтолгооны дараах Ромын эзэнт гүрэн, Атцекуудын дайралтын дараах Мексик зэрэг олон жишээнээс харж болох юм. Гадны түрэмгийлэлд төдийлөн өртөж байгаагүй улс орнуудад ч дайчдын засаглагч ангийг өсөн хөгжихөд хүргэсэн тодорхой нийгмийн нөхцлүүд ажиглагддаг. [Хүй элгэний] үед хүн бүр ан агнуур эрхэлдэг байсан ба бүгд дайтах чадвартай байв. Хэдийгээр аймаг бүр өөрийн зонхилогчтой ч аж ахуй эрхлэгч ангиа мөлжих дайчдын илэрхий засаглагч анги байсангүй ээ. Гэвч ан агнуураас газар тариалан, мал аж ахуй эрхлэх болж, хүн ам өссөнөөр хүмүүсийн нэг хэсэг нь хөдөө аж ахуй, нөгөө хэсэг нь цэрэг дайны хэрэг эрхлэх болжээ. Ингэснээр дайчдын анги аажмаар ял шийтгэлээр далайлган бусад ангиа ноёрхож эхэлсэн байна. 
Дайчдын анги аажмаар үнэмлэхүй засаглагч анги болсон томоохон жишээ нь Польш юм. Анхандаа польшууд славян ард түмнүүдийн дунд зонхилж асан хөдөө аж ахуйн суурингийн зохион байгуулалттай байв. Дайчид болон аж ахуй эрхлэгч нөхөрлөгчдийн хооронд, өөрөөр хэлбэл язгууртан, тариачдын хооронд хүчтэй ялгарал байсангүй. Гэвч Висла, Неман мөрнүүдийн эрэг дагуух өргөн уудам газар нутагт шилжин суурьснаар тэдний дунд газар тариалан хөгжиж эхэлсэн байна. Хөрш зэргэлдээ дайнч аймагуудтайгаа газар нутгийн маргаанаас үүдэн дайсагнах шаардлага тулгарч байсан учир овог, аймгийн зонхилогч нар тусгай бэлтгэгдсэн тодорхой тооны шигшмэл хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлэх болжээ. Эдгээр дайчид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс хувь хүртэхийн зэрэгцээ газар тариалангийн ажлаас чөлөөлөгдөж эхэлсэн. Эхэндээ дайчдын байр суурь төдийлөн сайн байгаагүй бөгөөд дайн тулаанд оролцохоос зайлсхийсэн тариачид газар тариалан эрхлэхийг чухалчлах болов. Гэвч тогтоосон дэг журам бэхжихийн хэрээр дайчдын анги засаглагч шинжийг олж, тариачид хамжлага, албат болж хувирав. (….)
Энэ үйл явцыг Оросоос ч ажиглаж болох юм. Энд хамгаалагчид буюу нөхөрлөгчдийг бүрдүүлэх дайчдад эртний Оросын вангууд (эртний сурвалжит Рюрикийн овгоос гаралтай гэгдэх)амьдралын баталгаа болгож тариачдын хүй элгэний орлогоос хувь хүртээдэг байжээ. Цаг хугацааны явцад дайчдын хүртэх хувь нэмэгдсээр байсан юм. Тариалангийн газар хангалттай байх боловч ажиллах хүч ховордож эхэлсэн байна. ИнгээдXVI зууны сүүлээр Борис Годунов өөрийн хувь эзэмшилдээ хамжлага, албаттай байхыг язгууртнуудад зөвшөөрснөөр Орос нутагт хамжлагат ёс тогтжээ. Гэхдээ Орост зэвсэгт хүчин хэзээ ч язгууртнуудаас бүрдэж байгаагүй юм. Тариачид нөхөрлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, энгийн цэргүүдийг бүрдүүлж байв. XVI зуунд Догшин Иван буудагчдын хороог бий болгосон бөгөөд Их Петрийг Европын жишигт нийцсэн хороо байгуулах хүртэл байнгын армийн үүргийг орлож байжээ. (….)
Хөгжлийн газар тариалангийн үед байсан, харьцангуй иргэншсэн ард түмний хувьд цэргийн анги улс төрийн буюу засаглагч ангийг бүрдүүлж байсан нь гарцаагүй. Зарим тохиолдолд зэвсэг агсах нь гагцхүү улс төрийн буюу засаглагч ангийн онцгой эрх байсан бөгөөд Энэтхэг, Польшоос тодорхой харж болох юм. (….) Герегт персүүдтэй дайтах явцад энгийн иргэдийг армид авахыг хориглож, зөвхөн язгууртан иргэдийг татдаг байжээ. Өөрөөр хэлбэл, боолуудыг цэргийн албанаас бүрэн чөлөөлсөн байна. Ийм байдлыг бид Пунийн дайн хүртэлх Ром: Дундад зууны Европ: Орос болон бусад ард түмний түүхээс харж болох юм. (….) Хүн амын өсөлттэй холбоотойгоор энэ байдал зарим талаар өөрчлөгдсөн байдаг. (….) Засаглагч ангийн гол шинж нь дайн тулааны үед гаргах эр зориг бус, харин эд хөрөнгө болж эхэлжээ.
(….) Дэлхийн бүх улс орнуудад нийгмийн нөлөөллийг хангагч нэр хүнд, боловсрол, тусгай хангамж, итгэл бишрэл, нийгмийн удирдлага, цэрэг арми гэх мэт хүчин зүйл ядуу иргэдэд гэхээсээ илүү баячуудад хүртээлтэй байв. Ядуу иргэдийг бодвол баячууд улс төрийн эрх мэдлийг үлэмжхэн хэмжээгээр төлөөлж байдаг зүй тогтолтой. (….) Ийм байдлыг бид эртний Египет, бярманы ёст Энэтхэг, дундад зууны Европоос харж болох юм. (….) Лам, санваартнууд шашны хэргээс гадна улс төр, эрх зүйн мэдлэг хуримтлуулж засаглагч ангид нөлөөлж эхэлснээр тусгай мэдлэг эзэмшсэн байх асуудал засаглагч ангийн шалгуурт орж эхэлсэн байна. Шашны хэлбэрээс ангижирсан жинхэнэ шинжлэх ухааны соёл, тусгай мэдлэг болбоос улс төрийн ангийн иргэншсэн шинжийг харуулах чухал чанар бөгөөд эдгээр мэдлэгийн эзэмшсэн хэн боловч засаглагч ангид орох үүд хаалга нээгддэг байна. Гэхдээ мэдлэг эзэмшээд зогсохгүй түүнийгээ эрх мэдэл, төр улсын түвшинд хэрэглэж чаддаг байх нь улс төрийн чухал үнэт зүйлс гэдгийг мартаж болохгүй.
(….) Хэдийгээр орчин үед төрийн албанд угсаа гарал, эд хөрөнгө харгалзахгүй хүн бүр өрсөлдөөнт шалгалтаар дамжин орох боломжтой гэж үздэг ч бодит байдал дээр хараахан тийм биш байна. Угсаа залгамжлах ёс устсан, илүү ардчилсан шинжтэй болсон ч улс төрийн буюу засаглагч ангийн үндсэн чанарууд уламжлагдсан хэвээр байна. Бид үүнийг Франц, Итали, Англи, Орос зэрэг орнуудаас харж болох юм. Эдгээр улсын парламентын гишүүд нь сонгуулийн замаар дамжин гарч ирсэн хуучин язгууртнуудын хүү, ач хүү, зээ хүү гэх мэт хойчсоосбүрдэж байна.  (….)
(….) Засаглагч анги ямагт өөрийгөө хаагдмал, бүрэн тусгаардлагдсан бүлэг болгох эрмэлзлэлтэй байдаг. Энэ нь нийгмийн доод давхаргаас авьяас билигтэй, чадварлаг хүмүүсийг улс төрийн ангийн бүтцэд дэвшин ороход саад болдог талтай. (….) Олонх иргэд өөрийн ядуу тарчиг, мэдлэггүй байдалд сэтгэл ханаж амьдардаг бол зарим иргэдийн хувьд ийм байдлыг гэтлэн давах, засаглагч ангийн бүрэлдэхүүнд багтах арга замуудыг сүвэгчилж байдаг. Ийм аргуудын нэг нь хувьсгал юм. Хувьсгал мөн чанарын хувьд засаглагч анги өөрийгөө шинэчилж чадахаа больсон үед, шинэ төрөн гарч буй зохион байгуулалттай цөөнх өсөн дэвжих эрх ашгаа хангаж чадахаа байсан цагт үүсдэг жамтай. (….) Нийгмийн доод түвшнээс гарч ирэх хувь хүнд ёр бусын зориг тэвчээр, ухаан мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэл хэрэгтэй. Ийм төрлийн хүмүүс засаглагч ангийн бүрэлдэхүүнд ороход маш хэцүү байдаг. (….)
ОРЧУУЛГЫН ЭХ СУРВАЛЖ: МОСКА Г. ПРАВЯЩИЙ КЛАСС, // СОЦИС. 1994. №10. С. 187— 198.
ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН:  ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР