Sunday, March 25, 2018

15-р бүлэг ЭДМУНД БЁРКИЙН УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Эдмунд Бёрк — Английн төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, нийтлэлч, консерватизмийг үндэслэгч нэгэн.
Цадиг намтар. Бёрк 1729 оны нэгдүгээр сарын 12 нд Ирландын нийслэл Дублин хотноо өмгөөлөгчийн гэрт мэндэлсэн. Эцэг нь протестант, харин эх нь католиг шүтлэгтэн байжээ. Эдмунд сүм хийдэд хүмүүжсэн бөгөөд анхны багш нар нь католиг шүтлэгтнүүд байв. Сүмийн сургуулийн зэрэгцээ ядуусын сургуульд давхар сурдаг байлаа. 1744 онд Бёрк Ирландад нэр хүндтэй Ариун Бүтээгчийн Коллежид элсэн оржээ. 1748 онд коллежоо дүүргэж бакалаврын зэрэг хүртсний сүүлээр эцгийн зөвлөсний дагуу Лондонд очиж, Тэмпл Коллежид хууль цаазын ухаанаар үргэлжүүлэн суралцсан байна. Лондонд улс төрийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцжээ. Гэр бүлийн тогтвортой дэмжлэг байхгүй тул хуульчийн ажил хийхээс татгалзаж, сэтгүүл зүйн чиглэлээр ажиллах болсон. 1759 онд Нийтийн Танхимийн гишүүн Хамилтоны шадар туслах болсон боловч 1764 оноос харилцаа бүрэн тасарчээ. 1765 онд Бёрк Рокингэмийн маркизийг ерөнхий сайдаар томилогдоход нарийн бичгийн дарга болж, улмаар Вендовер суурингаас Английн Нийтийн Танхимийн гишүүнээр сонгогдсон байна. Амьдралынхаа эцэс хүртэл тэрээр парламентын гишүүн, виги намын үзэл сурталчдын нэг байсан юм.
1794 оны зургаадугаар сард улс төрөөс хөндийрч, эзэн хаанаа егүүтгэгч нүгэлт орны эсрэг хандсан захидал бичжээ. Түүнийг амьд сэрүүн ахуйд, буюу 1796 онд эхний хоёр захидал нийтлэгдсэн байна. Гэвч гурав дахь захидлаа дуусгаж чадаагүй юм. Бёрк 1797 оны долдугаар сарын 9 нд Английн Бакингэмшир гүнлэгийн Биносфилд хотноо 68 насандаа мөнх бусыг үзүүлжээ.
Гол бүтээл: «Францын хувьсгалын тухай эрэгцүүлэл» (1790 он).
Улс төрийн сургаалын агуулга
Хүн, нийгмийн тухай сургаал. Хүн, түүний оюун ухааны хүчин чадал хязгааргүй гэх жам ёсны эрхийн онолыг Бёрк бүрэн үгүйсгэсэн байна. Үнэн чанартаа хүн юу муу, юу сайн болохыг тэр бүр үнэн зөв тодорхойлж чаддаггүй бөгөөд өөрийн оюуныг хэтрүүлэн үнэлэх хандлагатай байдаг. Хүний мөн чанар өөрөө зөрчилт чанартайн зэрэгцээ хүрээлэн буй орчин тэр бүр нийцтэй байдаггүй тул нийгмийн байгууллын тодорхой хэлбэрт зохист утга шингээж авч үзэхээс өөр аргагүй юм.
Нийгэм гэдэг нь өөрийн хатуу зүй тогтол, мөн чанарт захирагдан хөгжих оюун санааны корпораци болно. Тодорхой цаг үед бүрэлдэн бий болсон төр улс урт удаан түүхэн хөгжлийн үр дүн, олон үеийн хэв хуулийн хувьслын үр дагавар болно. Хүний оюуны боломж хязгаарлагдмал учир энэ туршлагыг бүрэн дүүрэн танин мэдэж чаддаггүй бөгөөд уг тохиолдолд хүн ямагт “ухаангүй шинэчлэгч” болж үлддэг байна: Сайтар бодож төлөвлөөгүй шинэтгэлийн үр дүнд нийгмийн бүтэц бүхэлдээ эвдэгдэж, уламжлал, зан заншил алдагдахын зэрэгцээ ёс суртахууны үнэлэмж буурч, нигилизм газар авна.
Иймд шинэтгэлд болгоомжтой, нарийн тооцоололд тулгуурлаж хандах ёстой: Нийгмийн шинэтгэл ашиг тус, хөнөөлийн алийг нь илүү үзүүлэх вэ? Хэрэв ашгаас илүү хөнөөл учруулахаар бол шинэтгэлийг хэрэгжүүлэх хэрэггүй юм.
Үүний зэрэгцээ оршин буй нийгмийн дэг журамд туйлын утга шингээж тахин шүтэх хэрэггүй юм. Олон олон урхагийг тээж байдаг. Ямар ч нийгмийн байгуулал байсан бүгд адилхан дутагдалтай талтай. Ийм учраас шинэтгэл хийх шаардлага бас байдаг. Нийгмийг аливаа согог, эмгэгт шинжээс ангижруулах үйл явц удаан, болгоомжтой хийгдэх учиртай. Шинэтгэлийг хэрэгжүүлж буйн үндсэн зорилго нь оршин буй нийгмийн байгууллыг өөрчлөх бус, хадгалж хамгаалахад оршино. Удаан, аажим шинэтгэл хүн төрөлхтний түүхийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Уламжлалыг хадгалах үйл явц хувьсган өөрчлөх бус, дасан зохицох үйлээр дамжин хэрэгжинэ. Бёрк шинэтгэлийн хоёр хэв шинжийг гаргасан. Үүнд: 1) Уламжлалт эрх зүй, зарчмыг сэргээхэд чиглэсэн шинэтгэл, 2) Хувьсгалт үйл угтсан шинэтгэл байна.
Хүн төрөлхтний түүх гэгч рационал үндэслэлээр тайлбарлаж үл болох дээд санаалаг зүйлд захирагддаг болно. Урт удаан хугацааны түүхэн хувьслын бүтээгдэхүүн учир нийгэм дээрх зүй тогтолд захирагддаг байна. Бодож төлөвлөөгүй шинэтгэлээс нийгмийн дэг журмыг хамгаалах цорын ганц баталгаа нь өнгөрсөн үеэ сүслэн дагах явдал болно гэдгийг Бёрк онцолсон: Өнөө үе гэгч өнгөрсөн үе дээр суурилах бөгөөд ул мөрөө үлдээж байдаг. «Эртний хэв хууль, дүрэм журам бидний амьдралаас алсран одохын цагт бид тэднийг үгүй болсон гэж үзэх болохгүй юм. Энэ үеэс л бид өөрийн гэсэн зүг чиг, чиглүүрээ алдаж эхэлдэг». Цаг хугацаа гэгч хэрэггүй, ашиггүй зүйлээс ангижирч, үнэ цэнэтэй зүйлээ авч үлдэх хамгийн сайн шүүгч болно. Үүнтэй холбоотойгоор Бёрк өнөөгийн соёл иргэншлийн хүний мүс чанар, итгэл бишрэлтэй байдал, боловсрол гэсэн сайн шинжид анхаарлаа хандуулсан байна. «... хүний мүс чанар, итгэл бишрэлтэй байдал, боловсрол гэсэн гурван зарчмыг туйлчлан үзэхгүйгээр нэг ч улс орон оршин тогтнож үл чадна. Ийм чанаргүй төрөөс сайн зүйлийг горьдох, хүлээх хэрэггүй юм».
Бёрк шашныг иргэншсэн нийгмийн үндэс, ёс суртахуунлаг байдлын суурь гэж үзжээ. Хүн төрөлх чанарын хувьд шашинлаг амьтан учир «атеизм удаан оршин тогтнох суурьгүй юм...Харин түүний оронд зэрлэг, бүдүүлэг, сүйтгэгч мухар сүсэг ноёрхож эхэлдэг». Шашин гэгч — нийгэм тогтвортой байдал, дэг журмын үндэс  бөгөөд «хүн төрөлхтний оюун санаа эртнээс инагш хөгжиж ирсний баталгаа болно». Хүн төрөлхтний уг оюун санаа улсын дотоодод дэг журмыг бий болгож, чинээлэг иргэдийн засгийг эмхлэх бөгөөд албат иргэд ихэс дээдсээ хүдэтгэхийн үүтгэл болно. Шашин шүтлэгт найр тавьж, түүнийг хүндэтгэн сүслэсний үрээр төр улс урт хугацаанд оршин тогтнох чадвартай болдог. Зохион байгуулалттай шашин гэдэг нь иргэний дэг журмыг тэтгэж, засаглалын легитим чанарыг хангагч гол хүч мөн. Шашныг дордчилсноор дэг журам дордож, хүний атгаг сэтгэл сэдрэхийг сац уламжлалт ёс суртахууны үндсэнд харшилж дарангуйлалд хүргэдэг байна.
Уламжлалын нандин чанарыг хадгалах, бататган бэхжүүлэх нь Бёркийн үзсэнээр нийгэм, хүмүүний тухай төсөөллийг бэхжүүлж өгдөг байна. Соён гэгээрүүлэлтийн үеийн сэтгэгчидтэй маргалдан хүний оюун ухааныг уламжлалыг эсрэг сөргүүлэн тавьж улмаар дээгүүрт авч үзсэн байна. Түүний үзэж буйгаар уламжлалыг хүлээн авах нь юм, үзэгдлийн жам хууль буюу байгаль дэлхийн ёс горим, олон зууны туршид шалгарч үлдсэн мэргэн ухаанд нийцтэй байгаа явдал болно. Зөвхөн залгамж чанар, соёлын өвийг нандигнан хадгалснаар нийгмийн тогтвортой байдал хангагддаг байна.
Уламжлалын биелэл нь цаг хугацааны шалгуурыг бүрэн хангасан Английн үндсэн хууль болно. Энэ үндсэн хуулийн нэг давуу тал нь эрх чөлөө, дэг журмыг хангаж олон хүчний тэнцвэржилтийг бий болгодогт оршино. Улс орны захирагчдын гол зорилго нь уг тэнцвэрт байдлыг сахин хамгаалахад оршино. Англи, Америкийн үндсэн хууль нь сайн засаглалын төгс биелэл юм. Төрийн байгуулал олон үеийн уламжлал, хэм хэмжээн дээр суурилах учир цаг хугацаа улиран одсон ч дээрх үндсэн хуульд тусгагдсан зарчим улам бүр батажиж байдаг.
Эрх чөлөө улс төрийн үнэт зүйл болох нь. Бёрк эрх чөлөөг улс төрийн чухал үнэт зүйл гэж үзсэн ч түүнийг ач холбогдолгүй хоосон уриа, тунхаг болгохын эсрэг байв. Хүний хүчин чадлыг бүрэн дүүрэн нээн илэрүүлэхэд эрх чөлөө зайлшгүй шаардлагатай. Гэвч жинхэнэ, оюунлаг, тэнгэрлэг, ёс суртахуунлаг эрх чөлөө хатуу зохион байгуулалт бүхий нийгмээс үүдэлтэй. Мэргэн ухаан, ёс суртахуунтай харгалдах эрх чөлөө хамгийн муу зүйл мөн. Ухаангүй үйлдэл бүхнээс тэнэглэл бий болдог.
Эрх чөлөө гэгч аливаа зүйлийг хязгааргүй хийх, хүсэл таашаалдаа бүрэн захирагдах, дур зоргоор аашлахын нэр биш юм. Бёрк эрх чөлөөний цорын ганц зохист хэлбэр нь дэг журамтай холбогдсон эрх чөлөө мөн гэжээ. Өөрөөр хэлбэл, дэг журам, эрхэм чанараас ангид эрх чөлөө байхыг үгүйсгэсэн байна. Эрх чөлөө нийгэм, хувь хүний хязгаарлалт дээр суурилах ёстой. Гэхдээ хязгаарлалт хүн бүгдэд адил тэгш байна. «Ёс суртахууны холбоо, өөрийн хүсэлд захирагдсан эрх чөлөө хамгийн эрхэм: хэдий чинээ шударга ёс руу тэмүүлнэ, төдий чинээ адгуусны зөн совинг сэдрээнэ. Хэдий чинээ дэг журам, ёс суртахууныг үнэлэнэ, төдий хэрээр төгөлдөрт чинагшилна.Нийгэм байгалийн зөн совин, хүсэл зоригоор захируулах засаглалгүйгээр оршин тогтнож үл чадна. Оюунлаг бус бүхэнд эрх чөлөө үл эдлүүлэх нь хамгийн зохистой. Шунаг хүслийг ямагт хазаарлаж байх хэрэгтэй».
Эрх чөлөө гэгч нийгмийн сахилга бат, дэг журмын бүтээгдэхүүн бөгөөд хатуу засаг эрх чөлөөний нэгэн адил нийгэмд бас хэрэгтэй. Хэрэв эрх чөлөө хүний төрөлх мэдрэмтэй зөрчилдвөл түүнийг хамгаалах хэрэгтэй. Зохистой эрх чөлөө уламжлалт шүтэх бөгөөд хамгийн агуу болно. Дэг журамгүй байдлыг даллах эрх чөлөө өнгөрсөн үеэ сүслэхийн хэрээр ухаалаг шинжийг олно. Өөрийн эцгээ хүндэтгэж буй хүн өөрийгөө, бусдыг хүндэтгэх учиртай. Эрт үеэ үл сүслэх нь самуурлын үндэс юм.
Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёсыг зөрчиж, иргэний эрх, эрх чөлөөнд халдвал түүн шиг аюултай зүйл үгүй билээ. Улс орны улс төрийн уур амьсгалд огцом нөлөөлөх арга хэмжээ нь олон зуунаас идээшин тогтсон тэнвцэржилтийг алдагдуулж, үр дүнд нь дарангуйлал үүсэх магадлалтай гэдгийг Бёрк онцолсон байна. Ердийн эрх зүй, Habeas Corpus статусыг өөрчлөх хамгийн муу зүйл болохыг анхааруулсан. «Хэрэв би ерөнхий зарчим хэмээн зөв ойлгосон бол эрх чөлөө гэдэг нь нэг бол албат иргэдэд адил тэгш боломжийг, эсвэл юу ч олгодоггүй байх явдал юм. Хэсэгчилсэн эрх чөлөө бол миний хувьд хамгийн таагүй боолчлолын хэлбэр мэт санагдана».
Энэ аюулыг гэтлэх хамгийн үр дүнтэй арга нь эрх зүйн тэгш байдлыг бүх нийтээр, алгачлалгүй хүлээн зөвшөөрөх явдал юм. «Шударга бус байдлыг онцын эсэргүүцэлгүй хүлээн авдаг хүмүүс шууд хохирогчид болж хувирдаг».
Улс төрийн тэгш байдлын тухай. Жам ёсны эрхийн үзэл санааг үгүйсгэж Бёрк иргэний нийгэмд төрсөн өнөөгийн хүмүүс хуулийн дор амьдрах, үйлдвэрлэлийн хэрэгсэл өмчлөх, хоол тэжээл олох, үр хүүхэдтай болох зэрэг тодорхой удамшигдсан эрхийг эзэмшдэг. Гэвч энэ бол хүн болгоныг адил тэгш болгоно гэсэн үг хараахан биш юм.
Энэхүү ерөнхий зарчмыг Бёрк нийгэм-улс төрийн харилцаанд дэлгэрүүлэн авч үзсэн байна. Үүнтэй холбоотойгоор төрийн эрх мэдлийн легитим чанарыг хангах үүднээс авилга, самуурал, дур зоргын тэгш байдал гэх ёс бус зарчмыг онолын хувьд боловсруулж, практик хэрэгжүүлэхийг чухалчлах болсон гэж Францыг шүүмжилжээ. Энэ нь эргээд хүний эрхэм чанар, нэр төр, уламжлалыг дайсагнан хандах байдлыг дэврээдэг байна. Ингэснээр нэр төрөө эрхэмлэгч хүн дордчлогдож явах нигуур буй.
Гэвч хэн хэргэм зэргээ эрхэмлэнэ, тэнд тэгш байдал орших үндэс үгүй. Аливаа нийгэм ямагт шатлан захирах шинж чанартай байх бөгөөд үүнийг сөрөх гэсэн оролдлого бүр таагүй үр нөлөө бий болгодог жамтай. Төр хэзээ ч энгийн дорд ардыг дарладаггүй. Гэхдээ хангалттай мэдлэг чадвар, туршлага байхгүй хүмүүс төрийг хэзээ ч удирдаж чаддаггүй байна. Төр улсыг жолоодогч улс хөнгөн хуумгай бодлоос ямагт ангид байх ёстой.
Гэхдээ үүнийг төрөхөөс эрх мэдэлтэй хүмүүс улс гэрийг толгойлдог хэмээн муйхарлан ойлгох хэрэггүй юм. Засаг баригч хүнд мэргэн ухааны зэрэгцээ буян заяа хослох учиртай. Ердийн хүмүүсийг сонгуульд өрсөлдүүлэх замаар засаг төрийн эрхийг тэдэнд даатгах нь хамгийн нүгэлт үйл болно. Төр улсыг тохиолдлын хүн юм уу хүмүүсийн бүлэг удирдах ёсгүй: засаг баригч хүн нэг бүр өөрийн юу хийж байгаа болон хийхийг хүсч байгаагаа мэддэг байх ёстой.
Төрийн тухай сургаал. Жам ёсны эрх зөвхөн төргүй, нийгэмгүй байгалийн байдалд хэрэгжих бололцоотой. Иргэний нийгэмд нэгдсэн хүмүүс төрийн ашиг тусад нийцүүлж өөрийн жам ёсны эрхээс татгалзах бөгөөд хууль ёсыг хүлээн зөвшөөрөх болдог. Тийм ч учраас төр улс болон нийгэм энгийн иргэдээс хүсэл сонирхлоо хазаарлан номхтгож, шунаг, тачаалаа тогтоон барихыг шаардах эрхтэй байдаг. гэвч бүхнийг айдсын буулгаар нухчин дарж, өөрийн хүсэл зоргийг тулган хүлээлгэх чадвар бүхий засаг байсан цагт л энэ бүхэн бололцоотой юм. Энэ утгаараа хязгаарлалт гэдэг нь эрх чөлөөний нэгэн адил хүний эрхэд хамаардаг байна.
Төр улс гэгч «зөвхөн амьд биетийг жандаглан захирах нэг субьекийн хуваарьгүй ноёрхол», дээд журмын гэрээ болно. Үүнийг амин хувийг олз ашиг эрэлхийлсэн худалдаачны бүлгэмтэй андуурч болохгүй юм. Нийгмийн гэрээ нь шинжлэх ухаан, урлаг, сайн үйлс гэх мэт бүхий төрөлд хамтран амьдрахыг шаардана.
Энэ зорилгод олон үеийн хүний хүчин чармайлтын үр дүнд хүрдэг байна.
Хамгийн сайн засаглалын хэлбэрийг эзэн хааны, язгууртны, ардын гэх гурван засгийн бүрдлийг агуулсан Англи хэв шинжийг үндсэн хуульт хаант засаг мөн гэж Бёрк үзжээ. «Жам ёсны язгууртан» (Пэр, тайж нар, чинээлэг иргэд, худалдаачид, боловсролтой иргэд) — гэгч ард түмний хатуу дарангуйлал бий болгохоос зайлхийхын зэрэгцээ эзэн хааны дарангуйллыг сөрөх хүчирхэг арга хэрэгсэл юм. Хөрөнгө чинээний хувьд язгууртны хэмжээнд хүрсэн хэрнээ боловсрол, нэр төрийн хувьд бойжоогүй хөрөнгөтөн анги нийгмийн гүнд бүрэлдэж, олон олон урхагт үйл эрхлүүлсэн нь Францад хувьгал дэгдэхэд хүргэсэн болохыг Бёрк онцолсон байна.
Дарангуйлал яагаад бий болдог, эрх чөлөө гэж юу болохыг бүрэн гүйцэд ойлгож чадаагүй хөрсөн дээр хувьсгал хийхийг оролдсон нь Францын хувьсгалын үндсэн дутагдал болохыг Бёрк дурдсан байна.
«Цэвэр ардчилал» гэж хэзээ ч байдаггүй бөгөөд энэ дэлхий дээрх «хамгийн хуурмаг зүйл» болно.  Түүний гол аюул нь олонхийн дарангуйлал юм. Хамгийн гол нь, иргэн бүрт хэрэгтэй засаглалын легитим чанарыг хангаж чаддаггүй нь түүний үндсэн дутагдал болно. Тодорхой нөхцөл бүрдвэл ардчилал тогтож болно. Бёрк хэзээ ч ардчиллын эсрэг байгаагүй юм.
Нийгмийг удирдан чиглүүлж буй засгийн газар ямар ч байж болно. Нийгмийн олон янзын давхарга, түүнийг төлөөлөх хүмүүсийн эрх ашгийг бодолцсон, ашиг сонирхлыг нь тэгш хэмтэйгээр төлөөлсөн нөхцөлд аливаа удирдлагын үйл явцад оночтой шинж илрэн гардаг. Гэвч удирдлагын хэрэгжүүлж буй хүн бүрийн хүсэл сонирхол харилцан адилгүй гэдгийг бодолцох хэрэгтэй. Чухам үүнд л улс төрийн үйл хэрэгт амжилт олохын баталгаа оршино. Энэ бол улс төрийн удирдлагын гавьяа бус, хэм хэмжээ, үүрэг юм (Р. А. Бурханов & В. Н. Руденкин, 2009).

Орчуулгын эх сурвалж

Р. А. Бурханов, & В. Н. Руденкин. (2009). История политических учений от Античности до Нового Времени: Краткий конспект лекций (2-е изд. ed.). Нижневартовск: Изд-во Нижневарт. гуманит. ун-та.

МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn

No comments:

Post a Comment