Tuesday, March 27, 2018

ХЯТАДЫН ШИНЭТГЭЛИЙН ЭЦЭГ ГЭГДЭХ КАН ЮВЭЙ: УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Хан үндэстний Мин улсыг мөхөөж, Чин төрийг үүсгэн байгуулсан Манж нар арга, залиар дотоод, гадаад олон улсыг хураан эрхшээж нэгэн үе тэнгэрт дуурсах их алдрыг босгож чадсан ч түүхийн нэгэн шоглоом төдий хоцорч улсын үндсээ алдан олон гүрний “их тоглоом”-ын бай болов. Гүбчи элгиенгэ буюу Түгээмэл элбэгт хааны үеэс их улсын нэр хоосон төдий цуурайтаж, Бүрэн засагч, Бадаргуулт хаадын үед зальхай сайд улсыг самууруулж, ёсгүй жүнхэн төр эзэгнэсээр улс гэр доройтоход хүрчээ. Чин улсын энэ мэт гутамшигт байдлыг эрдэмтэн, мэргэд шүүн хэлэлцэж, улс гэрт шинэтгэл, өөрчлөлт ус, агаар мэт нэн шаардлагатай болсныг ухааран сэхээрч байв. Ийм цолгорсон хүмүүсийн нэг нь Хятадын их бичгийн хүн, гүн ухаантан, уран бичлэгтэн Кан Ювэй болно.
Чухамдаа бол Чин улсаа мөхлийн аюулаас гэтэлгэн, их сүр шингээхийн тулд шинэтгэлийн хөдөлгөөн гэгчийг санаачлан, Хятад улсын үндэсний үзэл санааг тугчлан хөгжүүлсэн гавьяатан болно. Дайчин улсын Бадаргуулт хаан сайшаан тэтгэж байсан ч ёсгүй жүнхэн улсын үндсийг самууруулж, шинэтгэлийн хөдөлгөөн 100 хоног үргэлжилсэн гэдэг. Гэвч Кан Ювэй Чин улсыг мөхөөсний сүүлээр 1917 онд Дундад Иргэн Улсад үндсэн хуульт хаант засаг тогтооход идэвхийлэн оролцсон байдаг.
Кан Ювэй 1858 оны гуравдугаар сарын 19 нд 13 дахь үеийн мэргэдийн гэр бүл гэгдэх язгууртан айлд Гаундун мужийн Наньхай хошуунд мэндэлжээ. Түүний дээд өвөг Кан Заньсю Тан улсын Сюань-зюнь хааны дэргэд зюйжэнь хэргэмтэн байсан бол эцэг Кан Дачү нь Зянси мужийн нэг хошууны засаг баригч байв. Бага наснаасаа Кан авгай Күнзийн уламжлалаар хүмүүжиж эрдэм ухаанд суралцсан байна. 1879 онд Хонконгт очиж өөрийгөө Өрнөдийн соёлд нээжээ. 1882 онд Кан Бээжин хотноо хүрэлцэн очиж төрийн сянши шалгалтад орсон боловч тэнцсэнгүй. Шанхайгаар дамжин гэртээ Өрнө Дахины улс төрийн сургаал, хувьслын номлолыг шингээсэн олон тооны ном зохиол өвөртлөн хүрэлцэн иржээ. Энэ үед тэрээр Дундад Иргэн Улсад шинэтгэл шаардлагатай гэдгийг ухаарсан байна.  1888 онд Бээжин хотноо сянши шалгалтад дахин орж эзэн хаан Бадаргуултад бараалхан улсад шинэтгэл хэрэгтэй боловч дээдэс үл хэрэгсэж буй тухай айлтгажээ. 1895 онд Кан хойши шалгалтад тэнцэж, нэр алдар хол, ойр цуурайтав. Хичээнгүй зүтгэл гаргаж гурав дахь удаагаа оролдон шалтгалтад тэнцсэн тул эзэн хаанаас сайшаал соёрхол хүлээсэн байна. Лян Цичао авгайн хамт Бээжин хотдоо анхных болох «Чжунвай цзивэнь» гэх шинэчлэлийн үзэл санаа сурталчилсан сонин эрхлэх болжээ. Сүүлээр «Цянсюэхой» («Улсыг тэтгэх нийгэмлэг») гэдгийг байгуулсан байна. Герман улс 1897 онд Цянжоу буланг уулгалан эзлэх үеэр Кан Ювэй улс оронд шинэтгэл хэрэгтэйг сануулсан айлтгал дахин шийтгэн өргөжээ. Эзэн хаан ч сэтгэл оюунаа зориулж, шинэтгэлийн үйл хэргийг сонирхох болжээ. Ингээд Японы Мэйжийн шинэтгэлийн туршлага дээр тулгуурлан 1898 оны нэгдүгээр сард улсаа шинэтгэх төлөвлөгөө боловсруулсан байна. 1898 оны дөрөвдүгээр сард Лян Цичаогийн хамт Кан Ювэй «Баогохой» («Улсаа хамгаалах нийгэмлэг») гэдгийг байгуулсан байна. Тэр жилийнхээ зургаан сарын 16 нд эзэн хааны зуны ордонд хожмоо «Зуу хоногийн шинэчлэл» нэр авсан улсаа шинэтгэх төлөвлөгөөг өргөн мэдүүлсэн байна. Гэвч төр ёс гажуудуулсан Цыси шинэчлэлийн хөдөлгөөнийг эсэргүүцэж ялагдал хүлээсэн түүхтэй. Шинэтгэл бүтэлгүйтснээр эзэн хаан гэрийн хорионд орж, Кан авгайн ах Кан Гуанжэнь алагдсан байна. Кан Ювэй санваартан Тимоти Ричардын тусламжид түшиглэн Шанхайгаар дамжин Английн консулын газар амь зулбаж, Хонконг руу зугтжээ. Улмаар Хонконгоос Япон руу цагаачилж тэндээ эзэн хааны төлөөлөгч хэмээгдэн «Баохуанхой» («Эзэн хаанаа аврах нийгэмлэг») гэдгийг үүсгэн байгуулжээ. Уг байгууллагын гол зорилго нь гэгээрсэн хаант засгийн хүрээнд шинэтгэл авч хэрэгжүүлэхэд оршиж байв. Олон улсын зүгээс дэмжлэг хүлээхийн тулд АНУ, Канадаар дамжин Европ руу аялж, тэндэхийн эзэн хаадтай уулзсан байна. Мөн дэлхийгээр тархан суурьшсан хятад иргэдийг нэгтгэсэн олон улсын нам байгуулахыг оролджээ. Гадаадад байх 16 жилийн хугацаанд Мексик, Палестин, Турк улсын оролцуулан дэлхийн 30 гаруй улсаар аялсан байна. Шведэд олон жил амьдарчээ.
Гахай жилийн хувьсгалын дараа эх орондоо эргэн ирж, 1913 оноос «Бужэнь» («Хүлцэх хэрэггүй!») нэртэй сонин эрхлэн хэвлүүлэх болжээ. Эзэн хааны засгийг дэмжигчдийн тэргүүн болсоэ Кан Хятадад тогтсон бүгд найрамдах байгууллыг халж, Пу И-г дахин өргөмжлөх санаа хөгжүүлж байв. Дайчин гүрний итгэлт түшиг Хойд армийн генернал Жан Сюньтай хамтран 1917 онд хаант засгийг эргэн сэргээхийг оролдсон байна. Гэвч хэсэг хугацааны дараа ерөнхий сайд Даунь Чируйгаар толгойлуулсан армид ялагдал хүлээжээ.
Дараагийн жил нь Кан Пу И-г хаан ширээнд эргэн залж, үндсэн хуульт засаг тогтоох шаардлагатай хэмээн тунхаглах болжээ.
Их эрдэмтэн, бичгийн хүн Кан Ювэй 1927 онд 70 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Түүнийг бие барсны дараах хэсэг хугацаанд шарирыг нь Жаоршань уулын бэлд байрлах Лицун тосгонд нутаглуулсан байна. Гэвч 1945 онд Циндаод шилжүүлж, эсэргэн жилийн аравдугаар сард хүндэтгэлийн газар залжээ. Гэвч соёлын хувьсгалын жилүүдэд хаант засгийг хамгаалагч хэмээн сурталчилж, бунханг нь хөндөж, гудамжинд цацсан гэдэг. Гэвч цагийн аяс зөөлөрч 1985 оны арванхоёрдугаар сарын 27 нд Фушань уулнаа дахин хөдөөлүүлж, нэр төрийг нь сэргээжээ. Өнөөдөр төрийн тусгай хамгаалалтад авч соёлын өв хэмээн үзэх болжээ.
«Да тун шу»
Кан Ювэйн оюун санааны өвийг хураан дээжилсэн гол бүтээл нь «Да тун шу» («Их нэгдлийн туурвил») болно. Хайв сэтгэгч Күнз, Хэ Сю нарын зураглан үлдээсэн эрт үеэ сүслэх төгөлдөр нийгмийн үзлийг Кан авгай уламжлан хөгжүүлсэн байна. Туурвилыг хэдий оны үед бичсэн гэдэг өнөөдөр хараахан тогтож чадаагүй байна. Нэг хэсэг нь 1884 он гэдэг бол өөр нэг хэсэг нь хожуу буюу 1902 онтой хамаатуулан үздэг. Сүүл хандлагыг хөгжүүлэгчдийн нэг нь Лян Цичао болно. Кан Ювэй өөрийн бүтээлийг 1913 онд «Бужэнь» сонинд хэсэгчилсэн байдлаар нийтлүүлсэн байх бөгөөд Үндэстнүүдийн Холбоо байгуулагдсны дараа 1920 онд англи хэлнээ  утгачилж хэвлүүлэхээр төлөвлөсөн боловч амжаагүй юм. Гэвч зохиолчийг бие барсны сүүлээр 1935 онд хэсэгчилсэн байдлаар олны хүртээл болгожээ. Анхны бүрэн хэмжээний бичвэр 1956 онд анх хэвлэгдсэн байна. Харин англи хэлнээ Лорэнс Томпсоны найруулгаар 1958 онд гарч байжээ. Орчин үед Хятадад түүний бүтээлийг «Хүн төрөлхтний хувь заяанд нөлөөлсөн 100 алдарт бүтээл»-ийн тоонд оруулан үздэг байна. Хятадын их удирдагч Мао Зэдун Кан Ювэй болбоос дэлхийн ирээдүйн коммунизмийн зөнч болно хэмээсэн байдаг.
Арьс өнгө, үндэсний ялгаварт байдлыг эцэслэж, эрэгтэй, эмэгтэй хүмүүний тэгш эрхийг тунхагласан, хил хязгааргүй, ардын ёсыг туйлаар дээдэлсэн төгөлдөр нийгэм ирээдүйд байгуулах бололцоотой гэж үзсэн байна. Ирээдүйд дэлхий дахин газар зүйн 10 мянган бүст хуваагдана. Соёл, оюун санааны хувьд Хятад шинжтэй, бие төрхийн хувьд Европ хүмүүс дэлхийд бий болно. Итали, Франц гэх мэт роман бүлийн хэл зүй, Хятад хэв шинжийн дүрэмд суурилсан хэл яриа тэдний дунд байна.
Гэр бүлийн харилцаа устана. Гэрлэлт нэг жилээр хийгдэх бөгөөд хугацаа дууссаны сүүлээр эр, эм ялгалгүй хамтрагчаа хайна. Хүүхэд нас, хүйс, үндэс, угсаа харгалзахгүй насанд хүртлээ төрийн удирдлага дор хүмүүжинэ.
Хүйсийн хооронд эрх тэгш байдал бүрэн ноёрхоно. Хүн эрх чөлөөг туйлчлан эдэлнэ. Нудизм, гомосексуализм бүрэн зөвшөөрөгдөнө.
Капиталист нийгэм хамгийн муу нийгмийн байгуулал болно. Учир нь өрсөлдөөн, аминч үзэл, атгаг санаа цэцэглэж байна. Их нэгдлийн нийгэм коммунист нийгэм байна. Өмчийн бүх хэлбэр нийгэмчлэгдэж, ажлаа сайн хийснээр хөдөлмөрийн чадвар алдахын цагт төрийн хангамж эдэлнэ.
Дэлхийн оршин суугч бүр 20-оос илүүгүй жилийг боловсрол зарах учиртай. Түүнээс илүү гарч болохгүй. Энэ хугацаанд хүн байр сууриа олох болно.
Ажлын чадварт нөлөөлөх хамгийн үр дүнтэй арга нь хөдөлмөрийн чадвар алдсаны дараах тэтгэмж болно. Залхуурал, өрсөлдөөн, амин ашгаа хичээх, үр удмаа эс тоох зэрэг дөрвөн цээрийг хазаарлаж чадвал дэлхийн хүн бүр хангалуун амьдарч болно. Хүн төрөлхтөн хожмоо бие махбодийн хувьд үхэшгүй мөнх болж, бүрэн эрх чөлөөг эдэлнэ. Оюу санааны хувьд даогийн суртхаал, буддын үзэл санааг шинжлэх ухааны чин үзэлтэй сүлэлдүүлж чадваас төгөлдөршил тэр болой гэж сургажээ.
Гэр бүл
Кан Ювэй 18 насандаа Жан Юнь-жюй гэх гурван насаар эгчмэд эмтэй ураглажээ. Тэдний дундаас ганц охин төрсөн байх бөгөөд нэмж таван эм татварласан байна. Кан Ювэй нийтдээ зургаан хүүхэдтэй байсан гэдэг.
Кан Ювэй, Жан Юнь-жюй нарын хамтын амьдрал ихэнхдээ тус тусдаа байжээ. Ювэй Бээжинд байж, сүүлээр дэлхийгээр аяласан бол гэр бүл Хонконгд байв.
Эхнэрээ бие барсны сүүлээр эртний Мисир хатдын жишгээр өөрөглүүлж, Европ, АНУ-аар аялахдаа авч явдаг байжээ. Кан Ювэйн хайртай татвар нь АНУ-д танилцсан Хэ Чаньли болно. 17 настай Хэ Чаньли өөрийн санаачлагаар Кантай ураглаж, 24 насандаа бие егүүтгэжээ. Тэрээр нөхөртөө англи хэлний хэлмэрч хийж байсан гэдэг.  
Кан Ювэйн хоёр дахь охин Кан Тунби Колумбын их сургуульд боловсрол эзэмшсэн анхны хятад эмэгтэй байлаа. Тэрээр Хятад дахь феминист хөдөлгөөний удирдагч байсан юм. Соёлын хувьсгалын үед үрэгдсэн. Хүү Ло Жунбон Вашигтоны их сургуулийн профессор байжээ.
МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn

Sunday, March 25, 2018

15-р бүлэг ЭДМУНД БЁРКИЙН УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Эдмунд Бёрк — Английн төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, нийтлэлч, консерватизмийг үндэслэгч нэгэн.
Цадиг намтар. Бёрк 1729 оны нэгдүгээр сарын 12 нд Ирландын нийслэл Дублин хотноо өмгөөлөгчийн гэрт мэндэлсэн. Эцэг нь протестант, харин эх нь католиг шүтлэгтэн байжээ. Эдмунд сүм хийдэд хүмүүжсэн бөгөөд анхны багш нар нь католиг шүтлэгтнүүд байв. Сүмийн сургуулийн зэрэгцээ ядуусын сургуульд давхар сурдаг байлаа. 1744 онд Бёрк Ирландад нэр хүндтэй Ариун Бүтээгчийн Коллежид элсэн оржээ. 1748 онд коллежоо дүүргэж бакалаврын зэрэг хүртсний сүүлээр эцгийн зөвлөсний дагуу Лондонд очиж, Тэмпл Коллежид хууль цаазын ухаанаар үргэлжүүлэн суралцсан байна. Лондонд улс төрийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцжээ. Гэр бүлийн тогтвортой дэмжлэг байхгүй тул хуульчийн ажил хийхээс татгалзаж, сэтгүүл зүйн чиглэлээр ажиллах болсон. 1759 онд Нийтийн Танхимийн гишүүн Хамилтоны шадар туслах болсон боловч 1764 оноос харилцаа бүрэн тасарчээ. 1765 онд Бёрк Рокингэмийн маркизийг ерөнхий сайдаар томилогдоход нарийн бичгийн дарга болж, улмаар Вендовер суурингаас Английн Нийтийн Танхимийн гишүүнээр сонгогдсон байна. Амьдралынхаа эцэс хүртэл тэрээр парламентын гишүүн, виги намын үзэл сурталчдын нэг байсан юм.
1794 оны зургаадугаар сард улс төрөөс хөндийрч, эзэн хаанаа егүүтгэгч нүгэлт орны эсрэг хандсан захидал бичжээ. Түүнийг амьд сэрүүн ахуйд, буюу 1796 онд эхний хоёр захидал нийтлэгдсэн байна. Гэвч гурав дахь захидлаа дуусгаж чадаагүй юм. Бёрк 1797 оны долдугаар сарын 9 нд Английн Бакингэмшир гүнлэгийн Биносфилд хотноо 68 насандаа мөнх бусыг үзүүлжээ.
Гол бүтээл: «Францын хувьсгалын тухай эрэгцүүлэл» (1790 он).
Улс төрийн сургаалын агуулга
Хүн, нийгмийн тухай сургаал. Хүн, түүний оюун ухааны хүчин чадал хязгааргүй гэх жам ёсны эрхийн онолыг Бёрк бүрэн үгүйсгэсэн байна. Үнэн чанартаа хүн юу муу, юу сайн болохыг тэр бүр үнэн зөв тодорхойлж чаддаггүй бөгөөд өөрийн оюуныг хэтрүүлэн үнэлэх хандлагатай байдаг. Хүний мөн чанар өөрөө зөрчилт чанартайн зэрэгцээ хүрээлэн буй орчин тэр бүр нийцтэй байдаггүй тул нийгмийн байгууллын тодорхой хэлбэрт зохист утга шингээж авч үзэхээс өөр аргагүй юм.
Нийгэм гэдэг нь өөрийн хатуу зүй тогтол, мөн чанарт захирагдан хөгжих оюун санааны корпораци болно. Тодорхой цаг үед бүрэлдэн бий болсон төр улс урт удаан түүхэн хөгжлийн үр дүн, олон үеийн хэв хуулийн хувьслын үр дагавар болно. Хүний оюуны боломж хязгаарлагдмал учир энэ туршлагыг бүрэн дүүрэн танин мэдэж чаддаггүй бөгөөд уг тохиолдолд хүн ямагт “ухаангүй шинэчлэгч” болж үлддэг байна: Сайтар бодож төлөвлөөгүй шинэтгэлийн үр дүнд нийгмийн бүтэц бүхэлдээ эвдэгдэж, уламжлал, зан заншил алдагдахын зэрэгцээ ёс суртахууны үнэлэмж буурч, нигилизм газар авна.
Иймд шинэтгэлд болгоомжтой, нарийн тооцоололд тулгуурлаж хандах ёстой: Нийгмийн шинэтгэл ашиг тус, хөнөөлийн алийг нь илүү үзүүлэх вэ? Хэрэв ашгаас илүү хөнөөл учруулахаар бол шинэтгэлийг хэрэгжүүлэх хэрэггүй юм.
Үүний зэрэгцээ оршин буй нийгмийн дэг журамд туйлын утга шингээж тахин шүтэх хэрэггүй юм. Олон олон урхагийг тээж байдаг. Ямар ч нийгмийн байгуулал байсан бүгд адилхан дутагдалтай талтай. Ийм учраас шинэтгэл хийх шаардлага бас байдаг. Нийгмийг аливаа согог, эмгэгт шинжээс ангижруулах үйл явц удаан, болгоомжтой хийгдэх учиртай. Шинэтгэлийг хэрэгжүүлж буйн үндсэн зорилго нь оршин буй нийгмийн байгууллыг өөрчлөх бус, хадгалж хамгаалахад оршино. Удаан, аажим шинэтгэл хүн төрөлхтний түүхийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Уламжлалыг хадгалах үйл явц хувьсган өөрчлөх бус, дасан зохицох үйлээр дамжин хэрэгжинэ. Бёрк шинэтгэлийн хоёр хэв шинжийг гаргасан. Үүнд: 1) Уламжлалт эрх зүй, зарчмыг сэргээхэд чиглэсэн шинэтгэл, 2) Хувьсгалт үйл угтсан шинэтгэл байна.
Хүн төрөлхтний түүх гэгч рационал үндэслэлээр тайлбарлаж үл болох дээд санаалаг зүйлд захирагддаг болно. Урт удаан хугацааны түүхэн хувьслын бүтээгдэхүүн учир нийгэм дээрх зүй тогтолд захирагддаг байна. Бодож төлөвлөөгүй шинэтгэлээс нийгмийн дэг журмыг хамгаалах цорын ганц баталгаа нь өнгөрсөн үеэ сүслэн дагах явдал болно гэдгийг Бёрк онцолсон: Өнөө үе гэгч өнгөрсөн үе дээр суурилах бөгөөд ул мөрөө үлдээж байдаг. «Эртний хэв хууль, дүрэм журам бидний амьдралаас алсран одохын цагт бид тэднийг үгүй болсон гэж үзэх болохгүй юм. Энэ үеэс л бид өөрийн гэсэн зүг чиг, чиглүүрээ алдаж эхэлдэг». Цаг хугацаа гэгч хэрэггүй, ашиггүй зүйлээс ангижирч, үнэ цэнэтэй зүйлээ авч үлдэх хамгийн сайн шүүгч болно. Үүнтэй холбоотойгоор Бёрк өнөөгийн соёл иргэншлийн хүний мүс чанар, итгэл бишрэлтэй байдал, боловсрол гэсэн сайн шинжид анхаарлаа хандуулсан байна. «... хүний мүс чанар, итгэл бишрэлтэй байдал, боловсрол гэсэн гурван зарчмыг туйлчлан үзэхгүйгээр нэг ч улс орон оршин тогтнож үл чадна. Ийм чанаргүй төрөөс сайн зүйлийг горьдох, хүлээх хэрэггүй юм».
Бёрк шашныг иргэншсэн нийгмийн үндэс, ёс суртахуунлаг байдлын суурь гэж үзжээ. Хүн төрөлх чанарын хувьд шашинлаг амьтан учир «атеизм удаан оршин тогтнох суурьгүй юм...Харин түүний оронд зэрлэг, бүдүүлэг, сүйтгэгч мухар сүсэг ноёрхож эхэлдэг». Шашин гэгч — нийгэм тогтвортой байдал, дэг журмын үндэс  бөгөөд «хүн төрөлхтний оюун санаа эртнээс инагш хөгжиж ирсний баталгаа болно». Хүн төрөлхтний уг оюун санаа улсын дотоодод дэг журмыг бий болгож, чинээлэг иргэдийн засгийг эмхлэх бөгөөд албат иргэд ихэс дээдсээ хүдэтгэхийн үүтгэл болно. Шашин шүтлэгт найр тавьж, түүнийг хүндэтгэн сүслэсний үрээр төр улс урт хугацаанд оршин тогтнох чадвартай болдог. Зохион байгуулалттай шашин гэдэг нь иргэний дэг журмыг тэтгэж, засаглалын легитим чанарыг хангагч гол хүч мөн. Шашныг дордчилсноор дэг журам дордож, хүний атгаг сэтгэл сэдрэхийг сац уламжлалт ёс суртахууны үндсэнд харшилж дарангуйлалд хүргэдэг байна.
Уламжлалын нандин чанарыг хадгалах, бататган бэхжүүлэх нь Бёркийн үзсэнээр нийгэм, хүмүүний тухай төсөөллийг бэхжүүлж өгдөг байна. Соён гэгээрүүлэлтийн үеийн сэтгэгчидтэй маргалдан хүний оюун ухааныг уламжлалыг эсрэг сөргүүлэн тавьж улмаар дээгүүрт авч үзсэн байна. Түүний үзэж буйгаар уламжлалыг хүлээн авах нь юм, үзэгдлийн жам хууль буюу байгаль дэлхийн ёс горим, олон зууны туршид шалгарч үлдсэн мэргэн ухаанд нийцтэй байгаа явдал болно. Зөвхөн залгамж чанар, соёлын өвийг нандигнан хадгалснаар нийгмийн тогтвортой байдал хангагддаг байна.
Уламжлалын биелэл нь цаг хугацааны шалгуурыг бүрэн хангасан Английн үндсэн хууль болно. Энэ үндсэн хуулийн нэг давуу тал нь эрх чөлөө, дэг журмыг хангаж олон хүчний тэнцвэржилтийг бий болгодогт оршино. Улс орны захирагчдын гол зорилго нь уг тэнцвэрт байдлыг сахин хамгаалахад оршино. Англи, Америкийн үндсэн хууль нь сайн засаглалын төгс биелэл юм. Төрийн байгуулал олон үеийн уламжлал, хэм хэмжээн дээр суурилах учир цаг хугацаа улиран одсон ч дээрх үндсэн хуульд тусгагдсан зарчим улам бүр батажиж байдаг.
Эрх чөлөө улс төрийн үнэт зүйл болох нь. Бёрк эрх чөлөөг улс төрийн чухал үнэт зүйл гэж үзсэн ч түүнийг ач холбогдолгүй хоосон уриа, тунхаг болгохын эсрэг байв. Хүний хүчин чадлыг бүрэн дүүрэн нээн илэрүүлэхэд эрх чөлөө зайлшгүй шаардлагатай. Гэвч жинхэнэ, оюунлаг, тэнгэрлэг, ёс суртахуунлаг эрх чөлөө хатуу зохион байгуулалт бүхий нийгмээс үүдэлтэй. Мэргэн ухаан, ёс суртахуунтай харгалдах эрх чөлөө хамгийн муу зүйл мөн. Ухаангүй үйлдэл бүхнээс тэнэглэл бий болдог.
Эрх чөлөө гэгч аливаа зүйлийг хязгааргүй хийх, хүсэл таашаалдаа бүрэн захирагдах, дур зоргоор аашлахын нэр биш юм. Бёрк эрх чөлөөний цорын ганц зохист хэлбэр нь дэг журамтай холбогдсон эрх чөлөө мөн гэжээ. Өөрөөр хэлбэл, дэг журам, эрхэм чанараас ангид эрх чөлөө байхыг үгүйсгэсэн байна. Эрх чөлөө нийгэм, хувь хүний хязгаарлалт дээр суурилах ёстой. Гэхдээ хязгаарлалт хүн бүгдэд адил тэгш байна. «Ёс суртахууны холбоо, өөрийн хүсэлд захирагдсан эрх чөлөө хамгийн эрхэм: хэдий чинээ шударга ёс руу тэмүүлнэ, төдий чинээ адгуусны зөн совинг сэдрээнэ. Хэдий чинээ дэг журам, ёс суртахууныг үнэлэнэ, төдий хэрээр төгөлдөрт чинагшилна.Нийгэм байгалийн зөн совин, хүсэл зоригоор захируулах засаглалгүйгээр оршин тогтнож үл чадна. Оюунлаг бус бүхэнд эрх чөлөө үл эдлүүлэх нь хамгийн зохистой. Шунаг хүслийг ямагт хазаарлаж байх хэрэгтэй».
Эрх чөлөө гэгч нийгмийн сахилга бат, дэг журмын бүтээгдэхүүн бөгөөд хатуу засаг эрх чөлөөний нэгэн адил нийгэмд бас хэрэгтэй. Хэрэв эрх чөлөө хүний төрөлх мэдрэмтэй зөрчилдвөл түүнийг хамгаалах хэрэгтэй. Зохистой эрх чөлөө уламжлалт шүтэх бөгөөд хамгийн агуу болно. Дэг журамгүй байдлыг даллах эрх чөлөө өнгөрсөн үеэ сүслэхийн хэрээр ухаалаг шинжийг олно. Өөрийн эцгээ хүндэтгэж буй хүн өөрийгөө, бусдыг хүндэтгэх учиртай. Эрт үеэ үл сүслэх нь самуурлын үндэс юм.
Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёсыг зөрчиж, иргэний эрх, эрх чөлөөнд халдвал түүн шиг аюултай зүйл үгүй билээ. Улс орны улс төрийн уур амьсгалд огцом нөлөөлөх арга хэмжээ нь олон зуунаас идээшин тогтсон тэнвцэржилтийг алдагдуулж, үр дүнд нь дарангуйлал үүсэх магадлалтай гэдгийг Бёрк онцолсон байна. Ердийн эрх зүй, Habeas Corpus статусыг өөрчлөх хамгийн муу зүйл болохыг анхааруулсан. «Хэрэв би ерөнхий зарчим хэмээн зөв ойлгосон бол эрх чөлөө гэдэг нь нэг бол албат иргэдэд адил тэгш боломжийг, эсвэл юу ч олгодоггүй байх явдал юм. Хэсэгчилсэн эрх чөлөө бол миний хувьд хамгийн таагүй боолчлолын хэлбэр мэт санагдана».
Энэ аюулыг гэтлэх хамгийн үр дүнтэй арга нь эрх зүйн тэгш байдлыг бүх нийтээр, алгачлалгүй хүлээн зөвшөөрөх явдал юм. «Шударга бус байдлыг онцын эсэргүүцэлгүй хүлээн авдаг хүмүүс шууд хохирогчид болж хувирдаг».
Улс төрийн тэгш байдлын тухай. Жам ёсны эрхийн үзэл санааг үгүйсгэж Бёрк иргэний нийгэмд төрсөн өнөөгийн хүмүүс хуулийн дор амьдрах, үйлдвэрлэлийн хэрэгсэл өмчлөх, хоол тэжээл олох, үр хүүхэдтай болох зэрэг тодорхой удамшигдсан эрхийг эзэмшдэг. Гэвч энэ бол хүн болгоныг адил тэгш болгоно гэсэн үг хараахан биш юм.
Энэхүү ерөнхий зарчмыг Бёрк нийгэм-улс төрийн харилцаанд дэлгэрүүлэн авч үзсэн байна. Үүнтэй холбоотойгоор төрийн эрх мэдлийн легитим чанарыг хангах үүднээс авилга, самуурал, дур зоргын тэгш байдал гэх ёс бус зарчмыг онолын хувьд боловсруулж, практик хэрэгжүүлэхийг чухалчлах болсон гэж Францыг шүүмжилжээ. Энэ нь эргээд хүний эрхэм чанар, нэр төр, уламжлалыг дайсагнан хандах байдлыг дэврээдэг байна. Ингэснээр нэр төрөө эрхэмлэгч хүн дордчлогдож явах нигуур буй.
Гэвч хэн хэргэм зэргээ эрхэмлэнэ, тэнд тэгш байдал орших үндэс үгүй. Аливаа нийгэм ямагт шатлан захирах шинж чанартай байх бөгөөд үүнийг сөрөх гэсэн оролдлого бүр таагүй үр нөлөө бий болгодог жамтай. Төр хэзээ ч энгийн дорд ардыг дарладаггүй. Гэхдээ хангалттай мэдлэг чадвар, туршлага байхгүй хүмүүс төрийг хэзээ ч удирдаж чаддаггүй байна. Төр улсыг жолоодогч улс хөнгөн хуумгай бодлоос ямагт ангид байх ёстой.
Гэхдээ үүнийг төрөхөөс эрх мэдэлтэй хүмүүс улс гэрийг толгойлдог хэмээн муйхарлан ойлгох хэрэггүй юм. Засаг баригч хүнд мэргэн ухааны зэрэгцээ буян заяа хослох учиртай. Ердийн хүмүүсийг сонгуульд өрсөлдүүлэх замаар засаг төрийн эрхийг тэдэнд даатгах нь хамгийн нүгэлт үйл болно. Төр улсыг тохиолдлын хүн юм уу хүмүүсийн бүлэг удирдах ёсгүй: засаг баригч хүн нэг бүр өөрийн юу хийж байгаа болон хийхийг хүсч байгаагаа мэддэг байх ёстой.
Төрийн тухай сургаал. Жам ёсны эрх зөвхөн төргүй, нийгэмгүй байгалийн байдалд хэрэгжих бололцоотой. Иргэний нийгэмд нэгдсэн хүмүүс төрийн ашиг тусад нийцүүлж өөрийн жам ёсны эрхээс татгалзах бөгөөд хууль ёсыг хүлээн зөвшөөрөх болдог. Тийм ч учраас төр улс болон нийгэм энгийн иргэдээс хүсэл сонирхлоо хазаарлан номхтгож, шунаг, тачаалаа тогтоон барихыг шаардах эрхтэй байдаг. гэвч бүхнийг айдсын буулгаар нухчин дарж, өөрийн хүсэл зоргийг тулган хүлээлгэх чадвар бүхий засаг байсан цагт л энэ бүхэн бололцоотой юм. Энэ утгаараа хязгаарлалт гэдэг нь эрх чөлөөний нэгэн адил хүний эрхэд хамаардаг байна.
Төр улс гэгч «зөвхөн амьд биетийг жандаглан захирах нэг субьекийн хуваарьгүй ноёрхол», дээд журмын гэрээ болно. Үүнийг амин хувийг олз ашиг эрэлхийлсэн худалдаачны бүлгэмтэй андуурч болохгүй юм. Нийгмийн гэрээ нь шинжлэх ухаан, урлаг, сайн үйлс гэх мэт бүхий төрөлд хамтран амьдрахыг шаардана.
Энэ зорилгод олон үеийн хүний хүчин чармайлтын үр дүнд хүрдэг байна.
Хамгийн сайн засаглалын хэлбэрийг эзэн хааны, язгууртны, ардын гэх гурван засгийн бүрдлийг агуулсан Англи хэв шинжийг үндсэн хуульт хаант засаг мөн гэж Бёрк үзжээ. «Жам ёсны язгууртан» (Пэр, тайж нар, чинээлэг иргэд, худалдаачид, боловсролтой иргэд) — гэгч ард түмний хатуу дарангуйлал бий болгохоос зайлхийхын зэрэгцээ эзэн хааны дарангуйллыг сөрөх хүчирхэг арга хэрэгсэл юм. Хөрөнгө чинээний хувьд язгууртны хэмжээнд хүрсэн хэрнээ боловсрол, нэр төрийн хувьд бойжоогүй хөрөнгөтөн анги нийгмийн гүнд бүрэлдэж, олон олон урхагт үйл эрхлүүлсэн нь Францад хувьгал дэгдэхэд хүргэсэн болохыг Бёрк онцолсон байна.
Дарангуйлал яагаад бий болдог, эрх чөлөө гэж юу болохыг бүрэн гүйцэд ойлгож чадаагүй хөрсөн дээр хувьсгал хийхийг оролдсон нь Францын хувьсгалын үндсэн дутагдал болохыг Бёрк дурдсан байна.
«Цэвэр ардчилал» гэж хэзээ ч байдаггүй бөгөөд энэ дэлхий дээрх «хамгийн хуурмаг зүйл» болно.  Түүний гол аюул нь олонхийн дарангуйлал юм. Хамгийн гол нь, иргэн бүрт хэрэгтэй засаглалын легитим чанарыг хангаж чаддаггүй нь түүний үндсэн дутагдал болно. Тодорхой нөхцөл бүрдвэл ардчилал тогтож болно. Бёрк хэзээ ч ардчиллын эсрэг байгаагүй юм.
Нийгмийг удирдан чиглүүлж буй засгийн газар ямар ч байж болно. Нийгмийн олон янзын давхарга, түүнийг төлөөлөх хүмүүсийн эрх ашгийг бодолцсон, ашиг сонирхлыг нь тэгш хэмтэйгээр төлөөлсөн нөхцөлд аливаа удирдлагын үйл явцад оночтой шинж илрэн гардаг. Гэвч удирдлагын хэрэгжүүлж буй хүн бүрийн хүсэл сонирхол харилцан адилгүй гэдгийг бодолцох хэрэгтэй. Чухам үүнд л улс төрийн үйл хэрэгт амжилт олохын баталгаа оршино. Энэ бол улс төрийн удирдлагын гавьяа бус, хэм хэмжээ, үүрэг юм (Р. А. Бурханов & В. Н. Руденкин, 2009).

Орчуулгын эх сурвалж

Р. А. Бурханов, & В. Н. Руденкин. (2009). История политических учений от Античности до Нового Времени: Краткий конспект лекций (2-е изд. ed.). Нижневартовск: Изд-во Нижневарт. гуманит. ун-та.

МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn

Monday, March 19, 2018

САМУЭЛ ХАНТИНГТОН "АРДЧИЛАХ ҮЙЛ ЯВЦЫН ИРЭЭДҮЙ: ТҮРЭЛТЭЭС БЭХЖИЛТЭД"


ЗОХИОГЧИЙН ТУХАЙ УЛБАС
Нэгдсэн Улсын түүхэн дэх нөлөө бүхий улс төр судлаач, олон улсын харилцааны хайв онолчдын нэг нь Харвардын их сургуулийн Итон профессор Самуэл Филиппс Хантингтон (Samuel Phillips Huntington, 1927-2008 он) болно. Америкийн улс төр судлаач, социологич, нийтлэлч, соёл иргэншил хоорондын зөрчилдөөний онолыг хөгжүүлэгч тэрээр дэлхий дахинаа нэр нэндсэн цольд нэгэн байв.
Хантингтоны судалгааны үндсэн сонирхлын нэг нь ардчилал, ардчилах үйл явцын давалгааны онол юм. Энэ удаад уншигч авгай нарт 1995 онд олны хүртээл болгосон түүний “Ардчилах үйл явцын ирээдүй: түрэлтээс бэхжилтэд” өгүүллийн монгол орчуулгыг толилуулж байна. Хомс хүн зуурам утгачилсан аваас өршөөн хэлтлэхийг хүснэ. Ялдарт орчуулгын оночлол, утга санааны хаяадал, үгийн цуулбар зэрэгт ташаарсан бол otgonbayar.n@etugen.edu.mn цахим шуудангийн хаяг руу илгээмж явуулах, эсвээс Этүгэн их сургуулийн хичээлийн гуравдугаар байр 206 тоотод саатан морилж, санал, зөвлөмж хайрлаваас чээжний гүнээс талархах байна (Тайлбар чимж, утгачилсан: Этүгэн их сургуулийн нийтийн захиргаа, удирдлагын багш, улс төр судлаач, Удирдлагын Академийн докторант Нямаагийн Отгонбаяр).
АРДЧИЛАХ ҮЙЛ ЯВЦЫН ИРЭЭДҮЙ: ТҮРЭЛТЭЭС БЭХЖИЛТЭД
Ардчилал дэлхий дахинаа өргөжих болсон нь магадгүй, XX зууны зууны сүүлийн гучин жилд тохиосон улс төрийн хамгийн чухал үзэгдлийн нэг бизээ. Өмнөд Европт – Грек, Испани, Португалид үүссэн ардчилах үйл явцын давалгаа Кубаас бусад тэндэхийн бүх улсыг хамарчээ. Дараа нь Азийн хэсэгт шилжиж, Филиппин, Тайвань, Өмнөд Солонгос, Пакистан, Бангладешид авторитари дэглэмийг ардчилсан сонгуульт засгийн газруудаар сольсон байна. 1989 он гэхэд ардчилах үйл явцын уг давалгаа Дорнод Европыг, хоёрхон жилийн дараа ЗХУ-ыг нөмөрсөн юм. Сонгуульт удирдагчдаар хуучин ЗХУ-ын бараг бүх бүгд найрамдах улсын коммунист дарга нар солигдов. Ардчилах үйл явц Иемен, Иордан гэх мэт Ойрх Дорнодын орнуудад хүртэл сонгуулийн үйл явц эрчимжихэд хүргэсэн байна. Африкт олон дарангуйлагчид ардчилсан үйл явцын үр шимээр засаг төрийн эрхнээс зайлуулагдлаа. Тэр бүү хэл ардчилах үйл явцад хамрагдах боломж хомс гэж үзэж байсан орнуудад хүртэл бий болжээ. Үнэндээ 90-ээд оны эхээр ардчилсан сонгуульт засгийн газар Албан, Монгол, Балба, Бенины засаг төрийн эрхэнд гарна гэдгийг хэн тааварлаж чадахаар байсан юм бэ? Дэлхий дахинаа цэргийн хунт, дарангуйлсан болон нэг намт тогтолцоо ардчилсан засгийн газруудад шахагдаж байна. Нью-Йорк хотноо байрлах Freedom House байгууллага дэлхий дахины эрх чөлөөний байдалд жил бүр үнэлэлт өгч нийтэлдэг. 1972 онд 42 эрх чөлөөтэй орон байгааг гаргасан бол 1992 онд тэдгээрийн тоо 75 болтлоо өсжээ.
Дэлхий дахинаа ардчилал өрнүүн хөгжиж буй дээрх үйл явцыг ажиглахад хоёр зүйл илэрхий харагдаж байна.
Нэгдүгээрт, ардчилал тэгш бус байдал, авилга, үр ашиг муутай, шударга бус, ёс зүйгүй шийдвэр гаргах үйл явцаас ангид байх албагүй. Гэвч хувь хүний эрх чөлөөг баталгаажуулж, хүний эрх чөлөө, эрхэм чанарыг нийтээр зөрчих явдлаас хамгаалах институционал нөхцөлийг бий болгодог байна. Ардчилал гэдэг нь дарангуйллыг сөрөх арга хэрэгсэл бөгөөд энэ ч утгаараа хүмүүст нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх боломж олгодог байна.
Хоёрдугаарт, дэлхий дахинаа ардчилал хөгжих болсноор улс орнуудын дунд дайн дэгдэх боломжийг хумьсан байна. Шинэ үеийн түүхийн нэгэн онцлог шинж нь XIX зууны эхээр АНУ-д өнөөгийн ардчилал тогтсон цагаас эхлэн багахан тохиолдлыг эс тооцвол ардчилсан орнуудын дунд дайн бараг гараагүй явдал юм. Энэ нь ч ойлгомжтой. Хэрэв энэ асуудлыг зөв гэж үзвэл дэлхий дахинаа ардчилсан засгийн газруудын тоо өсөхийн хэрээр дайн гарах нөхцөл хумигдах учиртай.
1974 оноос хойш ардчилал хөгжсөнөөр бид бүх нийтийг хамарсан ардчилсан өөрчлөлтийн эрин үед амьдарч байна гэх төсөөлөл үүсэхэд хүргэжээ. Олонх хүмүүс ардчилал хөгжиж дэлхий дахинаа ялалт байгуулна хэмээн төсөөлж байв. Энэ үзэл санаа ялангуяа Дорнод Европт коммунизм унаснаар улам бүр батажсан юм. “Ардчилал ялалт байгууллаа” хэмээн нэгэн судлаач тунхаглаж байв. Бусад нь түүнийг “ирээдүйн давалгаа” хэмээн үзэж “ардчилал даяарчлагдаж буйд” сэтгэл хангалуун байлаа. Фрэнк Фукуяма өөрийн олонд алдаршсан нэгэн өгүүлэлдээ “түүх төгсөж”, “хүн төрөлхтний улс төрийн байгууллын сүүлчийн хэлбэр болохын хувьд либерал ардчилал түгээмэлжиж буй” тухай дурджээ. Куба, Бирм, Хойд Солонгос зэрэг деспотизмийн сүүлчийн тулгуур газрууд бүх нийтийг хамарсан ардчилах үйл явцын нөлөөгөөр уналтад орох нь зөвхөн цаг хугацааны асуудал болжээ.
Гэвч энэ мэт өөдрөг санааг хүлээн зөвшөөрөх боломжтой юу? Ардчиллын ялалтын марш сүүлийн хорин жилд үргэлжилсэн шигээ явагдана гэх найдвар байна уу? Би үүнд эргэлзэж байна. Үнэндээ зарим талаар гутрангуй үзлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гутрангуй таамаглалын нэг давуу тал нь та алдаж, оносон байж болдогт оршино. Арван жилийн өмнө миний бие ардчилал Өрнөдийн хаа нэгтээ, магадгүй, Латин Америкт хөгжинө гэж үзэж байлаа. Сүүлийн арван жилийн үйл явцаас харахад миний бие алдсан байх бөгөөд би үүндээ ч баяртай байна. Магадгүй, үйл явцын өрнөл одоогийн миний дүгнэлт буруу болохыг харуулж болно. Тийм байгаасай хэмээн найдна. Гэвч ардчилах үйл явцын өнөөгийн давалгаа оргилдоо хүрч, зарим талаар ухралтын байдалд орлоо гэх ноцтой үндэслэлүүд байна. 70-аад оны дунд үеэс Иберийн хойгт үүсч, 40 орчим улсыг хамарч өрнөсөн ардчилах үйл явцын сүүлчийн давалгаа түрэлтээс бэхжилтийн шатандаа шилжиж байна. Энэ бол өгүүлэлдээ дурдахыг хүссэн миний гол санаа юм.
Үйл явдал яагаад өөрөөр бус, ингэж өрнөх ёстой гэж вэ?
Нэгдүгээрт, ардчилах үйл явцад тодорхой эдийн засаг, соёлын хүчин зүйл таатай орчин бүрдүүлдэг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Тэдгээрт харьцангуй өндөр түвшний эдийн засгийн хөгжил, Өрнөдийн соёл, түүний үнэт зүйлийг эзэмшсэн байдал орно. Өнөөдрийн байдлаар дундаж болон дундажаас дээгүүр орлогтой Сингапураас бусад бүх улс дэглэмийн хувьд ардчилсан байна. Куба болон цөөн хэдэн орныг эс тооцвол Өрнөдийн юм уу түүний хүчтэй нөлөөн дор шалгарсан бүх улс ардчилсан төрийн байгуулалтай байна. Харин дээр дурдсан нөхцөл сул орнуудад ардчилах үйл явц үүсч чадахгүй байна. Энэ нь ядуу, эсвэл өөрийн соёлын хувьд Өрнөдийн бус нийгэм байна. Freedom House байгууллагын тайланд “эрх чөлөөтэй” хэмээн ангилагдсан 75 улс байгаагаас ердөө тав нь Азид (Япон, Өмнөд Солонгос, Монгол, Балба, Бангладеш), хоёр нь Исламын ертөнцөд (Бангладеш, Хойд Кипрын Туркийн Бүгд Найрамдах Улс), гурав нь Христос суртлын дорнод хэсэгт (Грек, Болгар, Кипрын Бүгд Найрамдах Улс) оршиж буйгаас үүнийг харж болох байна. Балтийн орнуудаас гадна ЗХУ-ын задралаар үүссэн нэг ч улс эрх чөлөөтэй гэсэн ангилалд ороогүй байна. Ийнхүү өнөөгийн байдлаар ардчилал Төв болон Зүүн Европ, Хойд, Өмнөд Америк, Азийн хязгаарт ноёрхож байна. Хуучин ЗХУ-ын ихэнх хэсэг, Хятад, Өмнөд Азийн өргөн уудам газар нутаг, Арабын ертөнц, Иран, Африкийн олон улсад ардчилал тогтож чадсангүй. Эдгээр бүс нутагт ардчилал тогтох боломжтой юу? Бүгд эдийн засаг, соёлын цогц хүчин зүйлээс хамаарна.
Хэрэв ЗХУ-ын бүгд найрамдах улсаар жишээ болгож авч үзвэл эдийн засгийн харьцангуй өндөр хөгжилтэй протестант-католиг Балтийн орнуудад ардчилал тогтох боломжтой юм. Ядуу буурай Кавказын юм уу Исламын шашинт Төв Азийн орнуудад ардчиллын ирээдүй туйлын бүрхэг байна. Соёлын хувьд үнэн алдартны, эдийн засгийн хувьд завсарын бүгд найрамдах улсуудад байдал тодорхойгүй байна. Орос улсад хуучин коммунист бүлэглэлээр цөмөө хийсэн ардчиллыг эсэргүүцэгчид 1991 оны наймдугаар сарын амжилт муутай төрийн эргэлт, хоёр сарын дараах Ельцины Зөвлөлт маягийн хууль тогтоохын хурлын таралтын дараа ялагдал хүлээсэн байдаг.  Гэвч Ельцин ялалт байгуулж чаджээ. Дараа нь Жириновский ч ялалт байгуулсан юм. Ельцин Орос улсыг шинэчлэхийн тулд I Петрийн жишгээр олон зүйл хийсэн. Ельцины Орос ардчилсан болж ч болно, болохгүй ч байж болно. Орос улсад үүсч буй зүйл хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсууд, Монгол, Зүүн Европын орнуудад асар хүчтэй нөлөөлөл үзүүлдэг. Тийм ч учраас Өрнөд болон АНУ-ын гадаад бодлогын чухал чиглүүр нь Орос улсад ардчиллыг хөгжүүлж, бэхжүүлэх явдал юм.
Сүүлийн арван жилд Хятад улсад эдийн засгийн хурдацтай өсөлт ажиглагдаж байна. Улс оронд, ялангуяа түүний өмнөд хэсэгт хүчирхэг хувийн хэвшил хүч түрж, үүнийгээ дагаад хөрөнгөтний давхарга бүрэлдэж дунд анги үүсвэрлэж байна. Алс хэтдээ эдгээр бүлэг улс оронд улс төрийн нээлттэй байдал, олон ургальч үзэл санаа, тэр бүү хэл ардчиллыг ч нэвтрүүлж болох юм. Гэвч энэ чиглэл дэх алхам хурдан, хялбар байхгүй нь ойлгомжтой. Тариачид урьдын адил Хятадын хүн амын үлэмж хэсгийг эзэлсэн хэвээр байна. Күнзийн үнэт зүйл хүчтэй байр суурьтай хэвээр байна. Улс орны улс төрийн удирдлага Өрнөдийн ардчилал, хүний эрхийн зарчимд нээлттэй хандаж байгаа ч авторитари улс төрийн тогтолцооноос татгалзах бодолгүй байна. Эдийн засгийн эрчимтэй өсөлт энэ эрчээр үргэлжилж болох ч улс орныг ардчилахад улс төрийн болон соёлын хүчин зүйл саад болсоор байна. Үүнээс гадна, алс хэтдээ ч, ойрдоо ч Орос улсад ардчиллын ирээдүй бүрхэг байна. Үүний нэгэн адил Хятадад ардчилал ойрын хугацаанд таагүй байж болох ч алс хэтдээ тайтай болох нөхцөл үүсч болох магадлалтай. Хятадын жишгээр Азийн бусад ардчилсан бус орнуудын тухай ч ярьж болох юм.
Исламын Ойрх, Дундад Дорнодод ардчилах үйл явцын ядмагхан үр хөврөлийг фундаменталист бүлэглэлүүд ашиглаж, Алжир, Тунис, Египетэд залхаан цээрлүүлэх бодлого хүчээ авч байна. Хэдийгээр 1993 оны Иорданы сонгуулийн үйл явц дахь оролцоо улс орныг удирдахад бүх бүлэглэл бэлэн байгааг харуулсан ч исламын фундаменталист бүлэглэлийг л засаг төрийн эрхэнд гаргаж байвал эдгээр орны удирдагчид ардчиллын ямар ч хэлбэрийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна (Ташрамд дурдахад Энэтхэгийн фундаменталист бүлэглэлүүд сонгогчдод нөлөөлөх чадвараа алдаж засаг төрийн эрхнээс бууж байна). Эцэст нь, ардчилах үйл явц Африк тивд үүсвэрлэж байна. Энэ тивийн ихэнх улсад овог, аймгийн явцуу холбоон дээр суурилсан хатуу дарангуйлал, цэргийн дэглэмүүд оршин байна. Ардчиллын талд өнөөг хүртэл найдвар төдийлөн төрүүлэхгүй байгаа эдийн засгийн нөхцөл байдал, олон эмгэнэлт үйл явцаар өрнөж буй христжих үйл явц үйлчилж байна. Улс төрийн хувьд Өмнөд Африкийн Үндэсний Конгрессийн ухаалаг удирдлага, урьд нь арьс өнгөөр ялгаварлах бодлого барьж байгаад саяхнаас Өрнөдийн либерал ардчилсан үнэт зүйлийг дэмжих болсон цагаан арьст цөөнх бүхий эдийн засгийн харьцангуй өндөр хөгжилтэй Өмнөд Африкт л ардчиллын ирээдүй тааламжтай байна.
Дээр дурдсан бүх дүгнэлт ардчилал зөвхөн Өрнөдийн орнуудад хөгждөггүй гэдгийг харуулж байна. Мэдээж хэрэг, тийм биш, гэхдээ Турк мэтийн багахан тохиолдлыг эс тооцвол Өрнөдийн бус нийгэм дэх ардчиллын хөгжил нь Өрнөдийн нөлөөлөл, Өрнөдийн колончлох бодлого, эсвэл Өрнөдийн гүрнүүдийн цэргийн түрэмгийллийн үр дүн болж байна. Орчин үеийн ардчилал протестант соёлын бүтээгдэхүүн болж бүрэлдсэн. Нэлээд хожуу католиг шүтлэгт орнуудад үүссэн бөгөөд 70, 80-аад оны үед хамгийн түрүүнд, ардчиллын өнөөгийн давалгаанд хамрагдсан. Эдгээр орнуудын ардчилалд шилжих шилжилтэд ноёрхогч соёлыг өөрчлөхөд хүргэсэн 50, 60-аад оны эдийн засгийн хөгжлийн амжилт, католиг сүм хийдийн байр суурь нөлөөлсөн байна. Магадгүй, Испанид бий болно гэж хэн ч хэзээ ч харж байгаагүй бизээ. Миний бие 1950-аад онд Испаны соёл үндсэндээ уламжлалт, корпоратив, авторитари, этатист, либерализмын эсрэг шинж чанартай байсан гээд хэлчихэд алдахгүй болов уу гэж бодно. 60-аад оны үед Лаурэно Лопэс Родо нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2000 ам долларт хүрэхэд Испани ардчилсан улс болно хэмээн хэлсэн байдаг. Энэ ч ёсоор болж, аж үйлдвэржилт, хотжилт, дунд ангийн өсөлт, дэлхийн эдийн засагт нэгдэн орсон зэрэг 1975 оны эдийн засгийн хөгжил нь Испаны соёлыг үлэмж хэмжээгээр өөрчилж, Өрнөд Европын ардчилсан орнуудтай адил болгосон байна.
Эндээс үзэхэд эдийн засгийн хөгжил улс орнуудын соёлыг ардчилалд таатай болгож хувиргадаг байна. Хэрэв энэ асуудлыг зүйтэй гэж үзвэл эдийн засгийн хөгжил нь исламын, буддын, күнзийн, үнэн алдартны нийгэмд үлэмжхэн нөлөөлөл үзүүлэх учиртай. Гэвч Зүүн Азийг эс тооцвол Өрнөдийн бус ертөнцийн эдийн засаг хөгжлөөр хоцорч, ардчиллын шилжилтэд олон жил тарчилахаар байна. Ардчилах үйл явцын өнөөгийн давалгаа эдийн засгийн өндөр хөгжилтэй, Өрнөдийн үнэт зүйлийг хүлээн зөвшөөрсөн орнуудад ардчиллыг хөгжүүлэх чухал зорилтоо хэрэгжүүллээ. Ардчиллыг цаашид бататгах бэхжүүлэх гэсэн аливаа оролдлого эдийн засгийн юм уу соёлын шинжтэй томоохон саадтай учирч байна.
Ардчиллын түрэлтэд саад бологч өөр нэг хүчин зүйл нь түүхийн диалектик шинж чанарт оршино. Ямар нэгэн чиглэлд хөдөлж буй хөдөлгөөн эцсийн эцэст эрчим хүчээ алдаж, сөрөг хандлагыг бий болгож байдаг. Ийм байдал ардчилах үйл явцад ч үүсч байна. 1974 онд эхэлсэн өнөөгийн давалгаа түүхэн дэх гурав дахь давалгаа юм. Эхнийх нь АНУ-д XIX зууны эхээр үүсвэрлэж, дэлхийн нэгдүгээр дайны дараахан оргилдоо хүрсэн. Дэлхий дахинаа 32 ардчилсан улс бий болсон байна. 1922 онд Ром руу хийсэн Муссолинигийн марш ухралтын давалгааны эхлэл болсон бөгөөд 1942 он гэхэд дэлхий дээр ердөө 12 ардчилсан улс үлдсэн байв. Ардчилах үйл явцын хоёр дахь давалгаа дэлхийн хоёрдугаар дайны дараагаас эхэлж 60-аад он хүртэл үргэлжилсэн. Түүнийг ухралтын хөдөлгөөн халж, 1973 он гэхэд өмнөх арван жилээсээ (36) бага тооны ардчилсан засгийн газар (30) үлдсэн. Энэ өнцөгөөс авч үзвэл ойрын жилүүдэд гурав дахь ухралтын давалгаа бий болно. Бий болчихсон гэх үндэслэл ч байна. Судан, Нигер, Гаити, Перу улс ардчилалд шилжсэн ч удалгүй дарангуйлсан дэглэм рүү эргэн орсон. 1992 онд арав гаруй жилийн түүхэндээ анх удаа Freedom House эрх чөлөөт орнуудын тоо өссөн талаар мэдээлж чадсангүй. 1993 оны тайланд “эрх чөлөө ухарлаа” хэмээн тэмдэглэсэн байдаг. уг байгууллагын тооцоогоор ардчилсан нийгэмд амьдарч буй хүмүүсийн тоо 300 саяд хүрсэн бол эрх чөлөөгүй нийгэмд амьдрагчдын тоо 530 саяаар өссөн байна. 42 улсад эрх чөлөөний түвшин унаж, ердөө 19 улсад өсжээ. Өнөөдөр дэлхийн нийт хүн амын ердөө 19% нь эрх чөлөөт нийгэмд амьдарч байна. Энэ бол 1976 оноос хойших хамгийн бага тоо юм.
1974 оноос хойших ардчиллын түрэлтийг ардчилсан хүчнүүд улс орнуудыг ээлж дараалан чөлөөлөх цэргийн кампанит ажилтай зүйрлэж болох юм. Гэвч хэтэрхий их урагш давшбал сөрөг довтолгоонд эмзэг болдогийг ямар ч жанжин мэддэг шүү дээ. Энэ тохиолдолд байлдааны ажиллагаа хариу цохилтод амархан өртдөг. 1944 оны Франц дахь холбоотны давшилт зэрэг үр дүнтэй байлдааны ажиллагааны үед ч эзэлсэн нутагтаа бэхжих, дахин бүлэглэх зорилгоор ухралт хийх жишээтэй. Ардчилах үйл явцын гурав дахь давалгаа энэ үедээ орсон мэт санагдана.
Өмнөд Европыг эс тооцвол шинээр сэргээн тогтоосон орнууд дахь ардчиллын ирээдүй бүрхэг байна. Латин Америк дахь нөхцөл байдлын талаарх өргөн хүрээтэй тоймоо дуусгах явцдаа доктор Лэрри Даймонд “ухралт нь ололт амжилттайгаа зэрэгцэн ирэх, зарим тохиолдолд даван гарах үед ардчилалд шилжих үйл явц бүс нутгийн хэмжээнд бүхэлдээ зогсонги байдалд ордог” гэжээ. Freedom House байгууллагын 1993 оны тайланд Латин Америкийн зургаан улсыг “эрх чөлөөт” хэмээн ангилсан байна. Куба, Гаити улсыг “эрх чөлөөгүй”, үлдсэн арван улсыг “хагас эрх чөлөөтэй” гэжээ. Сүүлийн бүлэгт багтах ихэнх улсын засгийн газар сонгуулийн үйл явцаар засаг төрийн эрхэнд гарсан ч сонгууль шударга явагдсан нь туйлын эргэлзээтэй.  Перу, Венесуэл, Гватемал, Гаитид төрийн эргэлт хийгдэх оролдлого гарсан. Бразили, Чилээс Гватемал, Сальвадор хүртэлх олон улсад цэргийнхэн улс төрийн талбарт нөлөө бүхий хүч хэвээр байна. Тивийн хэмжээнд авилга аюулын харанга дэлдэх болсон бөгөөд үүний нэг илрэл нь Венесуэл, Бразили улсын ерөнхийлөгч нарт үзүүлсэн импичмэнт, Аргентины ерөнхийлөгчид хандсан авилгын хэрэг болно.
Орчин нөхцөлтэй холбоотойгоор хүмүүсийн амьдралын талаарх төсөөлөл өөрчлөгдөхөд ардчиллаас ухрах магадлал төдий хэрээр нэмэгддэг. Хүмүүс хатуу, дарангуй засгийн буулга дор тарчилахын цагт уг дэглэмийг түлхэн унагах нь гол зорилго болдог. Гэвч үүнийг хийсний дараа үзэл бодол эрс өөрчлөгдөх жишээтэй. Хүний эрх, эрх чөлөөний оронд хууль ёс, дэг журам, эд материалын хангалуун байдал чухалчлагдах болно. Гэвч ардчилал дарангуйллаас дээр үү гэдэг асуудал тодорхойгүй хэвээр үлдлээ. Албэрто Фужимори Перуд ардчиллыг булшилсан боловч үүнтэй зэрэгцээд эдийн засгийн шинэчлэл эхлүүлэн “Сэндэро Луминосо”-г дарж, хууль ёс, дэг журмыг сэргээх тал дээр чухал алхам хийсэн байна. 1993 онд Перугийн эдийн засаг 7%-д хүрсэн нь Латин Америктаа хамгийн өндөр үзүүлэлт байв. Аргентинид ерөнхийлөгч Карлос Менем адилхан авторитари арга хэрэглэсний үр дүнд эдийн засгийн салбарт тодорхой үр дүнд хүрчээ. Үүний үр дүнд Фужиморо, Менем нар олон нийтийн санаа бодлын шүүлтүүрт хамгийн өндөр нэр хүндтэй болжээ. Ардчилал, эрх чөлөөг олж авсан оронд хүмүүсийн эрмэлзэл өөрчлөгдөж, эдийн засгийн баялаг, аюулгүй байдалд анхаарч эхэлдэг байна.
Зүүн Европ, хуучин ЗХУ-д нөхцөл байдал найдваргүй байна. Цөөнхийг угсаатны олонх дарах, эрхийг нь зөрчих үзэгдэл байсаар байна. Арьс өнгөөр ялгаварлах, цыгануудыг хавчих явдал хэрээс хэтэрчээ. Зарим улс оронд коммунист бүтэц урьдын адил хүчтэй хэвээр байна. Хэвлэлийн эрх чөлөөг боогдуулах тохиолдол байсаар байна. Зурагт, радио засгийн газрын хатуу хяналтад орохын зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дарамт үзүүлэх, редакторыг нь хөнөөх тохиолдол байна. Хүмүүс авторитари үеийн хатуу хууль цаазыг санагалзах тохиолдол нь бүр ихэсчээ. Румын болон бусад оронд хүн амын олонх нь коммунизмын жилүүдэд, тэр дундаа Чаушшескийн үед сайхан амьдарч байсан гэснийг социологийн судалгаа харуулж байна. Гүрж дэх Гамсахүрди мэтийн удирдагч нар харгис дарангуйлагч болж Борис Ельцин мэт нь авторитар арга барилыг зуршил болгожээ.
Латин Америкийн нэгэн адил Зүүн Европт шинэ ардчилсан засгийн газрууд гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх, авторитар дэглэмийн хуучин удирдагчидтай хэрхэн харилцах зэрэг хүндхэн асуудалтай тулгарч байна. Хэрэв ямар нэгэн удирдагч хүрээлээгүй л бол энд улс төрийн нам жижиг байх нь ёс мэт болжээ. Хоёр бүс нутгийн ихэнх засгийн газрын өмнө эдийн засгийн зогсонги байдлын үед өргөн хүрээтэй эдийн засгийн шинэтгэлийн бодлого авч хэрэгжүүлэх хүндхэн сорилт тулгарч байна. Аргентин, Польш мэтийн зарим нэг тохиолдолд амжилт олсон байхад бусад оронд шинэчлэл удааширч, эдийн засгийн хүндрэл өсөн нэмэгдэхийн хэрээр инфляци, ажилгүйдэл, ядуурал бүх нийтэй шинжтэй болж хувирав.
Тэрчлэн бидний нүдэн дээр хоёр зүйл илэрхий харагдаж байна. Нэгдүгээрт, Өрнөдийн бус, ядуу улс оронд ардчиллын замд учирах саад их байна. Хоёрдугаарт, хямрал биш гээд хэлчихвэл шинээр ардчилалд шилжсэн орнуудад хүндрэлтэй асуудал түгээмэл байна. Эндээс дүгнэн бид бүхэн ардчилалд шилжиж буй орон юунд анхаарах ёстойг гаргаж болох юм. Юуны түрүүнд, ардчилах үйл явцад бүрэн шилжээгүй гол орнуудад уг үйл явцыг дуусгахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Эдгээрийн дотроос Орос, Мексик, Өмнөд Африкийг онцлон нэрлэмээр байна. Гэхдээ сүүлийн арван жилд амжилттай шилжилт хийсэн Латин Америк, Зүүн Европ, Зүүн Азийн улсуудад ардчиллыг бэхжүүлэх асуудал багагүй ач холбогдолтой юм. Эсрэгээр, Күнз, Ислам, Африкийн нийгмүүдэд ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт соёл, эдийн засгийн шинжтэй томоохон саадтай тулгарах бөгөөд бага үр ашигтай мэт санагдана. Ардчиллын түрэлт бус, бэхжилт хэлэлцэх асуудал болжээ.
Шинээр сэргээн тогтоосон ардчиллыг бэхжүүлэхийн тулд сүсэг бишрэлд хүлээцтэй хандах, хууль ёсыг дээдлэх, цэргийнхэн болон хуучин коммунист удирдагчдын оролцоог хумих, хуучин дэглэмийн удирдлагатай хэрхэн харилцах гээд олон чиглэлд шийдвэртэй ажиллахыг шаардаж байна. Миний бие шинээр ардчиллыг сэргээн тогтоосон орнуудад гарцаагүй хийвэл болохгүй хэрнээ туршлага нимгэн хоёр асуудлыг хөндөхийг хүсч байна.
Юуны түрүүнд, улс төрийн институтыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Улс төрийн институтын тогтолцоо нь эрх мэдлийн аль нэг салбарт хэт төвлөрөл явагдахгүй байх, үр дүнтэй, хариуцлагатай шийдвэр гаргах үйл явцыг хангах, хямралт нөхцөлийн магадлал, хэт тусгаарлах хандлагыг бууруулах хэлбэрээр төлөвшсөн байх ёстой. Эдгээр шаардлага нь өөр хоорондоо зөрчилдөх тохиолдол байх бөгөөд нийгмийн тодорхой нөхцөлөөс шууд хамаарч байдаг. гэвч институционал байгууллын ерөнхий зүй тогтол гэж байхгүй хэрнээ ямар ч үед зайлсхийж үл чадах түгээмэл алдаа гэж байх юм. Сүүлийн үеийн туршлагыг нэгтгэн дүгнэж үзвэл үндсэн хууль боловсруулагчид болон институт бүтээгчдийн хувьд зөвлөмж боловсруулж болох байна.
Нэгдүгээрт, хэтэрхий хувь тэнцүүлсэн төлөөллийн хэлбэрээс зайлсхийх хэрэгтэй. Энэ нь хууль тогтоох хуралдаа 29 намын төлөөлөлтэй хэрнээ нэг ч нам нь сонгогчдын 13 хувийн санал аваагүй Польш шиг аюултай бутралд хүргэж болох талтай. Польшууд энэ тогтолцоог германы загвараар шинэтгэж, хууль тогтоох хурлын төлөөлөлд 5%-ийг квот тогтоосон бөгөөд ингэснээр улс намуудын тоог 6 хүртэл бууруулж чаджээ. (…) (Хантингтон, 1995, хуудсд. 87-92).

Орчуулгын эх сурвалж

Хантингтон, С. (1995). Будущее демократического процесса: от экспансии к консолидации. Мировая экономика и международные отношения, №10.


ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn