Николай
Михайлович Карамзин (1766-1826 он, «Эртний болон шинэ цагийн Орос орон,
улс төр, иргэний харилцааны талаарх тэмдэглэл», «Орос улсын түүх») — нь Оросын
цолгорсон түүхч, либерал шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэгч, Оросын улс төрийн консерватив
сэтгэлгээний томоохон төлөөлөгч нэгэн билээ.
Н. М.
Карамзин 1766 оны арванхоёрдугаар сарын 1 (12) нд Оросын Эзэнт Улсын Симбирск губерны
Карамзинка сууринд язгууртан, чөлөөнд гарсан ахмад Михайл Егорович Карамзины
гэрт эснэсэн. Карамзин угсааныхан татарын Кара-Мурза (Бараан ноён гэх
түрэг үг) овгоос эхтэй болохыг олон судлаачид дурдсан байдаг. 1811 онд «Эртний
болон шинэ цагийн Орос орон, улс төр, иргэний харилцааны талаарх тэмдэглэл»
бүтээлээ нийтлүүлж, өөрийн нийгэм-улс төрийн үзэл санааг хөгжүүлсэн байна.
Үүнээс гадна, «Орос улсын түүх» гэх 12 дэвтэр зохиол бичсэн нь
Оросын түүхчдийн зүгээс өндөр үнэлэлт авсан байдаг. Хэдийгээр татар-монгол
угсааны язгууртан боловч Оросын түүх бичлэгт анх удаа «татар-монголын дарлал»
гэх ойлголтыг бий болгосон дотоод зөрчил бүхий түүхэн бие хүн мөн.
Карамзин
язгууртан ноёдын улс төрийн эрх ашгийг илэрхийлэгч нэгэн байжээ.
Оросын
ард түмэн дэлхийн бусад ард түмнүүдээс ялгарах өөрийн гэсэн ахуй, уламжлал, зан
заншил, мөн чанартай. Энэ шинжид нь эзэн хааны хязгааргүй эрх мэдэлт засаг
нийцтэй байдаг. Учир нь Оросын ард түмэн «захирагдах хэрэгцээ шаардлагаа
байнга мэдэрч» байдаг онцлогтой. Үүнтэй холбоотойгоор Карамзин язгууртан
ноёдын эрх ямбыг эвдэх, тариачдыг чөлөөлж, үндсэн хууль батлахад чиглэгдсэн М.
М. Сперанскийн шинэтгэлийн бодлогыг эрс шүүмжилсэн. Гэр бүлээ хайрлан энэрэх
эцэг адил эзэн хаантай хэмжээгүй эрхт засаг оршин буйн ачаар Орос оронд төрийн
тэргүүн, ард түмний нэгдмэл байдал хангагдахын зэрэгцээ сайн сайхан амьдрал
цогцлох болно. Ингэхлээр, Орос орны хувьд хамгийн нийцтэй, зохистой, төгс
төгөлдөр төрийн хэлбэр нь хэмжээгүй эрхт эзэн хааны засаг юм. Карамзин төрийн
эрх мэдэл хуваарилах онолын эсрэг байсан: «нэг гүрэн дэх хоёр эрх мэдэл гэгч
бие биенээ хэмлэх нэг торонд хашигдсан хоёр догшин араатан адил» гэжээ. «Язгууртан
ноёд, санваартан, сенат, синод нь хууль ёсыг хамгаалагч бөгөөд бүхний дээр
залрах эзэн хаан — эрх мэдлийн цорын ганц эх сурвалж, цорын ганц хууль тогтоогч
болно» — гэсэн үзлийн Карамзин хөгжүүлсэн байна.
Карамзин
язгууртны шатлан захирах зохион байгуулалтын бүтцийг хадгалах хэрэгтэйг
сануулсан. Учир нь эрх зүй, төр улс, язгууртны байгуулал Оросын ард түмний жинхэнэ
ахуйтай нийцдэг байна. Ямар ч тохиолдолд засаг төрийн эрх мэдлээр далайлган ард
түмэнд тэдний ахуй амьдрал, сэтгэлгээнд үл нийцэх хууль дүрмийг зохион тулгаж
болохгүй: «Ард түмний хууль дүрэм тухайн ард түмний төсөөлөл, ойлголт, ёс
суртахуун, хэв суртал, нутаг орны нөхцөл дээр тулгуурлах ёстой». Оросын ард
түмэнд танил болоогүй, харь үзэл санааг тулган хүлээлгэсэн тул Их Петрийн
шинэтгэл муу зүйл байсан гэдгийг Карамзин онцолжээ. Энэ л шалтгаанаар Наполеоны
иргэний хуулийг утгачилж, Орос оронд нутагшуулах үзлийг үгүйсгэсэн байдаг. Ард
түмний оюун бодол, сэтгэлгээ олон зууны туршид үүсч бүрэлдэх бөгөөд «эртний
түүхт ард түмнүүдэд шинэ хууль дүрэм нийцдэггүй» гэжээ. Үүнээс гадна, Карамзин улсын доторх ард түмний хууль
ёс, хэв суртал ямар ч тохиолдолд байгалийн хууль, зүй тогтол дээр тулгуурлах
ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Ерөнхийдөө
Карамзин өөрчлөлт, шинэчлэлийг үгүйсгэж, язгууртны байгууллыг хамгаалах,
хамжлагат ёсыг хэвээр үлдээх Оросын консерватив сэтгэлгээний үндсийг
боловсруулсан хүн юм. Хамжлагт ёсыг халах нь Орос орны хувьд дэвшилтэт гэхээсээ
таагүй үр дүн авчрах нийгмийн гаж үзэгдэл мөн. Тариачдыг хамжлагаас чөлөөлснөөр
тариалангийн газар атаршиж, ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэхийн зэрэгцээ улсын
эдийн засгийн тогтоц сүйрч унах аюултай. Хамгийн гол нь, хүн амын үнэмлэхүй
олонхийг бүрдүүлэх Оросын тариачид үгүйрч засаг төрдөө тэрслэх байдал нэмэгдэнэ
гэжээ. Иймээс хамжлагат ёсыг халах бус, харин бататган бэхжүүлэх хэрэгтэй
гэдгийг онцолсон. Үүний тулд язгууртан ноёдын «зохисгүй үйл байдал»-ыг төрөөс
хянах, хамжлагын харилцааг хуулиар чандлан сахиулах шаардлагатай.
Төрийн
зөвлөл, яамдын байгуулахад чиглэгдсэн I
Александр хааны өөрчлөлтийг алдаатай хэмээн үзэж, төрийн удирдлагыг шинэтгэхийг
эсэргүүцсэн байна. Хаан хүн улсын дотоодод хууль ёсыг чангатгахын тулд гэмтнийг
хайр найргүй гэсгээн шийтгэж, хууль дүрмийг ягштал сахин биелүүлэх үүрэгтэй.
Нийгмийн дэвшил, хөгжил хувьсгал, тэмцэлээр бус,
сайн сайхан үзэл онол, хэв суртлаар олон ардыг ухуулан сэнхрүүлэх, сурган
тэжээх урт удаан үйл ажиллагааны үр дүнд бий болдог байна.
Ташрамд
дурдахад, I Александр хаан Карамзин авгайн «Тэмдэглэл»
нэрт бүтээлийг судлаад өнөөгийн төрийн байгуулалд халгаатай олон санаа туссан
болохыг цохон тэмдэглэж байжээ. Тухайлбал, ялгах түшмэдийн авлигач, төрийн
түшмэдийн мунхаг, мэдлэггүй байдлыг хурцаар шүүмжилсэн байна гэжээ.
МОНГОЛЧИЛСОН:
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН
АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР



No comments:
Post a Comment