Sunday, July 23, 2017

КОНСТАНТИН СЕРГЕЕВИЧ АКСАКОВ

(1817-1860 он) – Оросын улс төрийн сэтгэгч, нийтлэлч, утга зохиолын шүүмжлэгч, түүхч, хэл шинжлэлтэн, нармай славян үзэлтний түрүү үеийн томоохон төлөөлөгч нэгэн.
Нармай славян үзэл гэдэг нь славян үндэстнийг нэгт, нийгмийн хувьд, хоёрт, үндэстний хувьд, гуравт, оюун санаа, шашин суртхаалын хувьд соён гэгээрүүлэх, сурган тэжээх, шинэтгэн сайжруулахад чиглэсэн нийгэм-улс төрийн шинжтэй цогц үзэл суртал билээ.
Константин Сергеевич 1817 оны гуравдугаар сарын 29 нд Оросын Эзэнт Улсын Оренбург губерны Аксаково сууринд С. Т. Аксаковын гэр бүлд мэндэлсэн. Түүний амьдралд эцгийнх нь нөлөө хүчтэй байсныг хойч үеийн судлаачид нэг бус удаа тэмдэглэсэн байдаг. Константин Сергеевич 1832 онд 15 насандаа Москвагийн Их Сургуулийн хэл шинжлэлийн салбарт суралцсан байна. Энд байхдаа тэрээр хайв эрдэмтэн Павлов, Надеждин, Победоносцев зэрэг алдартнуудыг лекцийг сонсож байв. Улмаар 1835 онд сургуулиа дүүргэсэн. Их сургуульд сурч ахуйдаа нармай славян үзэл, Германы сонгодог философид татагдах болжээ. Ялангуяа түүний 1846 оны магистрын ажилд дээрх байдал хүчтэй мэдрэгддэг. Хэдийгээр их сургуульд багшлах сонирхол их байсан ч түүний хүсэлтийг хүлээн аваагүй учир өөрийгөө утга зохиол, шинжлэх ухааны үйлд зориулах болсон.
Эцэг нь бие барсан явдал Константин Сергеевичийн эрүүл мэндийн байдалд огцом нөлөөлж, 1860 оны арванхоёрдугаар сарын 7 нд Грекийн Зантэ аралд 43 насандаа мөнх бусыг үзүүлсэн. Ихэнх судлаачдын зүгээс Константин Сергеевичийг ердөө утга зохиолын шүүмжлэгч, онолч төдийгөөр үнэлдэг ч хараахан тийм биш бөгөөд утга зохиол, хэл шинжлэлийн зэрэгцээ нийгэм-улс төрийн хүрээнд олон шинэлэг санааг хөгжүүлсэн цолгорсон эрдэмтэн байв. Ялангуяа түүний 1855 онд бичсэн «Орос орны дотоод байдлын тухай», 1856 оны «Орос үзэл санааны тухай» зэрэг зохиолыг дурдаж болох байна.
Оросын ард түмний онцгой ахуй, мөн чанарыг нээн илэрүүлэхийг Аксаков зорьсон. «Орос орон бол Европын нэг ч улс орон, ард түмэнтэй адилгүй өвөрмөц ахуйтай газар нутаг билээ. (…) Европын бүх улс байлдан дагуулал, булаан эзлэлт дээр үндэслэгдсэн. Дайсагнал, самуурал тэдний суурь юм. Эрх мэдлийг энд эзлэгдсэн ард түмнүүдийг хүч хэрэглэн, нухчин дарж байх хүч мөн гэж үздэг. Нэг ард түмэн юм уу нэг нөхөрлөл бусад ард түмнээ нухчин дарах замаар улс гэрийг цүглэх бөгөөд дайсагнал, самуурал улс гэр цогцлохын үндэс болж түхийн бүхий л үеийн туршид хадгалагдсаар ирсэн. Харин эсрэгээр, Орос төрийн хувьд байлдан дагуулал, самуурал дээр бус, эрх мэдлийг сайн дураар хүлээн зөвшөөрөх явдал дээр тулгуурладаг. Тийм ч учраас дайсагнал, самуурал бус, энх тайван, хэлцэл энэ төрийн үндэс мөн» (Профессора М. А. Василика , 2000, хуудсд. 192, 193)  хэмээн тэрээр бичжээ. Оросын ард түмэн төрийн эрх мэдэлд улайрагч ард түмэн биш бөгөөд мөн чанарын хувьд хүй элгэний ард түмэн болно. Төрт ёсны тухайд бусдын нөлөөний үр дүн болж харьцангуй сүүлд үүссэн. Хууль эрх зүй, үндсэн хууль, хувьсгал тэмцэл Оросын ард түмний мөн чанарт харшлагч тэрслүү зүйл юм.
Хэдийгээр төрт ёс харьцангуй сүүл үед үүссэн ч Оросын ард түмний хүртээл бус, их төлөв цэрэг, дайчдын эрх мэдлийн төв болж ирсэн. Орос улсын түүхэнд нийгмээ нухчин дарсан төр улс хэзээ ч байгаагүй. Гэвч Нэгдүгээр Петр хааны үеэс эхлэн Орос улсын олон зуун жилийн туршид уламжлагдан ирсэн энэ байдал үгүй болж Оросын төр ард түмнээ нухчин дарж, боолчлох болсон. Ингэснээр Орос оронд хагарал тэмцэл, дайсагнал улам бүр хүчээ авч байна. Үүний бодит илрэл нь төр хүй элгэний хэрэгт оролцож, ард түмнээ үг дуугүй дуулгавартай захирагдах боол болгон хувиргаж байгаа явдал юм. Петрээс өмнө Орос оронд хамжлагын тариачид байгаагүй. Зөвхөн хүй элгэний иргэд байсан. Тэд улс төрийн эрх мэдлийг бус, оюун санааны дотоод суртхаалыг эрх чөлөөг бүрэн эдэлж байсан. Харамсалтай нь, өнөө үед ийм байдал бүрэн үгүй болжээ. «Ард түмний үйл ажиллагаа хүний үйл ажиллагааны нэгэн адил бие даасан байх ёстой» хэмээн Аксаков бичжээ. Европын харь үзэл санааг сохроор даган баясах, улайран нутагшуулах нь нийгэмд нийцлийг бус, дайсагнал, самуурлыг хөгжөөнө. Иймд үзэл санааг энэ мэт даган баяёахгүй байваас сая болох гэдгийг тэрээр онцолсон.
Ихэнх нармай славян үзэлтний нэгэн адил улс төрийн болон оюун санааны эрх чөлөөг Аксаков авгай зааглан авч үзсэн байна. Төрийн хэрэгт оролцох, улсын төлөө сэтгэл, оюунаа шавхах нь харцын тавилан биш ээ.  Ард иргэд төрийн хэрэгт огт оролцохгүй байваас сая зохино. Харин оюун санааны хувьд чанагшилж, дотоод мөн чанараа төгөлдөржүүлэх хэрэгтэй. «Төрийн хэргээс хөндийрсөн Оросын ард түмэн нийгмийн амьдралд өөрийгөө зориулах бөгөөд төр ч үүнийг нь хүндэтгэн нийгмийн амьдралд өөрсдийгөө зориулах боломжийг нь хангах ёстой» хэмээн Аксаков бичжээ. Ард түмэн гадаад буюу улс төрийн эрх чөлөөг бус, дотоод, оюун санааны эрх чөлөөг эрэлхийлбээс сая болох хэмээн Аксаков үзсэн.
Улс төрийн хувьд хэмжээгүй эрхт эзэн хааныг талархан хүлээн авсан. Үүнтэй холбоотойгоор Аксаковын бүтээлд төр, газар нутаг гэх хоёр ойлголт онцгой чухал ач холбогдолтой. «(…) Өрнөдийн ардчилал хэзээ ч байгаагүй. Орос орон хүй элгэний хүмүүс, албат хүмүүс гэх хоёр хэсэгт хуваагдсан Төр, Хүй Элгэн гэсэн хоёр эрх мэдлийн дор явж ирсэн» (Профессора М. А. Василика , 2000, хууд. 195).  Оросын ард түмэн газрын шим шүтэж амьдрах ард түмэн бөгөөд газар бол түүний оршин ахуй, атрибут шинж юм. Хэдийгээр төр муу шинж чанартай боловч Оросын ард түмний атрибут шинж болсон газар орших байхын баталгаа, эрх мэдэл, гадаад хүч мөн. «Төр зарчим болохын хувьд муу зүйл мөн: муу шинж нь төрийн тодорхой нэг хэлбэрт бус, ерөөсөө зарчим болох төрийн үзэл санаанд агуулагдана» хэмээн К. С. Аксаков бичжээ.

Эх сурвалж

Профессора М. А. Василика (Ed.). (2000). Хрестоматия политология. Москва: Гардарика.


МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР  (ཐ་ཆུ་ང་ནོར་བུ་།༡༩༨༢ཟླ་༦ཚེས་༡༣ཉིན།)

ТЕОДОР АДОРНО

(Theodor Ludwig Wiesengrund Adorno, 1903-1969 он) – Германы гүн ухаантан, Франкфуртын урсгалын төлөөлөгч, хөгжмийн онолын томоохон шүүмжлэгч нэгэн.
Адорно 1903 оны есдүгээр сарын 11 нд Германы эзэнт улсын Франкфурт-на-Майнид дарсны худалдаа эрхлэгч еврей гэр бүлд мэндэлсэн. Тэрээр эхийн талаасаа Итали цустай нэгэн байсан гэдэг. Эцэг Оскар Александр Визенгрунд нь пүүсээ өргөтгөн хөгжүүлж Лейпциг хотноо салбараа нээхийн зэрэгцээ АНУ, Англи улс руу дарс экспортод гаргадаг нэгэн байжээ. Адорно 1913-1921 онуудад гимназид суралцаж, улмаар 1921 онд Иоханн Вольфганг Гётегийн нэрэмжит Франкфурт-на-Майны их сургуульд элсэн орж, гүн ухаан, хөгжмийн онол, сэтгэл судлал, социологийн ухаан судалсан байна. Гештальт сэтгэл судлалыг үндэслэгч эрдэмтэн, шинэ хантч үзэлтэн Ханс Корнелиусийн нөлөө Адорнод хүчтэй байсан гэдэг. Улмаар түүний удирдлага дор 1924 онд Э. Гуссерлийн үзэгдлийн философийг судлаж докторын зэрэг горилжээ. Нэг талаас, хөгжмийн онол судлалаар мэргэшин ажиллахын зэрэгцээ нөгөө талаас, нийгмийн болон улс төрийн гүн ухаан шимтэх сонирхох болсон. энэ хүрээнд Макс Хоркхаймэртай хамтран Нийгмийн Судалгааны Хүрээлэнд ажиллах болж, шинэ марксизмийн Франкфуртын дэг сургуулийг үндэслэсэн байна.
1930 онд Франкфуртдаа эргэн ирж их сургуульд багшлах болжээ. Гэвч нацистууд Германы засаг төрийн эрхэнд гарч, еврей иргэдийг аймаглан усгах бодлогыг авч хэрэгжүүлсэн бөгөөд Адорно уг балмад явдлын золиос болж, их сургуульд багшлах эрхгүй болсон байна. 1934 оноос Англи улс руу, 1938 оноос АНУ руу дүрвэсэн байна. 1938-1941 онуудад Нью-Йорк хотноо ажилласан бол 1941-1949 онуудад Бэркли дахь Калифорнийн их сургуульд багшилжээ. Адорно 1949 онд эх орондоо эргэн ирж 1953 онд Нийгмийн Судалгааны Хүрээлэнгийн захирал, 1963 оноос Германы Социологийн Нийгэмлэгийн даргаар ажилласан.
Хөгжмийн онолч, улс төрийн философич Теодор Людвиг Визенгрунд Адорно 1969 оны наймдугаар сарын 6 нд Швейцарийн Виспад 65 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.
Нийгэм-улс төрийн асуудлаар Адорно Элька Френкель-Брюнсвик, Даниэл Лэвинсон, Нэвит Сэнфорд нартай хамтран «Авторитари бие хүн» (1950 он) гэх бүтээл туурвиж өөрийн үзэл санааг хөгжүүлсэн байна. Энэ бүтээл түүний шууд удирдлага, оролцоотой бүтээгдсэнээрээ онцлогтой. Уг судалгааны үндсэн зорилго нь - «антропологийн шинэ хэв шинжийг» тодорхойлон гаргаж ирэхэд оршиж байсан. Түүний үзсэнээр, авторитари бие хүн садомазохист шинж чанартай байдаг. Хэдийгээр Франкфуртын шинэ марксист дэг сургуулийг хөгжүүлэгчдийн нэг байсан боловч насны чээжинд буюу 1968, 1969 онуудад үзэл санааны хувиралд автаж шинэ марксист үзэл санааг зарим талаар үгүйсгэх болсон.

МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР  (ཐ་ཆུ་ང་ནོར་བུ་།༡༩༨༢ཟླ་༦ཚེས་༡༣ཉིན།)

Saturday, July 1, 2017

ПАДУА ГАЗРЫН МАРСИЛИЙН УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Падуа газрын Марсилий (1270 оны орчим мэндэлсэн) — нь Дундад зууны үеийн схоластик гүн ухаантан, улс төрийн философич, иргэний эрх мэдлийн онолыг хөгжүүлэгч нэгэн билээ. 1324 онд “Энхийг эрхэмлэгч(«Defensor pacis») нэрт жүнхэн бүтээлээ нийтлүүлсэн бол 1342 онд “Цөөнхийг хамгаалагч(«Defensor minor») зохиол нь гарчээ. Хэдийгээр иргэний засаглалыг сүм хийдийн эрх мэдлээс зааглах үзлийг хөгжүүлж байсан ч дээр дурдсан “Энхийг эрхэмлэгч” зохиолдоо төрийн засаглалыг хууль тогтоох болон гүйцэтгэх гэсэн эрх мэдлийн хоёр хэсэгт хуваах шаардлагатай гэдгийг онцолсон байна.
Марсилий хойд Италийн Падуа нэрт жижиг хотод мэндэлсэн бөгөөд бусад хүмүүс түүнийг “Падуа нутгийн хүн(Paduanis) хэмээн дууддаг байжээ. Гэвч их эрдэмтэн хэдэн оны үед мэндэлсэн тухайд судлаачдын дунд өнөө хэр нэгдсэн ойлголт алга байна. Их төлөв 1270-1280 оны хооронд төрсөн болов уу гэсэн таамаглал дэвшүүлдэг. XX зууны дунд үеэс эхлэн судлаачид 1280 оны орчим мэндэлсэн болов уу гэж үзэх болсон. Судлаачдын ингэж үзэхэд улс төрийн зүтгэлтэн, яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч Альбертино Муссатотой Марсилийн харилцаж асан захидалууд нөлөөлсөн байна. Марсилий анагаах ухааны боловсрол эзэмшиж эмчээр ажиллах болжээ. Барууны бичвэрүүдэд түүнийг Ореганы их сургуульд суралцсан гэсэн байдаг. Гэвч цадиг намтрыг нь сайтар судлаж үзвэл Ореганы их сургуульд Марсилий суралцаж байсан гэх баримт олддоггүй.
Падуа нутгийн Марсилийн амьдралын эхэн үе Парижийн Их Сургуульд “чөлөөт урлаг”-ийн багшаар ажиллаж, дараагаар нь тус сургуулийн захиралаар томилогдсон буюу 1311 он хүртэл үргэлжилсэн гэж үзэж болохоор байна. Их сургуулийн захиралаар томилогдсон Марсилий өөртөө олон тооны дайсан бий болгосон байх талтай. Тэдний дунд үзэл бодлын болон үйл хэргийн дайснууд мундахгүй их байсан нь мэдээж. Юуны түрүүнд, бурхан судлалын факультетийн багш нар Марсилийг буруутган тэрслэх болсон юм. Анагаах ухааны өргөн мэдлэгтэй, санваартан Марсилий тухайн үедээ Европын нэр хүндтэй олон их сургуульд багшилж болохоор байсан. Гэвч тэрээр 10 жилийн туршид Парижийн их сургуулийн уран жүжиглэлтийн салбарт багшилсан байдаг. Анд нөхөр, хамтран зүтгэгч Жан Жандены нөлөө Марсилийн улс төрийн үзэл санаа бүрэлдэн бий болоход томоохон үүрэг гүйцэтгэжээ. Олон жилийн туршид энэ эрхэмтэй сайн харилцаатай байсан нь судлаачдыг “Энхийг эрхэмлэгч” бүтээлийг Жан Жандентай хамтарч бичсэн гэх таамаглалд хүртэл хүргэж байв. Гэхдээ XIX, XX зууны Герман, Америкийн түүхчид энэ таамаглалыг бүрэн үгүйсгэсэн юм. Хэдийгээр Марсилий бүтээлээ туурвихад Жан Жанден нөлөөлсөн байж болох ч энэ нь уг зохиолыг хамтран туурвихад хүргэсэн гэсэн үг хараахан биш юм хэмээн дээрх судлаачид бичжээ. Жан Жанден франц хэлнээ Марсилийн “Энхийг эрхэмлэгч” бүтээлийг анх удаа утгачилсан байдаг. Магадгүй, энэ нь дээрх таамаглал гарахад хүргэсэн байх талтай гэдгийг онцолжээ.
Ромын хутагтын эрх мэдлийг хязгаарлаж, иргэний засаглалыг хүчирхэгжүүлэх санаа гаргасан учир Марсилий Парижийн их сургуулийн захиралын албанаас бууж, тэрс номтонд тооцогдох болжээ. Энэ үед түүний хувьд хамгийн аюулгүй орчин нь Баварын IV Людовигийг түших явдал байв. Падуа газрын Марсилий Баварын IV Людовигт үнэнчээр хүчин зүтгэж, Ромын хутагтын эсрэг чиглэсэн аян дайнд нь хүртэл оролцсон байна. Хариуд нь, хэдийгээр шар шувталсан хүн байсан боловч үнэнч зүтгэлийг нь үнэлж IV Людовиг түүнийг Миланы ширээт ламаар өргөмжилсөн түүхтэй. Хүчирхэг эзэн хааны засаг Европ дахинаа олон жилийн туршид үргэлжилсэн самуун дайснагналыг зогсоож, энх тайван бий болгож чадна гэдэгт бат итгэсэн учир Марсилий Баварын Людовигийн эрх мэдлийг тууштай дэмжих болсон юм.
Ромын хутагтад адлагдсан Уильям Оккам тэргүүтэй тэрс номтнуудтай сайн харилцаатай байсны үрээр Италийн сэтгэгч Ландольфо Колоннагийн бүтээлд тайлбар чимсэн "De translatione imperii Romani" зохиолоо бичсэн бол католиг сүм хийдийн зүгээс хууль бус гэж зарлагдсан IV Людовигийн хүүгийн хуримыг зөвтгөсөн "De jurisdictione Imperia leincausa matrimonial!" шашдираа эзэн хааны зарлигаар туурвисан байна.
Ташрамд дурдахад дээр нэр цохсон Марсилийн “Цөөнхийг хамгаалагч” бүтээл нь “Энхийг эрхэмлэгч” зохиолын тайлбар хэлбэрээр бичигдсэн байдаг.
1327 онд католиг сүм хийдийн зүгээс Падуа нутгийн Марсилийг Жан Жандены хамт үхэх ялт тэрс номтон болохыг нийтэд зарлажээ. Баварын эзэн хаанаас Марсилийг сүм хийдийн мэдэлд эргүүлэн өгөхийг шаардахад Людовиг татгалзсан бөгөөд насны эцэс хүртлээ их эрдэмтнийг ивгээлдээ багтааж байв. Сонирхолтой нь, Ромын хутагт XXII Иоанны эрх мэдэл, бусармаг үйл ажиллагааг илчилсэн эзэн хааны мэдэгдлийг Марсилий бэлтгэж өгсөн байдаг.
Марсилий 1342-1343 оны хооронд бие барсан байна. Яг хэдий үед үхэв гэдэг нь түүхчдийн хувьд оньсого хэвээр үлдсэн. Хутагт VI Климентийн 1343 оны дөрөвдүгээр сарын 10 ны мэдэгдэлд саяхан амирласан гэж түүний тухай бичжээ. Гэтэл IV Людовиг 1343 оны есдүгээр сарын 18 нд хутагтад илгээсэн захидалдаа түүний нэрийг дурдаад өөрийн талынханыг тэрс номтнуудын жагсаалтаас хасахыг шаардсан байх юм. Энэ бүхнээс үндэслэн зарим судлаачид Марсилий 1343 оны есдүгээр сарын дунд үе хүртэл амьд байсан гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Юутай ч их эрдэмтэн, хутагтын эрх мэдлийн эсрэг аймшиггүй тэмцэгч, эзэн хааны шадар туслах Марсилий хэдий үед ажирсан нь бидний хувьд оньсого хэвээр үлдлээ.
Улс төрийн үзэл санаа
Падуа нутгийн Марсилийг Баруун Европын олон орноо алдаршуулсан “Энхийг эрхэмлэгч” бүтээл 1324 оны зун олны хүртээл болсон юм. Энэ талаар Баруун Европ болон АНУ-ын номын сангуудад хадгалагдаж байгаа их сэтгэгчийн дээрх зохиолын эх бичвэрт тодорхой дурдсан байна.
Эртний латин хэлнээ "pacis" хэмээх ойлголт нь хэд хэдэн утга санааг илэрхийлдэг. Үүнд: 1) Энх тайван; 2) Энхийн гэрээ; 3) Амар амгалан байдал; 4) Дэмжлэг, сайн сайхан байдал, соёрхол зэрэг болно. Энэ бүхнээс үзэхэд зохиолын нэрэн дэх "pacis" хэмээх үгийг  "энх тайван",  "амар тайван байдал" гэх утгаар утгачилан буулгах хэрэгтэй мэт. Зохиогчийн хувьд хүний оршихуйн дээд үнэт зүйл болсон нийгмийн нийцэл улс гэрийн доторх амар амгалан байдлын үндэс болдог гэсэн санааг зохиолдоо хөгжүүлсэн байна. Энэ бүхнээс дүгнэн орчуулагч Падуа газрын Марсилийн «Defensor pacis» бүтээлийг “Энхийг эрхэмлэгч” хэмээн монголчилсон болно. Улсын дотоодод амар амгалан байдал хэрхэн бий болдог, түүнд юу нөлөөлдөг хийгээд ямар учраас дайсагнал, тэмцэл гардаг тухай өгүүлсэн учир “Энхийг эрхэмлэгч” гэж монголчлох нь нийцтэй мэт санагдана.
Католиг сүм хийдийн дээд удирдлагуудыг хурцаар шүүмжилсэн “Энхийг эрхэмлэгч” бүтээлд сүм хийдийн шунахай хүсэл эрмэлзэл Европын улс орнууд, тэр дундаа Итали дахь нийгмийн ядуурал, гуйранч байдлын чухам шалтгаан мөн гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Марсилийн үзсэнээр, нийгмийн энэ мэт үзэгдэл, үйл явцыг мэргэдийн оройн чимэг Аристотель хүртэл бүтээл туурвилдаа дурдаагүй байдаг аж. Хутагтийн эрх мэдэл бүхнээс дээгүүр байх ёстой гэх католиг шашны албан ёсны байр суурь “хүн төрөлхтний хувьд хамгийн хөнөөлтэй зүйл мөн” гэдгийг Марсилий онцолсон.
Марсилий өөрийгөө Аристотелийн бүтээлд тайлбар хийгч гэж зарласан ч үнэн чанартаа түүний үзэл санааг улс төрийн сургаалаа биежүүлэхэд ашиглажээ. Тэрээр Аристотелийн «Улс төр» зохиолын тавдугаар дэвтэрийг ашигласан байдаг бол бусад тайлбар хийгчид долоо, наймдугаар дэвтэрийг үндсэндээ гол болгодог.
Хүний оюун ухаан, итгэл бишрэл нь харилцан холбоотой, бие биеэнсээ харилцан дэмжиж байдаг зүйлс болно. Гэхдээ итгэл бишрэл, оюун ухааны хатуу хамаарлыг шаардах өмнөх үеийн сэтгэгч Фомагаас ялгаатай нь, Марсилий оюун ухаан хангалттай хүчтэй бөгөөд оюун ухааны тусламжтайгаар бий болгосон зүйлийг мухар итгэл, бишрэлээр үгүйсгэх юм уу батлах боломжгүй гэдгийг онцолсон. Марсилий хүний энхийг эрхэмлэсэн мөн чанар дээр тулгуурлан өөрийн үзэл санааг хөгжүүлсэн байдаг. Чухамдаа бол хүн – улс төрийн амьтан мөн гэх Аристотелийн санааг гажуу утгаар авч үзсэн байна.
Оюун ухааны тусламжтайгаар шашны итгэл үнэмшлийг танин мэдэх аргагүй билээ. Үүний зэрэгцээ итгэл бишрэлийн ачаар үхэшгүй мөнх амьдрах тухай сургаалыг нотлох боломжгүй. Хүний амьдрал, үйл хэрэгт ертөнцийн эзэн гэхээсээ илүү нөхцөл байдал хүчтэй нөлөөлдөг. Хүн бүр өөрийн гэсэн эрх ашигтай, боломж, бололцоондоо тулгуурлан үүнийгээ хэрэгжүүлэхийг оролддог. Тиймээс хүн бүр эрх тэгш гэж Марсилий үзжээ.
Сүм хийд хойд насны, харин иргэний засаг энэ насны хэрэг явдлыг хамаардаг. Тиймээс сүм хийдээс илүү иргэний засаг хүний амьдралд тэргүүлэх байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл, энэ дэлхийд иргэний засаг голлох үүрэг, ноёрхох байр суурьтай гэдгийг Марсилий хүлээн зөвшөөрчээ.
Хүн болгон сайн, муу шинж хослуулсан байдаг. Тиймээс хүн төрөлхтний нэг хэсэг болсон санваартан нарт ч хүнд байх бүх шинж байна. Хүн нүглээс ангижирч чаддаггүй бол санваартан нар ч ялгаагүй нүгэлт амьтад болно. Үнэн чанартаа санваартнууд дэлхий ертөнц, ертөнцийн эзний холбоос бус, бусармаг хүсэлдээ хөтлөгдсөн католиг сүм хийдийн халхавч төдий юм. Эзэн хааны нэгэн адил санваартан, Ромын хутагт нарыг ард түмэн сонгож томилдог байх ёстой. Санваартан бол ердөө бэлгэдэл болно.
Ард түмэн эрх мэдлийн эх сурвалж тул эзэн хаан, санваартан тэр бүү хэл Ромын хутагтыг хүртэл сонгож томилдог байх ёстой. Хэтэрхий эрх мэдэл хэтэрхий хөнөөл бий болгодог тул төрийн засаглалыг хуваарилах хэрэгтэй гэж үзсэн. Марсилийн үзсэнээр, төрийн засаглалыг хууль тогтоох болон гүйцэтгэх гэсэн эрх мэдлийн хоёр төрөлд ангилах ёстой. Үүний хамт хууль тогтоох эрх мэдэл ард түмэн юм уу түүний сонгож томилсон хүмүүсийн гарт байх учиртайг Марсилий онцолсон.
Ромын хутагтын зүгээс “Энхийг эрхэмлэгч” бүтээлийн суурь санааг үнэлж, цэгнэх тусгай комисс байгуулсан байдаг. 1327 оны аравдугаар сард уг комиссийн таван гишүүн Марсилийн үзэл санаа тэвчихийн аргагүй тэрслүү санаатай болохыг тогтоосон байна. Гэтэл Баварын эзэн хаан IV Людовигийн зарлигаар 1329 оны эцсээр Мюнхен хотноо сүм хийд, эзэн хааны эрх мэдлийн талаар томоохон хэлэлцүүлэг зохион байгуулж, Марсилийн үзэл санааны нөлөөгөөр ард түмнээсээ сонгогдсон эзэн хаанд Ромын хутагтын батламж шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан байх юм. Юутай ч хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний түүхэнд Падуа нутгийн Марсилийн үзэл санаа томоохон байр суурь эзэлдэгийг онцлох байна.  

МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Thursday, June 22, 2017

4-р бүлэг. АКВИНО ГАЗРЫН ФОМАГИЙН УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Аквино газрын Фома — Италийн католиг урсгалын гүн ухаантан, улс төрийн сэтгэгч, домниканы санваартан, баруун Европын олон их сургуульд багшилж байсан нэгэн.
Цадиг намтар. Фома 1225, буюу 1226 онд Неапол хотын зэргэлдээ орших Аквино цайзад Ландольфо гүнгийн гэрт мэндэлсэн. Эртний сурвалжит язгуурт тэрээр Фридрих Барбароссагийн ач хүү билээ. Өөрөөр хэлбэл, Фома норманд, ломбард цустай нэгэн байжээ. Хүүг нялхад нь Томазо (Грекээр — Фома гэх үг) нэрээр загалмайлсан байна. Фома багын л удаан хөдөлгөөнтэй, амар амгалан төрхтэй, нүсэр биетэй нэгэн байжээ. Тиймдээ ч түүнийг багачууд «хөшүүн бух» хэмээн хочилдог байв. Фомагийн багш Их Альбэрт нэгэнтээ «энэ хөшүүн бух бүх дэлхийгээр нэг мөөрөх болно» гэж айлдсан байдаг. Эхэндээ Фома католиг шашны сургуульд суралцаж, дараагаар нь, II Фридрихийн үүсгэн байгуулсан Неаполийн их сургуульд элсэн оржээ. Неаполд байхдаа гүн хэргэмээсээ татгалзаж, ядуу санваартны домникан бүлгэмд нэгдэж орсон байна. Гэтэл түүний гэр бүл энэ явдалд онцгой зэвүүрхэн хандаж, тодорхой хугацаанд Фомаг гэрийн хорионд байлгажээ.
Эрх чөлөөтэй болсны сүүлээр Фома домникан үзэлтэн Их Альбэртийн удирдлага дор эхлээд Париж хотноо, дараа нь Кёльн хотноо үргэлжлүүлэн суралцсан байна. Энэ үеийн домникан бүлгэмийн гол зорилго нь «силлогизмуудын тусламжтайгаар» тэрслүү нартай тэмцэхэд оршиж байв. 1252 онд домникан бүлгэмийн тэргүүн Фомаг Париж хот дахь удирдагчаараа сонгожээ. 1252-1254 онуудад тэрээр «библикус» бакалавр, 1254-1256 онуудад «сентэнциариус» бакалавр болжээ. Улмаар 1256-1259 онуудад бурхан судлалын магистрын зэрэг хүртсэн Фома Парижийн Их Сургуульд тэнхим удирдсан байна. Дараагаар нь, бүлгэмийн уламжлалын дагуу Кёльн, Рим, Неапол, Болоны их сургуулиудад багшилсан байдаг. Аквина газрын Фома X Григори хутагтын зарааллаар аялан явах зуур зам гудас 1274 оны гуравдугаар сарын 7 нд Лион хотын ойролцоо жанч халжээ. 1323 оны долдугаар сарын 18 нд гэгээнтнээр тодруулж, 1368 онд шарирыг нь Тулуз хотноо хүндэтгэн залсан түүхтэй.
Аквино газрын Фомагийн мэдлэг ухааны царааг хүндэтгэн «мэргэдийн оройн чимэг, билгүүн номч», сургаал сурталд үнэнчийг хүндэтгэн «хутагт дээд номч» гэх алдрыг хайрлажээ. 1567 онд түүнийг «сүм хийдийн тав дахь их багш» хэмээн хүлээн зөвшөөрсөн бол 1879 онд хутагт XII Льев Фомагийн сургаалыг «католиг шашны цорын ганц үнэн философи» хэмээн зарласан түүхтэй.
Гол бүтээл: «Бурхан судлалын нийлбэр» (1265-1274 он), «Хааны засаглалын тухай» («Эзний эрх мэдлийн тухай») (1266 он).
Улс төрийн сургаалын агуулга
Төрийн тухай сургаал. Төр бол эсэр эзний цүглэж, удирдах ерөнхий дэг журмын нэг хэсэг мөн. Байгалийн хууль, оюун санааны засаглалын илрэл болох улс төрийн нийгэмлэгт хүмүүс нэгдсэний үр дүнд төр оршин байна. Хүн авьяас чадвараа хөгжүүлэх, сайн сайхан амьдрах нөхцөлөө бий болгохын тулд бусадтай харилцаж, нэгдэхэд эрмэлзэх улс төрийн амьтан бөгөөд энэ шинжээрээ эсэр эзний бүтээсэн бусад төрлийн амьтдаас зарчмын ялгаатай. Хүний аюулгүй орчинд  байж, оюун санааны болон материаллаг хэрэгцээгээ бүрэн хангах шаардлагыг гэр бүл тэр болгон хангаж чаддаггүй. Хүний эл хэрэгцээг хангахын тулд олон янзын мэдлэг, чадвар бүхий хүмүүсийг нэгтгэсэн илүү дээд түвшний орчин, буюу нийгэм оршин байх зайлшгүй шаардлагатай. Төр улсыг байгуулах нь хамтаар амьдрахад эрмэлзсэн хүний жам ёсны хүсэл сонирхол, инстиктийн үр дүн билээ. Гэхдээ ертөнцийн эзэн уг хүсэл сонирхлыг оюун ухаанаар дамжуулан хүнд өгсөн юм.
Аливаа төр улсын зорилго нь— оюун санааны болон материаллаг үүднээс авч үзвэл, нийтийн сайн сайхан байдал болно. Улс төрийн нийгэмлэг дараах гурван бүрдлийг багтаасан эрх мэдлийг төлөөлдөг байна. Эдгээрт:
засаглалын мөн чанар, өөрөөр хэлбэл, захирах, захирагдах харилцааны ёсон байна. Үүнийг ертөнцийн эзэн бий болгосон учир нийцтэй бөгөөд зохистой билээ;
эрх мэдлийн үүсэл гэж байх бөгөөд үүнийг шударга болон шударга бус аргаар олж авч болдог («Ертөнцийн эзнээс үл хамаарах эрх мэдэл шударга бус, муу шинжтэй»);
эрх мэдлийн ашиглалт гэж байна. Зохистой болон зохисгүй гэсэн хоёр хэлбэртэй.
Ийнхүү засаглал, буюу эрх мэдэл ертөнцийн эзнээс хамааралтай байдаг. Гэхдээ дараах тохиолдолд, ертөнцийн эзнээс эрх мэдэл хамаарахгүй байж болно. Үүнд:
засаг төрийн эрхийг ёс бусаар олж авах: Энэ тохиолдолд, эрх мэдлийг атгагч нь ертөнцийн эзнээс бошголсон хаан биш бөгөөд ард түмэн ийм хаанд захирагдах албагүй билээ;
эрх мэдлээ хортойгоор ашиглах нь хоёр төрөлтэй: 1) ертөнцийн эзэн дээд захирагч мөн тул түүний хүсэл соригийг сөрөх нь эрх мэдлийг хортойгоор ашиглаж буй явдал даруй мөн; 2) эзэн хааны эрх мэдэлд хамаарлгүй бүхнийг хамаарах нь эрх мэдлийн хортойгоор ашиглаж буй явдал мөн.
Эрх мэдлийн хортойгоор ашигласнаар дарангуйлал үүсэх бөгөөд ард түмэн ийм эзэн хааны эсрэг тэрслэн босох хэрэгтэй: «Нийт олны эрх ашгийн төлөө эрслэн боссон самуун нүгэлд тооцогдох ёсгүй».
Иргэний болон шашны эрх мэдлийн харилцаа. Иргэний эрх мэдэл «албат иргэдийн биеийн үйлийг» удирддаг бол оюун санааны эрх мэдэл хүмүүсийн сэтгэл зүрхийн мэднэ. «Оюун санааны болон иргэний засаг ертөнцийн эзнээс эхтэй бөгөөд ертөнцийн эзэнд захирагдах учир иргэний засаг нь оюун санааны засагтай захирагдаж байвал зохистой; хүмүүний сэтгэл санааны үйлийг иргэний бус, оюун санааны засаг хамаарч байвал сая болно. Харин биеийн үйлийг оюун санааны гэхээсээ илүүтэйгээр иргэний засаг мэдэх учиртай». Оюун санааны эрх мэдэл иргэний эрх мэдлийн үйл ажиллагаанд оролцох боломжтой: «Иргэний эрх мэдэл үйлдэл сэтгэл оюундаа захирагдахын нэгэн адил оюун санааны эрх мэдэлд захирагдана. Иймд иргэний засагтаа оюун санааны эрх мэдэл захирагдах нь зохисгүй болно». Төр тэрс номтонтой тэмцэхэд сүм хийдэд туслах ёстой: «Шашин шүтлэгээ огоорох нь үдлээд буцах хорвоод өөрийн хэрэгцээг хангах хөрөнгө нөөцлөхөөс ч илүү хүнд нүгэл билээ. Ингэхлээр, иргэний засаг шашинд тэрслэгч алуун номтонгуудад үхэл ял оноож, тэднийг шударгаар шүүх учиртай».
Засаглалын хэлбэрүүд. Нийтийн эрх ашгийг хэрхэн чухалчилж байгаагаас хамааруулан төр улсыг зохист (эзэн хаант, язгууртны, полити) болон зохист бус (дарангуйлсан, олигархи, ардчилсан) гэх хоёр төрөлд хуваадаг. Зохист төр улс хууль эрх зүй, хэв суртал дээр суурилсан улс төрийн эрх мэдэл бол зохист бус – нь хууль, эрх зүйгээр зохицуулагддаггүй, хувь хүний дур зоргод үндэслэгдсэн дарангуй засаг болно.  
Дараах шинж бүхий учир эзэн хаант засаг бүхнээс нийцтэй болно. Эдгээрт:
— эзэн хааны эрх мэдэл ертөнцийн эзний сүр хүчийг санагдуулдаг;
— Исус сүм хийдэд зөвхөн эзэн хааны зохион байгуулалтыг хүссэн;
— биеийн олон хэсэг дотроос биеийг хөдөлгөх зүрх сэтгэл гэх ганц зүйлийг чухалчилдаг;
— сэтгэл зүрхээс оюун ухааныг тэргүүлэх зэрэгт авч үздэг;
— ганц эзэн хаан олны төлөө зүтгэдэг;
— ганц захирагчаар удирдуулдаггүй муж, хот- улс байнгын дайсагналд оршдогийг амьдралын туршлага харуулсан; «харин эсрэгээр, ганц захирагчид удирдуулах муж, хот-улсад амар амгалан ноёрхож, шударга ёс, хөгжил цэцэглэлт бий болдог» байна.
Эзэн хаант засаг – хэмжээгүй эрхт болон улс төрийн гэх хоёр төрөлтэй. Хамгийн зохистой хэлбэр нь нийгмийн практикт язгууртны-төлөөллийн хэлбэрээр хэрэгжих улс төрийн хаант засаг бөгөөд хэмжээгүй эрхт засгаа бодвол дараах хоёр давуу талтай болно. Үүнд:
— эзэн хааны эрх мэдэл иргэний болон шашны феодалуудаас бүрдсэн язгууртны-төлөөллийн байгууллагаар хязгаарлагддаг байна;
—үүнээс гадна, улс төрийн хаант засагт эзэн хааны эрх мэдэл төлөөллийн байгууллагаас гаргасан хуулиар хязгаарлагддаг байна.
Эрх зүйн сургаал. Хуулийн тодорхойлолт:
— «хууль гэдэг нь хэн хүнийг ямар нэгэн үйл цогцлоох эсвээс түүнийг хийхгүй байхад нөлөөлөх үйлдлийн тодорхой арга хэрэгсэл, дүрэм журам мөн»;
— «хууль нийтийн ашиг тусыг чухалчилна»;
— «хуулийн мөн чанар нь хүний амьдралыг ариусан гэгээрэхэд хөтлөх явдал болно»;
— «хууль нь нийт нийгмийн төлөө ажиллах хэн хүнээс тунхагласан нийтийн сайн сайханд зориулагдсан тогтоосон тодорхой оюун ухаан мөн».
Хуулийн ангилал:
1. Мөнхийн хууль — нь ертөнцийн эзний жам ёсны хууль мөн; ертөнцийн эзнээс тогтоосон дэлхий дахины юмсын дэг журам, зөвхөн ертөнцийн эзэн, ариун гэгээнтнүүд л тодорхой байх бошго, иш үзүүлбэр мөн. Мөнхийн хууль гэдэг нь бүх үйлдэл, юмсын хөдөлгөөнийг чиглүүлж гараг ертөнцийг удирдах ертөнцийн эзний оюун санаа өөрөө билээ.
2. Байгалийн хууль — гэдэг нь хүний оюун ухаан дахь мөнхийн хуулийн тусгал юм. Байгалийн хуулийн үндсэн зарчим нь: «сайныг бүтээж, муугаас дайжихуй» болно. Байгалийн хуулийн дэг журам гэдэг нь хүний төрөлх чадварт суурилсан дэг журам мөн: үүнд өөрөө өөрийг хамгаалах, эр, эм бололцох, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ертөнцийн эзнийг танин мэдэх, нийгмээр амьдрах тэргүүтэн орно. Оюунлаг амьтан болохын хувьд хүний төрөлх чадвар зөвхөн оюун ухаанд захирагдана. Эндээс үзэхэд байгалийн хуульд сайн гэлтгүй хүний бүхий л үйлдэл хамаарагддаг байна.
3. Хүний (эерэг) хууль нь хүмүүс амар амгалан байх, өөртөө болон өрөөл бусдад сайн сайхан чанарыг хөгжүүлэхэд хэрэгтэй хууль юм. Хүмүүс мууд тачаадах, мөнхийн болон байгалийн хуулиас дайжих төрөлх чанартай тул тэднийг хүч, айдас  дээр тулгуурлан муугаас дайжуулж, сайныг эрэлхийлдэг болгох шаардлагатай. Ийм албадлага нь хүний хуулийн гол зорилт юм.
Хүний хууль — гэдэг нь байгалийн хуулиас үүдэлтэй эрх зүй болно: байгалийн хуульд нийцээгүй бүхэн хууль биш юм. Өрөвч нинжин байх нь хүний хуулийг шударга болгодог зүйл билээ. Хүний хуулийн зорилго нь нийтийн сайн сайхан байдлыг хангахад орших бөгөөд эл учирт нийтийн сайн сайхан байдалд хүргэх хүний сайн үйлийг хөгжөөх учиртай. Хүмүүсийн олонх нь төгөлдөр бус учир хүний хууль бүгдийг муу үйлээс хамгаалж чаддаггүй: зөвхөн мунхаг хүмүүний хөтлөгдөж болох хамгийн муу гэсэн үйлийг л хориглодог.
Шударга бус хүний хууль хоёр төрөлтэй:1) хүний сайн сайхан байдалтай зөрчилдөх учир олон ард дагах албагүй хууль байна; 2) ертөнцийн эзний хүсэл зоригтой зөрчилдөх учир биелүүлэхгүй байваас сая болох хууль гэж байна. Хүнээс илүү ертөнцийн эзэн эрхэм, дээд билээ:
4. Хүмүүст ертөнцийн эзнээс өгсөн иш үзүүлбэр (хуучин, шинэ гэрээ)-т агуулагдах ертөнцийн эзний (нээлттэй) хууль байна. Ертөнцийн эзний хууль дараах шаардлагын улмаас хэрэгтэй. Эдгээрт:
— хүний оршин ахуйн туйлын зорилго юунд оршдог болохыг танин мэдэхэд тусладаг;
— зохистой, шударгын тухай, хүний хуулийн алдаа, онооны тухай маргаан дэгдсэн үед баримталбал зохих дээд, болзолт бус хэмжүүр болдог;
—зөвхөн гадаад үйлийг журамлах хүний хуулиар зохицуулагдаагүй сэтгэл зүрх, оюун бодлыг зөв зүгт чиглүүлэхийн тулд;
— аливаа нүгэл, хилэнцээс ангид байлгахад: хүний хуулиар хориглоогүй нүглийг ертөнцийн эзний хуулиар хориглоно.
Эрх зүй — гэдэг нь хүний харилцааны бурханлаг журам дахь шударга үйл мөн. Шударга ёс — гэдэг нь хүн бусад хүмүүстэй харилцахдаа даган мөрдөх хүний үйлд хамаарах ёс зүйн сайн үйлийн төрөл юм. Эрх зүй — нь хүний бусадтай харилцах харилцаанд хэрэглэгдэх тэгштгэсэн үйлдэл болно. Тэгштгэх арга нь 1) юмсын мөн чанараар: 2) хүний хүсэл зоригоор гэсэн хоёр төрөлтэй. Эндээс эрх зүйг байгалийн болон позитив хэмээн ангилж болох юм. Хүний хүсэл зоригоор тогтоосон хууль байгалийн хуультай зөрчилдөөгүй тохиолдолд эрх зүй болдог (Р. А. Бурханов; В. Н. Руденкин;, 2009).

ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ

Р. А. Бурханов; В. Н. Руденкин;. (2009). История политических учений от Античности до Нового Времени: Краткий конспект лекций (2-е изд. ed.). Нижневартовск: Изд-во Нижневарт. гуманит. ун-та. Retrieved August 30, 2016, from http://nvsu.ru/ru/Intellekt/1131/Burhanov%20R.A.,%20Rudenkin%20V.N.%20Istoriya%20politicheskih%20ucheniy%20-%20Uchebnoe%20posobie%20-%202009.pdf


БЭЛТГЭСЭН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР