Thursday, June 22, 2017

4-р бүлэг. АКВИНО ГАЗРЫН ФОМАГИЙН УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Аквино газрын Фома — Италийн католиг урсгалын гүн ухаантан, улс төрийн сэтгэгч, домниканы санваартан, баруун Европын олон их сургуульд багшилж байсан нэгэн.
Цадиг намтар. Фома 1225, буюу 1226 онд Неапол хотын зэргэлдээ орших Аквино цайзад Ландольфо гүнгийн гэрт мэндэлсэн. Эртний сурвалжит язгуурт тэрээр Фридрих Барбароссагийн ач хүү билээ. Өөрөөр хэлбэл, Фома норманд, ломбард цустай нэгэн байжээ. Хүүг нялхад нь Томазо (Грекээр — Фома гэх үг) нэрээр загалмайлсан байна. Фома багын л удаан хөдөлгөөнтэй, амар амгалан төрхтэй, нүсэр биетэй нэгэн байжээ. Тиймдээ ч түүнийг багачууд «хөшүүн бух» хэмээн хочилдог байв. Фомагийн багш Их Альбэрт нэгэнтээ «энэ хөшүүн бух бүх дэлхийгээр нэг мөөрөх болно» гэж айлдсан байдаг. Эхэндээ Фома католиг шашны сургуульд суралцаж, дараагаар нь, II Фридрихийн үүсгэн байгуулсан Неаполийн их сургуульд элсэн оржээ. Неаполд байхдаа гүн хэргэмээсээ татгалзаж, ядуу санваартны домникан бүлгэмд нэгдэж орсон байна. Гэтэл түүний гэр бүл энэ явдалд онцгой зэвүүрхэн хандаж, тодорхой хугацаанд Фомаг гэрийн хорионд байлгажээ.
Эрх чөлөөтэй болсны сүүлээр Фома домникан үзэлтэн Их Альбэртийн удирдлага дор эхлээд Париж хотноо, дараа нь Кёльн хотноо үргэлжлүүлэн суралцсан байна. Энэ үеийн домникан бүлгэмийн гол зорилго нь «силлогизмуудын тусламжтайгаар» тэрслүү нартай тэмцэхэд оршиж байв. 1252 онд домникан бүлгэмийн тэргүүн Фомаг Париж хот дахь удирдагчаараа сонгожээ. 1252-1254 онуудад тэрээр «библикус» бакалавр, 1254-1256 онуудад «сентэнциариус» бакалавр болжээ. Улмаар 1256-1259 онуудад бурхан судлалын магистрын зэрэг хүртсэн Фома Парижийн Их Сургуульд тэнхим удирдсан байна. Дараагаар нь, бүлгэмийн уламжлалын дагуу Кёльн, Рим, Неапол, Болоны их сургуулиудад багшилсан байдаг. Аквина газрын Фома X Григори хутагтын зарааллаар аялан явах зуур зам гудас 1274 оны гуравдугаар сарын 7 нд Лион хотын ойролцоо жанч халжээ. 1323 оны долдугаар сарын 18 нд гэгээнтнээр тодруулж, 1368 онд шарирыг нь Тулуз хотноо хүндэтгэн залсан түүхтэй.
Аквино газрын Фомагийн мэдлэг ухааны царааг хүндэтгэн «мэргэдийн оройн чимэг, билгүүн номч», сургаал сурталд үнэнчийг хүндэтгэн «хутагт дээд номч» гэх алдрыг хайрлажээ. 1567 онд түүнийг «сүм хийдийн тав дахь их багш» хэмээн хүлээн зөвшөөрсөн бол 1879 онд хутагт XII Льев Фомагийн сургаалыг «католиг шашны цорын ганц үнэн философи» хэмээн зарласан түүхтэй.
Гол бүтээл: «Бурхан судлалын нийлбэр» (1265-1274 он), «Хааны засаглалын тухай» («Эзний эрх мэдлийн тухай») (1266 он).
Улс төрийн сургаалын агуулга
Төрийн тухай сургаал. Төр бол эсэр эзний цүглэж, удирдах ерөнхий дэг журмын нэг хэсэг мөн. Байгалийн хууль, оюун санааны засаглалын илрэл болох улс төрийн нийгэмлэгт хүмүүс нэгдсэний үр дүнд төр оршин байна. Хүн авьяас чадвараа хөгжүүлэх, сайн сайхан амьдрах нөхцөлөө бий болгохын тулд бусадтай харилцаж, нэгдэхэд эрмэлзэх улс төрийн амьтан бөгөөд энэ шинжээрээ эсэр эзний бүтээсэн бусад төрлийн амьтдаас зарчмын ялгаатай. Хүний аюулгүй орчинд  байж, оюун санааны болон материаллаг хэрэгцээгээ бүрэн хангах шаардлагыг гэр бүл тэр болгон хангаж чаддаггүй. Хүний эл хэрэгцээг хангахын тулд олон янзын мэдлэг, чадвар бүхий хүмүүсийг нэгтгэсэн илүү дээд түвшний орчин, буюу нийгэм оршин байх зайлшгүй шаардлагатай. Төр улсыг байгуулах нь хамтаар амьдрахад эрмэлзсэн хүний жам ёсны хүсэл сонирхол, инстиктийн үр дүн билээ. Гэхдээ ертөнцийн эзэн уг хүсэл сонирхлыг оюун ухаанаар дамжуулан хүнд өгсөн юм.
Аливаа төр улсын зорилго нь— оюун санааны болон материаллаг үүднээс авч үзвэл, нийтийн сайн сайхан байдал болно. Улс төрийн нийгэмлэг дараах гурван бүрдлийг багтаасан эрх мэдлийг төлөөлдөг байна. Эдгээрт:
засаглалын мөн чанар, өөрөөр хэлбэл, захирах, захирагдах харилцааны ёсон байна. Үүнийг ертөнцийн эзэн бий болгосон учир нийцтэй бөгөөд зохистой билээ;
эрх мэдлийн үүсэл гэж байх бөгөөд үүнийг шударга болон шударга бус аргаар олж авч болдог («Ертөнцийн эзнээс үл хамаарах эрх мэдэл шударга бус, муу шинжтэй»);
эрх мэдлийн ашиглалт гэж байна. Зохистой болон зохисгүй гэсэн хоёр хэлбэртэй.
Ийнхүү засаглал, буюу эрх мэдэл ертөнцийн эзнээс хамааралтай байдаг. Гэхдээ дараах тохиолдолд, ертөнцийн эзнээс эрх мэдэл хамаарахгүй байж болно. Үүнд:
засаг төрийн эрхийг ёс бусаар олж авах: Энэ тохиолдолд, эрх мэдлийг атгагч нь ертөнцийн эзнээс бошголсон хаан биш бөгөөд ард түмэн ийм хаанд захирагдах албагүй билээ;
эрх мэдлээ хортойгоор ашиглах нь хоёр төрөлтэй: 1) ертөнцийн эзэн дээд захирагч мөн тул түүний хүсэл соригийг сөрөх нь эрх мэдлийг хортойгоор ашиглаж буй явдал даруй мөн; 2) эзэн хааны эрх мэдэлд хамаарлгүй бүхнийг хамаарах нь эрх мэдлийн хортойгоор ашиглаж буй явдал мөн.
Эрх мэдлийн хортойгоор ашигласнаар дарангуйлал үүсэх бөгөөд ард түмэн ийм эзэн хааны эсрэг тэрслэн босох хэрэгтэй: «Нийт олны эрх ашгийн төлөө эрслэн боссон самуун нүгэлд тооцогдох ёсгүй».
Иргэний болон шашны эрх мэдлийн харилцаа. Иргэний эрх мэдэл «албат иргэдийн биеийн үйлийг» удирддаг бол оюун санааны эрх мэдэл хүмүүсийн сэтгэл зүрхийн мэднэ. «Оюун санааны болон иргэний засаг ертөнцийн эзнээс эхтэй бөгөөд ертөнцийн эзэнд захирагдах учир иргэний засаг нь оюун санааны засагтай захирагдаж байвал зохистой; хүмүүний сэтгэл санааны үйлийг иргэний бус, оюун санааны засаг хамаарч байвал сая болно. Харин биеийн үйлийг оюун санааны гэхээсээ илүүтэйгээр иргэний засаг мэдэх учиртай». Оюун санааны эрх мэдэл иргэний эрх мэдлийн үйл ажиллагаанд оролцох боломжтой: «Иргэний эрх мэдэл үйлдэл сэтгэл оюундаа захирагдахын нэгэн адил оюун санааны эрх мэдэлд захирагдана. Иймд иргэний засагтаа оюун санааны эрх мэдэл захирагдах нь зохисгүй болно». Төр тэрс номтонтой тэмцэхэд сүм хийдэд туслах ёстой: «Шашин шүтлэгээ огоорох нь үдлээд буцах хорвоод өөрийн хэрэгцээг хангах хөрөнгө нөөцлөхөөс ч илүү хүнд нүгэл билээ. Ингэхлээр, иргэний засаг шашинд тэрслэгч алуун номтонгуудад үхэл ял оноож, тэднийг шударгаар шүүх учиртай».
Засаглалын хэлбэрүүд. Нийтийн эрх ашгийг хэрхэн чухалчилж байгаагаас хамааруулан төр улсыг зохист (эзэн хаант, язгууртны, полити) болон зохист бус (дарангуйлсан, олигархи, ардчилсан) гэх хоёр төрөлд хуваадаг. Зохист төр улс хууль эрх зүй, хэв суртал дээр суурилсан улс төрийн эрх мэдэл бол зохист бус – нь хууль, эрх зүйгээр зохицуулагддаггүй, хувь хүний дур зоргод үндэслэгдсэн дарангуй засаг болно.  
Дараах шинж бүхий учир эзэн хаант засаг бүхнээс нийцтэй болно. Эдгээрт:
— эзэн хааны эрх мэдэл ертөнцийн эзний сүр хүчийг санагдуулдаг;
— Исус сүм хийдэд зөвхөн эзэн хааны зохион байгуулалтыг хүссэн;
— биеийн олон хэсэг дотроос биеийг хөдөлгөх зүрх сэтгэл гэх ганц зүйлийг чухалчилдаг;
— сэтгэл зүрхээс оюун ухааныг тэргүүлэх зэрэгт авч үздэг;
— ганц эзэн хаан олны төлөө зүтгэдэг;
— ганц захирагчаар удирдуулдаггүй муж, хот- улс байнгын дайсагналд оршдогийг амьдралын туршлага харуулсан; «харин эсрэгээр, ганц захирагчид удирдуулах муж, хот-улсад амар амгалан ноёрхож, шударга ёс, хөгжил цэцэглэлт бий болдог» байна.
Эзэн хаант засаг – хэмжээгүй эрхт болон улс төрийн гэх хоёр төрөлтэй. Хамгийн зохистой хэлбэр нь нийгмийн практикт язгууртны-төлөөллийн хэлбэрээр хэрэгжих улс төрийн хаант засаг бөгөөд хэмжээгүй эрхт засгаа бодвол дараах хоёр давуу талтай болно. Үүнд:
— эзэн хааны эрх мэдэл иргэний болон шашны феодалуудаас бүрдсэн язгууртны-төлөөллийн байгууллагаар хязгаарлагддаг байна;
—үүнээс гадна, улс төрийн хаант засагт эзэн хааны эрх мэдэл төлөөллийн байгууллагаас гаргасан хуулиар хязгаарлагддаг байна.
Эрх зүйн сургаал. Хуулийн тодорхойлолт:
— «хууль гэдэг нь хэн хүнийг ямар нэгэн үйл цогцлоох эсвээс түүнийг хийхгүй байхад нөлөөлөх үйлдлийн тодорхой арга хэрэгсэл, дүрэм журам мөн»;
— «хууль нийтийн ашиг тусыг чухалчилна»;
— «хуулийн мөн чанар нь хүний амьдралыг ариусан гэгээрэхэд хөтлөх явдал болно»;
— «хууль нь нийт нийгмийн төлөө ажиллах хэн хүнээс тунхагласан нийтийн сайн сайханд зориулагдсан тогтоосон тодорхой оюун ухаан мөн».
Хуулийн ангилал:
1. Мөнхийн хууль — нь ертөнцийн эзний жам ёсны хууль мөн; ертөнцийн эзнээс тогтоосон дэлхий дахины юмсын дэг журам, зөвхөн ертөнцийн эзэн, ариун гэгээнтнүүд л тодорхой байх бошго, иш үзүүлбэр мөн. Мөнхийн хууль гэдэг нь бүх үйлдэл, юмсын хөдөлгөөнийг чиглүүлж гараг ертөнцийг удирдах ертөнцийн эзний оюун санаа өөрөө билээ.
2. Байгалийн хууль — гэдэг нь хүний оюун ухаан дахь мөнхийн хуулийн тусгал юм. Байгалийн хуулийн үндсэн зарчим нь: «сайныг бүтээж, муугаас дайжихуй» болно. Байгалийн хуулийн дэг журам гэдэг нь хүний төрөлх чадварт суурилсан дэг журам мөн: үүнд өөрөө өөрийг хамгаалах, эр, эм бололцох, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ертөнцийн эзнийг танин мэдэх, нийгмээр амьдрах тэргүүтэн орно. Оюунлаг амьтан болохын хувьд хүний төрөлх чадвар зөвхөн оюун ухаанд захирагдана. Эндээс үзэхэд байгалийн хуульд сайн гэлтгүй хүний бүхий л үйлдэл хамаарагддаг байна.
3. Хүний (эерэг) хууль нь хүмүүс амар амгалан байх, өөртөө болон өрөөл бусдад сайн сайхан чанарыг хөгжүүлэхэд хэрэгтэй хууль юм. Хүмүүс мууд тачаадах, мөнхийн болон байгалийн хуулиас дайжих төрөлх чанартай тул тэднийг хүч, айдас  дээр тулгуурлан муугаас дайжуулж, сайныг эрэлхийлдэг болгох шаардлагатай. Ийм албадлага нь хүний хуулийн гол зорилт юм.
Хүний хууль — гэдэг нь байгалийн хуулиас үүдэлтэй эрх зүй болно: байгалийн хуульд нийцээгүй бүхэн хууль биш юм. Өрөвч нинжин байх нь хүний хуулийг шударга болгодог зүйл билээ. Хүний хуулийн зорилго нь нийтийн сайн сайхан байдлыг хангахад орших бөгөөд эл учирт нийтийн сайн сайхан байдалд хүргэх хүний сайн үйлийг хөгжөөх учиртай. Хүмүүсийн олонх нь төгөлдөр бус учир хүний хууль бүгдийг муу үйлээс хамгаалж чаддаггүй: зөвхөн мунхаг хүмүүний хөтлөгдөж болох хамгийн муу гэсэн үйлийг л хориглодог.
Шударга бус хүний хууль хоёр төрөлтэй:1) хүний сайн сайхан байдалтай зөрчилдөх учир олон ард дагах албагүй хууль байна; 2) ертөнцийн эзний хүсэл зоригтой зөрчилдөх учир биелүүлэхгүй байваас сая болох хууль гэж байна. Хүнээс илүү ертөнцийн эзэн эрхэм, дээд билээ:
4. Хүмүүст ертөнцийн эзнээс өгсөн иш үзүүлбэр (хуучин, шинэ гэрээ)-т агуулагдах ертөнцийн эзний (нээлттэй) хууль байна. Ертөнцийн эзний хууль дараах шаардлагын улмаас хэрэгтэй. Эдгээрт:
— хүний оршин ахуйн туйлын зорилго юунд оршдог болохыг танин мэдэхэд тусладаг;
— зохистой, шударгын тухай, хүний хуулийн алдаа, онооны тухай маргаан дэгдсэн үед баримталбал зохих дээд, болзолт бус хэмжүүр болдог;
—зөвхөн гадаад үйлийг журамлах хүний хуулиар зохицуулагдаагүй сэтгэл зүрх, оюун бодлыг зөв зүгт чиглүүлэхийн тулд;
— аливаа нүгэл, хилэнцээс ангид байлгахад: хүний хуулиар хориглоогүй нүглийг ертөнцийн эзний хуулиар хориглоно.
Эрх зүй — гэдэг нь хүний харилцааны бурханлаг журам дахь шударга үйл мөн. Шударга ёс — гэдэг нь хүн бусад хүмүүстэй харилцахдаа даган мөрдөх хүний үйлд хамаарах ёс зүйн сайн үйлийн төрөл юм. Эрх зүй — нь хүний бусадтай харилцах харилцаанд хэрэглэгдэх тэгштгэсэн үйлдэл болно. Тэгштгэх арга нь 1) юмсын мөн чанараар: 2) хүний хүсэл зоригоор гэсэн хоёр төрөлтэй. Эндээс эрх зүйг байгалийн болон позитив хэмээн ангилж болох юм. Хүний хүсэл зоригоор тогтоосон хууль байгалийн хуультай зөрчилдөөгүй тохиолдолд эрх зүй болдог (Р. А. Бурханов; В. Н. Руденкин;, 2009).

ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ

Р. А. Бурханов; В. Н. Руденкин;. (2009). История политических учений от Античности до Нового Времени: Краткий конспект лекций (2-е изд. ed.). Нижневартовск: Изд-во Нижневарт. гуманит. ун-та. Retrieved August 30, 2016, from http://nvsu.ru/ru/Intellekt/1131/Burhanov%20R.A.,%20Rudenkin%20V.N.%20Istoriya%20politicheskih%20ucheniy%20-%20Uchebnoe%20posobie%20-%202009.pdf


БЭЛТГЭСЭН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР 

ТОМАС ХОББСЫН ТӨР, ЭРХ ЗҮЙН СУРГААЛ


1640 онд Англи улсад хууль тогтоох хурлын эрх мэдлийг өргөтгөж, феодал ноёд болон эзэн хааны эрх ямбыг эвдэхэд чиглэсэн хувьсгал өрнөсөн түүхтэй. Өөрөөр хэлбэл, нэг талаас, эзэн хааны эрх мэдлийг хуучин хэвээр ёсчилж, хэмжээгүй эрхт засгийг хамгаалсан, нөгөө талаас, хууль тогтоох хуралд эрх мэдлийн хүндийн төвийг шилжүүлэх замаар үндсэн хуульт засаг тогтоох гэсэн хоёр хүчний хооронд үзэл санааны томоохон тэмцэл явагдаж, эцэстээ зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн билээ.
Энэ үйл явцад эхний үзэл баримтлал буюу хэмжээгүй эрхт засгийг хамгаалан тэмцэгчдийн нэг нь гүн ухаантан, улс төрийн сэтгэгч Томас Хоббс (1588-1679 он) байсан юм. Хувьсгалын эхэнд эзэн хааны эрх мэдлийг өмгөөлсөн бүтээл туурвисан учир аргагүйн эрхэнд гадаадад дүрвэжээ. Париж хотноо Хоббс өөрийн үзэл санааны үндсийг боловсруулсан байдаг. Мөн хувьсгал, иргэний дайны сэдвээр бүтээл нийтлүүлэх болсон юм. Үймээн дууссаны дараагаар эх орондоо эргэн ирж Лондон хотноо “Левиафан буюу төрийн иргэний хийгээд номын засаг, хэлбэр, эх сурвалж(1651 он) гэх гол зохиолоо нийтлүүлжээ.
Хоббс төр, эрх зүйн сургаалыг “байгалийн ухааны үндэс геометр” адил шинжлэх ухааны нарийн мэдлэг болгохыг эрмэлзсэн байна. Хоббсын үзсэнээр, математик арга субьектив үнэлэмжээс ямагт ангид байж чаддаг байна. Ингэхлээр, төр, эрх зүйн тухай сургаал математик аргад суурилж хөгжих ёстой. Гэвч Хоббсын санаачилсан энэ хандлага нийгмийн бодит орчноос тусгаарлагдсан хийсвэр мэдлэгийг бий болгоход чиглэгдэж байсан тул амжилт олж чадаагүй билээ.
Хоббс хүний төрөлх мүс чанар, шунал хүслийн талаарх эрэгцүүллээр судалгаагаа эхлүүлсэн байдаг. Хүний төрөлх мүс чанарын тухай Хоббсын төсөөлөл туйлын пессимист шинжтэй байв: хүн төрөлхийн атаач, өөнтөгч, бусдыг өшлөгч, үл итгэгч, алдар нэр горилогч амьтан мөн. Эдгээр чанар нь хүмүүсийг нэг нэгэнтэйгээ мөнхөд тэмцэлдэгч дайснууд болгон хувиргадаг: “хүн хүндээ чоно болдог байна(homo homini lupus est). Тийм ч учраас бүхнийг айдсаар барих засаг төргүй байгалийн байдалд хүмүүс “бүгдээрээ бүгдийн эсрэг дайны байдалд(bellum Omnia contra omnes) оршдог.
Ер нь, Англи дахь иргэний дайны үеийн нийгмийн анги, давхаргуудын сөргөлдөөн Хоббсын сургаалд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэх болох талтай. Тийм ч учраас Хоббс “Нэг хэсэг нь бусдыг захирч, засаглаж, дээрэмдэж, талах замаар зорилгодоо хүрдэг учир эд баялаг, алдар нэр, бусдыг захирахын төлөөх тэмцэл ямагт дайн, дайсагнал, хагаралд хүргэдэг” хэмээн бичжээ.
Бүгдээрээ бүгдийн эсрэг дайны байдал”-ын хор уршгийг ухамсарласан хүмүүс байгалийн байдлаас гарах арга замыг сүвэгчлэх болсон. Товчоор хэлэхэд ийм арга зам сүвэгчлэхийг байгалийн хууль шаардах болсон байна (Хоббсынхоор жам ёсны эрх гэдэг нь – хүний аюулгүй амьдрах орчноо бий болгох эрх чөлөө юм: байгалийн хууль гэдэг нь — амьдралд хөнөөлтэй бүхнийг хориглохуй болно).
Нөгөөтэйгүүр, байгалийн хууль хүмүүс хэрхэн эвтэй найртай амьдрах вэ гэдгийг тодорхойлж өгдөг байна. Эвтэй найртай, аюулгүй орчинд амьдрахын тулд “хүмүүс өөрийн гэсэн бүхнээс татгалзаж, харилцан гэрээлэх ёстой” болдог. “Чухамдаа бол байгалийн хууль өөрөө сахин биелүүлэхэд албадах ямар нэгэн хүчгүй бол өш хөнзөн, атаа хорсол, атгаг санаа тэргүүлсэн бидний төрөлх мүс чанартай байнга зөрчилдөж байдаг билээ. Ирт мэсгүй хэлцэл гэгч аюулгүй байдлыг дархалж эс чадах хоосон үг ажгуу. Бултаараа амар жимэр амьдрахад дэмнэх илэрхий засаггүй л бол хичнээн сайн байгалийн хууль байгаад ч хүн бүр өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс бусдыг баширлан мэхлэх, бусчирлан дордчлох явдал үргэлжилсээр байдгийн жинхэнэ шалтгаан энэ буюу. Хаана хүмүүс хуваагдмал амьдрана, тэнд нэг нэгээ булиах болно: Байгалийн хууль байсан ч нэр хүндэд нь хэдий хэрэгтэй, төдий хэмжээгээр хүмүүс бусдыг бусчирлах аж. Урьдын жижиг гэр бүлүүдийн нэгэн адил аюулгүй байдлын томоохон нэгдэл болсон өнөөгийн хот суурин, төр улсууд хүртэл тусламж дэмжлэг, аюул заналхийлэл зэрэгт элдэвлэн эзэмшил нутгаа өргөтгөх болжээ (Гоббс, 2001, хуудсд. 154-165).
Жам ёсны эрхээсээ татгалзсан хүмүүс “энх тайван, нийтийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай арга хэрэгсэл, хүчийг ашиглаж чадахуйц этгээдийг бий болгохын тулд харилцан гэрээлэх замаар үүсгэсэн зохиомол биет” болох төрд өөрсдийн гэсэн бүхнийг даатгадаг байна. “Хүмүүс өөрсдийгөө тодорхой холбоонд багтаан авч үзэхийн цаад бодол санаа, буюу чанадын зорилго нь өөрөө өөрийнхөө төлөө санаа тавих, ингэхдээ илүү таатай амьдрах хүсэл юм. Өөрөөр хэлбэл, төр улсыг цогцлоох явцдаа хүмүүс тэднийг хэлцэлд хүчилж, байгалийн хуулийг мөрдүүлэх ял шийтгэл, айдсыг төрүүлэгч илэрхий засаггүй нөхцөлийн гарцаагүй үр дагавар болсон дайсагнагч, явар гуйранч байдлаас ангижрах хүсэлдээ хөтлөгддөг байна(Гоббс, 2001, хууд. 154)  хэмээн Хоббс бичжээ. Эндээс үзэхэд Хоббс төрийн эрх мэдлийн эх сурвалжийг хүмүүсийн гэрээ гэж үзсэн байдаг. Нийгмийн гэрээг хэн ч дур мэдэн зөрчих юм уу цуцлаж болохгүй. Нийгмийн гэрээ цуцлагдах бол тэр нь нийт ард түмний хүсэл зоригт суурилах учиртай. Эзэн хаан ч нийгмийн гэрээг дур мэдэн өөрчлөх, цуцлах эрхгүй болохыг Хоббс онцолсон байна.
Төр гэдэг нь агуу их Левиафан (Библид гардаг далай, тэнгисийн захирагч лусын эзэн Ямын дагуул олон тэргүүнт мангас), зохиомол хүн буюу газрын бурхан болно. Дээд эрх мэдэл нь – төрийн зүрх сэтгэл: шүүгч, түшмэд нь – үе мөч: зөвлөхүүд – ой санамж: хууль нь – оюун ухаан, хүсэл зориг: гавьяа, шийтгэл нь – мэдрэл: ард түмний сайн сайхан байдал – хүч чадал: ард түмний аюулгүй байдал – эрхлэх аж ахуй: иргэний энх тайван – эрүүл тунх байдал: самуурал нь – өвчин зовлон: иргэний дайн – үхэл болно.
Суверены эрх мэдэл хязгааргүй: хууль гаргах, хэрэгжилтэд хяналт тавих, татвар хураах, шүүгч, түшмэдийг дэвшүүлэн хэрэглэх зэрэг эрх эдэлнэ. Албат ардын бодол санааг ч улсын эзэн тодорхойлно. Ямар шашин шүтэх, эс шүтэхийг улсын эзэн суверен тогтооно.
Хоббс Бодэны нэгэн адил төрийн засаглалын гурван хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Төрийн засаглалын тогтвортой байдал, залгамж чанарыг хамгийн сайн хангаж чадах учир хэмжээгүй эрхт эзэн хааны засаг бүхнээс нийцтэй гэдгийг онцолсон.
Хувьсгал, иргэний дайны жилүүдэд эзэн хааны эрх мэдлийг хязгаарлахад чиглэгдсэн үймээн, самуун гарч байсныг Хоббс хурцаар шүүмжилсэн байна. Гэхдээ Хоббсын үзэл санааг эзэн хааны хэмжээгүй эрхт засгийг талархагчид бүрэн дэмжиж байсан гэж үзэж болохгүй билээ. Учир нь Хоббс хэдийгээр эзэн хааны хэмжээгүй эрхт засгийг талархан дэмжиж байсан боловч арга зүйн хувьд шашны үзэл санааг эрс шийдвэртэй шүүмжилж байв. Өөрөөр хэлбэл, түүний сургаалд дэвшилтэт санаа агуулагдаж байсан гэсэн үг юм.
Үүнээс гадна, Хоббсын төрийн засаглалын үзэл санаа их төлөв улс төрийн, улсын салбарын удирдлагын хүрээнд хамаарч байв. Иргэд нийгэм-эдийн засаг, оюун санааны хүрээнд харьцангуй өргөн эрхтэй байхыг Хоббс хүлээн зөвшөөрсөн байна.
Хэн ч төрийн эрх мэдлийг хадгалагч суверенаас илүү эрх эдлэж, үүрэг хүлээх ёсгүй. Хүн язгууртан байна уу, энгийн ард байна уу хамаагүй. Бүгд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Хэдийгээр эзэн хааны хэмжээгүй эрхт засгийг талархан дэмжиж байсан ч Хоббс феодал-язгууртны эрх ямбыг өмгөөлөгч нэгэн байгаагүй юм.
Төрийн засаглалын нэг үндсэн үүрэг нь – иргэдийн өмч хөрөнгийг хамгаалах явдал юм. Хувийн өмч гэдэг нь “энх тайвныг хангахад шаардлагатай” харилцааны нөхцөл болно.
Хоббс өмчийн үүслийн тухай асуудлаар нэлээд сонирхолтой санааг хөгжүүлсэн байна. Эхэндээ байгалийн байдалд өмч нийтийн хэлбэртэй байсан гэж үзсэн боловч хожим үзэл санаандаа засвар оруулж, “бүгдээрээ бүгдийн эсрэг дайтсан дайны байдал” байгалийн байдалд өмч хөрөнгө байх боломжгүй гэдгийг онцолсон. Алив нэгэн зүйлийг өмчлөхөд тодорхойгүй байдал үүссэн нь байгалийн байдлаас хүмүүс гарахыг эрмэлзэх болсны нэг шалтгаан болно.
Улсын тэргүүн хаан хүн дотоодод үйлдвэр, худалдааг хөгжүүлэх, өмч хөрөнгийн харилцааг тэтгэх, бүгдэд ялгаваргүй татварын тогтолцоо бүрдүүлэхийг чухачлах хэрэгтэй. Улс орны бодлогыг хэрэгжүүлэхдээ ивгээлийн хэлбэрээс аль болох зайлсхийх ёстой.
Хоббсын бүтээлд хүний эрх чөлөө гэдгийг хуулиар хориглоогүй бүхнийг хийх эрх гэж тайлбарласан байдаг. “Суверен ямар нэг дүрэм журам гаргаагүй бол албат нар өөрийн хүссэнээр бүтээн туурвих, эс бүтээх эрх чөлөөтэй” хэмээн Хоббс бичжээ. Түүний үзсэнээр, хуулийн зорилго нь бүхнийг хориглоход бус, хүмүүст зөв дадгал хэвшүүлэхэд оршино. Тиймийн учир хуульд заагаагүй бүхэн чөлөөтэй гэх зарчмыг Хоббс хүмүүсийн харилцаанд нэвтрүүлэхийг чухалчилсан байна. Өөрөөр хэлбэл, хүний амьдралыг хуулиар нэг бүрчлэн тодорхойлж заах нь хэрэггүй төдийгүй хөнөөлтэй гэдгийг Хоббс онцолжээ.
Иргэд хоорондын харилцаанд өөрийн цаг үедээ шинэлэг гэж хэлж болохуйц олон санааг нэвтрүүлэхийг хичээсэн байдаг. Тухайлбал, тангарагтны шүүхийн өмнө бүгд эрх тэгш байх, эрхийн хамгаалалт хүн бүрт адил олгогдох, хүнлэг бус шийтгэлийн аргыг халах зэрэг олон зүйлийг тэмдэглэж болох байна.
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд, хүн төрөлхтөний улс төрийн сэтгэлгээний түүхэн дэхТ. Хоббсын улс төрийн сургаалыг судлаачид өнөөг хүртэл янз бүрээр үнэлсээр байна. Тухайлбал, либерал үзэлтнүүд хүний улс төрийн эрх, эрх чөлөөнд ач холбогдол өгөөгүй учир харгис гэсэн бол тоталитаризмийн онолчид хувийн хүний болон нийгмийн хүрээний эрхийг нарийн зааглаж чадаагүй гэж үзэх жишээтэй.
Англи дахь иргэний дайны дараагаар генерал О. Кромвел Хоббст төрийн өндөр алба санал болгосон боловч хүлээн авалгүй дээд боловсролын шинэчлэлийн асуудлыг хариуцан ажилласан байдаг. Сүүлээр Хоббсыг бурхангүйн үзэлтэн хэмээн ялласан байна. Английн гүн ухаантан, улс төрийн сэтгэгч Т. Хоббс 1679 оны арванхоёрдугаар сарын 4 нд Зүүн Мидлэндийн Дэрибшир хотноо “Түнэр харанхуй нөмөрлөө(A great leap in the dark) гэсээр 91 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Түүнийг бие барсны сүүлээр Оксфордын Их Сургуулийн шийдвэрээр “Левиафан” бүтээлийг олны өмнө түүдэг галд шатаасан байдаг. Олон жилийн туршид Хоббсын уг бүтээл “хориотой номын жагсаалт”-ад байсан билээ.

Эх сурвалж

Гоббс, Т. (2001). Левиафан, или Материя, форма и власть государства церковного и гражданского. (А. В. Матешук, Е. М. Омельяновская, С. П. Лебедева, С. И. Ларичева, Eds., & А. Гутермана, Trans.) Москва: Изд-во Мысль.


МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Monday, June 19, 2017

Н. М. КАРАМЗИНЫ УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ САНАА

Николай Михайлович Карамзин (1766-1826 он) – нь Оросын улс төрийн консерватив сэтгэлгээний томоохон төлөөлөгч, Оросын сентиментализмыг үндэслэгч, Петербургийн Шинжлэх Ухааны Академийн хүндэт гишүүн  (1818 онд сонгогдсон),  эзэн хааны ордны түүх бичигч, утга зохиол судлалын нэртэй эрдэмтэн билээ. Түүний улс төрийн үзэл баримтлал  1816-1829 онуудад бичигдсэн 12 дэвтэр «Орос улсын түүх», 1811 онд эзэн хаан I Александрт хаягласан «Эртний болон шинэ цагийн Орос орон, улс төр, иргэний харилцааны талаарх тэмдэглэл» нэрт бүтээлүүдэд нь туссан байна.
Н. М. Карамзин 1766 оны арванхоёрдугаар сарын 12 (1) нд Симбирск (өнөөгийн Ульяновскт)-т Кара-Мурза овгийн язгууртны гэр бүлд мэндэлсэн. Симбирскийн язгууртны сургуульд, дараагаар нь Москва хотноо агь нарын сургуульд суралцсан. Карамзин эдгээр жилүүдэд гадаад хэлийг эрчимтэй судлаж, Москвагийн Их Сургуульд номын дуу сонссон байна.
1781 онд эцгийн зөвлөсний дагуу Преображенскийн хороонд элссэн. 1783 онд «Модны үндэс» нэрт анхны бүтээл нь нийтлэгджээ. 1784 онд богино настай цэргийн албаа орхиж, дэслэгч цолтой чөлөөнд гарсан.
1785 онд Карамзин төрөлх Симбирск хотоо орхин Москвад хүрэлцэн иржээ. Энд тэрээр Н. И. Новиков, Плещеевийн гэр бүлийнхэнтэй танилцсан байна. Нэгэн үе масонист үзэлд татагдаж, улмаар Москвагийн масонист бүлгэмд элссэн байдаг. Энд тэрээр И. С. Гамал, А. М. Кутузов нартай дотно харилцах болжээ. Үүнээс гадна, Орос оронд анх удаа хүүхэд, багачуудад зориулсан сэтгүүл гаргаж эхэлсэн байна.
1787 онд Николой Михайлович Английн нэрт жүжгийн зохиолч У. Шекспирийн «Юлий Цезарь», 1788 онд Лессингийн «Эмиль Галотти» зэрэг эмгэнэлт жүжгүүдийг эх хэлнээ орчуулсан байна. 1789 онд Карамзины «Евгени, Юлиа хоёр» гэх бүтээл нь нийтлэгджээ.
1789-1790 онуудад Карамзин Европ тивээр хөндлөн гулд аяласан байдаг. Англи, Герман, Франц, Швейцар зэрэг орнуудад зочилж, тухайн үеийнхээ сэхээрэлт хүмүүс болох Ш. Бонн, И. Хант, Ж. Ф. Мармонтель, И. Х. Хэрдэр, И. К. Лафатэр нартай танилцаж, М. Робеспьер, Г. Мирабо нарын илтгэлийг сонсч явжээ. Аяллын сэтгэгдэл дээрээ тулгуурлан «Орос аялагчийн захидал» нэрт зохиол бичиж, 1791-1792 онуудад нийтлүүлсэн нь уншигчдын зүгээс өндөр үнэлэлт авчээ.
Орос нутагтаа эргэн ирж утга зохиолын ажилд хичээн зүтгэх болжээ. «Хөөрхий Лиза», «Бояр ноёны авхай Наталья» зэрэг олон бүтээл нь чухам энэ үед гарсан байна. 1803 онд Оросын эзэн хаан I Александр Карамзинд ордны түүх бичигч гэх албыг хариуцуулж, улсын номын сан, архивыг даатгасан байна. Энэ үеэс эхлэн Николай Михайлович утга зохиолын ажлаас хөндийрч, «Орос улсын түүх» зохиол дээр ажиллах болжээ.
Н. М. Карамзин 1826 оны тавдугаар сарын 22 (зургаадугаар сарын 3) нд Оросын эзэнт улсын нийслэл Санкт-Петербург хотноо 59 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Н. М. Карамзины улс төр-эрх зүйн үзэл санаа Францын агуу их хувьсгалын нөлөөн дор бүрэлдсэн юм. Франц дахь улс төрийн үйл явц нь нийгмийн хөгжлийг ямар нэгэн хувьсгалт тэмцэл, эрс өөрчлөлтгүйгээр аажим алгуур бий болгох гэсэн Карамзины үзэл санааны төлөвшилд эерэгээр нөлөөлжээ. Нийгмийн хөгжлийн гэнэтийн, хувьсгалт өөрчлөлт нь улс орон, ард түмний түүхэн уламжлалтай харшилдаг. Уламжлал, үнэт зүйл, хэв суртлаас хамаарсан төрийн улс төрийн хэлбэр зохистой гэдгийг Карамзин онцолсон байна. Төрийн засаглалын хувьд бүгд найрамдах хэлбэрийг сайшаан үзсэн байдаг. Гэхдээ Орос орны хувьд хэмжээгүй эрхт эзэн хааны засаг нийцтэй гэдгийг онцолсон. Улс төрийн эрх мэдлийн гол зорилго нь ард түмнийг сурган боловсруулж, соён гэгээрүүлэхэд оршино. Ингэснээр Оросын төр, ард түмний харилцаа эелэлдэн улсыг удирдах хэрэгт олны сэтгэл оюуныг нэмэрлэх боломжтой. Гэхдээ уг үйл явц язгууртан ноёдын эрх ямбыг эвдэхэд чиглэгдэх ёсгүй. Улсын хууль цааз сайжрах, амьдралын нөхцөл эрүүлжихэд язгууртны дэглэм тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.
Хамгийн сонирхолтой нь, Карамзин эзэн хааны хэмжээгүй эрх мэдлийг хязгаарлахын эсрэг байсан. Эзэн хаан бүх эрх мэдлийн цорын ганц эх сурвалж болно. Эзэн хаан хязгааргүй эрх мэдэл эдлэх нь төрийн нэр хүндийг өргөх, Оросын ард түмэн амар амгалан байхын үндэс юм. Эзэн хаан эрх дархаа хязгаарлах, төрийн байгууллаа бусниулах эрхгүй. «Язгууртан ноёд, санваартан, сенат, синод нь хууль ёсыг хамгаалагч бөгөөд бүхний дээр залрах эзэн хаан — эрх мэдлийн цорын ганц эх сурвалж, цорын ганц хууль тогтоогч болно. Энэ бүгд Оросын хаант төрийн үндэс мөн» гэж мөнөөхөн Карамзин бичжээ.
Үүнээс гадна, Н. М. Карамзин төрийн албадыг өөрчлөн шинэчлэхийн эсрэг байжээ. «Төрийн байгуулал дахь аливаа шинэ зүйл гэгч шаардлагатай тохиолдолд л хэрэгжүүлж болох хөнөөлт муу зүйл мөн. Учир нь хатуу тогтсон дүрэм журам гэгч юу юунаас илүү эрхэм билээ. Эртнээс инагш хүндэтгэн дагасан, эртнээс инагш идээшиж дадсан бүхэн хамгийн их хүндэтгэл хүлээдэг жамтай» хэмээн Карамзин бичжээ. Хууль тогтоогчдын хамгийн гол алдаа нь төрийн байгуулалд яам, төрийн зөвлөл гэх мэт ард түмний хэв сурталтай үл нийцэх шинэлэг зүйл нэвтрүүлэхийг чармайдагт оршино гэдгийг онцолсон.
Карамзин соён гэгээрүүлэгчдийн номлосон хүмүүсийн жам ёсны эрх тэгш байдлыг төрт ёсны эсрэг сөргүүлэн гаргаж ирсэн. «Төрийн харилцаанд жам ёсны эрх иргэний байдал руу шилждэг». Хууль цааз, язгууртны төрийн байгуулал Оросын ард түмний төрөлх мүс чанар, дадгал, сурталтай холбогдоно. Тиймээс хэмжээгүй эрхт эзэн хааны засаг, язгууртны байгууллыг Оросын ард түмнээс салган ойлгох боломжгүй юм. Төлөөллийн ардчилал, нийгмийн гэрээний онол, хүний жам ёсны эрхийн тухай сургаал зэргийг Карамзин эрс шүүмжилсэн байдаг. Үүний зэрэгцээ нийгмийн амьдралыг хувьсгалт аргаар өөрчлөх нь хөнөөлтэй бөгөөд олон түмнийг сурган боловсруулах, соён гэгээрүүлэх замаар аажим өөрчлөх боломжтой гэж үзсэн. Ингэхдээ нийгмийн амьдралд хийгдэж буй аливаа өөрчлөлт ард түмэн, үндэстний түүхэн уламжлал дээр суурилах ёстой. Ингэснээр Н. М. Карамзин Оросын шинэтгэлийн эцэг гэгдэх М. М. Сперанскийн сургаалыг бүрэн үгүйсгэсэн байдаг. Хүн төрөлхтөний түүхэнд бүх нийтэд сайн сайхан, эрх тэгш байдлыг бий болгох гэсэн аливаа хувьсгалт өөрчлөлт ямагт золгүй төгсгөлтэй байсныг Карамзин гярхай ажигласан байна. Ийм учраас Европ дахь соён гэгээрүүлэлтийн үеийн улс төрийн үзэл санааг эрс шүүмжилсэн байдаг.
Оросын ард түмний хувьд хамгийн зохистой, нийцтэй, төгс засаглалын хэлбэр бол хэмжээгүй эрхт эзэн хааны засаг мөн.

МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Н. М. КАРАМЗИНЫ УЛС ТӨР-ЭРХ ЗҮЙН ҮЗЭЛ САНАА

Николай Михайлович Карамзин (1766-1826 он, «Эртний болон шинэ цагийн Орос орон, улс төр, иргэний харилцааны талаарх тэмдэглэл», «Орос улсын түүх») — нь Оросын цолгорсон түүхч, либерал шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэгч, Оросын улс төрийн консерватив сэтгэлгээний томоохон төлөөлөгч нэгэн билээ.
Н. М. Карамзин 1766 оны арванхоёрдугаар сарын 1 (12) нд Оросын Эзэнт Улсын Симбирск губерны Карамзинка сууринд язгууртан, чөлөөнд гарсан ахмад Михайл Егорович Карамзины гэрт эснэсэн. Карамзин угсааныхан татарын Кара-Мурза (Бараан ноён гэх түрэг үг) овгоос эхтэй болохыг олон судлаачид дурдсан байдаг. 1811 онд «Эртний болон шинэ цагийн Орос орон, улс төр, иргэний харилцааны талаарх тэмдэглэл» бүтээлээ нийтлүүлж, өөрийн нийгэм-улс төрийн үзэл санааг хөгжүүлсэн байна. Үүнээс гадна, «Орос улсын түүх» гэх 12 дэвтэр зохиол бичсэн нь Оросын түүхчдийн зүгээс өндөр үнэлэлт авсан байдаг. Хэдийгээр татар-монгол угсааны язгууртан боловч Оросын түүх бичлэгт анх удаа «татар-монголын дарлал» гэх ойлголтыг бий болгосон дотоод зөрчил бүхий түүхэн бие хүн мөн.
Карамзин язгууртан ноёдын улс төрийн эрх ашгийг илэрхийлэгч нэгэн байжээ.
Оросын ард түмэн дэлхийн бусад ард түмнүүдээс ялгарах өөрийн гэсэн ахуй, уламжлал, зан заншил, мөн чанартай. Энэ шинжид нь эзэн хааны хязгааргүй эрх мэдэлт засаг нийцтэй байдаг. Учир нь Оросын ард түмэн «захирагдах хэрэгцээ шаардлагаа байнга мэдэрч» байдаг онцлогтой. Үүнтэй холбоотойгоор Карамзин язгууртан ноёдын эрх ямбыг эвдэх, тариачдыг чөлөөлж, үндсэн хууль батлахад чиглэгдсэн М. М. Сперанскийн шинэтгэлийн бодлогыг эрс шүүмжилсэн. Гэр бүлээ хайрлан энэрэх эцэг адил эзэн хаантай хэмжээгүй эрхт засаг оршин буйн ачаар Орос оронд төрийн тэргүүн, ард түмний нэгдмэл байдал хангагдахын зэрэгцээ сайн сайхан амьдрал цогцлох болно. Ингэхлээр, Орос орны хувьд хамгийн нийцтэй, зохистой, төгс төгөлдөр төрийн хэлбэр нь хэмжээгүй эрхт эзэн хааны засаг юм. Карамзин төрийн эрх мэдэл хуваарилах онолын эсрэг байсан: «нэг гүрэн дэх хоёр эрх мэдэл гэгч бие биенээ хэмлэх нэг торонд хашигдсан хоёр догшин араатан адил» гэжээ. «Язгууртан ноёд, санваартан, сенат, синод нь хууль ёсыг хамгаалагч бөгөөд бүхний дээр залрах эзэн хаан — эрх мэдлийн цорын ганц эх сурвалж, цорын ганц хууль тогтоогч болно» — гэсэн үзлийн Карамзин хөгжүүлсэн байна.
Карамзин язгууртны шатлан захирах зохион байгуулалтын бүтцийг хадгалах хэрэгтэйг сануулсан. Учир нь эрх зүй, төр улс, язгууртны байгуулал Оросын ард түмний жинхэнэ ахуйтай нийцдэг байна. Ямар ч тохиолдолд засаг төрийн эрх мэдлээр далайлган ард түмэнд тэдний ахуй амьдрал, сэтгэлгээнд үл нийцэх хууль дүрмийг зохион тулгаж болохгүй: «Ард түмний хууль дүрэм тухайн ард түмний төсөөлөл, ойлголт, ёс суртахуун, хэв суртал, нутаг орны нөхцөл дээр тулгуурлах ёстой». Оросын ард түмэнд танил болоогүй, харь үзэл санааг тулган хүлээлгэсэн тул Их Петрийн шинэтгэл муу зүйл байсан гэдгийг Карамзин онцолжээ. Энэ л шалтгаанаар Наполеоны иргэний хуулийг утгачилж, Орос оронд нутагшуулах үзлийг үгүйсгэсэн байдаг. Ард түмний оюун бодол, сэтгэлгээ олон зууны туршид үүсч бүрэлдэх бөгөөд «эртний түүхт ард түмнүүдэд шинэ хууль дүрэм нийцдэггүй» гэжээ. Үүнээс  гадна, Карамзин улсын доторх ард түмний хууль ёс, хэв суртал ямар ч тохиолдолд байгалийн хууль, зүй тогтол дээр тулгуурлах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Ерөнхийдөө Карамзин өөрчлөлт, шинэчлэлийг үгүйсгэж, язгууртны байгууллыг хамгаалах, хамжлагат ёсыг хэвээр үлдээх Оросын консерватив сэтгэлгээний үндсийг боловсруулсан хүн юм. Хамжлагт ёсыг халах нь Орос орны хувьд дэвшилтэт гэхээсээ таагүй үр дүн авчрах нийгмийн гаж үзэгдэл мөн. Тариачдыг хамжлагаас чөлөөлснөөр тариалангийн газар атаршиж, ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэхийн зэрэгцээ улсын эдийн засгийн тогтоц сүйрч унах аюултай. Хамгийн гол нь, хүн амын үнэмлэхүй олонхийг бүрдүүлэх Оросын тариачид үгүйрч засаг төрдөө тэрслэх байдал нэмэгдэнэ гэжээ. Иймээс хамжлагат ёсыг халах бус, харин бататган бэхжүүлэх хэрэгтэй гэдгийг онцолсон. Үүний тулд язгууртан ноёдын «зохисгүй үйл байдал»-ыг төрөөс хянах, хамжлагын харилцааг хуулиар чандлан сахиулах шаардлагатай.
    Төрийн зөвлөл, яамдын байгуулахад чиглэгдсэн I Александр хааны өөрчлөлтийг алдаатай хэмээн үзэж, төрийн удирдлагыг шинэтгэхийг эсэргүүцсэн байна. Хаан хүн улсын дотоодод хууль ёсыг чангатгахын тулд гэмтнийг хайр найргүй гэсгээн шийтгэж, хууль дүрмийг ягштал сахин биелүүлэх үүрэгтэй.
Нийгмийн дэвшил, хөгжил хувьсгал, тэмцэлээр бус, сайн сайхан үзэл онол, хэв суртлаар олон ардыг ухуулан сэнхрүүлэх, сурган тэжээх урт удаан үйл ажиллагааны үр дүнд бий болдог байна.
Ташрамд дурдахад, I Александр хаан Карамзин авгайн «Тэмдэглэл» нэрт бүтээлийг судлаад өнөөгийн төрийн байгуулалд халгаатай олон санаа туссан болохыг цохон тэмдэглэж байжээ. Тухайлбал, ялгах түшмэдийн авлигач, төрийн түшмэдийн мунхаг, мэдлэггүй байдлыг хурцаар шүүмжилсэн байна гэжээ.

МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

БЕНЖАМЭН КОНСТАНЫ УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Францын агуу их хувьсгал, түүнийг дагасан якобинчуудын харгислал, төрийн албаны авлигач байдал, генерал Наполеоны цэргийн дарангуйлал зэрэг олон үйл явдлын өрнөлт талбар болсон Европт XVIII зууны сүүл, XIX зууны эхэн үед Бенжамэн Констаны либерал улс төрийн сургаал бүрэлдэн бий болжээ. Констаны либерал сургаалын нэг онцлог нь төрийн дур зоргоор авирлах явдлаас хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглэгдсэн үндсэн хуульт байгууллын суурь зарчмыг боловсруулсанд оршино.
Францын улс төрийн сэтгэгч Хэнри-Бенжамэн Констан де Ребек 1767 оны аравдугаар сарын 25 нд Швейцарийн Лозанно хотноо шашин шүтлэгийн шалтгаанаар Францаас цагаачилж ирсэн гугенот Жулэ Констан де Ребек гэгчийн гэр бүлд мэндэлжээ. “Гэрийн багшаар хичээл заалгаж анхан шатны боловсрол олсон (…)(Цэнд-Аюуш, 2015, хууд. 26) тэрээр Баварын Эрлангэн-Нюрнбэрг дэх Фридрихийн Нэрэмжит Их Сургуульд, дараагаар нь, Шотландын Эдинбургийн Их Сургуульд суралцсан байна. Францын эзэн хаан XIV Людовиг цаазлагдсаны дараа Швейцар руу дүрвэсэн бөгөөд ингэж явах зуур Женевт зохиолч Хэнри-Луиз Жермен де Сталь Гольштэйн (Женев гаралтай Францын төрийн зүтгэлтэн, сангийн яамны сайд асан Жак Неккер, үргэлжилсэн үгийн зохиолч, Париж хотноо байрлах Hôpital Necker-Enfants malades эмнэлэгийг үүсгэн байгуулагч Сюзанна Кюршо нарын охин)-тэй танилцжээ. Энэ үеэс Констан Жермен де Сталь авхайтай дотно харилцаа үүсгэж, улмаар 1797 онд охин Альбертина нь мэндэлжээ. 1795 оны тавдугаар сард тэд Париж хотноо эргэн ирж Францын иргэний харьяалалтай болсон байна. 1796 оноос Констан Францын төрийн эрх барих дээд захиргааны зөвлөлийг идэвхтэй дэмжих болжээ. Улмаар 1799-1802 онуудад хууль тогтоох хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд дараагаар нь, 1803 оны аравдугаар сараас 1804 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд гадаадад цагаачилсан байдаг.
Констан генерал Наполеоны үндсэн хууль боловсруулах ажилд гар бие оролцож байжээ. 1819 оноос хууль тогтоох хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байна. 1830 онд Луи Филиппийг засаг төрийн эрхэнд гаргасан долдугаар сарын хувьсгалыг дэмжсэн учир Францын Төрийн Зөвлөлийн дарга болсон.
Гэвч Франц дахь либерал урсгалыг үндэслэгч, Швейцар - Францын эрдэмтэн, төрийн зүтгэлтэн Бенжамэн Констан 1830 оны арванхоёрдугаар сарын 8 нд 63 насандаа Францын нийслэл Париж хотноо ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Констаны улс төрийн сургаалын үндэс нь түүний эрх чөлөөний талаарх төсөөлөл билээ. Тиймдээ ч түүний бүтээлүүдэд эрх чөлөөний асуудал чухал байр суурь эзэлдэг. Бенжамэн Констаны ертөнцийг үзэх үзэл бүрэлдэн төлөвшихөд Францын болон Английн оюун санааны уламжлал хүчтэй хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг. Ялангуяа, Английн эдийн засагч А. Смитт, Францын сэтгэгч Жан Бодэн, М. Монтэн, Ш. Л. Монтескье, Ж. Ж. Руссо нарын хүмүүс онцгой нөлөөлсөн байна.
Хувьсгалын дараах Францын нийгэмд хувь хүний эрх, эрх чөлөөний асуудлыг Констан Монтескье, Руссо нарын сэтгэгчдээс зарчмын зөрүүтэй байр сууринаас шийдвэрлэхийг зорьжээ.
Засаг төрийн эрхийг хууль бусаар булаан авах тухай”, “Эрт үеийн эрх чөлөөг эдүгээ цагийн ард түмнүүдийн эрх чөлөөтэй харьцуулах нь” зэрэг зохиолдоо XIX зууны аж үйлдвэржилтийн нийгмийн шаардлагад нийцүүлж эрх чөлөөний үзэл баримтлал боловсруулахыг оролджээ. Констанаас өмнөх үеийн Европын сэтгэгчид хувь хүний эрх чөлөөний асуудлыг эртний Грек-Римийн сэтгэгчдийн үзэл, онолоор авч үзэхийг чухалчилдаг байжээ. Гэтэл Констан улс төрийн үйл ажиллагаанд оролцох иргэдийн боломжоор хувь хүний эрх чөлөөг тодорхойлохыг оролдсон байна. Ингэхдээ хувь хүний эрх чөлөөг улс төрийн болон нийгмийн өргөн хүрээгээр авч үзэхийг хичээсэн байдаг.
Эртний Грекийн хот улсуудад иргэд төрийн хэрэгт шууд оролцдог байсан. Гэвч улс төрийн энэ шууд оролцоо боолын харилцаанд дулдуйдаж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Орчин үеийн ард түмэнд эртний Грекийн хот улсын үеийн эрх чөлөө байх боломжгүй гэдгийг Констан нотолсон. Боолын харилцаанаас гадна эртний Грект иргэдийн шууд оролцоонд суурилсан эрх чөлөөнд газар нутгийн хэмжээ, хүн амын тоо бас чухал нөлөөтэй байжээ. Хүн ам бага, газар нутаг жижиг байсан нь ард иргэдийн улс төрийн шууд оролцоог хангах боломж олгож байв.
Орчин үед ард түмэн улс төрийн шууд оролцоонд суурилсан эрх чөлөө эдлэх боломжоо нэгэнт алджээ. Өнөө цагт эрх чөлөөг өөр байдлаар үнэлж байна. Засаг төрийн зур зоргоор авирлах явдлаас иргэдийг хамгаалж чадаж байгаа бол тэр жинхэнэ эрх чөлөө болно. Харин улс төрийн эрх чөлөө бол хувь хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж буй ердөө нэг хэлбэр төдий юм.
Англи, Америк, Франц байна уу хамаагүй, хүн бүр зөвхөн хуулинд захирагдаж, бусдын дур зорго, итгэл эвдсэн харилцаа, харгислал, халдлага, дээрэмдлэгээс хамгаалагдсан байх нь эрх чөлөө мөн. Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх, өөрт тохирсон ажлаа эрхлэх, өмч хөрөнгөө захиран зарцуулах, хэний ч зөвшөөрөлгүйгээр бодсон санасан үйлээ бүтээх зэрэг нь хувь хүний эрх чөлөө болно.
Улс төрийн хувьд хувь хүний эрх чөлөө төлөөлөгчдийн байгууллагаа сонгоход оролцох, төрийн албан тушаалтныг томилоход нөлөөлөл үзүүлэх замаар улсыг удирдах хэрэгт тусгал үзүүлж буй үйл ажиллагаагаар баталгаажина гэдгийг Констан онцолсон байдаг. Энэ бүхнээс дүгнэн үзвэл хувь хүний эрх, эрх чөлөөний тухайд Констан Монтескье, Руссо нарын үзэл баримтлалаас зарчмын зөрөөтэй байр суурийг хөгжүүлсэн байна. Тухайлбал, эрх чөлөө гэдэг нь хуулиар хүлээн зөвшөөрсөн бүхнийг хийх эрх мөн гэх Монтескьен байр суурийг эсэргүүцсэн байна.
Түүний үзсэнээр, хууль гэгч эрх чөлөөний бүрэн баталгаа болж чаддаггүй. Хууль дарангуйллыг тэтгэх арга хэрэгсэл болох ч тохиолдол байна. Эндээс Монтескье хувь хүний эрх чөлөө болон эрх чөлөөний баталгаа гэх хоёр ойлголтыг нарийн тодорхойлж чадаагүй байна гэсэн дүгнэлтэд Констан хүрчээ. Констаны хувьд Монтескьегийн нэгэн адил хуулийг эрх чөлөөний баталгаа гэж үзсэн боловч түүнээс ялгаатай нь, бүрэн дүүрэн баталгаа биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хууль хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжид тулгуурлан шударга ёсны хэмжүүр болох ёстой. Гэхдээ энэ бол болзолт чанар юм. Өөрөөр хэлбэл, хууль дээрх шинжийг өөртөө агуулж байгаа бол түүнд захирагдах, эс бөгөөс захирагдах албагүй гэсэн утгыг илэрхийлж байна. Ингэхлээр, хуульд захирагдах хувь хүний үүрэг харьцангуй утгатай болж таарч байна.
Ташрамд дурдахад, хувь хүний эрх чөлөө хэзээ ч үл алдах ард түмний хамтын хүсэл зоригоор биелэлээ олдог гэх Руссогийн санааг Констан хурцаар шүүмжилсэн байдаг. Констаны хувьд төрийн эрх мэдлийн гадна хувь хүний амьдрал байнга оршин байдаг. Үүнийг үгүйсгэх боломжгүй юм. Бүхнийг хамруулан ойлгох ард түмэн туйлын эрх чөлөө, дарангуйллын нэгэн адил аюултай үзэгдэл гэдгийг Констан онцолсон. “Нийгэм, олон нийтийн зүгээс оролцох эрхгүй хувь хүний бүтээн туурвих эрхийг эрх чөлөө гэнэ”.
Хувь хүний эрх, эрх чөлөөг төрийн эрх мэдлийг хязгаарлах, хуваарилах замаар хангах бололцоотой. “Үндсэн хуульт бодлогын чиглэлүүд” нэрт бүтээлдээ Констан төрийн эрх мэдлийг 1. Вангийн: 2. Гүйцэтгэх: 3. Байнгын төлөөллийн (Пэрүүдийн танхим): 4. Сонгуульт төлөөллийн (Доод танхим): 5. Шүүхийн: 6. Орон нутгийн гэх эрх мэдлүүдэд ангилж болох талаар дурдсан байна.
Вангийн эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хоорондох зөрчлийг шийдвэрлэх чадвартай төвч, тэнцвэржүүлэгч эрх мэдэл (le pouvoir modevoteur) юм. Вангийн эрх мэдлийг үл ойшоох нь өнөөгийн төрийн байгуулалуудын гол дутагдал болно. “Зарим нэг утгаар авч үзвэл вангийн эрх мэдэл бусад эрх мэдлээ хянах шүүх эрх мэдэл мөн” гэж Констан бичжээ. Сайд нарыг томилж, чөлөөлөх, хэмжээгүй вето эрх эдлэх, доод танхимийг тараах, шинэ сонгуулийн товыг зарлах, угсаа залгамжилсан танхимийн гишүүдийг бүрдүүлэх, ялгах түшмэдийг батламжлах, уучлал үзүүлэх зэрэг нь вангийн эрх мэдэлд хамаарна.
Гүйцэтгэх эрх мэдлийг хууль тогтоох хурлын өмнө хариуцлага хүлээх сайд нар хэрэгжүүлнэ. Сайд нар өөрсдийн нэрийн өмнөөс хуулийн төсөл зохионо. Сайд нарын ажилд пэрүүдийн танхим үйлчилнэ.
Сонгуульт төлөөллийн эрх мэдэл нь хөрөнгийн өндөр шалгуурт үндэслэгдэж эмхлэгдэнэ. Нийтийн эрх ашгийг ухамсарлахад шаардагдах боловсрол, хүмүүжил зөвхөн баячуудад бий болох боломжтой. Тиймээс “ганц өмч хөрөнгө сонгогдох үндэс болно: эд хөрөнгө улс төрийн эрх эдлэх чадвартай бие хүнийг төлөвшүүлдэг” хэмээн Констан бичсэн. Төлөөлөгчдийн үйл ажиллагаанд цалин, урамшуулал олгох ёсгүй. Хэрэв төлөөллийн энэ эрх мэдлийг цалин хөлстэй болговол хүн бүхний анхаарлын төвд өртөх болно.
Байнгын төлөөллийн эрх мэдлийг Констан Английн лордын танхимийн хэлбэрээр төсөөлж байжээ. Энэ тал дээр Констан Монтескье нар төстэй санааг хөгжүүлсэн байна.
Бусад эрх мэдлээс хараат бусаар орших эрх мэдэл нь шүүх юм. Шүүгчийг ван бүх насаар нь томилох бөгөөд өөрчилж үл болно. Ард түмэнд цөлийн нүүдэлчдээс дор амьдрах хараат бус шүүгчид хэрэггүй. Констан тангарагтны шүүхий төлөө байсан бөгөөд ямар нэгэн онцгой шүүх байгуулахын эсрэг байв.
Орон нутгийн эрх мэдлийн тухайд өнөөгийн нутгийн өөрөө удирдах ёс гэх ойлголтыг хамруулан үзсэн байна. Хүй элгэн, орон нутгийн сайн дурын байгууллагуудын туслалцаатайгаар иргэд өөрсдийн эдийн засаг, нийгмийн эрх ашгаас гадна аюулгүй амьдрах орчноо бий болгох ёстой.
Энэ бүхнээс дүгнэн үзэхэд Бенжамэн Констаны сургаал өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байгаа бөгөөд конституционализмийн онолд томоохон хувь нэмэр оруулсныг тэмдэглэх хэрэгтэй (О. Э. Лейст, 1999).

Эх сурвалжийн жагсаалт

О. Э. Лейст (Ed.). (1999). История политических и правовых учений: Учебник для вузов. Москва: Изд-во "Зерцало".
Цэнд-Аюуш, Г. (2015). XIX-XX зууны улс төрийн сэтгэлгээний хөгжлийн түүхэн тойм: Тэргүүн дэвтэр. (Ц. Батболд, Ed.) Улаанбаатар хот: "СЭЛЭНГЭПРЕСС" ХХК.



МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР