Monday, February 5, 2018

СУН ЯТСЭН БА ХЯТАД ОРОН


XIX зууны сүүл, XX зууны эхээр Хятад улс Европын хүчирхэг гүрнүүдийн түмэн шахалтад хавчигдахын зэрэгцээ хагас колонийн хоцрогдсон улс болж хувирав. Энэ үеийн нийгэм-улс төрийн үзэл санааг олон хүмүүс сурталчилж байсны дотор Сун Ятсэн онцгой байр суурь эзэлдэг.
Сун Ятсэн болбоос 1866-1925 онуудад амьдарч байсан бөгөөд Гаундун мужид төрж, төрөлх тосгондоо боловсрол эзэмшсэн нэгэн байжээ. Дараагаар нь Гонолулу арал дээр байрлах английн шашны сургууль дүүргэж, сүүлээр Хонконг дахь хатан хааны коллежийг онц дүнтэй төгссөн байна. Мэс засалч болсон тэрээр Макао арал дээр дадлагын ажил хийсэн байдаг. Улс төрийн замд эргэлт буцалтгүйгээр орж, өмнөд Хятадад хэдэн ч удаа бослого гаргахыг оролдсон бөгөөд улс төрийн нууц бүлгэм үүсгэн байгуулахыг хичээх болжээ. Энэ учирт Хятадаас дүрвэн гарсан байна.
1911 оны гахай жилийн хувьсгалыг эхлүүлсэн нь амжилт олж, Сун Ятсэн Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын ерөнхийлөгчөөр сонгогджээ. Гоминьдан буюу Хятадын Үндэсний Нам үүсгэн байгуулагдаж, хуучны үгширмэл Бээжингийн засгийг сөрсөн өмнөд Хятад дахь ардчилсан засгийг тэргүүлсэн байна. Хятадын Эв Хамт Намтай хамтран ажиллах болсноор иргэний дайнд бүрэн ялалт байгуулсан юм.
Төр улсын үүсэл, төрийн шинж, хэлбэр, эрх зүйн тухай ойлголт, эрх зүйн төрөл. Сун авгайн улс төрийн үзэл баримтлал дараах үндсэн гурван зарчмаар илэрдэг. Үүнд:
·         Харь үндэстний улс төрийн ноёрхлыг түлхэн унагаж, Хятадын ард түмний тэмцлийг колончлолын эсрэг шинэ үйлд уриалах, бүх үндэстний эрх тэгш харилцааг номлосон үндэстний зарчим:
·         Бурангуй засгийг унагаж, Дундад Иргэн Улсад дэвшилтэт ардчилсан засаг тогтооход чиглэсэн ардын засгийн зарчим: Ардын засгийг тогтоохын тулд Хятадын ард түмэн
1.       Бүх хүн төрөхөөс эрх тэгш байхын зэрэгцээ ганц хүний засаг нийгмийн хөгжилд чөдөр тушаа болох тул эзэн хааны засгийг түлхэн унагаж, самуурал, тэмцлийг намжаах арга хэрэгсэл болсон бүгд найрамдах засгийг тогтоох хэрэгтэй:
2.       Эрх тэгш, эрх чөлөөтэй оршин амьдрах нөхцөл болохын хувьд засаг төрийг удирдах хэрэгт олон түмний оролцоог хангасан ардчилсан зарчмыг бататгах хэрэгтэй:
3.       Үнэн чанартаа ард түмнийг ямар ч эрхгүй, төрийн хэргээс хөндийрүүлэх өрнөдийн ардчилал хамгийн тусгүй болно:
4.       Төрийн засаглал хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх, хяналтын болон шалгалтын гэх таван эрх мэдэлд хуваарилагдахын зэрэгцээ улсын хэмжээнд эрх мэдлийн салаа бүрийг юань гэж нэрлэгдэх дээд байгууллагад хадгалах, орон нутгийн төвшинд нутгийн удирдлага хэмээх байгууллагад захируулах, хууль тогтоох эрх мэдэл буюу улсын хуралд хошуу бүрээс нэжгээд төлөөлө суулгах хятадын онцлогтой ардчиллын загварыг бий болгох хэрэгтэй:
5.       Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх юань нь өрнөд лугаа адил боловч шалгалтын болон хяналтын эрх мэдэл эхний гурван юаний үйл ажиллагаанд хяналт тавьдаг механизм бүрдүүлэх ёстой:
6.       Ард түмэн сонгох, хуралдуулах, санаачлах, бүх нийтийн санал асуулга гэсэн дөрвөн эрхээр дамжуулан засаг төрийн хэргийг шууд удирдах хэрэгтэй болно гэжээ.
Аливаа улс үндсэн хуульт ёсыг тогтоох явцдаа цэргийн дарангуйллын үе, улс төрийн өмгөөллийн үе, үндсэн хуульт засаглалын үе гэх гурван үеийг туулдаг байна.
·         Капиталист нийгмийн бурангуй бүхнийг устгаж, шинэ, тэгш хэмт нийгэм журмыг цогцлоох замаар ардын жаргаланг бий болгох зарчим гэж байна.
Бурангуй нийгмийг булшлах хоёр арга буйг Сун авгай гярхай ажигласан байна. Үүнд:  бүх газар болон эд хөрөнгийг нийгэмлчлэх, ядуу ардад дахин хуваарилах нь зүйтэй гэж үзсэн байдаг.
Сун Ятсэний үзэл санааг товчлон хураангуйлахад ийм бөлгээ.
ТОЛМОЧЛОСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
Цахим шуудангийн хаяг: Otgonbayar.n@etugen.edu.mn