Thursday, July 7, 2016

ГАЭТАНО МОСКА " ЗАСАГЛАГЧ АНГИ"


Гаэтано Моска (1858—1941 он)—нь Италийн нэртэй улс төр судлаач, элит судлалын ухааныг үндэслэгчдийн нэг, Турин, Римын их сургуулийн профессор нэгэн мөн. Түүний гол гавъяа нь судалгааны тусгай объект болох нийгмийн элит давхаргыг гаргаж, бүтэц, үйл ажиллагааны хууль, зүй тогтол, засаг төрийн эрхэнд гарах, өсөн дэвжих, уруудан доройтох, контр буюу сөрөг элитээр солигдох үйл явцыг шинжлэн судласанд оршино.
Моска 1858 оны дөрөвдүгээр сарын 1 нд Италийн Палэрмо хотноо мэндэлжээ. 1881 онд Палэрмогийн Их Сургуульд хууль цаазын ухаанаар боловсрол олсон. 1887 онд Ромд хүрэлцэн ирсэн. Палэрмо болон Ромд багшлах болсон тэрээр 1896 онд Турины Их Сургуулийн профессороор уригджээ. Энд тэрээр Римын Их Сургуулийн Төр Эрх Зүйн Тэнхмийн эрхлэгчээр ажиллах хүртлээ буюу 1924 он хүртэл байжээ. 1909 онд Италийн парлементад сонгогдож, 1919 он хүртэл ажилласан байна. 1919 онд насан туршийн сенатор болсон ч 1926 онд улс төрийн амьдралаас хөндийрч, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өөрийгөө зориулах болжээ. Моска улс төрийн тоймчоор олон жил (1911-1921 онуудад) ажилласан учир түүнийг нэртэй сэтгүүлч гэж нэрлэх нь олонтоо. Гэвч тэрээр сэтгүүлч байхын зэрэгцээ улс төрийн зүтгэлтэн, улс төр судлаач нэгэн байв. Моска 1941 оны арваннэгдүгээр сарын 8 нд 83 насандаа Италийн нийслэл Ром хотноо бие баржээ.
Москагийн анхны бүтээл 1884 онд Эрх мэдэл, парламентат төрийн онол (Sulla teorica dei governi e sul governo parlamentare) нэртэйгээр олны хүртээл болжээ. Улмаар 1896 онд Улс төрийн шинжлэх ухааны элементүүд (Elementi di scienza politica) бүтээл нь гарсан бол 1923 онд нэмж засварлагдан дахин хэвлэгджээ. 1939 онд уг зохиол Засаглагч анги (The Ruling Class)нэртэйгээр Англи хэлнээ хөрвүүлэгдэж, Москаг алдар хүндийн оргилд хүргэсэн юм. Хамгийн сүүлд, 1936 онд Улс төрийн сургаалуудын түүх (Storia delle dottrine politiche) нэртэй зохиол нийтлүүлжээ.
Элит хэмээх үгнээс илүүтэйгээр Моска засаглагч анги гэсэн нэр томъёог ашигласан байх бөгөөд улс төрийн анги гэсэн үгтэй адил утгаар хэрэглэжээ. Гэхдээ өөрийн үзэл санаанд сүүлд засвар оруулж, улс төрийн анги нь засаглагч ангийн суурь, үндэс юм гэж үзэх болжээ. Үнэндээ, засаглагч анги хэмээх ойлголт нь улс төрийн ангиасаа хамаагүй илүү өргөн утгатай юм. Энэ ойлголтод улс төрийн төдийгүй эдийн засаг, соёлын гэх мэт улс төрийн бус элитүүд багтдаг байна. Улс төр судлал болбоос, юуны өмнө, элитийн тухай шинжлэх ухаан юм. Элитүүдийн хувьд хамгийн аюултай зүйл нь өөрийгөө нийгмийн зүгээс хаах, хөгжихгүй, хаагдмал бүлэг болгох эрмэлзлэлтэй байдагт оршино. Ингэснээр улс төрийн хувьсгал, тэмцэл бий болж, нэг элит нөгөөгөөр солигдохын сац улс төрийн тогтворгүй байдал үүсгэх муу үр нөлөөтэй. Нэг талаас өөрийгөө байнга шинэчилж, нөгөө талаас залгамж чанараа хадгалсан улс төрийн систем хамгийн сайн гэж Моска үзжээ. Элитийг сонгон шалгаруулахдаа өмч хөрөнгө, баялаг дээр бус, мэдлэг, чадвар дээр нь тулгуурлах хэрэгтэй (Бичвэрийг утгачилсан Удирдлагын Академийн докторант Нямаагийн Отгонбаяр).
ЗАСАГЛАГЧ АНГИ

1. Бүхий л улс төрийн организмд илрэх хувирашгүй үзэгдэл, үйл явцуудын дотроос нэг үзэгдэл хамгийн илэрхий, хамгийн ил тод байдаг жамтай. Бүх нийгмүүдэд (дорой, буурай хөгжилтэйгээс иргэншсэн, өндөр хөгжилтэй нийгмүүдэд бүгдэд ялгаагүй) засаглагч, удирдуулагч гэсэн хоёр анги зэрэгцэн оршдог зүй тогтолтой. Эхнийх нь тооны хувьд харьцангуй бага, эрх мэдлийг монопольчлон эзэгнэж, нийгэм дэх улс төрийн чиг үүргүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ эрх мэдлийн нэхлэй эрх ямба, тусгай хангамж эдэлдэг бол хоёр дахь анги нь тооны хувьд олон, эхний ангидаа хууль ёс, хүчирхийллийн замаар удирдуулж, засаглуулж амьдрахын сац улс төрийн организм оршин тогтноход зайлшгүй шаардлагатай материаллаг эд баялагийг хангаж өгдөг.
Бодит амьдрал дээр бид бүхэн саяын тодорхойлсон засаглагч буюу улс төрийн анги оршин байдгийг хүлээн зөвшөөрдөг. Ямар ч үед манай улсад нийгмийн үйл хэргийг олонх бус, харин нэр хүнд, эрх мэдэл бүхий цөөнх удирдан чиглүүлж байдгийг бид бүхэн хамгаас илүү ойлгож, ухаарч мэдэрдэг. Бүх хүн адил бөгөөд улс төрийн амьдралд тэгш эрхтэй оролцдог гэж хичнээн хашгирсан ч нийгмийн хөгжлийн энэхүү суурь зарчмыг хэн ч, хэзээ ч тэрсэлж үл чадна. Хэрэв бид онолын үүднээс асуудалд арай өөрөөр хандвал тэр нь бид бүхний сэтгэлгээний төөрөгдөл, нийгмийн бодит үзэгдлийн мөн чанарыг бүрэн гүйцэд ухан ойлгоогүйтэй шууд холбоотой болох нь дамжиггүй.
Ямар ч улс төрийн организмд засаглагч ангийн төрийн эрх мэдэл хэмээн томьёолох тэр үндсэн бүтцийг ганц хүн төлөөлж байдаг зүй тогтолтой. Гэхдээ энэ хүн засаг төрийн дээд эрхийг ганцаар агуулдаг гэвэл хараахан тийм биш ээ. Угсаа залгасан хунтайж эсвэл эзэн хааны дэргэд ерөнхий сайд юм уу мажордууд улс орны тэргүүнээсээ ч илүү эрх мэдэлтэй байх тохиолдол байна. Өөр нэг тохиолдолд ерөнхийлөгчийн дэргэд түүний өмнөөс улс орныг удирдан жолоодох нөлөө бүхий улс төрч байх жишээтэй. Бүр онцгой тохиолдолд хоёр юм уу гурван хүн засаг төрийн дээд эрхийг хянах үе ч байна.
Улс төрийн зохион байгуулалтын ямар хэв шинжтэй байгаагаас үл хамааран удирдуулагч ангийн зүгээс гаргаж буй сэтгэл ханамжгүй байдал, дургүйцэл, дарамт шахалт нь засаглагч буюу улс төрийн ангийн улс төрийн бодлогод тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байдаг жамтай.
Төр засгийн тэргүүнээр ажиллаж буй хүн түүний гаргасан тушаал, шийдвэрүүдийг хүндэтгэн хүлээн авах удирдуулагч ангийн дэмжлэгүйгээр оршин тогтнох боломжгүй: Эрх мэдлийн нэр хүндээ ухамсарласан засаглагч ангийн төлөөлөгчид нэг хүн байна уу, эсвэл нэлээд хэдэн хүнээс бүрдэнэ үү хамаагүй удирдуулагч ангитайгаа зөрчилдөх, юм уу түүнийг үгүйсгэж болдоггүй. Удирдуулагч ангийн дэмжлэгүйгээр засаглагч анги оршин тогтнох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, удирдуулагч ангийн сэтгэл ханамжгүй байдал нь засаглагч ангийг үндсээр нь өөрчлөхөд хүргэх бөгөөд энэ тохиолдолд удирдуулагч анги өөрийн дотроос засаглагч ангийн чиг үүргийг хэрэгжүүлэх чадвартай шинэ зохион байгуулалттай цөөнхийг бий болгодог. Эсрэг тохиолдолд нийгмийн бүх бүтэц, бүх зохион байгуулалт устдаг жамтай.
Шинжлэх ухаанч судалгааны үүднээс авч үзвэл “засаглагч буюу улс төрийн анги” гэсэн ойлголт нь олон ард түмний иргэншлийн түвшин тэрчлэн засаглагч ангийн бүтцийн тогтвортой бус байдлыг илүү бүрэн дүүрэн илэрхийлдэг онцлогтой. Өнөө үед нийтэд түгсэн ангиллаар авч үзвэл Орос, Турк хэмжээгүй эрхт эзэн хаант, Англи, Итали улс үндсэн хуульт буюу хэмжээт цаазат хаант, харин Франц, АНУ бүгд найрамдах хэлбэрийн засагтай. Эхний хоёр улсад төрийн тэргүүн нь угсаа залгамжлах ёсыг чандлан баримтлах бөгөөд улс орны бүх хэргийг хөтлөн явуулах эрхтэй: Хоёр дахь бүлгийн орнуудад улс орны тэргүүн нь угсаа залгамжлах боловч эрх нь нэлээд хумигдмал шинжтэй: Франц, АНУ-ын хувьд төрийн тэргүүнээ угсаа залгамжилддаггүй бөгөөд эрх, үүрэг нь ихээхэн хязгаарлагдмал байдаг.
Гэвч энэ ангиллыг өнгөц шинжтэй гэж үзэх үндэслэлүүд байна. Хэдийгээр Орос, Турк улсууд хэмжээгүй эрхт хаант засаглалтай боловч засаглагч ангийн зохион байгуулалт, иргэншлийн түвшингийн хувьд харилцан адилгүй байна. Энэ шинжийг удирдлага болговол хаант засагтай Итали улс адилхан засагтай Англитай гэхээсээ илүү бүгд найрамдах засаг бүхий Францтай ойролцоо байна. Хэдийгээр хоёул бүгд найрамдах улс боловч АНУ, Францын хооронд улс төрийн зохион байгуулалтын хувьд онцлог ялгаа байсаар байна.
Эндээс үзэхэд уг асуудлыг шинжлэх ухааны үүднээс шийдвэрлэх бодит хэрэгцээ байгаа нь харагдаж байна. Улс орныг хэмжээгүй эрхт, хэмжээт цаазат хаант засаг, бүгд найрамдах улс гэж ангилах онолыг Монтескье анх боловсруулсан бөгөөд эзэн хаант, язгууртны, ардчилсан гэж хуваах Аристотелийг ангиллыг шүүмжлэх явцдаа гаргажээ. Аристотель нийгмийн гишүүдийн тооноос хамааруулан засаглалыг язгууртны болон ардчилсан гэж хоёр ангилсан байдаг. Ажиглагчийн үүднээс Аристотель өөрөө Герегийн хот-улс бүрийн эрх мэдлийг ганц хүн эсвэл олон хүн хэрэгжүүлж байгаагаас нь хамааруулан язгууртны болон ардчилсан гэсэн хоёр төрөлд ангилжээ. Полибий онолчоос Монтескье хүртэлх түүхийн зурвас хугацаанд олон сэтгэгчид Аристотелийн ангилалд “холимог засаглалын хэлбэр” гэсэн шинэ нэр томьёог нэвтрүүлжээ.
Руссогийн хөгжүүлсэн орчин үеийн ардчиллын онолд аливаа улс оронд иргэдийн олонх улс төрийн амьдралд идэвхтэй оролцох ёстой бөгөөд хэдий чинээ олон хүмүүсийг шийдвэр гаргах түвшинд оролцуулна, төдий хэрээр нийгэмд ард түмний бүрэн эрх хэрэгжинэ гэж үздэг. Гэтэл өнөөгийн нийгмийн шинжлэх ухаанд язгууртны, ардчилсан, эзэн хаант засаглалын зарчмууд нэг улс төрийн тогтолцоонд нэгэн зэрэг хэрэгжих боломжтой гэж баталж байна. Бидний судалгааны ажлын үндсэн санаа ч үүнд оршиж байна. Үүнээс гадна, хүмүүсийн ухамсарт гүн суусан үзэл санааны бүхэл бүтэн тогтолцоог хэдхэн хуудсанд багтааж шүүмжлэх, үгүйсгэх амаргүй хэрэг юм. (….)
(….) Нийгмийн практик зохион байгуулалтгүй олонхийг засаглах зохион байгуулалттай цөөнхийн суверен эрх мэдэл гарцаагүй. Аливаа цөөнхийн эрх мэдэл зохион байгуулалттай цөөнхийг цаг ямагт сөрөх олонхийн хувьд тэсвэрлэхийн арга зүйл байдаг. Цөөнх чухамдаа бол цөөнх учраас л зохион байгуулалттай байж чаддаг юм. Үйл хэргээ ухамсарлахын сац эесгэлэн харилцаатай байх зуун хүн нэг нэгнээ тэвчиж үл чадах, зохион байгуулалтгүй мянган хүнийг хялбархан ялах нь ойлгомжтой. Мянга биш, зуу учраас л үйл хэргээ ухамсарлахын сац эесгэлэн харилцаатай байж чаддаг юм. Эндээс нийгмийг бүрдүүлэгч олонх, цөөнхийн ялгаа тод томруун харагдах бөгөөд олонхийн хувьд цөөнхийг тэрслэн эсэргүүцэж чаддаггүй нь үүнтэй холбоотой.
Зохион байгуулалт гэсэн ерөнхий шинжийн зэрэгцээ тухайлсан цөөнхийг бүрдүүлэгч хувь хүн бүрийн эзэмших чадварууд зохион байгуулалтгүй олон түмнээс цөөнхийг ялгах бас нэг шинж болдог. Цөөнхийг бүрдүүлэгч хувь хүмүүс материаллаг талаасаа төдийгүй оюун санаа, ёс суртахууны хувьд зохион байгуулалтгүй олон түмнээс ямагт ялгарч байдаг. Өөрөөр хэлбэл, амьдарч, ажиллаж буй нийгэмдээ хүндлэгдсэн тэр чадваруудыг засаглагч цөөнхийн төлөөлөгчид зайлшгүй эзэмших ёстой.
Хөгжлийн түрүү үеийн балар эртний нийгмүүдэд дайн тулаанд баатарлан оролцох, эр зориг гаргах нь засаглагч буюу улс төрийн ангид багтах үндсэн шалгуур болж байв. Харин өнөөгийн иргэншсэн нийгэмд дайн, тулаан онцгой үзэгдэл болжээ. Гэтэл хөгжлийн түрүү үеийн балар эртний нийгмүүдэд дайн, тулааныг ердийн үзэгдэлд тооцдог байсан бөгөөд тулалдах, дайтах чадвартай хүмүүс бусдыгаа манлайлан удирдагч болдог байжээ. Хэдийгээр энэ зүйл гарцаагүй шинжтэй боловч нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй байсан. Амар жимэр амьдрах энгийн олонхийг бодвол дайчдын давхарга давуулаг шинж чанартай байхад булаан эзлэлт, ард түмэн, арьстнуудын шилжин суурьшилт зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ. Үнэндээ ч ийм л байсан юм: Тухайлбал үүнийг ари арьстны булаан эзлэлтийн дараах Энэтхэгээс ажиглаж болно. Мөн Германчуудын довтолгооны дараах Ромын эзэнт гүрэн, Атцекуудын дайралтын дараах Мексик зэрэг олон жишээнээс харж болох юм. Гадны түрэмгийлэлд төдийлөн өртөж байгаагүй улс орнуудад ч дайчдын засаглагч ангийг өсөн хөгжихөд хүргэсэн тодорхой нийгмийн нөхцлүүд ажиглагддаг. [Хүй элгэний] үед хүн бүр ан агнуур эрхэлдэг байсан ба бүгд дайтах чадвартай байв. Хэдийгээр аймаг бүр өөрийн зонхилогчтой ч аж ахуй эрхлэгч ангиа мөлжих дайчдын илэрхий засаглагч анги байсангүй ээ. Гэвч ан агнуураас газар тариалан, мал аж ахуй эрхлэх болж, хүн ам өссөнөөр хүмүүсийн нэг хэсэг нь хөдөө аж ахуй, нөгөө хэсэг нь цэрэг дайны хэрэг эрхлэх болжээ. Ингэснээр дайчдын анги аажмаар ял шийтгэлээр далайлган бусад ангиа ноёрхож эхэлсэн байна. 
Дайчдын анги аажмаар үнэмлэхүй засаглагч анги болсон томоохон жишээ нь Польш юм. Анхандаа польшууд славян ард түмнүүдийн дунд зонхилж асан хөдөө аж ахуйн суурингийн зохион байгуулалттай байв. Дайчид болон аж ахуй эрхлэгч нөхөрлөгчдийн хооронд, өөрөөр хэлбэл язгууртан, тариачдын хооронд хүчтэй ялгарал байсангүй. Гэвч Висла, Неман мөрнүүдийн эрэг дагуух өргөн уудам газар нутагт шилжин суурьснаар тэдний дунд газар тариалан хөгжиж эхэлсэн байна. Хөрш зэргэлдээ дайнч аймагуудтайгаа газар нутгийн маргаанаас үүдэн дайсагнах шаардлага тулгарч байсан учир овог, аймгийн зонхилогч нар тусгай бэлтгэгдсэн тодорхой тооны шигшмэл хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлэх болжээ. Эдгээр дайчид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс хувь хүртэхийн зэрэгцээ газар тариалангийн ажлаас чөлөөлөгдөж эхэлсэн. Эхэндээ дайчдын байр суурь төдийлөн сайн байгаагүй бөгөөд дайн тулаанд оролцохоос зайлсхийсэн тариачид газар тариалан эрхлэхийг чухалчлах болов. Гэвч тогтоосон дэг журам бэхжихийн хэрээр дайчдын анги засаглагч шинжийг олж, тариачид хамжлага, албат болж хувирав. (….)
Энэ үйл явцыг Оросоос ч ажиглаж болох юм. Энд хамгаалагчид буюу нөхөрлөгчдийг бүрдүүлэх дайчдад эртний Оросын вангууд (эртний сурвалжит Рюрикийн овгоос гаралтай гэгдэх)амьдралын баталгаа болгож тариачдын хүй элгэний орлогоос хувь хүртээдэг байжээ. Цаг хугацааны явцад дайчдын хүртэх хувь нэмэгдсээр байсан юм. Тариалангийн газар хангалттай байх боловч ажиллах хүч ховордож эхэлсэн байна. ИнгээдXVI зууны сүүлээр Борис Годунов өөрийн хувь эзэмшилдээ хамжлага, албаттай байхыг язгууртнуудад зөвшөөрснөөр Орос нутагт хамжлагат ёс тогтжээ. Гэхдээ Орост зэвсэгт хүчин хэзээ ч язгууртнуудаас бүрдэж байгаагүй юм. Тариачид нөхөрлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, энгийн цэргүүдийг бүрдүүлж байв. XVI зуунд Догшин Иван буудагчдын хороог бий болгосон бөгөөд Их Петрийг Европын жишигт нийцсэн хороо байгуулах хүртэл байнгын армийн үүргийг орлож байжээ. (….)
Хөгжлийн газар тариалангийн үед байсан, харьцангуй иргэншсэн ард түмний хувьд цэргийн анги улс төрийн буюу засаглагч ангийг бүрдүүлж байсан нь гарцаагүй. Зарим тохиолдолд зэвсэг агсах нь гагцхүү улс төрийн буюу засаглагч ангийн онцгой эрх байсан бөгөөд Энэтхэг, Польшоос тодорхой харж болох юм. (….) Герегт персүүдтэй дайтах явцад энгийн иргэдийг армид авахыг хориглож, зөвхөн язгууртан иргэдийг татдаг байжээ. Өөрөөр хэлбэл, боолуудыг цэргийн албанаас бүрэн чөлөөлсөн байна. Ийм байдлыг бид Пунийн дайн хүртэлх Ром: Дундад зууны Европ: Орос болон бусад ард түмний түүхээс харж болох юм. (….) Хүн амын өсөлттэй холбоотойгоор энэ байдал зарим талаар өөрчлөгдсөн байдаг. (….) Засаглагч ангийн гол шинж нь дайн тулааны үед гаргах эр зориг бус, харин эд хөрөнгө болж эхэлжээ.
(….) Дэлхийн бүх улс орнуудад нийгмийн нөлөөллийг хангагч нэр хүнд, боловсрол, тусгай хангамж, итгэл бишрэл, нийгмийн удирдлага, цэрэг арми гэх мэт хүчин зүйл ядуу иргэдэд гэхээсээ илүү баячуудад хүртээлтэй байв. Ядуу иргэдийг бодвол баячууд улс төрийн эрх мэдлийг үлэмжхэн хэмжээгээр төлөөлж байдаг зүй тогтолтой. (….) Ийм байдлыг бид эртний Египет, бярманы ёст Энэтхэг, дундад зууны Европоос харж болох юм. (….) Лам, санваартнууд шашны хэргээс гадна улс төр, эрх зүйн мэдлэг хуримтлуулж засаглагч ангид нөлөөлж эхэлснээр тусгай мэдлэг эзэмшсэн байх асуудал засаглагч ангийн шалгуурт орж эхэлсэн байна. Шашны хэлбэрээс ангижирсан жинхэнэ шинжлэх ухааны соёл, тусгай мэдлэг болбоос улс төрийн ангийн иргэншсэн шинжийг харуулах чухал чанар бөгөөд эдгээр мэдлэгийн эзэмшсэн хэн боловч засаглагч ангид орох үүд хаалга нээгддэг байна. Гэхдээ мэдлэг эзэмшээд зогсохгүй түүнийгээ эрх мэдэл, төр улсын түвшинд хэрэглэж чаддаг байх нь улс төрийн чухал үнэт зүйлс гэдгийг мартаж болохгүй.
(….) Хэдийгээр орчин үед төрийн албанд угсаа гарал, эд хөрөнгө харгалзахгүй хүн бүр өрсөлдөөнт шалгалтаар дамжин орох боломжтой гэж үздэг ч бодит байдал дээр хараахан тийм биш байна. Угсаа залгамжлах ёс устсан, илүү ардчилсан шинжтэй болсон ч улс төрийн буюу засаглагч ангийн үндсэн чанарууд уламжлагдсан хэвээр байна. Бид үүнийг Франц, Итали, Англи, Орос зэрэг орнуудаас харж болох юм. Эдгээр улсын парламентын гишүүд нь сонгуулийн замаар дамжин гарч ирсэн хуучин язгууртнуудын хүү, ач хүү, зээ хүү гэх мэт хойчсоосбүрдэж байна.  (….)
(….) Засаглагч анги ямагт өөрийгөө хаагдмал, бүрэн тусгаардлагдсан бүлэг болгох эрмэлзлэлтэй байдаг. Энэ нь нийгмийн доод давхаргаас авьяас билигтэй, чадварлаг хүмүүсийг улс төрийн ангийн бүтцэд дэвшин ороход саад болдог талтай. (….) Олонх иргэд өөрийн ядуу тарчиг, мэдлэггүй байдалд сэтгэл ханаж амьдардаг бол зарим иргэдийн хувьд ийм байдлыг гэтлэн давах, засаглагч ангийн бүрэлдэхүүнд багтах арга замуудыг сүвэгчилж байдаг. Ийм аргуудын нэг нь хувьсгал юм. Хувьсгал мөн чанарын хувьд засаглагч анги өөрийгөө шинэчилж чадахаа больсон үед, шинэ төрөн гарч буй зохион байгуулалттай цөөнх өсөн дэвжих эрх ашгаа хангаж чадахаа байсан цагт үүсдэг жамтай. (….) Нийгмийн доод түвшнээс гарч ирэх хувь хүнд ёр бусын зориг тэвчээр, ухаан мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэл хэрэгтэй. Ийм төрлийн хүмүүс засаглагч ангийн бүрэлдэхүүнд ороход маш хэцүү байдаг. (….)
ОРЧУУЛГЫН ЭХ СУРВАЛЖ: МОСКА Г. ПРАВЯЩИЙ КЛАСС, // СОЦИС. 1994. №10. С. 187— 198.
ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН:  ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment