Thursday, June 22, 2017

ТОМАС ХОББСЫН ТӨР, ЭРХ ЗҮЙН СУРГААЛ


1640 онд Англи улсад хууль тогтоох хурлын эрх мэдлийг өргөтгөж, феодал ноёд болон эзэн хааны эрх ямбыг эвдэхэд чиглэсэн хувьсгал өрнөсөн түүхтэй. Өөрөөр хэлбэл, нэг талаас, эзэн хааны эрх мэдлийг хуучин хэвээр ёсчилж, хэмжээгүй эрхт засгийг хамгаалсан, нөгөө талаас, хууль тогтоох хуралд эрх мэдлийн хүндийн төвийг шилжүүлэх замаар үндсэн хуульт засаг тогтоох гэсэн хоёр хүчний хооронд үзэл санааны томоохон тэмцэл явагдаж, эцэстээ зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн билээ.
Энэ үйл явцад эхний үзэл баримтлал буюу хэмжээгүй эрхт засгийг хамгаалан тэмцэгчдийн нэг нь гүн ухаантан, улс төрийн сэтгэгч Томас Хоббс (1588-1679 он) байсан юм. Хувьсгалын эхэнд эзэн хааны эрх мэдлийг өмгөөлсөн бүтээл туурвисан учир аргагүйн эрхэнд гадаадад дүрвэжээ. Париж хотноо Хоббс өөрийн үзэл санааны үндсийг боловсруулсан байдаг. Мөн хувьсгал, иргэний дайны сэдвээр бүтээл нийтлүүлэх болсон юм. Үймээн дууссаны дараагаар эх орондоо эргэн ирж Лондон хотноо “Левиафан буюу төрийн иргэний хийгээд номын засаг, хэлбэр, эх сурвалж(1651 он) гэх гол зохиолоо нийтлүүлжээ.
Хоббс төр, эрх зүйн сургаалыг “байгалийн ухааны үндэс геометр” адил шинжлэх ухааны нарийн мэдлэг болгохыг эрмэлзсэн байна. Хоббсын үзсэнээр, математик арга субьектив үнэлэмжээс ямагт ангид байж чаддаг байна. Ингэхлээр, төр, эрх зүйн тухай сургаал математик аргад суурилж хөгжих ёстой. Гэвч Хоббсын санаачилсан энэ хандлага нийгмийн бодит орчноос тусгаарлагдсан хийсвэр мэдлэгийг бий болгоход чиглэгдэж байсан тул амжилт олж чадаагүй билээ.
Хоббс хүний төрөлх мүс чанар, шунал хүслийн талаарх эрэгцүүллээр судалгаагаа эхлүүлсэн байдаг. Хүний төрөлх мүс чанарын тухай Хоббсын төсөөлөл туйлын пессимист шинжтэй байв: хүн төрөлхийн атаач, өөнтөгч, бусдыг өшлөгч, үл итгэгч, алдар нэр горилогч амьтан мөн. Эдгээр чанар нь хүмүүсийг нэг нэгэнтэйгээ мөнхөд тэмцэлдэгч дайснууд болгон хувиргадаг: “хүн хүндээ чоно болдог байна(homo homini lupus est). Тийм ч учраас бүхнийг айдсаар барих засаг төргүй байгалийн байдалд хүмүүс “бүгдээрээ бүгдийн эсрэг дайны байдалд(bellum Omnia contra omnes) оршдог.
Ер нь, Англи дахь иргэний дайны үеийн нийгмийн анги, давхаргуудын сөргөлдөөн Хоббсын сургаалд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэх болох талтай. Тийм ч учраас Хоббс “Нэг хэсэг нь бусдыг захирч, засаглаж, дээрэмдэж, талах замаар зорилгодоо хүрдэг учир эд баялаг, алдар нэр, бусдыг захирахын төлөөх тэмцэл ямагт дайн, дайсагнал, хагаралд хүргэдэг” хэмээн бичжээ.
Бүгдээрээ бүгдийн эсрэг дайны байдал”-ын хор уршгийг ухамсарласан хүмүүс байгалийн байдлаас гарах арга замыг сүвэгчлэх болсон. Товчоор хэлэхэд ийм арга зам сүвэгчлэхийг байгалийн хууль шаардах болсон байна (Хоббсынхоор жам ёсны эрх гэдэг нь – хүний аюулгүй амьдрах орчноо бий болгох эрх чөлөө юм: байгалийн хууль гэдэг нь — амьдралд хөнөөлтэй бүхнийг хориглохуй болно).
Нөгөөтэйгүүр, байгалийн хууль хүмүүс хэрхэн эвтэй найртай амьдрах вэ гэдгийг тодорхойлж өгдөг байна. Эвтэй найртай, аюулгүй орчинд амьдрахын тулд “хүмүүс өөрийн гэсэн бүхнээс татгалзаж, харилцан гэрээлэх ёстой” болдог. “Чухамдаа бол байгалийн хууль өөрөө сахин биелүүлэхэд албадах ямар нэгэн хүчгүй бол өш хөнзөн, атаа хорсол, атгаг санаа тэргүүлсэн бидний төрөлх мүс чанартай байнга зөрчилдөж байдаг билээ. Ирт мэсгүй хэлцэл гэгч аюулгүй байдлыг дархалж эс чадах хоосон үг ажгуу. Бултаараа амар жимэр амьдрахад дэмнэх илэрхий засаггүй л бол хичнээн сайн байгалийн хууль байгаад ч хүн бүр өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс бусдыг баширлан мэхлэх, бусчирлан дордчлох явдал үргэлжилсээр байдгийн жинхэнэ шалтгаан энэ буюу. Хаана хүмүүс хуваагдмал амьдрана, тэнд нэг нэгээ булиах болно: Байгалийн хууль байсан ч нэр хүндэд нь хэдий хэрэгтэй, төдий хэмжээгээр хүмүүс бусдыг бусчирлах аж. Урьдын жижиг гэр бүлүүдийн нэгэн адил аюулгүй байдлын томоохон нэгдэл болсон өнөөгийн хот суурин, төр улсууд хүртэл тусламж дэмжлэг, аюул заналхийлэл зэрэгт элдэвлэн эзэмшил нутгаа өргөтгөх болжээ (Гоббс, 2001, хуудсд. 154-165).
Жам ёсны эрхээсээ татгалзсан хүмүүс “энх тайван, нийтийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай арга хэрэгсэл, хүчийг ашиглаж чадахуйц этгээдийг бий болгохын тулд харилцан гэрээлэх замаар үүсгэсэн зохиомол биет” болох төрд өөрсдийн гэсэн бүхнийг даатгадаг байна. “Хүмүүс өөрсдийгөө тодорхой холбоонд багтаан авч үзэхийн цаад бодол санаа, буюу чанадын зорилго нь өөрөө өөрийнхөө төлөө санаа тавих, ингэхдээ илүү таатай амьдрах хүсэл юм. Өөрөөр хэлбэл, төр улсыг цогцлоох явцдаа хүмүүс тэднийг хэлцэлд хүчилж, байгалийн хуулийг мөрдүүлэх ял шийтгэл, айдсыг төрүүлэгч илэрхий засаггүй нөхцөлийн гарцаагүй үр дагавар болсон дайсагнагч, явар гуйранч байдлаас ангижрах хүсэлдээ хөтлөгддөг байна(Гоббс, 2001, хууд. 154)  хэмээн Хоббс бичжээ. Эндээс үзэхэд Хоббс төрийн эрх мэдлийн эх сурвалжийг хүмүүсийн гэрээ гэж үзсэн байдаг. Нийгмийн гэрээг хэн ч дур мэдэн зөрчих юм уу цуцлаж болохгүй. Нийгмийн гэрээ цуцлагдах бол тэр нь нийт ард түмний хүсэл зоригт суурилах учиртай. Эзэн хаан ч нийгмийн гэрээг дур мэдэн өөрчлөх, цуцлах эрхгүй болохыг Хоббс онцолсон байна.
Төр гэдэг нь агуу их Левиафан (Библид гардаг далай, тэнгисийн захирагч лусын эзэн Ямын дагуул олон тэргүүнт мангас), зохиомол хүн буюу газрын бурхан болно. Дээд эрх мэдэл нь – төрийн зүрх сэтгэл: шүүгч, түшмэд нь – үе мөч: зөвлөхүүд – ой санамж: хууль нь – оюун ухаан, хүсэл зориг: гавьяа, шийтгэл нь – мэдрэл: ард түмний сайн сайхан байдал – хүч чадал: ард түмний аюулгүй байдал – эрхлэх аж ахуй: иргэний энх тайван – эрүүл тунх байдал: самуурал нь – өвчин зовлон: иргэний дайн – үхэл болно.
Суверены эрх мэдэл хязгааргүй: хууль гаргах, хэрэгжилтэд хяналт тавих, татвар хураах, шүүгч, түшмэдийг дэвшүүлэн хэрэглэх зэрэг эрх эдэлнэ. Албат ардын бодол санааг ч улсын эзэн тодорхойлно. Ямар шашин шүтэх, эс шүтэхийг улсын эзэн суверен тогтооно.
Хоббс Бодэны нэгэн адил төрийн засаглалын гурван хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Төрийн засаглалын тогтвортой байдал, залгамж чанарыг хамгийн сайн хангаж чадах учир хэмжээгүй эрхт эзэн хааны засаг бүхнээс нийцтэй гэдгийг онцолсон.
Хувьсгал, иргэний дайны жилүүдэд эзэн хааны эрх мэдлийг хязгаарлахад чиглэгдсэн үймээн, самуун гарч байсныг Хоббс хурцаар шүүмжилсэн байна. Гэхдээ Хоббсын үзэл санааг эзэн хааны хэмжээгүй эрхт засгийг талархагчид бүрэн дэмжиж байсан гэж үзэж болохгүй билээ. Учир нь Хоббс хэдийгээр эзэн хааны хэмжээгүй эрхт засгийг талархан дэмжиж байсан боловч арга зүйн хувьд шашны үзэл санааг эрс шийдвэртэй шүүмжилж байв. Өөрөөр хэлбэл, түүний сургаалд дэвшилтэт санаа агуулагдаж байсан гэсэн үг юм.
Үүнээс гадна, Хоббсын төрийн засаглалын үзэл санаа их төлөв улс төрийн, улсын салбарын удирдлагын хүрээнд хамаарч байв. Иргэд нийгэм-эдийн засаг, оюун санааны хүрээнд харьцангуй өргөн эрхтэй байхыг Хоббс хүлээн зөвшөөрсөн байна.
Хэн ч төрийн эрх мэдлийг хадгалагч суверенаас илүү эрх эдлэж, үүрэг хүлээх ёсгүй. Хүн язгууртан байна уу, энгийн ард байна уу хамаагүй. Бүгд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Хэдийгээр эзэн хааны хэмжээгүй эрхт засгийг талархан дэмжиж байсан ч Хоббс феодал-язгууртны эрх ямбыг өмгөөлөгч нэгэн байгаагүй юм.
Төрийн засаглалын нэг үндсэн үүрэг нь – иргэдийн өмч хөрөнгийг хамгаалах явдал юм. Хувийн өмч гэдэг нь “энх тайвныг хангахад шаардлагатай” харилцааны нөхцөл болно.
Хоббс өмчийн үүслийн тухай асуудлаар нэлээд сонирхолтой санааг хөгжүүлсэн байна. Эхэндээ байгалийн байдалд өмч нийтийн хэлбэртэй байсан гэж үзсэн боловч хожим үзэл санаандаа засвар оруулж, “бүгдээрээ бүгдийн эсрэг дайтсан дайны байдал” байгалийн байдалд өмч хөрөнгө байх боломжгүй гэдгийг онцолсон. Алив нэгэн зүйлийг өмчлөхөд тодорхойгүй байдал үүссэн нь байгалийн байдлаас хүмүүс гарахыг эрмэлзэх болсны нэг шалтгаан болно.
Улсын тэргүүн хаан хүн дотоодод үйлдвэр, худалдааг хөгжүүлэх, өмч хөрөнгийн харилцааг тэтгэх, бүгдэд ялгаваргүй татварын тогтолцоо бүрдүүлэхийг чухачлах хэрэгтэй. Улс орны бодлогыг хэрэгжүүлэхдээ ивгээлийн хэлбэрээс аль болох зайлсхийх ёстой.
Хоббсын бүтээлд хүний эрх чөлөө гэдгийг хуулиар хориглоогүй бүхнийг хийх эрх гэж тайлбарласан байдаг. “Суверен ямар нэг дүрэм журам гаргаагүй бол албат нар өөрийн хүссэнээр бүтээн туурвих, эс бүтээх эрх чөлөөтэй” хэмээн Хоббс бичжээ. Түүний үзсэнээр, хуулийн зорилго нь бүхнийг хориглоход бус, хүмүүст зөв дадгал хэвшүүлэхэд оршино. Тиймийн учир хуульд заагаагүй бүхэн чөлөөтэй гэх зарчмыг Хоббс хүмүүсийн харилцаанд нэвтрүүлэхийг чухалчилсан байна. Өөрөөр хэлбэл, хүний амьдралыг хуулиар нэг бүрчлэн тодорхойлж заах нь хэрэггүй төдийгүй хөнөөлтэй гэдгийг Хоббс онцолжээ.
Иргэд хоорондын харилцаанд өөрийн цаг үедээ шинэлэг гэж хэлж болохуйц олон санааг нэвтрүүлэхийг хичээсэн байдаг. Тухайлбал, тангарагтны шүүхийн өмнө бүгд эрх тэгш байх, эрхийн хамгаалалт хүн бүрт адил олгогдох, хүнлэг бус шийтгэлийн аргыг халах зэрэг олон зүйлийг тэмдэглэж болох байна.
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд, хүн төрөлхтөний улс төрийн сэтгэлгээний түүхэн дэхТ. Хоббсын улс төрийн сургаалыг судлаачид өнөөг хүртэл янз бүрээр үнэлсээр байна. Тухайлбал, либерал үзэлтнүүд хүний улс төрийн эрх, эрх чөлөөнд ач холбогдол өгөөгүй учир харгис гэсэн бол тоталитаризмийн онолчид хувийн хүний болон нийгмийн хүрээний эрхийг нарийн зааглаж чадаагүй гэж үзэх жишээтэй.
Англи дахь иргэний дайны дараагаар генерал О. Кромвел Хоббст төрийн өндөр алба санал болгосон боловч хүлээн авалгүй дээд боловсролын шинэчлэлийн асуудлыг хариуцан ажилласан байдаг. Сүүлээр Хоббсыг бурхангүйн үзэлтэн хэмээн ялласан байна. Английн гүн ухаантан, улс төрийн сэтгэгч Т. Хоббс 1679 оны арванхоёрдугаар сарын 4 нд Зүүн Мидлэндийн Дэрибшир хотноо “Түнэр харанхуй нөмөрлөө(A great leap in the dark) гэсээр 91 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Түүнийг бие барсны сүүлээр Оксфордын Их Сургуулийн шийдвэрээр “Левиафан” бүтээлийг олны өмнө түүдэг галд шатаасан байдаг. Олон жилийн туршид Хоббсын уг бүтээл “хориотой номын жагсаалт”-ад байсан билээ.

Эх сурвалж

Гоббс, Т. (2001). Левиафан, или Материя, форма и власть государства церковного и гражданского. (А. В. Матешук, Е. М. Омельяновская, С. П. Лебедева, С. И. Ларичева, Eds., & А. Гутермана, Trans.) Москва: Изд-во Мысль.


МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment