Sunday, March 18, 2018

БАРУХ СПИНОЗАГИЙН ТӨР-ЭРХ ЗҮЙН СУРГААЛ

Өрнө Дахины нийгэм-улс төрийн сэтгэлгээнд томоохон хувь нэмэр оруулсан суутан олон байдаг. Тэдний нэг нь Холландын гүн ухаантан, улс төрийн сэтгэгч Барух Спиноза болно. Тэрээр 1632 оны арваннэгдүгээр сарын 24 нд Португали нутгаас дайжин ирсэн худалдаачин гаралтай Сефардийн еврей гэр бүлд Амстэрдам хотноо мэндэлжээ. Михаэл Габриэл Алварэс, Ханна Дэбор де Спиноза нарын гэр бүл нийтдээ таван хүүхэдтэй байсан гэдэг. Барухыг дөнгөж 6 настай байхад эх нь сүрье өвчний улмаас бие баржээ. Эц-Хаим нэртэй Еврей сургуульд сурч, шашны сайн боловсрол эзэмшсэн ч тэрслүү нэгэн байсан тул шашны хүй элгэнээс хөөгджээ.
1670 онд бичсэн "Шашин-улс төрийн шастир" бүтээлдээ Христийн суртхаалын тулгуур бүтээл Библийг хурцаар шүүмжилж, гүн ухааны эрх чөлөөг сурталчилсан байна. Орчлон ертөнцийг цүглэгч анхдагч эд өөрөө өөрийнхөө шалтгаан болохын зэрэгцээ хэний ч гараар бүтээгдээгүй, байгалийн бүх юмсын үндэс болох хатуу зүй тогтлын үзэл санаатай Спинозагийн улс төрийн сургаал бүрэн нийцдэг. Ялдарт нь 1677 онд “Улс төрийн шастир” нэрт бүтээлээ бичиж эхэлсэн боловч дуусгаж чадалгүй хоёрдугаар сарын 21 нд Гааг хотноо бие баржээ. Бичвэрийн сэдэв улс төрийн шинжлэх ухаанд хамаарах учир дээр дурдсан хоёр зохиолын санаагаар хязгаарлая.
Жам ёсны эрх гэдгийг Спиноза байгаль дэлхийн дотоод бий болж, түүний хэсэг төдийгөөр оршин байх нийцэл, зүй тогтол хэмээн ойлгосон байна. Ингэхдээ жам ёсны эрх гэдгийг өөрөө өөрийгөө хадгалж үлдэх гэсэн байгалийн чадвар, хүчтэй адилтган үзжээ.
Макиавэллигийн нэгэн адил Спиноза улс төрийн онолч, гүн ухаантнуудыг хүний төрөлх мөн чанарыг бус, харахыг, мэдэхийг хүссэн бүхнээ буулгадаг цаас эрээчигч донтонгууд хэмээн үзжээ. Чухамдаа бол улс төрийн төгөлдөр, чинагш зорилго хүний мөн чанараас урган гарч төрийн бодлогын чиглүүр болж байх ёстой.
Хүн төрөлхийн амин хувиа тэжээгч, алдар гавьяа эрэлхийлэгч, атгаг санаатан болно: "Өөрийнх нь сайн сайхан байдалд нөлөөлөх учраас хүмүүс бусдын ашиг сонирхлыг хамгаалдаг". "Өөрийн ашиг тусыг туйлаар бодогч зан аминч үзэлдээ хөтлөгдсний улбаа болой" хэмээн Спиноза Макиавэллигийн нэгэн адил бичжээ. Нийтээр хангалуун амьдрахын үндэс хувийн өмчөө хамгаалах явдал мөн гэсэн язгуур үнэнд улс төрийн бодлого захирагдах учиртай.
Эрх зүй, хууль цаазын үзэл санааны хувьд Спиноза эрх чөлөө гэгч бүхнийг шашлах нэгдсэн нийцтэй зүй тогтол мөн гэх рационализмийг дагагч юм.
Олон хүнийг хатуу чандаар шашлах сэтгэл, албадлага хэрэглэх, бусдыг нунжлан дарах тэргүүтэн нь хэдий гадаад шинж хангир, дорд боловч үзүүр, дотор байдал мунхаг сэтгэлийг номхотгож, самуун санааг дараад хотол бүгдээр жарган суух сайн цагийг наашлуулахад чиглэсэн төгөлдөр оюун ухаанд суурилдаг байна.
Хууль цаазыг ончтой, тунгалаг байлгахын тулд олон ардыг хуралдуулах чухалтай. Олон санаанд тэлмэдүүлж, ончтой бусд эзэмдүүлсэн хэдий ч саруул ухаан, сайн сэтгэл буй цагт алсдаа бүгд арилах нигуур буй. Хэрэв энэ мэтийг цогцлоож чадваас эрх чөлөө, хууль цааз эелэлдэж, олон ардыг журам дэвжээх ёсон буй.
Хамгийн сайн бөгөөд нийцтэй засаг олон ардад хөтлөгдөх ардчилсан засаг болой.  «Ийм улсын үед олонхид суурилсан хурал улсын хэргийг мэдэх учир ухаангүй мунхаглал үл оршмой» хэмээн Спиноза бичжээ.
Иргэний байдал жам ёсны эрх үл муучлагдах тул хэмжээгүй эрхт хаант засаг сайн гэх үзлийг Спиноза хурцаар шүүмжилсэн байна. Албат иргэдээ шашлах ургашгүй ноёдоор өөрийгөө хүрээлүүлэх учир хэмжээгүй эрхт засгийн үед ард олныг дайснаас дор өширхөн үзнэ. Хууль засаг баригчдын эрхийг хамгаална. Засаглал нийтийн сайн сайхан байдалд тэрсэлнэ. Тиймээс хамгийн дорд засаг юм гэжээ.
Төлөөллийн байгууллагад захируулах хэрнээ угсаа залгасан ёсыг үл халах учир хэмжээт цаазат эзэн хааны засаг сайн байж болох юм гэдгийг онцолсон. Гэвч дарангуйлал, бусдыг дарлах байдлаас ангижруулах тусгай арга хэмжээ хэрэгтэй учир анхаарч үзвэл нэн сайн гэжээ.
Ард олны эрх ашгийг туйлаар сүсэглэхийн зэрэгцээ олон ардын эд хөрөнгө, амь, биеийг нүдний цөцгий мэт энхэрдэн дээдлэх учир “ардын хэлбэртэй дээд засаг” бүхий ардчилсан засаг хамгийн сайн гэжээ. Европын Шинэ үеийн түүхэн дэх ардчилсан засаглалын онолын хөгжилд Спиноза авгайн сургаал үлэмжхэн хувь нэмэр оруулсан байна.
БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn

No comments:

Post a Comment