Saturday, March 18, 2017

УЭСТЕЛ ВҮДБЭРИ ВИЛЛОБАЙ “АМЕРИКИЙН УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХОЛБОО”

УЭСТЕЛ ВҮДБЭРИ ВИЛЛОБАЙ
Америкийн нэртэй улс төр судлаач Уэстел Вүдбэри Виллобай (Westel Woodbure Willoughby) 1867 оны долдугаар сарын 20 нд Уэстел Виллобай, Жэнни  Рэбекка Виллобай нарын гэрт мэндэлсэн. 1888 онд Жон Хопкинс Их Сургуульд бакалаврын зэрэг, 1891 онд докторын зэрэг хамгаалсан. Улмаар Их Сургуульдаа багшилж, 1932 он буюу 65 нас хүртлээ улс төрийн шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо (American Political Science Association)-г үүсгэн байгуулагчдын нэг, анхны нарийн бичгийн дарга бөгөөд 1912-1913 онуудад тус холбооны 10 дахь ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Энэ учирт өнөөгийн судлаачид Уэстел Виллобайг Америк дахь улс төрийн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг хэмээн зүй ёсоор үздэг.
Үүнээс гадна, үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн судлаач учир Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын засгийн газрын хүсэлтийн дагуу 1917 онд нэг жилийн хугацаагаар тус улсад төрийн зөвлөхийн алба үүрэглэжээ. 1921 оны Вашингтоны бага хурал, Женев дахь хар тамхины эсрэг хурал болон Үндэстнүүдийн Холбоонд Дундад Иргэн Улсын төлөөлөгчдөд ихээхэн дэмжлэг үзүүлсний учир Хятадын засгийн газраас Виллобайг гавьяаны одонгоор шагнаж байжээ. Эхнэр Грэйс Робинсон 1907 онд бие барсан тул төрийн захиргааны онолч, ах Уильям Фрэнклин Виллобай (William F. Willoughby)-н дэмжлэгтэйгээр Стоун нуурт Эндиан нэрт арал хүлхи худалдан авч, хоёр хүүхдийн хамт амьдрах болжээ. 1945 оны гуравдугаар сарын 25 нд Балтимор дахь гэртээ бие барсан.
Тэрээр “Америкийн Нэгдсэн Улсын дээд шүүх: Түүний түүх, үндсэн хуульт байгуулал дахь нөлөө” (The Supreme Court of the United States. Its History and Influence in our Constitutional, 1890 он),Төрийн мөн чанарыг тайлбарлахуй: Улс төрийн философийн судалгаа(An Examination of the Nature of the State: A Study in Political Philosophy, 1896 он), “Америкийн үндсэн хуулийн тогтолцоо: Америкийн төрийн талаарх судалгааны өмнөтгөл” (The American Constitutional System: An Introduction to the Study of the American State, 1904 он), Америкийн Нэгдсэн Улсын үндсэн хуулийн эрх зүйн зарчмууд” (Principles of the constitutional law of the United States, 1912 он) зэрэг зохиол бичсэн (Wikipedia, 2017).
Энэ удаад Уэстел Вүдбэри Виллобайн “Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо(Willoughby, March 1904, хуудсд. 107-111) нэрт өгүүллийг монголчилж байна (Тайлбар чимж, утгачилсан Удирдлагын Академийн докторант Нямаагийн Отгонбаяр).
“АМЕРИКИЙН УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХОЛБОО”
(THE AMERICAN POLITICAL SCIENCE ASSOCAITION: АМЕРИКАНСКАЯ АССОЦИАЦИЯ ПОЛИТИЧЕСКОЙ НАУКИ)
Улс төрийн шинжлэх ухаан, түүх, улс төрийн эдийн засгийн ухааны судалгааны хүрээг хатуу салгаж зааглах юм уу, эсвээс эдгээр мэдлэгийн төрлийг нэг нэгнээсээ огтын хамааралгүй бие даасан шинжлэх ухааны мэдлэг гэж үзэх нь тийм ч зөв шийдэл биш болов уу. Улс төр, түүхийн шинжлэх ухааны харьцааны талаар ноён Жон Сили (Sir John Seeley: Сэр Джон Сили) нэгэнтээ өнгөрсөнөө үгүйсгэх улс төр үндэсгүй мод адил, улс төрөө үгүйсгэх түүх үр жимсгүй мод адил хэмээн хэлжээ (Of the relation history and political science it has by the late Sir John Seeley that politics without history no root, and history without politics has no fruit: В старости сэр Джон Сили сказал по поводу отношений между историей и политической наукой, что у политики без истории нет корней, а у истории без политики нет плодов).  Улс төр, эдийн засгийн харилцааны хувьд  үүнээс ч илүү гүн гүнзгий хамааралтай. Эдийн засгийн харилцааны зарчим, түүхийг танин мэдэхгүйгээр улс төр судлаач хүн улс төрийн хөгжлийн үйл явцыг тайлбарлах юм уу, төрийн бодлогын арга хэрэгслийг тодорхойлох боломжгүй. Нөгөө талаас, төр засгийн үйл ажиллагааны арга, механизмийг судлахгүйгээр эдийн засагчид өнгөрсөн, одоо үеийн эдийн засгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, хүн ардын амьдралд нийцтэй шийдлийг олоход бэрхтэй.
Гэвч үүний зэрэгцээ улс төрийн шинжлэх ухааны судлах зүйл түүхийн юм уу, эдийн засгийн ухааны судлах зүйлээс зарчмын ялгаатай бөгөөд энэ хэрээрээ тусгай мэдлэгийн хүрээнд судалбаас зохилтой[1]. Улс төр судлаачид, түүхчид, эдийн засагчдын судалдаг үзэгдэл нь угтаа бол нэг зүйл бөгөөд судлаачид өөр өөрсдийн талаас асуудалд хариулт өгөхийг эрмэлздэг нь илэрхий. Тухайлбал, түүхч хүн судалгааны зорилгодоо хүрэхийн тулд хүн төрөлхтөний хөгжлийн үе шат, үйл явцыг ихэвчлэн авч үздэг: судалж буй үзэгдлийг нь тайлбарлахад зайлшгүй шаардлагатай тохиолдолд (108-р хуудас) эдийн засгийн юм уу, улс төрийн асуудалд анхаарлаа хандуулдаг байна. Эдийн засагчид мөн үүний нэгэн адил. Түүний гол сонирхол нь – үйлдвэрлэл, худалдаа арилжаа, баялагийн хуваарилалтын зарчмыг тогтооход оршино. Хүн амын үйлдвэрлэлийн ашиг сонирхлыг зохицуулахад шууд оролцох замаар эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын тулд эдийн засгийн орчинд төр засгийн оролцоо хадгалагдаж байгаа нөхцөлд эдийн засагч хүн улс төрийн асуудалд анхаарахаас өөр аргагүй. Гэвч эдийн засагч, түүхч хүмүүсийн аль нь ч шууд утгаараа улс төрийн үйл явцыг судалдаггүй. Улс төрийн асуудлыг судлахын тулд нийгмийн үзэгдэл, үйл явцын цэвэр улс төрийн талыг авч үзэх шаардлагатай бөгөөд энэ эрэлт, хэрэгцээг хангахад тусгай шинжлэх ухааны мэдлэг зайлшгүй хэрэгтэй болно.
Хэрэв илүү өргөн хүрээнд авч үзвэл, улс төрийн шинжлэх ухаан гэдэг нь дэг журамтай, дэвшилтэт амьдралыг бий болгож, хамгаалахын тулд дээд эрх мэдлийн удирдлага дор ухамсартайгаар зохион байгуулагдсан хүмүүсийн нийгэмлэг, өөрөөр хэлбэл улс төрийн нийгэмлэгийг судлах ухаан юм. Явцуу хүрээнд авч үзвэл, улс төрийн харилцаагаар нөхцөлдсөн тэр үзэгдэл, үйл явцыг судлах мэдлэгийн төрөл болно.
Улс төрийн шинжлэх ухааныг дотор нь гурван хэсэгт хуваан үзэж болох талтай. Үүнд: Нэгдүгээрт, хууль, эрх зүйн мөн чанар, иргэд хоорондын харилцаа, төрийн эрх мэдлийн суурь зарчим, чиг үүрэг, зорилго, шалтгаан гэх мэт улс төрийн сэтгэлгээний ойлголтыг нарийн тодорхойлох зорилго бүхий улс төрийн онол юм уу, философи (political theory or philosophy: политической теории или философии) гэж байна. Хоёрдугаарт, үндсэн хуулийн, олон улсын болон захиргааны эрх зүйг судлах нийтийн эрх зүй (public law: публичное право) гэж байна. Гуравдугаарт, засгийн газар, түүний хэлбэр, эрх мэдлийн хуваарилалт, гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх эрх мэдлийн болон төв, орон нутгийн гэх мэт байгууллагууд, захиргааны үйл ажиллагааны зарчим зэргийг судлах хэсэг байна. Цаашилбал, энэ бүх асуудал нь эцсийн эцэст, төрийн удирдлагын практик асуудал гарцаагүй мөн юм.
Улс төрийн шинжлэх ухааныг нарийвчлан тодорхойлох нь (109-р хуудас) зөвхөн хэрэгтэй төдий зүйл бишээ. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл улс төрийн асуудлын судалгааг бие даасан мэдлэгийн түвшинд гаргаж тавих нь онцгой ач холбогдолтой юм. Энэ үзэл санаа сүүлийн жилүүдэд бүх улс орон даяар тархаж, их, дээд сургуулиудад улс төрийн шинжлэх ухааны факультет, тэнхимүүдийг түүхийн юм уу, эдийн засгийн чиглэлээс зааглах үйл явц эрчимжсэн. Ингэснээр 1903 оны арванхоёрдугаар сарын 30 нд улс төрийн шинжтэй онцгой чиг үүрэг бүхий улс төрийн шинжлэх ухааны холбоо үүсэхэд хүргэжээ. Энэ өдөр Америкийн Түүхийн болон Америкийн Эдийн Засгийн Шинжлэх Ухааны Холбооны Шинэ Орлеани (Луизиани)-д жил тутам хуралдах ээлжит хурлын өдөр байсан бөгөөд эндээс «улс төр, нийтийн эрх зүй, захиргаа, дипломат үйл ажиллагааг  шинжлэх ухааны үндэстэйгээр судалж, хөгжүүлэх» (“the encouragement of the scientific study of politics, public law, administration and diplomacy”: «способствовать научному изучению политики, публичного права, управления и дипломатии») зорилго бүхий «Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо» (“The American Political Science Association”: «Американской Ассоциацией Политической Науки») гэх шинэ байгууллага үүсгэн байгуулагджээ.
Эдийн засаг, түүхийн мэдлэгийг хөгжүүлж буй Америкийн Эдийн Засгийн болон Америкийн Түүхийн Шинжлэх Ухааны Холбооны нэгэн адил улс төрийн шинжлэх ухааны хөгжлийг хангах ийм нэгэн холбоо байгуулах хэрэгтэй гэсэн санал, санаачлага хэдэн жилийн туршид яригдсан юм. Гэвч үүсгэн байгуулахад чиглэсэн шууд үйл ажиллагаа 1902 оны арванхоёрдугаар сарын 30 хүртэл гарч байсангүй. Харьцуулсан эрх зүйн нийгэмлэг байгуулах боломжийн талаар ярилцах зорилго бүхий уулзалтын явцад улс төрийн шинжлэх ухааны хөгжлийг хангах үндэсний хэмжээний холбоо байгуулах шаардлагатай гэсэн асуудал сөхөгдсөн юм. Уулзалтын явцад тусгаар холбоо байгуулах санааг хүчтэй дэмжиж байсан эрдэмтэд, холбоодтой зөвлөлдсний эцэст улс төрийн шинжлэх ухааны арван таван төлөөллийг багтаасан тусгай хороо[2] байгуулахаар тохиролцсон билээ. Уг хороо (110-р хуудас) тодорхой судалгаа явуулсны үр дүнд улс төрийн асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээр судлагч хэн бүхнийг эгнээндээ багтаахын зэрэгцээ улс төрийн судалгааг шинжлэх ухааны удирдлагаар хангаж, шинэ судалгаа явуулахад дэмжлэг үзүүлэх, мөн боломжийн хэрээр судалгааны үр дүнг нийтэлж, эмхэтгэх, товчоор хэлбэл, энэ улсад улс төрийг шинжлэх ухааны үндэстэйгээр судлахад туслалцаа үзүүлэх улсын хэмжээний холбоо шинээр байгуулахыг санал нэгтэй дэмжиж байна гэж үзжээ. Энэ хорооноос гаргасан мөнхүү баримт бичигт хэрэв холбоо байгуулагдвал үйл ажиллагааны хүрээнд өмнө нь байгуулагдсан Америкийн Түүхийн болон Америкийн Эдийн Засгийн Шинжлэх Ухааны Холбоодтой жил тутам нэг газар, нэг цагт чуулах зэргээр нягт хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг онцолсон байна. Уг хамтын ажиллагаа урьд байгуулагдсан хоёр холбоо болон шинэ тутам байгуулагдаж буй холбоонд нэгэн адил ашиг тусаа өгөх болно гэжээ.
Энэ бүхэн 1903 оны арванхоёрдугаар сарын 30 нд Тулэйн Их Сургуулийн Тилтон номын сан (the Tilton Memorial Library of Tulane University: Тильтонской Мемориальной Библиотеке Университете Тулейн)-д баталгаажсан баримт бичигт тусгагдсан байх бөгөөд ингэснээр Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо байгуулагдсан түүхтэй. Холбооны анхны ерөнхийлөгчөөр Колумбын Их Сургуулийн захиргааны эрх зүйн профессор Фрэнк Ж. Гуднау сонгогдсон. Харин дэд ерөнхийлөгчөөр Вудро Вильсон[3], Висконсин Их Сургуулийн профессор Пол. С. Рэйнш, хүндэт ерөнхийлөгчөөр Нью-Хавэны Симеон Е. Балдвин нар болсон. Жон Хопкинс Их Сургуулийн профессор Уэстел Вүдбэри Виллобай нарийн бичгийн дарга бөгөөд санхүү эрхэлсэн ажилтнаар сонгогдсон. Түүнчлэн холбооны гүйцэтгэх хорооны гишүүдэд Германид суух элчин сайд асан Эндрю Д. Уайт (Andrew D. White), Айова Коллежийн улс төрийн шинжлэх ухааны профессор Жэсси Мэйси (Jesse Macy), Чикаго Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Х. П. Жадсон (H. P. Judson), Пенсильваны Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Л. С. Ровэ (L. S. Rowe), Review of  Reviews сонины шүүдэглэгч Албэрт Шоу (Albert Shaw), Калифорнийн Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Бэрнард Мозэс (Bernard Moses), Мичиганы Их Сургуулийн захиргааны эрх зүйн профессор Ж. А. Фиерли (J. A. Fairlie), Миннэсотын Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор У. А. Шапэр (W. A. Schaper), Техасын Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор К. Х. Хубэрич (C. H. Huberich), Конгрессийн номын санч Хэрбэрт Патнэм[4] (Herbert Patnam) нар сонгогдсон юм.
Улс төрийн шинжлэх ухааны судалгааны чиглэлийг өргөтгөн хөгжүүлэхийн тулд холбоо дотроо тодорхой салбар, хэлтэсүүдэд хуваагдах ёстой бөгөөд энэ шаардлагатай уялдан олон улсын эрх зүй, дипломат үйл ажиллагаа (International law and diplomacy), харьцуулсан эрх зүй судлал (comparative legislation), түүхэн болон харьцуулсан хууль цаазын ухаан (historical and comparative jurisprudence), үндсэн хуулийн эрх зүй (constitutional law), захиргаа (administration), төрийн бодлого (politics), улс төрийн онол (political theory)-ын хэлтэсүүд байгуулагджээ. Дүрэмд зааснаар, холбоо өөрөө улс төрийн ямар нэгэн асуудлаар талуудын аль нэг ашиг сонирхолд нийцсэн байр суурь баримтлах хориотой. Энэ нь холбооны эрдэм шинжилгээний эмхэтгэл, хурлуудад өнөөгийн улс төрийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх өргөн боломжтойг илтгэхийн зэрэгцээ холбоо ямар нэгэн сонирхогч этгээдийн эрх ашгийг давхар илэрхийлэхгүй гэдгийг харуулж буй хэрэг юм.
Нарийн бичгийн даргад бүртгүүлсэн хүн бүр холбооны гишүүн болно: гишүүний жилийн татвар гурван доллар юм. Үүнээс гадна, тавин доллар төлөөд жил бүрийн татвараас чөлөөлөгдөж, насан туршийн гишүүнчлэлээ хадгалж үлдэх боломжтой. Холбоог байгуулагдахад идэвх санаачлагтай ажилласан, эрдэмтэн биш ч гэлээ улс төрийн асуудлыг сонирхогч хэн бүхэн тэрчлэн өмгөөлөгч, захиргааны ажилтнууд холбооны гишүүнээр элсэх бүрэн бололцоотой. Түүх, эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны холбоодын хамтын ажиллагаа нь харилцан ашигтай байхын зэрэгцээ салбар дундын судалгаа хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Өмнөх хоёр холбоо нь Америкт тус тусын мэдлэгийн салбарт шинжлэх ухааны судалгаа эрчимжихэд нөлөөлсний нэгэн адил улс төрийн шинжлэх ухааны холбоо нэгдүгээрт, улс төрийн мэдлэгийг нийгмийн шинжлэх ухааны онцгой салбар ухаан болж хөгжихөд, хоёрдугаарт, АНУ-д улс төрийн асуудлаар шинжлэх ухааны үндэстэй судалгаа явуулах, их, дээд сургуулиудад заан сургахад шинэ үеийг нээнэ гэдэгт бид бүхэн бүрэн итгэж байна.

Эх сурвалжийн жагсаалт

Wikipedia. (2017, March 18). Westel W. Willoughby. Retrieved from https://en.wikipedia.org/wiki/Westel_W._Willoughby
Willoughby, W. W. (March 1904). The American Political Science Association. Political Science Quarterly, Vol. XIX(No 1). Retrieved March 18, 2017, from http://www.jstor.org/stable/pdf/2140238.pdf


МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР




[1] 1886 онд Political Science Quarterly сэтгүүлийн хүрээнд энэ асуудлаар томоохон хэлэлцүүлэг өрнөж шийдвэрлэгдсэн билээ. Munroe Smith, “The Domain of Political Science”,|| Political Science Quarterly, Vol. I, p. 7.
[2] Хороо дараах бүрэлдэхүүнтэй байсан юм: Даргаар нь Корнелл Их Сургуулийн Ж. У. Женкс (J. W. Jenks), Коннектикут муж улсын Нью-Хавенаас Симеон Е. Балдвин (Simeon E. Baldwin), Вашингтоноос Е. Дана Дүранд (E. Dana Durand), Нью-Йорк хотоос Ж. Х. Финлэй (J. H. Finley), Шинэ Орлеанаас В. В. Ховэ (W. W. Howe), Чикаго Их Сургуулиас Х. П. Жадсон (H. P. Judson), Вашингтоноос М. А. Кнапп (M. A. Knapp), Колумбын Их Сургуулиас Ч. В. Нийдхэм (S. W. Needham), Висконсин Их Сургуулиас П. С. Рэйнш (P. S. Reinsch), Пенсильваны Их Сургуулиас Л. С. Ровэ (L. S. Rowe), Бостон хотоос Ф. Ж. Стимсон (F. J. Stimson),  Нью-Йорк хотоос Жосэйх Стронг (Josaih Strong),  Нью-Йорк, Албани Р. Х. Уайтэн (P. H. Whitten), Порто Рико Сан Хуанаас Макс Уэст (Max West), Жон Хопкинс Их Сургуулиас У. В. Виллобай (W. W. Willoughby) нар байв.
[3] Өөрийн хүсэлтээр нэрээ татсан.
[4] Өөрийн хүсэлтээр нэрээ татсан.

Friday, March 17, 2017

ЧАРЛЬЗ ЭДВАРД МЕРРИАМ

Чарльз Эдвард Мерриам (Charles Edward Merriam) нь Америк дахь орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны үндсийг тавигчдын нэг, улс төрийн судалгаан дахь бихевиорист хандлагыг хөгжүүлэгч, улс төрийн шинжлэх ухааны Чикаго дэг сургуулийн томоохон төлөөлөгч билээ (Цэнд-Аюуш, 2016, хууд. 32). Ялдарлан өгүүлэхэд Америкийн нэрт судлаач Габриэл Абрахам Алмонд “Америк дахь улс төрийн судалгааны хөгжилд Чикаго дэг сургууль томоохон нөлөө үзүүлсэн байх бөгөөд уг дэг сургуулийн үйл ажиллагаа Чарльз Мерриам гэх хүний нэртэй салшгүй холбоотой билээ(Almond, 2002, p. 70) хэмээн цохон тэмдэглэжээ.
Мерриам 1874 оны арваннэгдүгээр сарын 15 нд Америкийн Иова муж улсын Делавар нутгийн Хопкинтон хотноо шуудангийн ажилтан Чарльз Эдвард Мерриам (1845-1902 он), Маргарэт Кэмпбэлл Кирквоод Мерриам (1840-1910 он) нарын гэрт мэндэлжээ (Merriam C. E., 1953).
Түүний дээд өвөг Ричард Мерриамын хүү Жозэф Мерриам (1600-1641 он) 1638 онд Зүүн Өмнөд Английн Кэнт гүнлэгт орших Гоудхурст нэрт тосгоноос Америкийн Массачусэтсс муж улсад суурьшсан шотланд нэгэн байжээ. Мерриам овогтон нийтдээ 12 үе Америкт амьдарч байгаа бөгөөд энд өгүүлэх Чарльз Эдвард Мерриам 9 дэх үеийн удам болно. Мерриамын эцэг, эх 1855 онд Иова муж улсад нүүж ирсэн бөгөөд 1868 онд урагласан байна. Тэд Чарльз Эдвард Мерриамаас гадна Жон Чарльз Мерриам (нэр нэндсэн палеонтологист, 1869-1945 он), Сузан Агнэс Мерриам (1876-1961 он) гэх хүү, охин хоёртой байв.
Эдвард Мерриам төрөлх Хопкинтон хотноо дунд сургууль дүүргэж, 1893 онд Ленокс Академи, Иова Их Сургуульд суралцжээ (Almond, 2002, хууд. 63). Улмаар 1895 онд Колумбын Их Сургуульд хууль цаазын ухаанаар бакалавр болсон байна. 1897 онд магистр, 1900 онд докторын зэрэг горилж, Чикаго Их Сургуульд багшилсан. 1903 онд “A History of American Political Theories(Америкийн улс төрийн онолын түүх) нэрт анхны бүтээлээ нийтлүүлсэн бөгөөд 1907-1911 онуудад Худалдаа, Захиргааны Коллежийн захиралаар, 1923 оноос Чикаго Их Сургуульд тэнхимийн эрхлэгчээр тус тус томилогдон ажиллажээ. Мерриам тэтгэвэрт гарах хүртлээ Чикаго Их Сургуульд багшилж, улс төрийн шинжлэх ухааны Чикаго дэг сургуулийг хөгжүүлсэн байна. Тэрээр 1900 онд Элизавет Хилда Дойл авхайтай ураглаж, Робэрт Эдвард Мерриам (1918-1988 он) гэх хүүтэй болжээ.
Үзэл санааны хувьд Колумбын Их Сургуулийн профессор Фрэнк Ж. Гуднау, Жамес Харвей Робинсон, Германы түүхч, эрх зүйч, Берлины Их Сургуулийн профессор Отто Фридрих фон Гиркэ нарын нөлөөн дор байв.  
Гэхдээ Мерриам ердийн нэг эрдэмтэн байсангүй ээ. Тэрээр тулхтай төрийн зүтгэлтэн, улс төрч нэгэн байсан юм. Чикаго хотын засаг захиргаанд ажиллахын зэрэгцээ 1911 онд хотын даргын сонгуульд өрсөлдсөн байна. 1919 онд дахин өрсөлдсөн боловч ялалт байгуулж чадаагүй юм. Үүнээс гадна, Мерриам Уильям Ховард Тафт, Вудро Вильсон нарын үед ерөнхийлөгчийн дэргэд томоохон алба үүрэглэж байв. Дэлхийн нэгдүгээр дайны үед 43 настай тэрээр ахмад цолтой холбоотны армид байлдаж байсан гэдэг. Дайны жилүүдэд олсон туршлага нь Мерриамын амьдралд томоохон нөлөөлөл үзүүлж, олон нийтийн санаа бодолд суртал ухуулга ямар ач холбогдолтойг тусгайлан судлах болжээ. 1925 онд Мерриам Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрээр 1940 онд 66 насандаа тэтгэвэрт гарч, 1953 оны нэгдүгээр сарын 8 нд Мэрилэнд муж улсын Роквилл хотноо Хиллтоп эмнэлэгт 79 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Юуны түрүүнд, Чарльз Мерриамыг улс төрийн судалгаан дахь бихевиорист урсгалыг үндэслэгч хэмээн зүй ёсоор үздэг. 1923-1940 он хүртэлх 17 жилийн хугацаанд Чикаго Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны тэнхимийг удирдахдаа Мерриам улс төрийн эрх мэдэл, ардчилал, Америкийн нам, намын тогтолцоо, улс төрийн хошуучлал, улс төрийн шинжлэх ухааны арга зүйн сэдвээр 80 орчим бүтээл туурвиснаас “Нийгмийн шинжлэх ухаан дахь Колумбын судалгаа(1900 он), “Руссогоос хойших үеийн бүрэн эрхт байдлын онолын түүх(1900 он), “Америкийн улс төрийн онолын түүх(1903 он), “Чикаго хотын орлого, хөрөнгө оруулалтын талаарх судалгаа (1906 он), Анхан шатны сонгуулиуд: Хууль тогтоох хурлын анхан шатны сонгууль, хандлага, түүхийн талаарх судалгаа” (1908 он),  “Америк улс төрийн үзэл санаа: Америкийн улс төрийн сэтгэлгээний хөгжил, 1865-1917 он” (1920 он), “Америкийн намын тогтолцоо” (1922 он, Х. Госнеллтэй хамтран), “Улс төрийн шинэ судлагдахуун” (1925 он), “Америкийн дөрвөн намын хошуучлагчид” (1926 он), “Иргэн төлөвших үйл явц: Иргэний сургалтын аргын харьцуулсан шинжилгээ” (1931 он), “Улс төрийн эрх мэдэл: Бүтэц, үйл ажиллагааны хүрээ” (1934 он), “АНУ дахь иргэний боловсрол” (1934 он), “Нийгмийн өөрчлөлт дэх улс төрийн үүрэг(1936 он), “Шинэ ардчилал, шинэ деспотизм” (1939 он), “Ардчилал гэж юу вэ?” (1941 он), “Төр ба хувийн хэвшил” (1944 он), “Тогтолцоот улс төр” (1947 он),  “Эрх мэдлийн судалгаа” (Хоралд Лассуэлл, Томас Смит нартай хамтарсан 1950 он), “АНУ-ын засгийн газар: Үйлдэлжсэн ардчилал” (Хүү Робэрт Эдвард Мерриамтай хамтарсан 1954 он) зэрэг зохиолыг онцгойлон дурдаж болох байна.
Мерриамын үзсэнээр, улс төр бол рационал үйл ажиллагааны хүрээ юм. Улс төр дахь рационал шинжийг тогтвортой хадгалахын тулд үндсэн субьект нь материаллаг эрх ашгаа чухалчилсан эдийн засгийн хүн байх ёстой. Ингэсэн тохиолдолд улс төрийн үйл явц өөрөө улс төрийн ангиуд үзэл суртал, үйл ажиллагааны хөтөлбөрөө бараа, бүтээгдэхүүний хэлбэрээр арилжих, сонгогчид таалагдсан бараа, бүтээгдэхүүнээ сонгож саналаа өгдөг зах зээлийн зарчимд суурилдаг байна. Эндээс үзэхэд бихевиорист хандлагад улс төрийн эрх мэдлийг хүмүүсийн нэг хэсэг нь захирдаг, нөгөө хэсэг нь захирагддаг зан үйлийн онцгой хэв шинж хэмээн ойлгож байсан нь харагдаж байна. Улс төрийн хүрээнд амжилт олох, идэвхтэй байх гол үүдлэг нь эрх мэдэл хүсэмжлэх явдал гэдгийг Мерриам онцлон тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн үйл явц гэдэг хүчтэй нэг нь ялж, хүчгүй нь ялагдаж байх эрх мэдэл хүсэмжилсэн хувь хүмүүсийн тэмцлийн талбар юм. Эдгээрийн хооронд тэнцвэрт байдлыг бий болгоход улс төрийн тогтолцооны гол зорилго оршино.
Гэхдээ Мерриам өмнөх судлаачдаас ялгаатай нь, ардчиллын үндсэн шинж засаг төрийн удирдлагаа сонгуулийн зарчмаар томилдог байх явдал биш. Хамгийн гол нь, үр ашигтай, шинжлэх ухаанч зарчимд суурилсан төрийн удирдлагын арга барилтай байхад оршино гэж үзсэн. Ийм арга барилыг бий болгохын тулд юуны түрүүнд, улс төрийн үйл байдлыг судлах хэрэгтэй. Иймээс улс төрийн шинжлэх ухааны гол зорилго нь асуулга, туршилт гэх мэт нарийн аргад тулгуурлан улс төрийн үйл байдлын талаар тодорхой, обьектив мэдлэг бүтээхэд оршино. Мерриам улс төрийн судалгаанд верификацийн зарчмыг чухалчилан үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн судалгаа шинжлэх ухаанч байхын гол шалгуур нь туршлагаар батлагдсан байх явдал мөн.


Эх сурвалжийн жагсаалт


Almond, G. A. (2002). Ventures in Political Science: Narratives and Reflections. London Boulder : Lynne Reinner Publishers.
Merriam, D. C. (1953, January 9). Noted Educator. New York Times.
Цэнд-Аюуш, Г. (2016). Өрнийн улс төрийн сэтгэлгээний түүхэн тойм, Дэд дэвтэр. Улаанбаатар хот: "Эдо Паблишинг" ХХК.



МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Wednesday, March 15, 2017

УЛС ТӨР СУДЛААЧ ЖОВАННИ САРТОРИ

Хүн төрөлхтөний хувьд XX зуун хөгжил, дэвшил, техник, технологийн үсрэнгүй өөрчлөлтийн зуун байв. Үүнийгээ дагаад шинжлэх ухааны салбарт олон шинэ мэдлэгийн төрөл үүсч бүрэлдсэн юм. Эдгээрийн нэг нь улс төрийн шинжлэх ухаан болно. Улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн “амьд домог”, улс төрийн судалгаа, шинжилгээний Флорэнцийн дэг сургуулийн томоохон төлөөлөгч нь Италийн хайв эрдэмтэн, цолгорсон судлаач Жованни Сартори (Giovanni Sartori; Джованни Сартори) билээ.
Өдгөө 92 настай, Италийн өдөр тутмын “Өчигдөрийн мэдээ” ( Il Corriere della Sera; Evening Courier; Вечерний вестник) сонины ерөнхий шүүдэглэгч Сартори 1924 оны тавдугаар сарын 13 нд Флорэнц хотноо Дантэ Сартори, Эмили Квэнтини нарын гэрт мэндэлжээ. Төрөлх хотноо гимнази дүүргээд 1942 оны зургаадугаар сард Флорэнцийн Их Сургуулийн харьяа Улс Төрийн Шинжлэх Ухааны “Чезариа Алфиэри” Сургууль (Scuola di Scienze politiche "Cesare Alfieri";  School of Political Science ‘’Cesare Alfieri’’; Факультет Политологии “Чезаре Альфьери”)-д элсэн суралцсан байна. 1946 онд Их Сургуулийн улс төр судлалын салбарыг дүүргээд 1950-1956 онуудад хожуу үеийн философийн түүхээр Их Сургуульдаа багшлах болжээ. Ялдарт нь, 1954 онд орчин үеийн философийн чиглэлээр докторын зэрэг горилсон байна. 1956 оноос улс төрийн шинжлэх ухаанаар Флорэнцийн Их Сургуульд багшлах болсон юм. 1966-1976 онуудад Флорэнцийн Их Сургуулийн дэргэдэх Улс Төрийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн захирал, 1969-1971 онуудад тус сургуулийн улс төрийн шинжлэх ухааны факультетын деканаар томилогдон ажиллаж байв.
1976-1979 онуудад Стэнфордын Их Сургуульд, 1979-1994 онуудад Колумбын Их Сургуульд тус тус багшилсан. 1971 оноос Италийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Сэтгүүл (Rivista Italiana di Scienza Politica; Italian Political Science Review; Итальянский Политологический Обзор)-ийг эрхлэн гаргах болж, 2003 он хүртэл захиралаар нь ажиллажээ. Харин уг сэтгүүлийг 2004 онд Италийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Нийгэмлэг (Societa Italiana di Scienza Politica; Italian Society of Political Science; Итальянское Общество Политических Наук)-т шилжүүлсэн байна. 
1975 онд Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдсон Сартори 1992 онд Генуи Их Сургуулийн, 1994 онд Жоржтауны Их Сургуулийн, 1997 онд Гвадалахар Их Сургуулийн, 1998 онд Буэнос-Айрэс Их Сургуулийн, 2001 онд Мадрид болон Бухарестын Их Сургуулийн, 2005 онд Афин болон Урбино Их Сургуулийн, 2007 онд Мехикогийн Их Сургуулийн хүндэт доктор цол хүртсэн юм.
Жованни Сарторийн түүхэн гавьяа нь Итали улсад улс төрийн шинжлэх ухаан үүсч хөгжихөд Гаэтона Моска, Вилфрэдо Парэто, Робэрт Михельс, Антонио Грамши, Норбэрто Бобио, Анжэло Панэбианко нарын нэрт эрдэмтдийн нэгэн адил томоохон нөлөө үзүүлсэнд оршино. Тиймдээ ч 1971 онд бүгд найрамдах улсын ерөнхийлөгчөөс урлаг, боловсролын салбарын хүндэт гавьяаны одон, 2005 онд нийгмийн судалгааны салбар дахь Нобэлийн шагнал гэж тооцогддог Астурын Ханхүүгийн Нэрэмжит шагнал (Premio Principle delle Asturie; Princess of Asturias Awards; Премия Астурийской Принцессы), 2009 онд Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооноос Карл Дойчийн нэрэмжит шагнал, 2013 онд Исайя Берлины нэрэмжит шагнал, 2014 онд Бэрнардо О’Хиггинсийн Их Загалмай одон тус тус хүртжээ.
Нам, намын тогтолцоо, ардчилал, үндсэн хуульт байгуулал, ардчиллын нөхцөл дэх улс төрийн зан үйл, философийн сэдвээр Сартори нийтдээ 40 орчим томоохон хэмжээний бүтээл туурвисан бөгөөд тэдгээрээс олонх нь гадаадын хэлнээ хөрвүүлэгдсэн байна. Улс төрийн сэдвээр бичсэн “Нам, намын тогтолцооны шинжилгээ(1976 он), “Улс төрийн намын онол ба Италийн туршлага” (1982 он), Ардчиллын онолыг нягтлан үзэхүй(1987 он), “Улс төрийн онолын үндсүүд” (1987 он), “Ардчилсан онол. Улс төрийн бодлогын онолын бүрдлүүд (1990 он), “Ардчилал” (1998 он), “Харьцуулсан үндсэн хуульт байгуулал: Бүтэц, үйл ажиллагаа, үр ашгийн судалгаа” (1994 он), “Ардчилал гучин орны жишээн дээр” (2008 он), “Хаашаа уралдана вэ: Манай нийгмийг сүйрэлд хүргэж буй арван зүйл” (2015 он) зэрэг зохиолуудыг дурдаж болох байна.
Улс төрийн хувьд Сартори дараах санааг хөгжүүлсэн. Моска, Парэто, Михельс, Лассуэлл нарын үзэл санааг бататган хөгжүүлж нийгэм удирдагч цөөнх, удирдуулагч олонх гэсэн хоёр давхаргаас тогтох нь зүй гэж сургасан. Харин дээрх эрдэмтдээс ялгаатай нь, удирдагч цөөнхөө Сартори “хяналтыг хэрэгжүүлэгч бүлэг” хэмээн тодорхойлжээ. Өөр хоорондоо өрсөлдөх хяналтыг хэрэгжүүлэгч бүлгийн сонгуульт полиархи засгийг ардчилал хэмээсэн байна. Ардчилал бол “тогтсон төвгүй эрх мэдлийн хэлбэр” болох “давхараажсан засаглал” юм. Үүгээрээ эртний Грек-Римийн шууд ардчиллаас өнөөгийн ардчилал ялгаатай. Сонгуульт полиархи засаг буюу ардчиллын төлөөллийн чанар дараах хоёр шинжээр баталгааждаг байна. Үүнд:
·         Олон түмнээс ирж буй шаардлагад хариу үзүүлдэг байх:
·         Үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээдэг байх гэсэн хоёр зүйл орно.
Гэхдээ нийгмийн доороос гарч буй шаардлагад хяналтыг хэрэгжүүлэгч бүлэг хэтэрхий зөөлөн хандвал хариуцлага хүлээх чадвараа алддаг болохыг Сартори онцолсон байна. XX зууны эцэст хүн төрөлхтөн улс төрөөс дайжих хандлагад улам бүр автах болсныг Сартори 1. Сонгогч иргэд, улс төрчдийн хоорондын итгэлцлийн харилцаа суларсан: 2. Телевизийн нөлөө өссөн нь мэдээллийн урсгал хумигдах, улс төрийн оролцоо багасах, цэнгээнт улс төрийн үүрэг өсөн нэмэгдэхэд хүргэсэн: 3. Үзэл суртлын нөлөө багассан: 4. Улс төрийн авилга нэмэгдсэн гэсэн дөрвөн зүйлтэй холбон тайлбарлажээ. Энэ нөхцөлд улс төрийн эрх мэдлийн хэрэгжилтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэгч бүлгийн үйл ажиллагааг журамлах гол арга хэрэгсэл нь үндсэн хууль болдог байна. Иймээс орчин үеийн ардчиллын нөхцөлд үндсэн хуулийн ач холбогдол өсөн нэмэгдэж байгааг Сартори онцолсон. Үүний зэрэгцээ, уг үзэгдлийг “үндсэн хуулийн графомани” хэмээн нэрлэжээ. Сарторийн үзсэнээр, үндсэн хууль нийгмийн амьдралын бүх хүрээг зохицуулах албагүй. Зөвхөн улс төрийн эрх мэдлийн хуваарилалт, хэрэгжилттэй холбоотой харилцааг зохицуулах ёстой. Хэрэв үндсэн хууль нийгмийн амьдралын бүх хүрээг зохицуулж эхэлбэл улс орон сүйрэлд хүрдэгийг Сартори гярхай ажигласан байна. Үндсэн хууль бол тодорхой үр дүн олж авахад чиглэгдсэн хөдөлгөгч хүч мөн. Өөрөөр хэлбэл, ял шийтгэл, шагнал урамшуулах гэх үүдлэг дээр тулгуурлан төрийн зохион байгуулалтын бүтцийг бий болгож, үйл ажиллагааг төлөвлөх журам болно. Удирдлагын чиг үүргийг үл тоомсорлох нь төрийн тогтолцоог сулруулдаг муу үр дагавартай.
Орчин үеийн ардчиллын суурь шинж намын тогтолцоогоор дамжин илэрдэг. Үүнтэй холбоотойгоор нэг намт, ноёрхогч намт, зонхилогч намт, энгийн олон намт, хэт олон намт, олон тулгуурт намын, сарнимал намт гэх намын тогтолцооны хэлбэрүүдийг гаргасан.

МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Thursday, March 9, 2017

АЛЕКСИС ДЕ ТОКВИЛИЙН УЛС ТӨРИЙН СУРГААЛ (ᠠᠯᠧᠺᠰᠢᠰ ᠳᠧ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠦᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯ)

Алексис Шарль Анри Клерел Винсэнт Морис де Токвил (Франц хэлнээ: Alexis-Charles-Henri Clérel de Tocqueville) — болбоос Францын улс төрийн зүтгэлтэн, консерватив үзэл баримтлал бүхий Дэг Журам Нам (Parti de l’Orde; Party of Order; Партии Порядка)-ын удирдагч, Францын гадаад хэргийн яамны сайд асан нэгэн билээ. «Америк дахь ардчилал» (2 боть, 1835, 1840 он) ном бичсэний учир олонд нэр олсон. Өдгөө ч уг зохиолыг «ардчилал, Америк орны талаар бичсэн хамгийн сайн бүтээл» хэмээн үнэлсээр байна (Schapiro, 1942, p. 546).
Токвил эртний Нормандын сурвалжит язгууртны удам болно. Энэ овгийн талаар анхлан дурдсан мэдээ 1066 оны үед хамаарч байв.
Алексис де Токвил 1805 оны долдугаар сарын 29 нд Францын нийслэл Париж хотын ойролцоо орших Верней-сюр-Сен цайзад гүн Эрвэ Луи Жан Франсуа Бонавентюр Клерел де Токвил, Луиза Мадлен Ле Пелетье Розамбо нарын гэрт гурван хүүхэдтэй (Хипполити, Эдуард, Алексис) айлын отгон хүү болж мэндэлжээ. Түүний өвөг эцэг Крэтиэн де Малзэрб Францын эзэн хаан XIV Людовигийг хууль тогтоох хурлын өмнө өмгөөлсний учир улсаас урвасан хэргээр цаазлагдсан түүхтэй. Харин Токвилийн эцэг, эх якобинчуудын засаглалын үед цаазын ял сонсч хар гэрт хоригдож байсан бөгөөд термидор сарын үйл явдлаар суллагдаж байжээ. Ер нь, Токвил угсааныхан эзэн хааны засагт туйлын үнэнч хүмүүс байсан юм.  Гэвч Алексис де Токвил өөрийн удам дотроо улс төрийн хувьд огт өөр үзэл бодолтой нэгэн байв. Эхэндээ Английн төрийн байгууллыг судалж, түүнийг улс төрийн хөгжлийг үлгэр жишээ гэж үзэж байсан нь (Цэнд-Аюуш, 2015, хууд. 30) гэр бүлийн хүрээнд тогтсон роялист үзэл баримтлалтай зөрчилдөхөд хүргэжээ. Өөрөөр хэлбэл, үзэл бодлын хувьд эцэгтэйгээ дайсагнах болжээ.
Меце дэх Фэберт нэртэй Иезуит Лицейг дүүргэж 1826 онд Парижийн Их Сургуульд хууль цаазын ухаанаар бакалаврын зэрэг хүртсэн бөгөөд улмаар Версал хотноо jude auditeur болжээ. Ингэх явцдаа Гюстав де Бомонтой нөхөрлөж, насан туршдаа дотно явжээ. Ялдарт нь, 1827 онд Итали улс Сицили арал руу аялсан байна.
Хожим Бомонтой хамт 1831 оны дөрөвдүгээр сард шоронгийн тогтолцоог судлах зорилгоор Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ыг зорьсон юм. Америкт Эндрю Жексоноос гадна Албэрт Галлатэн, шүүгч Кэнт, Жон Куинси Адамс, профессор Фрэнсис Либэр, Жэрид Спаркс нартай уулзаж, Америк орны талаар ярилцсан байдаг. Аяллын хугацаанд Шинэ Англи, Их Нуурууд, Канад, Охайо, Тэннэсси, Шинэ Орлеан, Чарлстон зэрэг газраар явжээ. Анхны сэтгэгдэл аяллын явцад ихэд өөрчлөгдсөн гэдэг. Ингээд “хүн болгоны ярьдаг хэрнээ хэний ч үл мэдэх Америк тогтолцооны тухай хамгийн бүрэн дүүрэн тодорхойлолт өгөх(Токвиль, 2000, хууд. 7) зорилго бүхий ном бичихээр шийдэж, 1831 онд эхлүүлсэн байна. Гэхдээ ном бичих санаа аялалд гарахаас өмнө төрснийг бодоход шоронгийн тогтолцоог судлах нь ердөө Америкт очих шалтаг төдий байжээ.  Үр дүнд нь, нэг жил орчим үргэлжилсэн аяллаар 2 дэвтэр, 6 хэсэг, 90 бүлгээс бүрдэх “Америк дахь ардчилал” (De la Democratie en Amerique; Democracy in America; Демократия в Америке) ном гарчээ.
Энэ ном гарсан даруйдаа алдаршиж Европын бараг бүх хэлнээ орчуулагдахын сац 1836 онд Францын Шинжлэх Ухааны Академи Токвилд хүндэт легионы одон, ихээхэн хэмжээний мөнгөн шагнал олгожээ. 1838 онд Францын Ёс Суртахуун, Улс Төрийн Шинжлэх Ухааны Академийн гишүүн болсон.
1837 онд хууль тогтоох хуралд сонгогдохоор өрсөлдсөн боловч ялалт байгуулж чадаагүй юм. Харин 1839 онд дахин өрсөлдөж сонгогдсон байна. 1839 оны долдугаар сарын 22 нд Францын бүх эзэмшил нутагт боолчлолыг халах хуулийн төсөл өргөн барьжээ. Энэ учирт олон нийтийн зүгээс өндөр үнэлэлт авч, улмаар 1841 оны арванхоёрдугаар сард Францын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдсон байдаг. Хууль тогтоох хуралд Токвил Алжирыг колончлох, чөлөөт худалдааг дэмжиж, боолчлолыг халах аболиционист байр суурийг баримталж байжээ. Токвилийн улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлсэн цаг үе нь Франц дахь долдугаар сарын хаант засаг, хоёрдугаар бүгд найрамдах улсын үе болно. 1842 онд Маншийн зөвлөхөөр сонгогдож, 1849-1851 онуудад Маншийн ерөнхий зөвлөлийг тэргүүлсэн. Одилон Баррогийн засгийн газарт 1849 оны зургаадугаар сараас аравдугаар сар хүртэл Францын гадаад хэргийн яамны сайдын албыг үүрэглэжээ. Энэ зурвас хугацаанд Европ дахь Францын нөлөөллийг өргөтгөх оролдлого хийсэн ч төдийлөн амжилт олж чадаагүй юм. Тэрслүү бодол гаргасан учир Венсен цайзад хоригдсон байна.
Төд удалгүй улс төрийн үйл ажиллагаанаас хөндийрч Туз хотын ойролцоо суурьшин Францын хувьсгалыг судлахад өөрийгөө зориулах болжээ. Гэвч олон жилийн туршид ужигарсан сүрье өвчний улмаас биеийн эрүүл мэнд илтэд дордож, 1859 оны дөрөвдүгээр сарын 16 нд Францын зүүн өмнө зүгт орших Каннад 53 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Гэр бүлийн хувьд Мэри Мотли хэмээх англи авхайтай 1835 онд урагласан боловч үр хүүхэдгүй нэгэн байв. Либерал сэтгэлгээний нэрт төлөөлөгч Алексис де Токвилийг Норманд дахь түүний удмын газарт нутаглуулсан байна.
Токвилийн улс төрийн сургаалын үндэс нь эрх чөлөө, тэгш байдал, ардчиллын тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, эдгээр гурван зүйлийн зохистой нийцлийг нийгмийн харилцаанд хэрхэн бий болгох вэ гэдэг нь түүний сургаалын агуулгыг тодорхойлж байв.
Токвилийн үзсэнээр, эрх чөлөө, тэгш байдал, ардчиллын зохистой нийцлийг хангаж чадах цорын ганц байгуулал нь ард түмний эрх мэдлийг төлөөлөн илэрхийлэх бүгд найрамдах засаглал юм. Эзэн хаант болон язгууртны засаглал нь үеэ өнгөрөөсөн, хэзээ мөдгүй устахад бэлэн тийм төрийн байгуулал болно. Ардчилсан нийгэм гэдэг нь онцгой эрх ямба устаж, хүн бүрт тэгш байдал, эрх чөлөө эдэлсэн нийгэм болно. Өөрөөр хэлбэл, язгууртны нийгмийн байгууллын эцэст бий болж, хүн бүрт дээд, доодын ялгаваргүй тэгш эрх чөлөө олгосон нийгэм юм.
Төрт ёсны уламжлал, онцлогоос үл хамааран дэлхийн бүх улс, үндэстэн ардчилалд дэвшин орох нь зайлшгүй учир улс төрийн мэдлэгийн гол судлах зүйл нь ардчилал, түүний үндсэн зарчим, сайн, муу талыг шинжлэхэд оршино. Хэдийгээр тэгш байдал чухал боловч түүнийг хэтэрхий шүтвэл нийгэмд цөөнхиө дарангуйлах олонхийн засаг тогтох муу үр дагавартай. Үүний оронд хүн нэг бүрийн эрх чөлөөг хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулж, хүндэтгэн үзэх нь нийгэм эрүүл саруул оршихын үндэс болно. Ардчилсан нийгэмд хүн бүр эрх тэгш байна. Энэ нийгмийн үед зөвхөн боловсрол, авьяас чадвараас үүдэлтэй хувь хүмүүсийн ялгаа л оршино.
Ардчилал байгаа, түүнийг тогтоож болдог юм бол ардчиллын бэхжилтийн асуудал зүй ёсоор урган гарна. Токвил нэг зүйлийг гярхай ажигласан нь ардчилал хэн нэгэн манлайлагч, удирдагчаас шууд хамаарахгүй бөгөөд хууль тогтоомж, шинжлэх ухааны хөгжил, дэвшил, соёл, ёс суртахуун гэх мэт олон зүйл нөлөөлдөг болохыг тогтоосон явдал юм.  
Хэрэв нийгмийн орчинд хувь хүний эрх чөлөө хангалттай хэмжээнд бий болж чадсан бол тэгш байдалд санаа зовох хэрэггүй. Учир нь, тэгш байдлын шалтгаан нь хувь хүний эрх чөлөө юм. Хүн төрөлхтөний түүхийн үйл явцыг судалсны эцэст тэгш байдал эрх чөлөөндөө, эсрэгээрээ, эрх чөлөө тэгш байдалдаа хөнөөл учруулж байсан тохиол олон гарсныг тэмдэглэжээ. Хүний эрх чөлөөг хангахгүйгээр бүх нийтийн тэгш байдлыг хангах нь сайн үр дүнд хүргэдэггүй гэж Токвил сургажээ. “Хүмүүсийг нэг нэгнээс нь хараат бус болгосон тэгш байдал тэдэнд хувийн амьдралаа зөвхөн өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилээр авч явах дадлыг бий болгожээ” гэж Америкт аялах явцдаа Токвил тэмдэглэсэн байна. Энэ талаас нь авч үзвэл Марксын сургаалтай Токвилийн үзэл санаа зөрчилддөг байна. “Хэн бусдын эрх чөлөөг хязгаарлана, тэр боолчлолыг бий болгож байгаа нь тэр(Писаревская, 2016, p. 15) хэмээн Токвил бичжээ. “Бүхнийг тэгштгэсэн орчинд амьдарч буй хүмүүс төр засгаа тэжээх бөгөөд энэ хэрээр түүний эрх мэдлийг өсгөж байдаг(Писаревская, 2016, хууд. 16).
Америкийн Нэгдсэн Улсад аялах явцад анхаарлыг минь татсан олон шинэ үзэгдэл, үйл явцын дотроос хүмүүсийн оршин амьдрах эрх тэгш нөхцөл хамгаас илүүтэй нүдэнд маань тусч байлаа. Чухам энэ нөхцөл тэндэхийн нийгмийн амьдралд бүхэлд нь асар хүчтэй нөлөө үзүүлснийг миний бие хялбархан таньсан юм(Токвиль, 2000, хууд. 27) хэмээн Токвил бичжээ.

Токвил төлөөллийн бүгд найрамдах засаглалын үзлийг сайшаан үзэхдээ холбооны улсад хамгийн зохижтой гэдгийг Америкийн жишээн дээр онцолсон байна. Хүн төрөлхтөн нэгэнт ардчилалд шилжих нь зайлшгүй тул энэ байгуулал оршин буй Америкийн Нэгдсэн Улс хамгийн шилдэг орон мөн гэдгийг Токвил хүлээн зөвшөөрчээ.
 ᠠᠯᠧᠺᠰᠢᠰ ᠳᠧ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠦᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯ
ᠠᠯᠧᠺᠰᠢᠰ ᠰᠢᠷᠠᠯ ᠠᠨᠠᠷᠢ ᠺᠯᠧᠷᠧᠯ ᠸᠢᠨ ᠰᠡᠨ ᠳᠦ ᠮᠣᠷᠢᠰ ᠳᠧ ᠲᠣᠺᠸᠢᠯ (ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠬᠡᠯᠡᠨ ᠢᠶᠡᠨ: Alexis-Charles-Henri Clérel de Tocqueville) — ᠪᠣᠯᠪᠠᠰᠤ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠵᠢᠳᠬᠦᠯᠲᠡᠨ᠂ ᠺᠣᠨᠰᠧᠷᠠᠸᠠᠲ᠋ᠢᠸ ᠦᠵᠡᠯ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ ᠪᠦᠬᠦᠢ ᠳᠢᠭ ᠵᠢᠷᠤᠮ ᠨᠠᠮ (Parti de l’Orde; Party of Order; Партии Порядка) ᠤᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠭᠴᠢ᠂ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠬᠡᠷᠡᠭ ᠦᠨ ᠶᠠᠮᠤᠨ ᠤ ᠰᠠᠶᠢᠳ ᠠᠰᠠᠨ ᠨᠢᠭᠡᠨ ᠪᠢᠯᠡ᠃ «ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠳᠠᠬᠢ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ» (2 ᠪᠣᠲᠢ᠂ 1835 1840 ᠣᠨ) ᠨᠣᠮ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠦ ᠤᠴᠢᠷ ᠣᠯᠣᠩ ᠳᠤ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ᠃ ᠡᠳᠦᠭᠡ ᠴᠤ ᠤᠭ ᠵᠣᠬᠢᠶᠠᠯ ᠢ «ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠣᠷᠣᠨ ᠤ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠰᠠᠶᠢᠨ ᠪᠦᠲᠦᠭᠡᠯ» ᠬᠡᠮᠡᠨ ᠦᠨᠡᠯᠡᠭᠰᠡᠭᠡᠷ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ (Schapiro, 1942, p. 546)
ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠡᠷᠲᠡᠨ ᠦ ᠨᠣᠷᠮᠠᠨᠳ ᠤᠨ ᠰᠤᠷᠪᠤᠯᠵᠢᠲᠤ ᠢᠵᠠᠭᠤᠷᠲᠠᠨ ᠤ ᠤᠳᠤᠮ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ ᠡᠨᠡ ᠣᠪᠣᠭ ᠤᠨ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠠᠩᠬᠠᠯᠠᠨ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᠭᠡ 1066 ᠣᠨ ᠤ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠴᠢ ᠪᠠᠶᠢᠪᠠ᠃
ᠠᠯᠧᠺᠰᠢᠰ ᠳᠧ ᠲᠣᠺᠸᠢᠯ 1805 ᠣᠨ ᠤ ᠳᠣᠯᠣᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ 29 ᠨᠳ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠫᠠᠷᠢᠵᠤ ᠬᠣᠲᠠ ᠶᠢᠨ ᠣᠶᠢᠷᠠᠯᠴᠠᠭ᠎ᠠ ᠤᠷᠤᠰᠢᠬᠤ ᠸᠧᠷᠨᠡᠢ ᠰ ᠲᠷ-ᠰᠧᠨ ᠴᠠᠶᠢᠵᠠ ᠳᠤ ᠭᠦᠨ ᠡᠷᠪᠡ ᠯᠤᠢ ᠵᠠᠩ ᠹᠷᠠᠨᠰᠤᠶᠠ ᠪᠤᠨᠠᠸᠧᠨᠲ᠋ᠶᠤᠶᠢᠷ ᠺᠯᠧᠷᠧᠯ ᠳᠧ ᠲᠣᠺᠸᠢᠯ᠂ ᠯᠤᠶᠢᠰᠠ ᠮᠠᠳᠯᠠᠨ ᠯᠧ ᠫᠧᠯᠧᠲᠦᠶ᠎ᠡ ᠷᠣᠽᠠᠮᠪ ᠨᠠᠷ ᠤᠨ ᠭᠡᠷ ᠲᠦ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠬᠡᠦᠬᠡᠳᠲᠡᠢ (ᠬᠢᠫᠫᠣᠯᠢᠲ᠋ᠢ᠂ ᠡᠳᠤᠷ᠎ᠠ ᠳᠤ᠂ ᠠᠯᠧᠺᠰᠢᠰ) ᠠᠶᠢᠯ ᠤᠨ ᠣᠳᠬᠠᠨ ᠬᠡᠦ ᠪᠣᠯᠵᠤ ᠮᠡᠨᠳᠦᠯᠡᠵᠡᠢ᠃
ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠡᠪᠦᠭᠡ ᠡᠴᠢᠭᠡ ᠺᠷᠡᠲ ᠢᠶᠡᠨ ᠳᠧ ᠮᠠᠯᠵᠡᠷᠪ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠡᠵᠡᠨ ᠬᠠᠭᠠᠨ XIV ᠯ ᠳᠦᠣᠪᠢᠭ ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠡᠮᠦᠨ᠎ᠡ ᠥᠮᠦᠭᠡᠯᠡᠭᠰᠡᠨ ᠦ ᠤᠴᠢᠷ ᠤᠯᠤᠰ ᠠᠴᠠ ᠤᠷᠪᠠᠭᠰᠠᠨ ᠬᠡᠷᠡᠭ ᠢᠶᠡᠷ ᠴᠠᠭᠠᠵᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᠦᠬᠡ ᠲᠡᠢ᠃ ᠬᠠᠷᠢᠨ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠦᠨ ᠡᠴᠢᠭᠡ᠂ ᠡᠬᠡ ᠶᠠᠺᠣᠪᠢᠨᠴᠢ ᠨᠤᠭᠤᠳ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ ᠤᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠴᠠᠭᠠᠵᠠ ᠶᠢᠨ ᠶᠠᠯ᠎ᠠ ᠰᠣᠨᠣᠰᠴᠢ ᠬᠠᠷ᠎ᠠ ᠭᠡᠷ ᠲᠦ ᠬᠣᠷᠢᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠪᠥᠭᠡᠳ ᠲᠧᠷᠮᠢᠳᠣᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠶᠠᠪᠤᠳᠠᠯ ᠢᠶᠠᠷ ᠰᠤᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠴᠠᠢ᠃ ᠶᠡᠷᠦ ᠨᠢ᠂ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠤᠭᠰᠠᠭᠠᠨ ᠤ ᠬᠢᠨ ᠡᠵᠡᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠲᠤ ᠲᠤᠶᠢᠯ ᠤᠨ ᠦᠨᠡᠨᠴᠢ ᠬᠦᠮᠦᠰ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ᠃ ᠭᠡᠪᠡᠴᠦ ᠠᠯᠧᠺᠰᠢᠰ ᠳᠧ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠥᠪᠡᠷ ᠦᠨ ᠤᠳᠤᠮ ᠳᠣᠲᠣᠷ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠣᠭᠲᠣ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠦᠵᠡᠯ ᠪᠣᠳᠣᠯ ᠲᠠᠢ ᠨᠢᠭᠡᠨ ᠪᠠᠶᠢᠪᠠ᠃ ᠡᠬᠢᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠠᠩᠭᠯᠢ ᠶᠢᠨ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ ᠢ ᠰᠤᠳᠤᠯᠵᠤ᠂ ᠲᠡᠭᠦᠨ ᠢ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠬᠥᠭᠵᠢᠯ ᠢ ᠦᠯᠢᠭᠡᠷ ᠵᠢᠱᠢᠶ᠎ᠡ ᠭᠡᠵᠦ ᠦᠵᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠨᠢ (Цэнд-Аюуш, 2015, p. 30) ᠭᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶᠢᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳᠦ ᠲᠣᠭᠲᠠᠭᠰᠠᠨ ᠷᠣᠢᠯᠢᠰᠲ ᠦᠵᠡᠯ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ ᠲᠠᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯᠳᠦᠬᠦ ᠳᠦ ᠬᠦᠷᠭᠡᠵᠡᠢ᠃ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠬᠡᠯᠡᠪᠡᠯ᠂ ᠦᠵᠡᠯ ᠪᠣᠳᠣᠯ ᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠡᠴᠢᠭᠡ ᠲᠡᠢ ᠪᠡᠨ ᠳᠠᠶᠢᠰᠤᠩᠨᠠᠬᠤ ᠪᠣᠯᠵᠠᠢ᠃
ᠮᠧᠼᠧ ᠳ᠋ᠡᠬᠢ ᠹᠡᠪᠧᠷᠲ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠲᠡᠢ ᠢᠧᠽᠦᠢᠲ ᠯᠢᠼᠧᠢ ᠶᠢ ᠳᠦᠭᠦᠷᠭᠡᠵᠦ 1826 ᠣᠨ ᠳᠤ ᠫᠠᠷᠢᠵᠤ ᠶᠢᠨ ᠶᠡᠬᠡ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠳᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠴᠠᠭᠠᠵᠠ ᠶᠢᠨ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠢᠶᠠᠷ ᠪᠠᠺᠠᠯᠠᠪᠠᠷ ᠤᠨ ᠵᠡᠷᠭᠡ ᠬᠦᠷᠲᠡᠭᠰᠡᠨ ᠪᠥᠭᠡᠳ ᠤᠯᠠᠮ ᠢᠶᠠᠷ ᠸᠧᠷᠰᠠᠯ ᠬᠣᠲᠣᠩ ᠢᠶᠠᠨ jude auditeur ᠪᠣᠯᠵᠠᠢ᠃ ᠢᠩᠭᠢᠬᠦ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠭᠶᠤᠶᠢᠰᠲ᠋ᠠᠪ ᠳᠧ ᠪᠦᠮᠢᠶᠠᠨ ᠲᠠᠢ ᠨᠥᠬᠥᠷᠯᠡᠵᠦ᠂ ᠨᠠᠰᠤᠨ ᠲᠤᠷᠰᠢᠳᠠ ᠪᠠᠨ ᠳᠣᠲᠣᠨᠣ ᠶᠠᠪᠤᠵᠠᠢ᠃ ᠢᠯᠳᠠᠷ᠎ᠠ ᠳᠤ ᠨᠢ᠂ 1827 ᠣᠨ ᠳᠤ ᠢᠲᠠᠯᠢ ᠤᠯᠤᠰ ᠰᠢᠼᠢᠯᠢ ᠠᠷᠠᠯ ᠷᠤ ᠠᠶᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
ᠬᠣᠵᠢᠮ ᠪᠦᠮᠢᠶᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤ 1831 ᠣᠨ ᠤ ᠳᠥᠷᠪᠡᠳᠦᠭᠡᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠳᠤ ᠱᠣᠷᠣᠩ ᠤᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠤᠯᠤᠰ (ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠤᠯᠤᠰ) ᠵᠣᠷᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ᠃ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠳᠤ ᠡᠨᠳᠡᠷ ᠵᠧᠺᠰᠣᠨ ᠠᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ᠎ᠠ ᠠᠯᠪᠦᠷᠢᠲᠦ ᠭᠠᠯᠯᠠᠲᠡᠨ᠂ ᠰᠢᠭᠦᠭᠴᠢ ᠺᠠᠨ ᠳᠤ᠂ ᠵᠣᠩ ᠺᠦ᠋ᠢᠩᠰᠢ ᠠᠳᠠᠮᠰᠠ᠂ ᠫᠷᠣᠹᠧᠰᠰᠣᠷ ᠹᠷᠡᠩᠰᠢᠰ ᠯᠢᠪᠦᠷ᠂ ᠵᠠᠷ ᠲᠤ ᠰᠫᠠᠷᠺᠰ ᠨᠠᠷ ᠲᠠᠢ ᠠᠭᠤᠯᠵᠠᠵᠤ᠂ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠣᠷᠣᠨ ᠤ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠶᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ᠃ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠤᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠠᠩᠭᠯᠢ᠂ ᠶᠡᠬᠡ ᠨᠠᠭᠤᠷ ᠤᠳ᠂ ᠺᠠᠨ ᠳᠤ᠂ ᠣᠬᠠᠶᠣ᠂ ᠲᠡᠨᠡᠨᠢᠰᠰᠢ᠂ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠣᠷᠣᠯᠧᠶᠠᠨ᠂ ᠴᠢᠷᠠᠯᠰᠣᠲᠤᠨ ᠵᠡᠷᠭᠡ ᠭᠠᠵᠠᠷ ᠢᠶᠠᠷ ᠶᠠᠪᠤᠵᠠᠢ᠃ ᠠᠩᠬᠠᠨ ᠤ ᠰᠡᠳᠬᠢᠭᠳᠡᠯ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠤᠨ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳᠤ ᠶᠡᠬᠡᠳᠡ ᠥᠭᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠭᠳᠡᠭᠰᠡᠨ ᠭᠡᠳᠡᠭ᠃ ᠢᠩᠭᠢᠭᠡᠳ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠤ ᠶᠠᠷᠢᠳᠠᠭ ᠬᠡᠷᠡᠨ ᠢᠶᠡᠨ ᠬᠡᠨ ᠦ ᠴᠤ ᠦᠯᠦ ᠮᠡᠳᠡᠬᠦ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠲᠣᠳᠣᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ ᠥᠭᠬᠦ(Токвиль, 2000, хууд. 7) ᠵᠣᠷᠢᠯᠭ᠎ᠠ ᠪᠦᠬᠦᠢ ᠨᠣᠮ ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠪᠡᠷ ᠰᠢᠢᠳᠴᠦ᠂ 1831 ᠣᠨ ᠳᠤ ᠡᠬᠢᠯᠡᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
ᠭᠡᠬᠦ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠨᠣᠮ ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠳᠤ ᠭᠠᠷᠬᠤ ᠠᠴᠠ ᠡᠮᠦᠨ᠎ᠡ ᠲᠥᠷᠦᠭᠰᠡᠨ ᠢ ᠪᠣᠳᠣᠬᠤ ᠳᠤ ᠱᠣᠷᠣᠩ ᠤᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ ᠨᠢ ᠶᠡᠷᠦᠳᠡᠭᠡᠨ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠳᠤ ᠣᠴᠢᠬᠤ ᠰᠢᠯᠲᠠᠭ ᠲᠡᠳᠦᠢ ᠪᠠᠶᠢᠴᠠᠢ᠃ ᠦᠷ᠎ᠡ ᠳᠦᠩ ᠳᠦ ᠨᠢ᠂ ᠨᠢᠭᠡ ᠵᠢᠯ ᠣᠷᠴᠢᠮ ᠦᠷᠭᠦᠯᠵᠢᠯᠡᠭᠰᠡᠨ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠢᠶᠠᠷ 2 ᠳᠡᠪᠲᠡᠷ᠂ 6 ᠬᠡᠰᠡᠭ᠂ 90 ᠪᠦᠯᠦᠭ ᠡᠴᠡ ᠪᠥᠷᠢᠳᠬᠦ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠳᠠᠬᠢ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ(De la Democratie en Amerique; Democracy in America; Демократия в Америке) ᠨᠣᠮ ᠭᠠᠷᠴᠠᠢ᠃ 
ᠡᠨᠡ ᠨᠣᠮ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠳᠠᠷᠤᠢ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠠᠯᠳᠠᠷᠰᠢᠵᠤ ᠧᠦ᠋ᠷᠣᠫᠠ ᠶᠢᠨ ᠪᠠᠷᠤᠭ ᠪᠦᠬᠦ ᠬᠡᠯᠡᠨ ᠢᠶᠡᠨ ᠣᠷᠴᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠬᠤ ᠶᠢᠨ ᠰᠠᠴᠠ 1836 ᠣᠨ ᠳᠤ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠠᠺᠠᠳᠧᠮᠢ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠳᠤ ᠬᠦᠨᠳᠦᠲᠦ ᠯᠧᠭᠢᠶᠠᠨ ᠤ ᠣᠳᠣᠨ᠂ ᠶᠡᠬᠡᠬᠡᠨ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ ᠮᠥᠩᠭᠥᠨ ᠱᠠᠩᠨᠠᠯ ᠣᠯᠭᠤᠵᠠᠢ᠃ 1838 ᠣᠨ ᠳᠤ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠶᠣᠰᠣ ᠰᠤᠷᠲᠠᠬᠤᠨ᠂ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠠᠺᠠᠳᠧᠮᠢ ᠶᠢᠨ ᠭᠡᠰᠢᠭᠦᠨ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ᠃ 
1837 ᠣᠨ ᠳᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠬᠤᠷᠠᠯ ᠳᠤ ᠰᠣᠩᠭᠣᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᠭᠰᠡᠨ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ ᠢᠯᠠᠯᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠴᠢᠳᠠᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠶᠤᠮ᠃ ᠬᠠᠷᠢᠨ 1839 ᠣᠨ ᠳᠤ ᠳ᠋ᠠᠬᠢᠨ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᠵᠦ ᠰᠣᠩᠭᠣᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ 1839 ᠣᠨ ᠤ ᠳᠣᠯᠣᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ 22 ᠨᠳ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠪᠦᠬᠦ ᠡᠵᠡᠮᠰᠢᠯ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠪᠣᠭᠣᠯᠴᠢᠯᠠᠯ ᠢ ᠬᠠᠯᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠲᠥᠰᠥᠯ ᠡᠷᠭᠦᠨ ᠪᠠᠷᠢᠵᠠᠢ᠃ ᠡᠨᠡ ᠤᠴᠢᠷ ᠲᠤ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠵᠦᠭ ᠡᠴᠡ ᠥᠨᠳᠦᠷ ᠦᠨᠡᠯᠡᠯᠲᠡ ᠠᠪᠴᠤ᠂ ᠤᠯᠠᠮ ᠢᠶᠠᠷ 1841 ᠣᠨ ᠤ ᠠᠷᠪᠠᠨᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠳᠤ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠠᠺᠠᠳᠧᠮᠢ ᠶᠢᠨ ᠭᠡᠰᠢᠭᠦᠨ ᠢᠶᠡᠷ ᠰᠣᠩᠭᠣᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ᠃ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠬᠤᠷᠠᠯ ᠳᠤ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠠᠯᠵᠢᠷ ᠢ ᠺᠣᠯᠣᠨᠴᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠴᠢᠯᠦᠭᠡᠲᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠳᠡᠮᠵᠢᠵᠦ᠂ ᠪᠣᠭᠣᠯᠴᠢᠯᠠᠯ ᠢ ᠬᠠᠯᠠᠬᠤ ᠠᠪᠦᠯᠢᠼᠢᠶᠣᠨᠢᠰᠲ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠶᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠴᠠᠢ᠃ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠦᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥᠶᠢᠨ ᠢᠳᠡᠪᠬᠢᠲᠡᠢ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ ᠥᠷᠨᠢᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨ ᠴᠠᠭ ᠦᠶ᠎ᠡ ᠨᠢ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠳᠠᠬᠢ ᠳᠣᠯᠣᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠬᠠᠭᠠᠨᠲᠤ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ 1842 ᠣᠨ ᠳᠤ ᠮᠠᠩᠰᠢ ᠶᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠬᠦ ᠪᠡᠷ ᠰᠣᠩᠭᠣᠭᠳᠠᠵᠤ᠂ 1849-1851 ᠣᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠮᠠᠩᠰᠢ ᠶᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠢ ᠲᠡᠷᠢᠭᠦᠯᠡᠭᠰᠡᠨ᠃ ᠣᠳᠣᠯᠠᠨ ᠪᠠᠷᠷᠣ ᠶᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ 1849 ᠣᠨ ᠤ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠠᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠬᠦᠷᠲᠡᠯ᠎ᠡ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠬᠡᠷᠡᠭ ᠦᠨ ᠶᠠᠮᠤᠨ ᠤ ᠰᠠᠶᠢᠳ ᠤᠨ ᠠᠯᠪᠠ ᠶᠢ ᠡᠭᠦᠷᠭᠡᠯᠡᠵᠡᠢ᠃ ᠡᠨᠡ ᠵᠤᠷᠪᠤᠰ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠧᠦ᠋ᠷᠣᠫᠠ ᠳᠠᠬᠢ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠨᠥᠯᠥᠭᠡᠯᠡᠯ ᠢ ᠦᠷᠭᠡᠳᠭᠡᠬᠦ ᠣᠷᠣᠯᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠬᠢᠭᠰᠡᠨ ᠴᠤ ᠲᠡᠳᠦᠶᠢᠯᠡᠨ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠣᠯᠵᠤ ᠴᠢᠳᠠᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠶᠤᠮ᠃ ᠲᠡᠷᠰᠯᠡᠭᠦᠦ ᠪᠣᠳᠣᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤᠴᠢᠷ ᠸᠸᠨᠰᠧᠨ ᠴᠠᠶᠢᠵᠠ ᠳᠤ ᠬᠣᠷᠢᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠠᠴᠠ ᠬᠥᠨᠳᠡᠶᠢᠷᠡᠴᠢ ᠲᠤᠵᠠ ᠬᠣᠲᠠ ᠶᠢᠨ ᠣᠶᠢᠷᠠᠯᠴᠠᠭ᠎ᠠ ᠰᠠᠭᠤᠷᠢᠰᠢᠨ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠬᠤᠪᠢᠰᠬᠠᠯ ᠢ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ ᠳᠤ ᠥᠪᠡᠷ ᠢ ᠪᠡᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠯᠵᠠᠢ᠃ ᠭᠡᠪᠡᠴᠦ ᠣᠯᠠᠨ ᠵᠢᠯ ᠦᠨ ᠲᠤᠷᠰᠢᠳᠠ ᠤᠵᠢᠭᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠰᠦᠷᠡᠶ᠎ᠡ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠦ ᠤᠯᠠᠮ ᠠᠴᠠ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠢᠯᠡᠳᠳᠡ ᠳᠣᠷᠳᠣᠵᠤ᠂ 1859 ᠣᠨ ᠤ ᠳᠥᠷᠪᠡᠳᠦᠭᠡᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ 16 ᠨᠳ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠵᠡᠭᠦᠨ ᠡᠮᠦᠨ᠎ᠡ ᠵᠦᠭ ᠲᠦ ᠤᠷᠤᠰᠢᠬᠤ ᠺᠠᠨᠠᠨ ᠳᠤ 53 ᠨᠠᠰᠤᠨ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠶᠢᠷᠲᠢᠨᠴᠦ ᠶᠢᠨ ᠮᠥᠩᠬᠡ ᠪᠤᠰᠤ ᠶᠢ ᠦᠵᠡᠭᠦᠯᠵᠡᠢ᠃ ᠭᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠮᠡᠷᠢ ᠮᠣᠲ᠋ᠯ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠠᠩᠭᠯᠢ ᠠᠪᠠᠬᠠᠢ ᠲᠠᠢ 1835 ᠣᠨ ᠳᠤ ᠤᠷᠤᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ ᠦᠷ᠎ᠡ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠭᠡᠢ ᠨᠢᠭᠡᠨ ᠪᠠᠶᠢᠪᠠ᠃ ᠯᠢᠪᠧᠷᠠᠯ ᠰᠡᠳᠬᠢᠯᠭᠡᠨ ᠦ ᠨᠡᠷᠡᠲᠦ ᠲᠥᠯᠦᠭᠡᠯᠡᠭᠴᠢ ᠠᠯᠧᠺᠰᠢᠰ ᠳᠧ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠢ ᠨᠣᠷᠮᠠᠨ ᠳᠤ ᠳ᠋ᠠᠬᠢ ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠤᠳᠤᠮ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠨᠤᠲᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠦᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯ ᠤᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠨᠢ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ᠂ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ ᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠶᠤᠮ᠃ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠬᠡᠯᠡᠪᠡᠯ᠂ ᠡᠳᠡᠭᠡᠷ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠦᠢᠯ ᠦᠨ ᠵᠣᠬᠢᠰᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᠯ ᠢ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠦᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠬᠡᠷᠬᠢᠨ ᠪᠤᠢ ᠪᠣᠯᠭᠠᠬᠤ ᠪᠤᠢ ᠭᠡᠳᠡᠭ ᠨᠢ ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯ ᠤᠨ ᠠᠭᠤᠯᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠲᠣᠳᠣᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠪᠠ᠃
ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠦᠨ ᠦᠵᠡᠭᠰᠡᠨ ᠢᠶᠡᠷ᠂ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ᠂ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ ᠤᠨ ᠵᠣᠬᠢᠰᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᠯ ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ ᠴᠢᠳᠠᠬᠤ ᠴᠣᠷ ᠤᠨ ᠭᠠᠭᠴᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ ᠨᠢ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ ᠦ ᠡᠷᠬᠡ ᠮᠡᠳᠡᠯ ᠢ ᠲᠥᠯᠦᠭᠡᠯᠡᠨ ᠢᠯᠡᠷᠬᠡᠶᠢᠯᠡᠬᠦ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ ᠶᠤᠮ᠃ ᠡᠵᠡᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠢᠵᠠᠭᠤᠷᠲᠠᠨ ᠤ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ ᠨᠢ ᠦᠶᠡ ᠥᠩᠭᠡᠷᠡᠭᠡᠭᠰᠡᠨ᠂ ᠬᠡᠵᠢᠶ᠎ᠡ ᠮᠥᠳᠳᠥ ᠭᠦᠢ ᠤᠰᠠᠳᠬᠤ ᠳᠤ ᠪᠡᠯᠡᠨ ᠲᠡᠶᠢᠮᠦ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠭᠡᠳᠡᠭ ᠨᠢ ᠣᠨᠴᠠᠭᠠᠢ ᠡᠷᠬᠡ ᠶᠠᠩᠪᠠ ᠤᠰᠠᠳᠴᠤ᠂ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠦᠷᠢ ᠳᠦ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠡᠳ᠋ᠯᠡᠭᠰᠡᠨ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠬᠡᠯᠡᠪᠡᠯ᠂ ᠢᠵᠠᠭᠤᠷᠲᠠᠨ ᠤ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ ᠤᠨ ᠡᠴᠦᠰ ᠲᠦ ᠪᠤᠢ ᠪᠣᠯᠵᠤ᠂ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠦᠷᠢ ᠳᠦ ᠳᠡᠭᠡᠳᠦ᠂ ᠳᠣᠭᠣᠳᠤ ᠶᠢᠨ ᠢᠯᠭᠠᠪᠤᠷᠢ ᠦᠭᠡᠢ ᠲᠡᠭᠰᠢ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠣᠯᠭᠤᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠶᠤᠮ᠃ 
ᠲᠥᠷᠦ ᠳᠦ ᠶᠣᠰᠣᠨ ᠤ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ᠂ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠠᠴᠠ ᠦᠯᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶᠢᠨ ᠪᠦᠬᠦ ᠤᠯᠤᠰ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ ᠳᠤ ᠳᠡᠪᠰᠢᠨ ᠣᠷᠣᠬᠤ ᠨᠢ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᠭᠡᠢ ᠤᠴᠢᠷ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᠯᠭᠡ ᠶᠢᠨ ᠭᠣᠣᠯ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ ᠵᠦᠢᠯ ᠨᠢ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᠰᠠᠶᠢᠨ᠂ ᠮᠠᠭᠤ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠶᠢ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠳᠦ ᠣᠷᠣᠰᠢᠨ᠎ᠠ᠃ ᠬᠡᠳᠦᠢ ᠪᠡᠷ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ ᠲᠡᠭᠦᠨ ᠢ ᠬᠡᠲᠦᠷᠬᠡᠢ ᠰᠢᠲᠦᠪᠡᠯ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠳᠦ ᠴᠥᠭᠡᠩᠬᠢᠡ ᠳᠠᠷᠤᠩᠭᠤᠶᠢᠯᠠᠬᠤ ᠣᠯᠠᠩᠬᠢ ᠶᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠲᠣᠭᠲᠠᠬᠤ ᠮᠠᠭᠤ ᠦᠷ᠎ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠤᠷᠢ ᠲᠠᠢ᠃ ᠡᠭᠦᠨ ᠦ ᠣᠷᠣᠨ ᠳᠤ ᠬᠦᠮᠦᠨ ᠨᠢᠭᠡ ᠪᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠶᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠡᠷᠬᠡ ᠵᠦᠢ ᠶᠢᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳᠦ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠬᠦᠨᠳᠦᠳᠬᠡᠨ ᠦᠵᠡᠬᠦ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠰᠠᠷᠠᠭᠤᠯ ᠣᠷᠣᠰᠢᠬᠤ ᠶᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠳᠦ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠦᠷ ᠡᠷᠬᠡ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠡᠨᠡ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠠᠪᠢᠶᠠᠰ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠠᠴᠠ ᠡᠭᠦᠳᠦᠯᠲᠡᠢ ᠬᠤᠪᠢ ᠬᠦᠮᠦᠰ ᠦᠨ ᠢᠯᠭᠠᠭ᠎ᠠ ᠯᠠ ᠣᠷᠣᠰᠢᠨ᠎ᠠ᠃ 
ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ᠂ ᠲᠡᠭᠦᠨ ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ ᠪᠣᠯᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ ᠤᠨ ᠪᠡᠬᠢᠵᠢᠯᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠵᠦᠢ ᠶᠣᠰᠣᠭᠠᠷ ᠤᠷᠭᠤᠨ ᠭᠠᠷᠤᠨ᠎ᠠ᠃ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠨᠢᠭᠡ ᠵᠦᠢᠯ ᠢ ᠭᠢᠷᠠᠬᠠᠢ ᠠᠵᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ ᠬᠡᠨ ᠨᠢᠭᠡᠨ ᠮᠠᠩᠯᠠᠶᠢᠯᠠᠭᠴᠢ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠭᠴᠢ ᠠᠴᠠ ᠰᠢᠭᠤᠳ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠥᠭᠡᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠬᠥᠭᠵᠢᠯ᠂ ᠳᠡᠪᠰᠢᠯ᠂ ᠰᠤᠶᠤᠯ᠂ ᠶᠣᠰᠣ ᠰᠤᠷᠲᠠᠬᠤᠨ ᠭᠡᠬᠦ ᠮᠡᠲᠦ ᠣᠯᠠᠨ ᠵᠦᠢᠯ ᠨᠥᠯᠦᠭᠡᠯᠡᠳᠡᠭ ᠪᠣᠯᠬᠤ ᠶᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠶᠠᠪᠤᠳᠠᠯ ᠶᠤᠮ᠃ 
ᠬᠡᠷᠪᠡ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠤᠷᠴᠢᠨ ᠳᠤ ᠬᠤᠪᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠬᠠᠩᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳᠦ ᠪᠤᠢ ᠪᠣᠯᠵᠤ ᠴᠢᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳᠤ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠵᠣᠪᠠᠬᠤ ᠬᠡᠷᠡᠭ ᠦᠭᠡᠢ᠃ ᠤᠴᠢᠷ ᠨᠢ᠂ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠨᠢ ᠬᠤᠪᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠶᠤᠮ᠃ ᠬᠦᠮᠦᠨ ᠲᠥᠷᠥᠯᠬᠢᠲᠡᠨ ᠦ ᠲᠡᠦᠬᠡ ᠶᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠶᠢ ᠰᠤᠳᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤ ᠡᠴᠦᠰ ᠲᠦ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ᠂ ᠡᠰᠡᠷᠭᠦ ᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ᠂ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠬᠥᠨᠥᠭᠡᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠲᠣᠬᠢᠶᠠᠯ ᠣᠯᠠᠨ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠢ ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠵᠡᠢ᠃ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠶᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠡᠷ ᠪᠦᠬᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠨᠢ ᠰᠠᠶᠢᠨ ᠦᠷ᠎ᠡ ᠳᠦᠩ ᠳᠦ ᠬᠦᠷᠭᠢᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠵᠦ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠰᠤᠷᠭᠠᠵᠠᠢ. ᠬᠦᠮᠦᠰ ᠢ ᠨᠢᠭᠡ ᠨᠢᠭᠡᠨ ᠡᠴᠡ ᠨᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠲᠤ ᠪᠤᠰᠤ ᠪᠣᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠲᠡᠳᠡᠨ ᠳᠦ ᠬᠤᠪ ᠤᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠢᠶᠠᠨ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠥᠪᠡᠷ ᠦᠨ ᠦᠵᠡᠯ ᠪᠣᠳᠣᠯ᠂ ᠢᠲᠡᠭᠡᠯ ᠦᠨᠡᠮᠰᠢᠯ ᠢᠶᠡᠷ ᠠᠪᠴᠤ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠳᠠᠳᠤᠯ ᠢ ᠪᠤᠢ ᠪᠣᠯᠭᠠᠵᠠᠢ ᠭᠡᠵᠦ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠳᠤ ᠠᠶᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠭᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠡᠨᠡ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠨᠢ ᠠᠪᠴᠤ ᠦᠵᠡᠪᠡᠯ ᠮᠠᠷᠺᠰ ᠤᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯ ᠲᠠᠢ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠦᠨ ᠦᠵᠡᠯ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯᠳᠦᠳᠡᠭ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ. ᠬᠡᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠤᠨ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠶᠢ ᠬᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠨ᠎ᠠ᠂ ᠲᠡᠷᠡ ᠪᠣᠭᠣᠯᠴᠢᠯᠠᠯ ᠢ ᠪᠤᠢ ᠪᠣᠯᠭᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠨᠢ ᠲᠡᠷᠡ (Писаревская, 2016, хууд. 15) ᠬᠡᠮᠡᠨ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠪᠢᠴᠢᠵᠡᠢ. ᠪᠦᠬᠦᠨ ᠢ ᠲᠡᠭᠰᠢᠳᠬᠡᠭᠰᠡᠨ ᠤᠷᠴᠢᠨ ᠳᠤ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠵᠤ ᠪᠤᠢ ᠬᠦᠮᠦᠰ ᠲᠥᠷᠥ ᠵᠠᠰᠠᠭ ᠢᠶᠠᠨ ᠲᠡᠵᠢᠭᠡᠬᠦ ᠪᠥᠭᠡᠳ ᠡᠨᠡ ᠬᠢᠷᠢ ᠪᠡᠷ ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠡᠷᠬᠡ ᠮᠡᠳᠡᠯ ᠢ ᠥᠰᠬᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ (Писаревская, 2016, хууд. 16)
ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠠᠶᠠᠯᠬᠤ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳᠤ ᠠᠩᠬᠠᠷᠤᠯ ᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠᠲᠠᠭᠰᠠᠨ ᠣᠯᠠᠨ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠦᠵᠡᠭᠳᠡᠯ᠂ ᠦᠢᠯᠡ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠶᠢᠨ ᠳᠣᠲᠣᠷ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠬᠦᠮᠦᠰ ᠦᠨ ᠣᠷᠣᠰᠢᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠡᠷᠬᠡ ᠲᠡᠭᠰᠢ ᠨᠥᠬᠥᠴᠡᠯ ᠬᠠᠮᠤᠭ ᠠᠴᠠ ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠲᠡᠢ ᠨᠢᠳᠦᠨ ᠳᠦ ᠮᠠᠨᠢ ᠲᠤᠰᠠᠴᠢ ᠪᠠᠶᠢᠯ᠎ᠠ᠃ ᠴᠤᠬᠤᠮ ᠡᠨᠡ ᠨᠥᠬᠥᠴᠡᠯ ᠲᠡᠨᠳᠡᠬᠢ ᠶᠢᠨ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠳᠤ ᠪᠦᠬᠦᠯᠢ ᠳᠦ ᠨᠢ ᠠᠰᠠᠷ ᠬᠦᠴᠦᠲᠡᠢ ᠨᠥᠯᠥᠭᠡ ᠦᠵᠡᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨ ᠢ ᠮᠢᠨᠦ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠬᠢᠯᠪᠠᠷᠬᠠᠨ ᠲᠠᠨᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ (Токвиль, 2000, хууд. 27) ᠬᠡᠮᠡᠨ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠪᠢᠴᠢᠵᠡᠢ᠃ 
ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠲᠥᠯᠥᠭᠡᠯᠡᠯ ᠦᠨ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ ᠤᠨ ᠦᠵᠡᠯ ᠢ ᠰᠠᠶᠢᠰᠢᠶᠠᠨ ᠦᠵᠡᠬᠦ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠵᠣᠬᠢᠵᠢ ᠲᠠᠢ ᠭᠡᠳᠡᠭ ᠢ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠵᠢᠱᠢᠶᠡᠨ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠣᠨᠴᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠬᠦᠮᠦᠨ ᠲᠥᠷᠥᠯᠬᠢᠲᠡᠨ ᠨᠢᠭᠡᠨᠲᠡ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ ᠳᠤ ᠰᠢᠯᠵᠢᠬᠦ ᠨᠢ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᠭᠡᠢ ᠲᠤᠯᠠ ᠡᠨᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ ᠣᠷᠣᠰᠢᠨ ᠪᠤᠢ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠤᠯᠤᠰ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠰᠢᠯᠢᠳᠡᠭ ᠣᠷᠣᠨ ᠮᠥᠨ ᠭᠡᠳᠡᠭ ᠢ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠬᠦᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠴᠡᠢ᠃

ᠡᠬᠢ ᠰᠤᠷᠪᠤᠯᠵᠢ ᠶᠢᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ

Эх сурвалжийн жагсаалт
Schapiro, J. S. (1942). Alexis de Tocqueville: Pioneer of democratic liberalism in France. Political Sceince Quarterly, Vol. 57(No 3).
Писаревская, А. А. (2016). Основные идеи и взгляды Алексиса де Токвиля. Проблемы современной науки и образования № 24 (66).
Токвиль, А. д. (2000). Демкоратия в Америке. (Е. Ю. Леонова, Ed.) Перевод В. Т. Олейника, Е. П. Орловой, И. А. Малаховой, И. Э. Иванян, Б. Н. Ворожцова, Москва: Издательство "Весь Мир".
Цэнд-Аюуш, Г. (2015). XIX-XX зууны улс төрийн сэтгэлгээний хөгжлийн түүхэн тойм. (Ц. Батболд, Ed.) Улаанбаатар хот: "СЭЛЭНГЭПРЕСС" ХХК.

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡᠨ ᠢᠶᠡᠨ ᠬᠥᠷᠪᠡᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨ᠄ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠠᠺᠠᠳᠧᠮᠢ ᠶᠢᠨ ᠳ᠋ᠣᠺᠲ᠋ᠣᠷᠠᠨᠲ ᠨᠢᠮ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠣᠳᠬᠣᠨᠪᠠᠶᠠᠷ 
МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР