Monday, June 19, 2017

Н. М. КАРАМЗИНЫ УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ САНАА

Николай Михайлович Карамзин (1766-1826 он) – нь Оросын улс төрийн консерватив сэтгэлгээний томоохон төлөөлөгч, Оросын сентиментализмыг үндэслэгч, Петербургийн Шинжлэх Ухааны Академийн хүндэт гишүүн  (1818 онд сонгогдсон),  эзэн хааны ордны түүх бичигч, утга зохиол судлалын нэртэй эрдэмтэн билээ. Түүний улс төрийн үзэл баримтлал  1816-1829 онуудад бичигдсэн 12 дэвтэр «Орос улсын түүх», 1811 онд эзэн хаан I Александрт хаягласан «Эртний болон шинэ цагийн Орос орон, улс төр, иргэний харилцааны талаарх тэмдэглэл» нэрт бүтээлүүдэд нь туссан байна.
Н. М. Карамзин 1766 оны арванхоёрдугаар сарын 12 (1) нд Симбирск (өнөөгийн Ульяновскт)-т Кара-Мурза овгийн язгууртны гэр бүлд мэндэлсэн. Симбирскийн язгууртны сургуульд, дараагаар нь Москва хотноо агь нарын сургуульд суралцсан. Карамзин эдгээр жилүүдэд гадаад хэлийг эрчимтэй судлаж, Москвагийн Их Сургуульд номын дуу сонссон байна.
1781 онд эцгийн зөвлөсний дагуу Преображенскийн хороонд элссэн. 1783 онд «Модны үндэс» нэрт анхны бүтээл нь нийтлэгджээ. 1784 онд богино настай цэргийн албаа орхиж, дэслэгч цолтой чөлөөнд гарсан.
1785 онд Карамзин төрөлх Симбирск хотоо орхин Москвад хүрэлцэн иржээ. Энд тэрээр Н. И. Новиков, Плещеевийн гэр бүлийнхэнтэй танилцсан байна. Нэгэн үе масонист үзэлд татагдаж, улмаар Москвагийн масонист бүлгэмд элссэн байдаг. Энд тэрээр И. С. Гамал, А. М. Кутузов нартай дотно харилцах болжээ. Үүнээс гадна, Орос оронд анх удаа хүүхэд, багачуудад зориулсан сэтгүүл гаргаж эхэлсэн байна.
1787 онд Николой Михайлович Английн нэрт жүжгийн зохиолч У. Шекспирийн «Юлий Цезарь», 1788 онд Лессингийн «Эмиль Галотти» зэрэг эмгэнэлт жүжгүүдийг эх хэлнээ орчуулсан байна. 1789 онд Карамзины «Евгени, Юлиа хоёр» гэх бүтээл нь нийтлэгджээ.
1789-1790 онуудад Карамзин Европ тивээр хөндлөн гулд аяласан байдаг. Англи, Герман, Франц, Швейцар зэрэг орнуудад зочилж, тухайн үеийнхээ сэхээрэлт хүмүүс болох Ш. Бонн, И. Хант, Ж. Ф. Мармонтель, И. Х. Хэрдэр, И. К. Лафатэр нартай танилцаж, М. Робеспьер, Г. Мирабо нарын илтгэлийг сонсч явжээ. Аяллын сэтгэгдэл дээрээ тулгуурлан «Орос аялагчийн захидал» нэрт зохиол бичиж, 1791-1792 онуудад нийтлүүлсэн нь уншигчдын зүгээс өндөр үнэлэлт авчээ.
Орос нутагтаа эргэн ирж утга зохиолын ажилд хичээн зүтгэх болжээ. «Хөөрхий Лиза», «Бояр ноёны авхай Наталья» зэрэг олон бүтээл нь чухам энэ үед гарсан байна. 1803 онд Оросын эзэн хаан I Александр Карамзинд ордны түүх бичигч гэх албыг хариуцуулж, улсын номын сан, архивыг даатгасан байна. Энэ үеэс эхлэн Николай Михайлович утга зохиолын ажлаас хөндийрч, «Орос улсын түүх» зохиол дээр ажиллах болжээ.
Н. М. Карамзин 1826 оны тавдугаар сарын 22 (зургаадугаар сарын 3) нд Оросын эзэнт улсын нийслэл Санкт-Петербург хотноо 59 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Н. М. Карамзины улс төр-эрх зүйн үзэл санаа Францын агуу их хувьсгалын нөлөөн дор бүрэлдсэн юм. Франц дахь улс төрийн үйл явц нь нийгмийн хөгжлийг ямар нэгэн хувьсгалт тэмцэл, эрс өөрчлөлтгүйгээр аажим алгуур бий болгох гэсэн Карамзины үзэл санааны төлөвшилд эерэгээр нөлөөлжээ. Нийгмийн хөгжлийн гэнэтийн, хувьсгалт өөрчлөлт нь улс орон, ард түмний түүхэн уламжлалтай харшилдаг. Уламжлал, үнэт зүйл, хэв суртлаас хамаарсан төрийн улс төрийн хэлбэр зохистой гэдгийг Карамзин онцолсон байна. Төрийн засаглалын хувьд бүгд найрамдах хэлбэрийг сайшаан үзсэн байдаг. Гэхдээ Орос орны хувьд хэмжээгүй эрхт эзэн хааны засаг нийцтэй гэдгийг онцолсон. Улс төрийн эрх мэдлийн гол зорилго нь ард түмнийг сурган боловсруулж, соён гэгээрүүлэхэд оршино. Ингэснээр Оросын төр, ард түмний харилцаа эелэлдэн улсыг удирдах хэрэгт олны сэтгэл оюуныг нэмэрлэх боломжтой. Гэхдээ уг үйл явц язгууртан ноёдын эрх ямбыг эвдэхэд чиглэгдэх ёсгүй. Улсын хууль цааз сайжрах, амьдралын нөхцөл эрүүлжихэд язгууртны дэглэм тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.
Хамгийн сонирхолтой нь, Карамзин эзэн хааны хэмжээгүй эрх мэдлийг хязгаарлахын эсрэг байсан. Эзэн хаан бүх эрх мэдлийн цорын ганц эх сурвалж болно. Эзэн хаан хязгааргүй эрх мэдэл эдлэх нь төрийн нэр хүндийг өргөх, Оросын ард түмэн амар амгалан байхын үндэс юм. Эзэн хаан эрх дархаа хязгаарлах, төрийн байгууллаа бусниулах эрхгүй. «Язгууртан ноёд, санваартан, сенат, синод нь хууль ёсыг хамгаалагч бөгөөд бүхний дээр залрах эзэн хаан — эрх мэдлийн цорын ганц эх сурвалж, цорын ганц хууль тогтоогч болно. Энэ бүгд Оросын хаант төрийн үндэс мөн» гэж мөнөөхөн Карамзин бичжээ.
Үүнээс гадна, Н. М. Карамзин төрийн албадыг өөрчлөн шинэчлэхийн эсрэг байжээ. «Төрийн байгуулал дахь аливаа шинэ зүйл гэгч шаардлагатай тохиолдолд л хэрэгжүүлж болох хөнөөлт муу зүйл мөн. Учир нь хатуу тогтсон дүрэм журам гэгч юу юунаас илүү эрхэм билээ. Эртнээс инагш хүндэтгэн дагасан, эртнээс инагш идээшиж дадсан бүхэн хамгийн их хүндэтгэл хүлээдэг жамтай» хэмээн Карамзин бичжээ. Хууль тогтоогчдын хамгийн гол алдаа нь төрийн байгуулалд яам, төрийн зөвлөл гэх мэт ард түмний хэв сурталтай үл нийцэх шинэлэг зүйл нэвтрүүлэхийг чармайдагт оршино гэдгийг онцолсон.
Карамзин соён гэгээрүүлэгчдийн номлосон хүмүүсийн жам ёсны эрх тэгш байдлыг төрт ёсны эсрэг сөргүүлэн гаргаж ирсэн. «Төрийн харилцаанд жам ёсны эрх иргэний байдал руу шилждэг». Хууль цааз, язгууртны төрийн байгуулал Оросын ард түмний төрөлх мүс чанар, дадгал, сурталтай холбогдоно. Тиймээс хэмжээгүй эрхт эзэн хааны засаг, язгууртны байгууллыг Оросын ард түмнээс салган ойлгох боломжгүй юм. Төлөөллийн ардчилал, нийгмийн гэрээний онол, хүний жам ёсны эрхийн тухай сургаал зэргийг Карамзин эрс шүүмжилсэн байдаг. Үүний зэрэгцээ нийгмийн амьдралыг хувьсгалт аргаар өөрчлөх нь хөнөөлтэй бөгөөд олон түмнийг сурган боловсруулах, соён гэгээрүүлэх замаар аажим өөрчлөх боломжтой гэж үзсэн. Ингэхдээ нийгмийн амьдралд хийгдэж буй аливаа өөрчлөлт ард түмэн, үндэстний түүхэн уламжлал дээр суурилах ёстой. Ингэснээр Н. М. Карамзин Оросын шинэтгэлийн эцэг гэгдэх М. М. Сперанскийн сургаалыг бүрэн үгүйсгэсэн байдаг. Хүн төрөлхтөний түүхэнд бүх нийтэд сайн сайхан, эрх тэгш байдлыг бий болгох гэсэн аливаа хувьсгалт өөрчлөлт ямагт золгүй төгсгөлтэй байсныг Карамзин гярхай ажигласан байна. Ийм учраас Европ дахь соён гэгээрүүлэлтийн үеийн улс төрийн үзэл санааг эрс шүүмжилсэн байдаг.
Оросын ард түмний хувьд хамгийн зохистой, нийцтэй, төгс засаглалын хэлбэр бол хэмжээгүй эрхт эзэн хааны засаг мөн.

МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment