Monday, March 19, 2018

САМУЭЛ ХАНТИНГТОН "АРДЧИЛАХ ҮЙЛ ЯВЦЫН ИРЭЭДҮЙ: ТҮРЭЛТЭЭС БЭХЖИЛТЭД"


ЗОХИОГЧИЙН ТУХАЙ УЛБАС
Нэгдсэн Улсын түүхэн дэх нөлөө бүхий улс төр судлаач, олон улсын харилцааны хайв онолчдын нэг нь Харвардын их сургуулийн Итон профессор Самуэл Филиппс Хантингтон (Samuel Phillips Huntington, 1927-2008 он) болно. Америкийн улс төр судлаач, социологич, нийтлэлч, соёл иргэншил хоорондын зөрчилдөөний онолыг хөгжүүлэгч тэрээр дэлхий дахинаа нэр нэндсэн цольд нэгэн байв.
Хантингтоны судалгааны үндсэн сонирхлын нэг нь ардчилал, ардчилах үйл явцын давалгааны онол юм. Энэ удаад уншигч авгай нарт 1995 онд олны хүртээл болгосон түүний “Ардчилах үйл явцын ирээдүй: түрэлтээс бэхжилтэд” өгүүллийн монгол орчуулгыг толилуулж байна. Хомс хүн зуурам утгачилсан аваас өршөөн хэлтлэхийг хүснэ. Ялдарт орчуулгын оночлол, утга санааны хаяадал, үгийн цуулбар зэрэгт ташаарсан бол otgonbayar.n@etugen.edu.mn цахим шуудангийн хаяг руу илгээмж явуулах, эсвээс Этүгэн их сургуулийн хичээлийн гуравдугаар байр 206 тоотод саатан морилж, санал, зөвлөмж хайрлаваас чээжний гүнээс талархах байна (Тайлбар чимж, утгачилсан: Этүгэн их сургуулийн нийтийн захиргаа, удирдлагын багш, улс төр судлаач, Удирдлагын Академийн докторант Нямаагийн Отгонбаяр).
АРДЧИЛАХ ҮЙЛ ЯВЦЫН ИРЭЭДҮЙ: ТҮРЭЛТЭЭС БЭХЖИЛТЭД
Ардчилал дэлхий дахинаа өргөжих болсон нь магадгүй, XX зууны зууны сүүлийн гучин жилд тохиосон улс төрийн хамгийн чухал үзэгдлийн нэг бизээ. Өмнөд Европт – Грек, Испани, Португалид үүссэн ардчилах үйл явцын давалгаа Кубаас бусад тэндэхийн бүх улсыг хамарчээ. Дараа нь Азийн хэсэгт шилжиж, Филиппин, Тайвань, Өмнөд Солонгос, Пакистан, Бангладешид авторитари дэглэмийг ардчилсан сонгуульт засгийн газруудаар сольсон байна. 1989 он гэхэд ардчилах үйл явцын уг давалгаа Дорнод Европыг, хоёрхон жилийн дараа ЗХУ-ыг нөмөрсөн юм. Сонгуульт удирдагчдаар хуучин ЗХУ-ын бараг бүх бүгд найрамдах улсын коммунист дарга нар солигдов. Ардчилах үйл явц Иемен, Иордан гэх мэт Ойрх Дорнодын орнуудад хүртэл сонгуулийн үйл явц эрчимжихэд хүргэсэн байна. Африкт олон дарангуйлагчид ардчилсан үйл явцын үр шимээр засаг төрийн эрхнээс зайлуулагдлаа. Тэр бүү хэл ардчилах үйл явцад хамрагдах боломж хомс гэж үзэж байсан орнуудад хүртэл бий болжээ. Үнэндээ 90-ээд оны эхээр ардчилсан сонгуульт засгийн газар Албан, Монгол, Балба, Бенины засаг төрийн эрхэнд гарна гэдгийг хэн тааварлаж чадахаар байсан юм бэ? Дэлхий дахинаа цэргийн хунт, дарангуйлсан болон нэг намт тогтолцоо ардчилсан засгийн газруудад шахагдаж байна. Нью-Йорк хотноо байрлах Freedom House байгууллага дэлхий дахины эрх чөлөөний байдалд жил бүр үнэлэлт өгч нийтэлдэг. 1972 онд 42 эрх чөлөөтэй орон байгааг гаргасан бол 1992 онд тэдгээрийн тоо 75 болтлоо өсжээ.
Дэлхий дахинаа ардчилал өрнүүн хөгжиж буй дээрх үйл явцыг ажиглахад хоёр зүйл илэрхий харагдаж байна.
Нэгдүгээрт, ардчилал тэгш бус байдал, авилга, үр ашиг муутай, шударга бус, ёс зүйгүй шийдвэр гаргах үйл явцаас ангид байх албагүй. Гэвч хувь хүний эрх чөлөөг баталгаажуулж, хүний эрх чөлөө, эрхэм чанарыг нийтээр зөрчих явдлаас хамгаалах институционал нөхцөлийг бий болгодог байна. Ардчилал гэдэг нь дарангуйллыг сөрөх арга хэрэгсэл бөгөөд энэ ч утгаараа хүмүүст нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх боломж олгодог байна.
Хоёрдугаарт, дэлхий дахинаа ардчилал хөгжих болсноор улс орнуудын дунд дайн дэгдэх боломжийг хумьсан байна. Шинэ үеийн түүхийн нэгэн онцлог шинж нь XIX зууны эхээр АНУ-д өнөөгийн ардчилал тогтсон цагаас эхлэн багахан тохиолдлыг эс тооцвол ардчилсан орнуудын дунд дайн бараг гараагүй явдал юм. Энэ нь ч ойлгомжтой. Хэрэв энэ асуудлыг зөв гэж үзвэл дэлхий дахинаа ардчилсан засгийн газруудын тоо өсөхийн хэрээр дайн гарах нөхцөл хумигдах учиртай.
1974 оноос хойш ардчилал хөгжсөнөөр бид бүх нийтийг хамарсан ардчилсан өөрчлөлтийн эрин үед амьдарч байна гэх төсөөлөл үүсэхэд хүргэжээ. Олонх хүмүүс ардчилал хөгжиж дэлхий дахинаа ялалт байгуулна хэмээн төсөөлж байв. Энэ үзэл санаа ялангуяа Дорнод Европт коммунизм унаснаар улам бүр батажсан юм. “Ардчилал ялалт байгууллаа” хэмээн нэгэн судлаач тунхаглаж байв. Бусад нь түүнийг “ирээдүйн давалгаа” хэмээн үзэж “ардчилал даяарчлагдаж буйд” сэтгэл хангалуун байлаа. Фрэнк Фукуяма өөрийн олонд алдаршсан нэгэн өгүүлэлдээ “түүх төгсөж”, “хүн төрөлхтний улс төрийн байгууллын сүүлчийн хэлбэр болохын хувьд либерал ардчилал түгээмэлжиж буй” тухай дурджээ. Куба, Бирм, Хойд Солонгос зэрэг деспотизмийн сүүлчийн тулгуур газрууд бүх нийтийг хамарсан ардчилах үйл явцын нөлөөгөөр уналтад орох нь зөвхөн цаг хугацааны асуудал болжээ.
Гэвч энэ мэт өөдрөг санааг хүлээн зөвшөөрөх боломжтой юу? Ардчиллын ялалтын марш сүүлийн хорин жилд үргэлжилсэн шигээ явагдана гэх найдвар байна уу? Би үүнд эргэлзэж байна. Үнэндээ зарим талаар гутрангуй үзлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гутрангуй таамаглалын нэг давуу тал нь та алдаж, оносон байж болдогт оршино. Арван жилийн өмнө миний бие ардчилал Өрнөдийн хаа нэгтээ, магадгүй, Латин Америкт хөгжинө гэж үзэж байлаа. Сүүлийн арван жилийн үйл явцаас харахад миний бие алдсан байх бөгөөд би үүндээ ч баяртай байна. Магадгүй, үйл явцын өрнөл одоогийн миний дүгнэлт буруу болохыг харуулж болно. Тийм байгаасай хэмээн найдна. Гэвч ардчилах үйл явцын өнөөгийн давалгаа оргилдоо хүрч, зарим талаар ухралтын байдалд орлоо гэх ноцтой үндэслэлүүд байна. 70-аад оны дунд үеэс Иберийн хойгт үүсч, 40 орчим улсыг хамарч өрнөсөн ардчилах үйл явцын сүүлчийн давалгаа түрэлтээс бэхжилтийн шатандаа шилжиж байна. Энэ бол өгүүлэлдээ дурдахыг хүссэн миний гол санаа юм.
Үйл явдал яагаад өөрөөр бус, ингэж өрнөх ёстой гэж вэ?
Нэгдүгээрт, ардчилах үйл явцад тодорхой эдийн засаг, соёлын хүчин зүйл таатай орчин бүрдүүлдэг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Тэдгээрт харьцангуй өндөр түвшний эдийн засгийн хөгжил, Өрнөдийн соёл, түүний үнэт зүйлийг эзэмшсэн байдал орно. Өнөөдрийн байдлаар дундаж болон дундажаас дээгүүр орлогтой Сингапураас бусад бүх улс дэглэмийн хувьд ардчилсан байна. Куба болон цөөн хэдэн орныг эс тооцвол Өрнөдийн юм уу түүний хүчтэй нөлөөн дор шалгарсан бүх улс ардчилсан төрийн байгуулалтай байна. Харин дээр дурдсан нөхцөл сул орнуудад ардчилах үйл явц үүсч чадахгүй байна. Энэ нь ядуу, эсвэл өөрийн соёлын хувьд Өрнөдийн бус нийгэм байна. Freedom House байгууллагын тайланд “эрх чөлөөтэй” хэмээн ангилагдсан 75 улс байгаагаас ердөө тав нь Азид (Япон, Өмнөд Солонгос, Монгол, Балба, Бангладеш), хоёр нь Исламын ертөнцөд (Бангладеш, Хойд Кипрын Туркийн Бүгд Найрамдах Улс), гурав нь Христос суртлын дорнод хэсэгт (Грек, Болгар, Кипрын Бүгд Найрамдах Улс) оршиж буйгаас үүнийг харж болох байна. Балтийн орнуудаас гадна ЗХУ-ын задралаар үүссэн нэг ч улс эрх чөлөөтэй гэсэн ангилалд ороогүй байна. Ийнхүү өнөөгийн байдлаар ардчилал Төв болон Зүүн Европ, Хойд, Өмнөд Америк, Азийн хязгаарт ноёрхож байна. Хуучин ЗХУ-ын ихэнх хэсэг, Хятад, Өмнөд Азийн өргөн уудам газар нутаг, Арабын ертөнц, Иран, Африкийн олон улсад ардчилал тогтож чадсангүй. Эдгээр бүс нутагт ардчилал тогтох боломжтой юу? Бүгд эдийн засаг, соёлын цогц хүчин зүйлээс хамаарна.
Хэрэв ЗХУ-ын бүгд найрамдах улсаар жишээ болгож авч үзвэл эдийн засгийн харьцангуй өндөр хөгжилтэй протестант-католиг Балтийн орнуудад ардчилал тогтох боломжтой юм. Ядуу буурай Кавказын юм уу Исламын шашинт Төв Азийн орнуудад ардчиллын ирээдүй туйлын бүрхэг байна. Соёлын хувьд үнэн алдартны, эдийн засгийн хувьд завсарын бүгд найрамдах улсуудад байдал тодорхойгүй байна. Орос улсад хуучин коммунист бүлэглэлээр цөмөө хийсэн ардчиллыг эсэргүүцэгчид 1991 оны наймдугаар сарын амжилт муутай төрийн эргэлт, хоёр сарын дараах Ельцины Зөвлөлт маягийн хууль тогтоохын хурлын таралтын дараа ялагдал хүлээсэн байдаг.  Гэвч Ельцин ялалт байгуулж чаджээ. Дараа нь Жириновский ч ялалт байгуулсан юм. Ельцин Орос улсыг шинэчлэхийн тулд I Петрийн жишгээр олон зүйл хийсэн. Ельцины Орос ардчилсан болж ч болно, болохгүй ч байж болно. Орос улсад үүсч буй зүйл хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсууд, Монгол, Зүүн Европын орнуудад асар хүчтэй нөлөөлөл үзүүлдэг. Тийм ч учраас Өрнөд болон АНУ-ын гадаад бодлогын чухал чиглүүр нь Орос улсад ардчиллыг хөгжүүлж, бэхжүүлэх явдал юм.
Сүүлийн арван жилд Хятад улсад эдийн засгийн хурдацтай өсөлт ажиглагдаж байна. Улс оронд, ялангуяа түүний өмнөд хэсэгт хүчирхэг хувийн хэвшил хүч түрж, үүнийгээ дагаад хөрөнгөтний давхарга бүрэлдэж дунд анги үүсвэрлэж байна. Алс хэтдээ эдгээр бүлэг улс оронд улс төрийн нээлттэй байдал, олон ургальч үзэл санаа, тэр бүү хэл ардчиллыг ч нэвтрүүлж болох юм. Гэвч энэ чиглэл дэх алхам хурдан, хялбар байхгүй нь ойлгомжтой. Тариачид урьдын адил Хятадын хүн амын үлэмж хэсгийг эзэлсэн хэвээр байна. Күнзийн үнэт зүйл хүчтэй байр суурьтай хэвээр байна. Улс орны улс төрийн удирдлага Өрнөдийн ардчилал, хүний эрхийн зарчимд нээлттэй хандаж байгаа ч авторитари улс төрийн тогтолцооноос татгалзах бодолгүй байна. Эдийн засгийн эрчимтэй өсөлт энэ эрчээр үргэлжилж болох ч улс орныг ардчилахад улс төрийн болон соёлын хүчин зүйл саад болсоор байна. Үүнээс гадна, алс хэтдээ ч, ойрдоо ч Орос улсад ардчиллын ирээдүй бүрхэг байна. Үүний нэгэн адил Хятадад ардчилал ойрын хугацаанд таагүй байж болох ч алс хэтдээ тайтай болох нөхцөл үүсч болох магадлалтай. Хятадын жишгээр Азийн бусад ардчилсан бус орнуудын тухай ч ярьж болох юм.
Исламын Ойрх, Дундад Дорнодод ардчилах үйл явцын ядмагхан үр хөврөлийг фундаменталист бүлэглэлүүд ашиглаж, Алжир, Тунис, Египетэд залхаан цээрлүүлэх бодлого хүчээ авч байна. Хэдийгээр 1993 оны Иорданы сонгуулийн үйл явц дахь оролцоо улс орныг удирдахад бүх бүлэглэл бэлэн байгааг харуулсан ч исламын фундаменталист бүлэглэлийг л засаг төрийн эрхэнд гаргаж байвал эдгээр орны удирдагчид ардчиллын ямар ч хэлбэрийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна (Ташрамд дурдахад Энэтхэгийн фундаменталист бүлэглэлүүд сонгогчдод нөлөөлөх чадвараа алдаж засаг төрийн эрхнээс бууж байна). Эцэст нь, ардчилах үйл явц Африк тивд үүсвэрлэж байна. Энэ тивийн ихэнх улсад овог, аймгийн явцуу холбоон дээр суурилсан хатуу дарангуйлал, цэргийн дэглэмүүд оршин байна. Ардчиллын талд өнөөг хүртэл найдвар төдийлөн төрүүлэхгүй байгаа эдийн засгийн нөхцөл байдал, олон эмгэнэлт үйл явцаар өрнөж буй христжих үйл явц үйлчилж байна. Улс төрийн хувьд Өмнөд Африкийн Үндэсний Конгрессийн ухаалаг удирдлага, урьд нь арьс өнгөөр ялгаварлах бодлого барьж байгаад саяхнаас Өрнөдийн либерал ардчилсан үнэт зүйлийг дэмжих болсон цагаан арьст цөөнх бүхий эдийн засгийн харьцангуй өндөр хөгжилтэй Өмнөд Африкт л ардчиллын ирээдүй тааламжтай байна.
Дээр дурдсан бүх дүгнэлт ардчилал зөвхөн Өрнөдийн орнуудад хөгждөггүй гэдгийг харуулж байна. Мэдээж хэрэг, тийм биш, гэхдээ Турк мэтийн багахан тохиолдлыг эс тооцвол Өрнөдийн бус нийгэм дэх ардчиллын хөгжил нь Өрнөдийн нөлөөлөл, Өрнөдийн колончлох бодлого, эсвэл Өрнөдийн гүрнүүдийн цэргийн түрэмгийллийн үр дүн болж байна. Орчин үеийн ардчилал протестант соёлын бүтээгдэхүүн болж бүрэлдсэн. Нэлээд хожуу католиг шүтлэгт орнуудад үүссэн бөгөөд 70, 80-аад оны үед хамгийн түрүүнд, ардчиллын өнөөгийн давалгаанд хамрагдсан. Эдгээр орнуудын ардчилалд шилжих шилжилтэд ноёрхогч соёлыг өөрчлөхөд хүргэсэн 50, 60-аад оны эдийн засгийн хөгжлийн амжилт, католиг сүм хийдийн байр суурь нөлөөлсөн байна. Магадгүй, Испанид бий болно гэж хэн ч хэзээ ч харж байгаагүй бизээ. Миний бие 1950-аад онд Испаны соёл үндсэндээ уламжлалт, корпоратив, авторитари, этатист, либерализмын эсрэг шинж чанартай байсан гээд хэлчихэд алдахгүй болов уу гэж бодно. 60-аад оны үед Лаурэно Лопэс Родо нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2000 ам долларт хүрэхэд Испани ардчилсан улс болно хэмээн хэлсэн байдаг. Энэ ч ёсоор болж, аж үйлдвэржилт, хотжилт, дунд ангийн өсөлт, дэлхийн эдийн засагт нэгдэн орсон зэрэг 1975 оны эдийн засгийн хөгжил нь Испаны соёлыг үлэмж хэмжээгээр өөрчилж, Өрнөд Европын ардчилсан орнуудтай адил болгосон байна.
Эндээс үзэхэд эдийн засгийн хөгжил улс орнуудын соёлыг ардчилалд таатай болгож хувиргадаг байна. Хэрэв энэ асуудлыг зүйтэй гэж үзвэл эдийн засгийн хөгжил нь исламын, буддын, күнзийн, үнэн алдартны нийгэмд үлэмжхэн нөлөөлөл үзүүлэх учиртай. Гэвч Зүүн Азийг эс тооцвол Өрнөдийн бус ертөнцийн эдийн засаг хөгжлөөр хоцорч, ардчиллын шилжилтэд олон жил тарчилахаар байна. Ардчилах үйл явцын өнөөгийн давалгаа эдийн засгийн өндөр хөгжилтэй, Өрнөдийн үнэт зүйлийг хүлээн зөвшөөрсөн орнуудад ардчиллыг хөгжүүлэх чухал зорилтоо хэрэгжүүллээ. Ардчиллыг цаашид бататгах бэхжүүлэх гэсэн аливаа оролдлого эдийн засгийн юм уу соёлын шинжтэй томоохон саадтай учирч байна.
Ардчиллын түрэлтэд саад бологч өөр нэг хүчин зүйл нь түүхийн диалектик шинж чанарт оршино. Ямар нэгэн чиглэлд хөдөлж буй хөдөлгөөн эцсийн эцэст эрчим хүчээ алдаж, сөрөг хандлагыг бий болгож байдаг. Ийм байдал ардчилах үйл явцад ч үүсч байна. 1974 онд эхэлсэн өнөөгийн давалгаа түүхэн дэх гурав дахь давалгаа юм. Эхнийх нь АНУ-д XIX зууны эхээр үүсвэрлэж, дэлхийн нэгдүгээр дайны дараахан оргилдоо хүрсэн. Дэлхий дахинаа 32 ардчилсан улс бий болсон байна. 1922 онд Ром руу хийсэн Муссолинигийн марш ухралтын давалгааны эхлэл болсон бөгөөд 1942 он гэхэд дэлхий дээр ердөө 12 ардчилсан улс үлдсэн байв. Ардчилах үйл явцын хоёр дахь давалгаа дэлхийн хоёрдугаар дайны дараагаас эхэлж 60-аад он хүртэл үргэлжилсэн. Түүнийг ухралтын хөдөлгөөн халж, 1973 он гэхэд өмнөх арван жилээсээ (36) бага тооны ардчилсан засгийн газар (30) үлдсэн. Энэ өнцөгөөс авч үзвэл ойрын жилүүдэд гурав дахь ухралтын давалгаа бий болно. Бий болчихсон гэх үндэслэл ч байна. Судан, Нигер, Гаити, Перу улс ардчилалд шилжсэн ч удалгүй дарангуйлсан дэглэм рүү эргэн орсон. 1992 онд арав гаруй жилийн түүхэндээ анх удаа Freedom House эрх чөлөөт орнуудын тоо өссөн талаар мэдээлж чадсангүй. 1993 оны тайланд “эрх чөлөө ухарлаа” хэмээн тэмдэглэсэн байдаг. уг байгууллагын тооцоогоор ардчилсан нийгэмд амьдарч буй хүмүүсийн тоо 300 саяд хүрсэн бол эрх чөлөөгүй нийгэмд амьдрагчдын тоо 530 саяаар өссөн байна. 42 улсад эрх чөлөөний түвшин унаж, ердөө 19 улсад өсжээ. Өнөөдөр дэлхийн нийт хүн амын ердөө 19% нь эрх чөлөөт нийгэмд амьдарч байна. Энэ бол 1976 оноос хойших хамгийн бага тоо юм.
1974 оноос хойших ардчиллын түрэлтийг ардчилсан хүчнүүд улс орнуудыг ээлж дараалан чөлөөлөх цэргийн кампанит ажилтай зүйрлэж болох юм. Гэвч хэтэрхий их урагш давшбал сөрөг довтолгоонд эмзэг болдогийг ямар ч жанжин мэддэг шүү дээ. Энэ тохиолдолд байлдааны ажиллагаа хариу цохилтод амархан өртдөг. 1944 оны Франц дахь холбоотны давшилт зэрэг үр дүнтэй байлдааны ажиллагааны үед ч эзэлсэн нутагтаа бэхжих, дахин бүлэглэх зорилгоор ухралт хийх жишээтэй. Ардчилах үйл явцын гурав дахь давалгаа энэ үедээ орсон мэт санагдана.
Өмнөд Европыг эс тооцвол шинээр сэргээн тогтоосон орнууд дахь ардчиллын ирээдүй бүрхэг байна. Латин Америк дахь нөхцөл байдлын талаарх өргөн хүрээтэй тоймоо дуусгах явцдаа доктор Лэрри Даймонд “ухралт нь ололт амжилттайгаа зэрэгцэн ирэх, зарим тохиолдолд даван гарах үед ардчилалд шилжих үйл явц бүс нутгийн хэмжээнд бүхэлдээ зогсонги байдалд ордог” гэжээ. Freedom House байгууллагын 1993 оны тайланд Латин Америкийн зургаан улсыг “эрх чөлөөт” хэмээн ангилсан байна. Куба, Гаити улсыг “эрх чөлөөгүй”, үлдсэн арван улсыг “хагас эрх чөлөөтэй” гэжээ. Сүүлийн бүлэгт багтах ихэнх улсын засгийн газар сонгуулийн үйл явцаар засаг төрийн эрхэнд гарсан ч сонгууль шударга явагдсан нь туйлын эргэлзээтэй.  Перу, Венесуэл, Гватемал, Гаитид төрийн эргэлт хийгдэх оролдлого гарсан. Бразили, Чилээс Гватемал, Сальвадор хүртэлх олон улсад цэргийнхэн улс төрийн талбарт нөлөө бүхий хүч хэвээр байна. Тивийн хэмжээнд авилга аюулын харанга дэлдэх болсон бөгөөд үүний нэг илрэл нь Венесуэл, Бразили улсын ерөнхийлөгч нарт үзүүлсэн импичмэнт, Аргентины ерөнхийлөгчид хандсан авилгын хэрэг болно.
Орчин нөхцөлтэй холбоотойгоор хүмүүсийн амьдралын талаарх төсөөлөл өөрчлөгдөхөд ардчиллаас ухрах магадлал төдий хэрээр нэмэгддэг. Хүмүүс хатуу, дарангуй засгийн буулга дор тарчилахын цагт уг дэглэмийг түлхэн унагах нь гол зорилго болдог. Гэвч үүнийг хийсний дараа үзэл бодол эрс өөрчлөгдөх жишээтэй. Хүний эрх, эрх чөлөөний оронд хууль ёс, дэг журам, эд материалын хангалуун байдал чухалчлагдах болно. Гэвч ардчилал дарангуйллаас дээр үү гэдэг асуудал тодорхойгүй хэвээр үлдлээ. Албэрто Фужимори Перуд ардчиллыг булшилсан боловч үүнтэй зэрэгцээд эдийн засгийн шинэчлэл эхлүүлэн “Сэндэро Луминосо”-г дарж, хууль ёс, дэг журмыг сэргээх тал дээр чухал алхам хийсэн байна. 1993 онд Перугийн эдийн засаг 7%-д хүрсэн нь Латин Америктаа хамгийн өндөр үзүүлэлт байв. Аргентинид ерөнхийлөгч Карлос Менем адилхан авторитари арга хэрэглэсний үр дүнд эдийн засгийн салбарт тодорхой үр дүнд хүрчээ. Үүний үр дүнд Фужиморо, Менем нар олон нийтийн санаа бодлын шүүлтүүрт хамгийн өндөр нэр хүндтэй болжээ. Ардчилал, эрх чөлөөг олж авсан оронд хүмүүсийн эрмэлзэл өөрчлөгдөж, эдийн засгийн баялаг, аюулгүй байдалд анхаарч эхэлдэг байна.
Зүүн Европ, хуучин ЗХУ-д нөхцөл байдал найдваргүй байна. Цөөнхийг угсаатны олонх дарах, эрхийг нь зөрчих үзэгдэл байсаар байна. Арьс өнгөөр ялгаварлах, цыгануудыг хавчих явдал хэрээс хэтэрчээ. Зарим улс оронд коммунист бүтэц урьдын адил хүчтэй хэвээр байна. Хэвлэлийн эрх чөлөөг боогдуулах тохиолдол байсаар байна. Зурагт, радио засгийн газрын хатуу хяналтад орохын зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дарамт үзүүлэх, редакторыг нь хөнөөх тохиолдол байна. Хүмүүс авторитари үеийн хатуу хууль цаазыг санагалзах тохиолдол нь бүр ихэсчээ. Румын болон бусад оронд хүн амын олонх нь коммунизмын жилүүдэд, тэр дундаа Чаушшескийн үед сайхан амьдарч байсан гэснийг социологийн судалгаа харуулж байна. Гүрж дэх Гамсахүрди мэтийн удирдагч нар харгис дарангуйлагч болж Борис Ельцин мэт нь авторитар арга барилыг зуршил болгожээ.
Латин Америкийн нэгэн адил Зүүн Европт шинэ ардчилсан засгийн газрууд гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх, авторитар дэглэмийн хуучин удирдагчидтай хэрхэн харилцах зэрэг хүндхэн асуудалтай тулгарч байна. Хэрэв ямар нэгэн удирдагч хүрээлээгүй л бол энд улс төрийн нам жижиг байх нь ёс мэт болжээ. Хоёр бүс нутгийн ихэнх засгийн газрын өмнө эдийн засгийн зогсонги байдлын үед өргөн хүрээтэй эдийн засгийн шинэтгэлийн бодлого авч хэрэгжүүлэх хүндхэн сорилт тулгарч байна. Аргентин, Польш мэтийн зарим нэг тохиолдолд амжилт олсон байхад бусад оронд шинэчлэл удааширч, эдийн засгийн хүндрэл өсөн нэмэгдэхийн хэрээр инфляци, ажилгүйдэл, ядуурал бүх нийтэй шинжтэй болж хувирав.
Тэрчлэн бидний нүдэн дээр хоёр зүйл илэрхий харагдаж байна. Нэгдүгээрт, Өрнөдийн бус, ядуу улс оронд ардчиллын замд учирах саад их байна. Хоёрдугаарт, хямрал биш гээд хэлчихвэл шинээр ардчилалд шилжсэн орнуудад хүндрэлтэй асуудал түгээмэл байна. Эндээс дүгнэн бид бүхэн ардчилалд шилжиж буй орон юунд анхаарах ёстойг гаргаж болох юм. Юуны түрүүнд, ардчилах үйл явцад бүрэн шилжээгүй гол орнуудад уг үйл явцыг дуусгахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Эдгээрийн дотроос Орос, Мексик, Өмнөд Африкийг онцлон нэрлэмээр байна. Гэхдээ сүүлийн арван жилд амжилттай шилжилт хийсэн Латин Америк, Зүүн Европ, Зүүн Азийн улсуудад ардчиллыг бэхжүүлэх асуудал багагүй ач холбогдолтой юм. Эсрэгээр, Күнз, Ислам, Африкийн нийгмүүдэд ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт соёл, эдийн засгийн шинжтэй томоохон саадтай тулгарах бөгөөд бага үр ашигтай мэт санагдана. Ардчиллын түрэлт бус, бэхжилт хэлэлцэх асуудал болжээ.
Шинээр сэргээн тогтоосон ардчиллыг бэхжүүлэхийн тулд сүсэг бишрэлд хүлээцтэй хандах, хууль ёсыг дээдлэх, цэргийнхэн болон хуучин коммунист удирдагчдын оролцоог хумих, хуучин дэглэмийн удирдлагатай хэрхэн харилцах гээд олон чиглэлд шийдвэртэй ажиллахыг шаардаж байна. Миний бие шинээр ардчиллыг сэргээн тогтоосон орнуудад гарцаагүй хийвэл болохгүй хэрнээ туршлага нимгэн хоёр асуудлыг хөндөхийг хүсч байна.
Юуны түрүүнд, улс төрийн институтыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Улс төрийн институтын тогтолцоо нь эрх мэдлийн аль нэг салбарт хэт төвлөрөл явагдахгүй байх, үр дүнтэй, хариуцлагатай шийдвэр гаргах үйл явцыг хангах, хямралт нөхцөлийн магадлал, хэт тусгаарлах хандлагыг бууруулах хэлбэрээр төлөвшсөн байх ёстой. Эдгээр шаардлага нь өөр хоорондоо зөрчилдөх тохиолдол байх бөгөөд нийгмийн тодорхой нөхцөлөөс шууд хамаарч байдаг. гэвч институционал байгууллын ерөнхий зүй тогтол гэж байхгүй хэрнээ ямар ч үед зайлсхийж үл чадах түгээмэл алдаа гэж байх юм. Сүүлийн үеийн туршлагыг нэгтгэн дүгнэж үзвэл үндсэн хууль боловсруулагчид болон институт бүтээгчдийн хувьд зөвлөмж боловсруулж болох байна.
Нэгдүгээрт, хэтэрхий хувь тэнцүүлсэн төлөөллийн хэлбэрээс зайлсхийх хэрэгтэй. Энэ нь хууль тогтоох хуралдаа 29 намын төлөөлөлтэй хэрнээ нэг ч нам нь сонгогчдын 13 хувийн санал аваагүй Польш шиг аюултай бутралд хүргэж болох талтай. Польшууд энэ тогтолцоог германы загвараар шинэтгэж, хууль тогтоох хурлын төлөөлөлд 5%-ийг квот тогтоосон бөгөөд ингэснээр улс намуудын тоог 6 хүртэл бууруулж чаджээ. (…) (Хантингтон, 1995, хуудсд. 87-92).

Орчуулгын эх сурвалж

Хантингтон, С. (1995). Будущее демократического процесса: от экспансии к консолидации. Мировая экономика и международные отношения, №10.


ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn

No comments:

Post a Comment