Tuesday, August 9, 2016

ВИЛФРЭДО ПАРЭТО "ЕРӨНХИЙ СОЦИОЛОГИЙН ОЙЛЛОГО БИЧИГ"

ВИЛФРЭДО ПАРЭТО

Италийн улс төр судлаач Вилфрэдо Парэто дэлхийн улс төрийн шинжлэх ухааны хөгжилд үнэлж баршгүй томоохон хувь нэмэр оруулсан нэгэн юм. Тэрээр орчин үеийн элит судлал, манлайлал судлалын үндсийг тавигчдын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд улс төрийн социологийн ухаанаар мэргэшсэн нэрт эрдэмтэн болно.
Ташрамд дурдахад, монгол хэлнээ Парэтогийн улс төрийн сургаал, номлолыг хоёрдогч эх сурвалжаас тоймлон хураангуйлсан бүтээл олноор хэвлэгдэн гарч байгаа нь нэн сайшаалтай. Ялангуяа, энд МУИС-ийн багш, док, дэд проф. Галсанпилжээгийн Цэнд-Аюуш авгайн хоёр дэвтэр «Өрнийн улс төрийн сэтгэлгээний түүхэн тойм» зохиолыг онцлох байна (Цэнд-Аюуш, XIX-XX зууны улс төрийн сэтгэлгээний хөгжлийн түүхэн тойм: Тэргүүн дэвтэр, 2015; Цэнд-Аюуш, Өрнийн улс төрийн сэтгэлгээний түүхэн тойм: Дэд тэргүүн дэвтэр, 2016, хуудсд. 157-170).
Вилфрэдо Фэдэрико Дамасо Парэто1848 оны долдугаар сарын 15 нд хувьсгалт хөдөлгөөний төв болж асан Парис хотноо Генуягийн язгууртан, үндэсний үзэлтэн Раффиэл Парэто (1812–1882 он) гэгчийн гэрт мэндэлжээ (Amoroso, Jan., 1938). Харин Парэтогийн эх Мария Мэтэниэр Франц эмэгтэй байжээ. Анх төрөх үед эцэг, эх нь түүнд Фриц Вилфрэдо нэр хайрласан бөгөөд 1858 онд гэр бүлээрээ Итал руу шилжин суурьшсан байдаг. Хэдийгээр Парэто хүүхэд насаа нийгмийн дунд давхаргаас гаралтай жирийн хүмүүсийн дунд өнгөрөөсөн боловч угсаа гарвалын хувьд өндөр нэгэн байсан бөгөөд 1869 онд одоогийн Турины Технологийн Их Сургуульд докторын зэрэг горилжээ.
Хэсэг хугацаанд Италийн төрийн мэдлийн Төмөр Замын пүүст, сүүлээр, хувийн салбарт инженерээр ажилласан байна. Парэто дөч гартлаа улс төр, эдийн засгийн ухаан сонирхож байсангүй ээ. 1886 онд анх удаа Флорэнцийн Их Сургуульд эдийн засаг, удирдахуйн ухаанаар лекц уншсан байдаг. Улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж, хэсэг хугацаанд Флорэнцэд амьдарчээ. 1899 онд эцэг, эх нь бие барсан тул амьдралын хэв маягаа өөрчилж, Оросын Алессандрина Бакунинтай ураглажээ. Харамсалтай нь, энэ эмэгтэй түүнийг 1902 онд орхисон юм.
1893 онд Леон Вальрасыг орлож, Швейцарийн ЛуазаннаИх Сургуулийн Улс Төр, Эдийн засгийн Ухааны Тэнхмийг толгойлох болсон бөгөөд амьдралынхаа сүүл үеийг хүртэл энд багшилжээ.1923 онд Жеаннэ Рэжис хэмээгчтэй урагласан боловч үхэлд хайр сэтгэлээ дөнгөлүүлж, мөн оныхоо наймдугаар сарын 19 ндШвейцарийн Женев хотноо насан егүүджээ.
Насны чээжинд Парэто Италид бодит үзэгдэл болсон фашизмийг судлаж эхэлсэн байна. Хэдийгээр элит судлалыг хөгжүүлсэн боловч Парэто үзэл санааны хувьд хэзээ ч фашист байгаагүй юм (Cirillo, 2006, хуудсд. 235–246).

1920 онд олны хүртээл болгосон Compendio di sociologia generale (Англи хэлнээ compendium гэх үг нь цуглуулга гэсэн утгыг илэрхийлэх (Алтангэрэл, 2002, хууд. 77) бөгөөд мөхөс хүн бичвэрт, ойллого бичиг (Б. Баярсайхан (Эрхлэн гарга.,), 2011, хууд. 836) гэх дүйх үгээр төлөөлүүлэв) зохиолдоо элитийн циркуляцийн онолыг хөгжүүлсэн байна. Чухам энэ бүтээлдээ тэрээр “түүх бол язгууртны булш юм гэсэн алдарт хэлцээ томьёолжээ.
Хүмүүс бие бялдар, ёс суртахуун, оюун ухааны хувьд харилцан адилгүй ялгаатай. Тодорхой салбаруудад дээд зэргийн үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийг элит гэнэ. Гэхдээ элит нь засаглагч болон засаглагч бус гэсэн хоёр төрөлд хуваагдана. Нийгмийг удирдах үйл хэрэгт шууд болон шууд бус хэлбэрээр оролцох элитийг засаглагч элит гэнэ. Төрийн албан тушаалыг эзэгнэх замаар эдгээр элитүүд нийгэм дэх улс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг зүй тогтолтой. Тэд өөрсдийнх нь эрх мэдэлд бодит аюул болохуйц шинэ элит төрөн гарахад тааламжгүй байдаг. Хэрэв энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл элитийн циркуляци буюу цус сэлбэлт нь хувьсгал, төрийн эргэлт зэрэг улс төрийн хүчирхийллээр биеждэг. Харин тодорхой хүрээнд цус сэлбэлтийн механизмийг нэвтрүүлж чадвал улс төрийн тогтолцоо тогтвортой хадгалагдах боломжтой. Эндээс Парэто элитийн цус сэлбэлт нь нийгмийн хөгжлийн хөдөлгөгч гол хүч мөн гэсэн дүгнэлтээ хийжээ. Хувьсгал бол олон түмэн засаг төрийн эрхийг гартаа авч буй явдал огтоос биш бөгөөд ердөө нэг элит нөгөөгөөр солигдож байгаагаас өөр юу ч биш юм.

Парэто нөхцөл байдлаасаа хамааран харилцан нэг нэгнээ нөхөж байдаг хоёр хэв шинжийн элит байна гэж үзсэн. Эрх мэдлийн хатуу арга барилыг үйл ажиллагаандаа гол болгодог, консерватив үзэл бодол бүхий элитийг арслан хэв шинжит хэмээн ончилсон бол улс төрийн харилцаанд заль мэхийг суурь болгодог, хууран мэхлэлтийг эзэд болсон элитийг үнэг хэв шинжит гэжээ. Арслан хэв шинжит элитийн үед улс төрийн тогтолцоо харьцангуй тогтвортой байх ч нийгмийн хөгжил тэг рүү тэмүүлэх хандлага бий болдог. Харин үнэг хэв шинжит элитийн хувьд улс төрийн тогтолцоо тогтвортой байдаггүй ч нийгмийн хөгжил тэгээс дайжих зүй тогтолтой байна. Энэ хоёр хэв шинжийн элитийг туйлчлан үзэх аргагүй бөгөөд зохистойгоор хослуулж чадваас улс оронд хөгжил дэвшил ирнэ. Нийгэм дэх улс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх хоёр үндсэн арга байна. Нэг талаас хүчээр айлган сүрдүүлэх замаар эрх мэдлийг хэрэгжүүлж болно. Нөгөө талаас амлалт өгөх, хууран мэхлэх, улс төрийн манипуляци хийх замаар эрх мэдлийг хэрэгжүүлж болдог. Хүч хэрэглэх нь эрх мэдлийн илрэл бол хүмүүнлэг байх нь түүний сулралыг харуулдаг зүй тогтолтой гэж Парэто онцолжээ (Roger Eatwell, & Anthony Wright, 1999, хуудсд. 38–39; Парето, 2008; проф. М. А. Василика , 2000, хуудсд. 824, 825) (Бичвэрийг монголчилж, тайлбар бичсэн Удирдлагын Академийн докторант Нямаагийн Отгонбаяр).
ЕРӨНХИЙ СОЦИОЛОГИЙН ОЙЛЛОГО БИЧИГ
(Compendio di sociologia generale, Компендуим по общей социологии)

(…) 792. Хэдий чинээ боломжтой байна, төдий хэрээр судлах гэж буй үзэгдлээ онолын үүднээс тодорхойлохыг хичээе: Дараа нь, онолын эрэгцүүллээ шинжлэхэд шаардлагатай практик нөхцлийг авч үзэх болно. Юуны түрүүнд, бид хүний зан чанарыг сайн, муу, сайхан, муухай талаас хөндөхийг чухалчилсангүй ээ: Харин ч хүний эзэмшвэл зохих тэр байдалд анхаарлаа хандуулахыг эрмэлзлээ: Их, бага байх нь хамаагүй, хүн бүр өөр өөрийн зан чанарт нийцсэн тодорхой индекстэй байдаг.
Үйл ажиллагааны хүрээ бүрт хүн болгон шалгалтын үнэлгээтэй адил чадварын индекс эзэмшсэн байна. Тухайлбал, хамгийн сайн мэргэжилтэнд өөр хэний ч авч үл чадах 10 гэсэн индекс, мууд 0 индекс өгөх жишээтэй. Хэдэн арван саяар олдог бол (Шударга, шударга бусаар олсон уу гэдэг нь чухал биш)-10, хэдэн мянган лир олдог бол-6, “хоосон хонохгүй, хоёр идэхгүй” бол -1, үгээгүй ядуу бол -0 индекстэй байна.
Өөрийн үйл ажиллагааны салбарт хамгийн өндөр индекстэй байгаа тэр ангийг бид шилэгдмэл анги (le classi elette), элит (elite) гэж нэрлэж байна: Залуу нас хижээл насыг нарийн зааглах боломж байдаггүйтэй нэгэн адил элитийг нийт хүн амаас зааглах ялгаа тодорхой бус байдаг. Гэхдээ энэ нь уг зүйлийг судлах үр дүнгүй гэсэн үг хараахан биш юм.
793. Бидний хийж буй нийгмийн тэнцвэржилтийн судалгаанд шилэгдмэл ангийг нийгмийг удирдах хэрэгт шууд болон шууд бусаар оролцох засаглагч элит: засаглагч бус элит гэсэн хоёр төрөлд ангилах нь нийцтэй болно.
Тэрчлэн хүн амаа хоёр үндсэн давхаргад хувааж болох байна. Үүнд: 1. Удирдлагын явцад ямар ч үүрэг үл хүлээх элит бус, доод давхарга: 2. а. Засаглагч: в. Засаглагч бус гэсэн хоёр хэсэгт хуваагдах элит, дээд давхарга орно.
794. Нийгмийн практикт дээрх хоёр давхаргад хувь хүн ямар байр суурьтай байхыг тодорхойлох сорилго гэж байдаггүй: Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд тодорхой ёс зүйтэй өөр аргуудыг ашиглах тохиолдол байна. Хаана сорилго, шүүлт байна, тэнд ёс зүй үйлчилдэг нь жам билээ. Тухайлбал, ёс зүйтэй өмгөөлөгч гэж хуулиа мэддэг, түүнийгээ хэрэглэж чаддаг хүнийг илэрхийлэх жишээтэй. Гачлантай нь, амьдрал дээр дандаа ийм байдаггүй. Үүний нэгэн адил сайд, парламентын дээд, доод танхмийн гишүүн, яамны хэлтсийн дарга, генерал, хурандаа гэх мэтчлэн засаглагч элитэд ёс зүйтэй хүмүүс орох учиртай. Харамсалтай нь, засаглагч элитийг бүрдүүлэгч хүн бүр ийм байдаггүй.
(…) Зарим тохиолдолд, эд хөрөнгө, ураг төрлийн холбоо, танил талын хэлхээ засаглагч элитэд орох хөшүүрэг болох бөгөөд ингэснээр шаардлагатай ажил, мэргэжлийн ёс зүйгүй хүмүүс засаглагч элитэд багтах бололцоо бүрддэг байна.
(…)Нийгмийн нэг давхаргаас нөгөөд шилжин ороход хүнд тодорхой мэдлэг чадвар шаардлагатай болдог: Элит, элит бус давхаргын дунд үүсэх «цус сэлбэлт»(Cirkulation des elites) нь энэ үзэгдлийн жишээ юм.
800. Дээд, доод анги
Бид удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч дээд, бусдаар удирдуулах доод гэсэн хоёр үндсэн давхаргад нийгмийг хувааж байгаа нь маш энгийн бөгөөд хүн бүхэнд ойлгомжтой зүйл юм: Түүхийн бүхий л цаг үед байсаар ирсэн дээрх хоёр давхаргын цус сэлбэлт мунхаг хүнд ч илэрхий байна. Платоноос эхлэн сэтгэгчид уг асуудлыг анзаарч, «шинэ хүмүүс», «залуус»-ын талаар дурдахын зэрэгцээ, цус сэлбэх үзэгдлийг зориудаар, зохион байгуулалттайгаар хийж болох санаа дэвшүүлсэн байдаг. Өнөөдөр энэ сэдвээр мундахгүй олон зохиол гарчээ. Бид судлах гэж буй үзэгдлээ илүү нарийвчлан тодорхойлохыг хичээж байна. Нийгэм олон тооны анги, давхаргаас, тэр дундаа, дээд, доод гэсэн хоёр ангиас бүрддэг нь хүн бүрт илэрхий зүйл билээ (…).
801. Давхаргын дотоодод үүсч буй I, II ангийн бүтцийн өөрчлөлт нь нийгмийн тэнцвэржилтийг хангахад чухал ач холбогдолтой. Энэ үйл явц чухамдаа бол онцгой хэлбэрээр, тэр дундаа шашинлаг шинжтэй явагддагийг төвөггүйхэн мэдэж болох юм: Түүхийн тодорхой нэг үед суларч, сарниж байхад өөр нэг үед хурдацтай өсөн нэмэгдэх байдлаар нийгмийн өөрчлөлт бий болох жишээтэй. Дээд давхарга дахь II ангийнөөрчлөлт нь доод давхаргаас олон тооны хүмүүсийг механикаар элсүүлснээр хангагддаггүй.
804. Нийгмийн дээд давхарга, элитийг бүрэн дүүрэн биш ч гэсэн, өөрсдийгөө язгууртан гэж нэрлэсэн бүлэг хүмүүс бүрдүүлдэг: Зарим нэг тохиолдолд, эдгээр язгууртныг тодорхой мэдлэг чадвар бүхий хүмүүс бий болгодог байхад, өөр нэг тохиолдолд, язгууртны шинж төлөвшөөгүй хүмүүс ч бүрдүүлэх нь бий. Засаглагч элитийн үр ашгийг тодохойлох учир элитийг ямар хүмүүс бүрдүүлж байгаа нь туйлын чухал.
806. Мөнхийн язгууртан гэж байдаггүй. Ямар ч шалтгаангүйгээр, тэд тодорхой хугацааны дараа устан алга болдог. Түүх бол язгууртны булш юм. Афины демосууд хүн амын бусад хэсэг болох метек, боолуудтай харьцуулахад язгууртан байв: Гэвч тэд түүхийн хуудаснаас арчигдаж, үр хойчис нь ч үлдсэнгүй. Ромын язгууртнууд ч устаж үгүй болсон. Бүдүүлэг дайнч аймгийн язгууртнууд ч устсан. Францын хаана байлдан дагуулагч Франкуудын хойчис үлдсэн юм бэ? Өнөөдөр Английн лордын уг сурвалж хамгийн эртнийх хэмээн тооцогдож байна. Үнэндээ бол тэдний цөөхөн хэсэг нь сүр хүчит Вильгельмээс эхтэй байх жишээтэй.  Германид өнөөгийн язгууртны дийлэнх хэсэг нь түшмэг улсын хаадын угсаа байна. Өмнөх хэдэн зууны туршид Европын хүн ам үлэмж хэмжээгээр өсчээ. Гэтэл язгууртны тоо тэр хэмжээгээр өссөнгүй ээ.
807. Зарим язгууртны бүлэг тооны хувьд төдийгүй, чанарын талаасаа ч доройтож, эрх мэдлээ тогтоон барих хангалттай хүч, мэдлэг чадвар, эрчим хүчээ алддаг байна.(…) Засаглагч анги тоон талаасаа төдийгүй, чанарын хувьд сэргэж чаддаг байх нь туйлын чухал юм. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийг тогтоон барихад шаардлагатай мэдлэг чадвар, эрчим хүч бүхий доод давхаргын хүмүүсээр цус сэлбэж байх нь чухал гэсэн үг юм. Нөгөө талаас, мэдлэг чадвар султай, эрчим хүчээ алдсан хүмүүсийг өөрийн эгнээнээс шахан гаргах замаар сэргэх боломжтой байдаг.
808. Хэрэв саяын дурдсан үйл явцын аль нэг нь, эсвэл хоёул саатвал засаглагч анги уналтад орж, бүхэл бүтэн үндэстнийг дампуурал руу хөтөлдөг. Доод ангид дээд ангийн шинжтэй, эсвэл дээд ангид доод ангийн шинжтэй элементүүд хуримтлагдах нь нийгмийн тэнцвэржилтийг эвдэх хүчирхэг шалтгаан юм. Хэрэв хүний нийгмийн язгууртан, оюунлаг хэсгийг амьтадын байгалийн шалгаралтай адил зарчмаар тодруулдаг байсансан бол хүн төрөлхтөний түүх арай өөрөөр эргэж болох байлаа.
809. Элитйн цус сэлбэлтийн үр дүнд засаглагч анги хурдан урсгалт гол, мөрөн лугаа адил байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг: Өчигдрийн зүйл өнөөдөр улиран одно. Үеийн үед засаглагч анги ийм л байсан: Шинэ засаглагч элит төрөн гарах ч дахин шинэчлэгдэж эхэлнэ. Яг л голын урсгал лугаа адил.
810. Элитийн цус сэлбэлт удаашрах, ямар нэгэн шалтгаанаар засаглагч ангид эрх мэдлэг тогтоон барих мэдлэг чадваргүй, увайгүй элемент хуримтлагдах, эсвэл доод ангид элитйн шинжтэй, мэдлэг чадвар бүхий хүмүүс бий болсноор хувьсгал гарах нөхцөл бүрддэг байна.
811. Хувьсгал, цус асгаруулсан эргэлтийн үр дүнд мэдлэг чадвар, эрч хүч бүхий доод ангийн хүмүүс дээд ангийн төлөөлөгч, элит болох, дээд ангийн мэдлэг чадваргүй, эрч хүч нь суларсан хүмүүс доод ангид шилжих үйл явц өрнөдөг.
812. Хүчирхийлсэн өөрчлөлт гэнэтийн шинжтэй өрнөх бөгөөд үр дүн нь ч тайлбарлагдашгүй байдаг. Хэрэв засаглагч анги урт хугацааны туршид хүчирхийлэл, айдсыг ашиглах, эсвээс тэрслэн тэмцэгчдийг талдаа урвуулан татах замаар эрх мэдлээ тогтоон барихыг оролдож байвал тодорхой хугацаанд тогтвортой байдал хадгалагддаг жамтай. Харин хууран мэхлэлт, буулт хийх замаар засаг төрийн эрхийг тогтоон барихыг хүсвэл хэдий хугацаанд тогтвортой байхыг хэн ч үл мэднэ. Тухайлбал, Ромын эзэнт гүрэн доройтлын үедээ нэр алдар хайрлах, эд хөрөнгөөр шагнан урамшуулах замаар зэрлэгүүдийн түрэлтийг тогтоон барихыг эрмэлзэж байв. Үүний нэгэн адил, Францын XVI Людовиг хууран мэхлэлт, буулт хийх замаар эрх мэдлээ тогтоон барьж байлаа. (…)

Эх сурвалжийн жагсаалт

Amoroso, L. (Jan., 1938). Vilfredo Pareto. Econometrica, Vol. 6, No. 1 .
Cirillo, R. (2006). Was Vilfredo Pareto Really a 'Precursor' of Fascism? . The American Journal of Economics and Sociology 42. 2.
Roger Eatwell, & Anthony Wright. (1999). Contemporary Political Ideologies. London: Continuum.
Алтангэрэл, Д. (2002). Англи-Монгол толь. (Jim Huffman, Margaret Currie, & П. Чимгээ, Eds.) Улаанбаатар хот: INTERPRESS Publishing & Printing Co.,Ltd.
Б. Баярсайхан (Эрхлэн гарга.,). (2011). Монгол хэлний тайлбар толь. (А. Янжиндолгор, Ed.) Улаанбаатар хот: Монсудар Хэвлэлийн Газар.
Парето, В. (2008). Компендиум по общей социологии. Перевод с итальянского А. А. Зотова, Научный ред. М. С. Ковалёва, Научный консультант Н. А. Макашёва, Москва: Издательский дом ГУ ВШЭ.
проф. М. А. Василика (Ed.). (2000). Хрестоматия политология. Москва: Гардарика.
Цэнд-Аюуш, Г. (2015). XIX-XX зууны улс төрийн сэтгэлгээний хөгжлийн түүхэн тойм: Тэргүүн дэвтэр. (док., порф. Ц. Батболд, Ed.) Улаанбаатар хот: "СЭЛЭНГЭ ПРЕСС" ХХК.
Цэнд-Аюуш, Г. (2016). Өрнийн улс төрийн сэтгэлгээний түүхэн тойм: Дэд тэргүүн дэвтэр. (Проф. Б. Даш-Ёндон, & Дэд проф. Ц. Батболд , Eds.) Улаанбаатар хот: "ЭДО ПАБЛИШИНГ" ХХК.
ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН:  ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment