Monday, June 19, 2017

БЕНЖАМЭН КОНСТАНЫ УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Францын агуу их хувьсгал, түүнийг дагасан якобинчуудын харгислал, төрийн албаны авлигач байдал, генерал Наполеоны цэргийн дарангуйлал зэрэг олон үйл явдлын өрнөлт талбар болсон Европт XVIII зууны сүүл, XIX зууны эхэн үед Бенжамэн Констаны либерал улс төрийн сургаал бүрэлдэн бий болжээ. Констаны либерал сургаалын нэг онцлог нь төрийн дур зоргоор авирлах явдлаас хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглэгдсэн үндсэн хуульт байгууллын суурь зарчмыг боловсруулсанд оршино.
Францын улс төрийн сэтгэгч Хэнри-Бенжамэн Констан де Ребек 1767 оны аравдугаар сарын 25 нд Швейцарийн Лозанно хотноо шашин шүтлэгийн шалтгаанаар Францаас цагаачилж ирсэн гугенот Жулэ Констан де Ребек гэгчийн гэр бүлд мэндэлжээ. “Гэрийн багшаар хичээл заалгаж анхан шатны боловсрол олсон (…)(Цэнд-Аюуш, 2015, хууд. 26) тэрээр Баварын Эрлангэн-Нюрнбэрг дэх Фридрихийн Нэрэмжит Их Сургуульд, дараагаар нь, Шотландын Эдинбургийн Их Сургуульд суралцсан байна. Францын эзэн хаан XIV Людовиг цаазлагдсаны дараа Швейцар руу дүрвэсэн бөгөөд ингэж явах зуур Женевт зохиолч Хэнри-Луиз Жермен де Сталь Гольштэйн (Женев гаралтай Францын төрийн зүтгэлтэн, сангийн яамны сайд асан Жак Неккер, үргэлжилсэн үгийн зохиолч, Париж хотноо байрлах Hôpital Necker-Enfants malades эмнэлэгийг үүсгэн байгуулагч Сюзанна Кюршо нарын охин)-тэй танилцжээ. Энэ үеэс Констан Жермен де Сталь авхайтай дотно харилцаа үүсгэж, улмаар 1797 онд охин Альбертина нь мэндэлжээ. 1795 оны тавдугаар сард тэд Париж хотноо эргэн ирж Францын иргэний харьяалалтай болсон байна. 1796 оноос Констан Францын төрийн эрх барих дээд захиргааны зөвлөлийг идэвхтэй дэмжих болжээ. Улмаар 1799-1802 онуудад хууль тогтоох хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд дараагаар нь, 1803 оны аравдугаар сараас 1804 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд гадаадад цагаачилсан байдаг.
Констан генерал Наполеоны үндсэн хууль боловсруулах ажилд гар бие оролцож байжээ. 1819 оноос хууль тогтоох хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байна. 1830 онд Луи Филиппийг засаг төрийн эрхэнд гаргасан долдугаар сарын хувьсгалыг дэмжсэн учир Францын Төрийн Зөвлөлийн дарга болсон.
Гэвч Франц дахь либерал урсгалыг үндэслэгч, Швейцар - Францын эрдэмтэн, төрийн зүтгэлтэн Бенжамэн Констан 1830 оны арванхоёрдугаар сарын 8 нд 63 насандаа Францын нийслэл Париж хотноо ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Констаны улс төрийн сургаалын үндэс нь түүний эрх чөлөөний талаарх төсөөлөл билээ. Тиймдээ ч түүний бүтээлүүдэд эрх чөлөөний асуудал чухал байр суурь эзэлдэг. Бенжамэн Констаны ертөнцийг үзэх үзэл бүрэлдэн төлөвшихөд Францын болон Английн оюун санааны уламжлал хүчтэй хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг. Ялангуяа, Английн эдийн засагч А. Смитт, Францын сэтгэгч Жан Бодэн, М. Монтэн, Ш. Л. Монтескье, Ж. Ж. Руссо нарын хүмүүс онцгой нөлөөлсөн байна.
Хувьсгалын дараах Францын нийгэмд хувь хүний эрх, эрх чөлөөний асуудлыг Констан Монтескье, Руссо нарын сэтгэгчдээс зарчмын зөрүүтэй байр сууринаас шийдвэрлэхийг зорьжээ.
Засаг төрийн эрхийг хууль бусаар булаан авах тухай”, “Эрт үеийн эрх чөлөөг эдүгээ цагийн ард түмнүүдийн эрх чөлөөтэй харьцуулах нь” зэрэг зохиолдоо XIX зууны аж үйлдвэржилтийн нийгмийн шаардлагад нийцүүлж эрх чөлөөний үзэл баримтлал боловсруулахыг оролджээ. Констанаас өмнөх үеийн Европын сэтгэгчид хувь хүний эрх чөлөөний асуудлыг эртний Грек-Римийн сэтгэгчдийн үзэл, онолоор авч үзэхийг чухалчилдаг байжээ. Гэтэл Констан улс төрийн үйл ажиллагаанд оролцох иргэдийн боломжоор хувь хүний эрх чөлөөг тодорхойлохыг оролдсон байна. Ингэхдээ хувь хүний эрх чөлөөг улс төрийн болон нийгмийн өргөн хүрээгээр авч үзэхийг хичээсэн байдаг.
Эртний Грекийн хот улсуудад иргэд төрийн хэрэгт шууд оролцдог байсан. Гэвч улс төрийн энэ шууд оролцоо боолын харилцаанд дулдуйдаж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Орчин үеийн ард түмэнд эртний Грекийн хот улсын үеийн эрх чөлөө байх боломжгүй гэдгийг Констан нотолсон. Боолын харилцаанаас гадна эртний Грект иргэдийн шууд оролцоонд суурилсан эрх чөлөөнд газар нутгийн хэмжээ, хүн амын тоо бас чухал нөлөөтэй байжээ. Хүн ам бага, газар нутаг жижиг байсан нь ард иргэдийн улс төрийн шууд оролцоог хангах боломж олгож байв.
Орчин үед ард түмэн улс төрийн шууд оролцоонд суурилсан эрх чөлөө эдлэх боломжоо нэгэнт алджээ. Өнөө цагт эрх чөлөөг өөр байдлаар үнэлж байна. Засаг төрийн зур зоргоор авирлах явдлаас иргэдийг хамгаалж чадаж байгаа бол тэр жинхэнэ эрх чөлөө болно. Харин улс төрийн эрх чөлөө бол хувь хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж буй ердөө нэг хэлбэр төдий юм.
Англи, Америк, Франц байна уу хамаагүй, хүн бүр зөвхөн хуулинд захирагдаж, бусдын дур зорго, итгэл эвдсэн харилцаа, харгислал, халдлага, дээрэмдлэгээс хамгаалагдсан байх нь эрх чөлөө мөн. Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх, өөрт тохирсон ажлаа эрхлэх, өмч хөрөнгөө захиран зарцуулах, хэний ч зөвшөөрөлгүйгээр бодсон санасан үйлээ бүтээх зэрэг нь хувь хүний эрх чөлөө болно.
Улс төрийн хувьд хувь хүний эрх чөлөө төлөөлөгчдийн байгууллагаа сонгоход оролцох, төрийн албан тушаалтныг томилоход нөлөөлөл үзүүлэх замаар улсыг удирдах хэрэгт тусгал үзүүлж буй үйл ажиллагаагаар баталгаажина гэдгийг Констан онцолсон байдаг. Энэ бүхнээс дүгнэн үзвэл хувь хүний эрх, эрх чөлөөний тухайд Констан Монтескье, Руссо нарын үзэл баримтлалаас зарчмын зөрөөтэй байр суурийг хөгжүүлсэн байна. Тухайлбал, эрх чөлөө гэдэг нь хуулиар хүлээн зөвшөөрсөн бүхнийг хийх эрх мөн гэх Монтескьен байр суурийг эсэргүүцсэн байна.
Түүний үзсэнээр, хууль гэгч эрх чөлөөний бүрэн баталгаа болж чаддаггүй. Хууль дарангуйллыг тэтгэх арга хэрэгсэл болох ч тохиолдол байна. Эндээс Монтескье хувь хүний эрх чөлөө болон эрх чөлөөний баталгаа гэх хоёр ойлголтыг нарийн тодорхойлж чадаагүй байна гэсэн дүгнэлтэд Констан хүрчээ. Констаны хувьд Монтескьегийн нэгэн адил хуулийг эрх чөлөөний баталгаа гэж үзсэн боловч түүнээс ялгаатай нь, бүрэн дүүрэн баталгаа биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хууль хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжид тулгуурлан шударга ёсны хэмжүүр болох ёстой. Гэхдээ энэ бол болзолт чанар юм. Өөрөөр хэлбэл, хууль дээрх шинжийг өөртөө агуулж байгаа бол түүнд захирагдах, эс бөгөөс захирагдах албагүй гэсэн утгыг илэрхийлж байна. Ингэхлээр, хуульд захирагдах хувь хүний үүрэг харьцангуй утгатай болж таарч байна.
Ташрамд дурдахад, хувь хүний эрх чөлөө хэзээ ч үл алдах ард түмний хамтын хүсэл зоригоор биелэлээ олдог гэх Руссогийн санааг Констан хурцаар шүүмжилсэн байдаг. Констаны хувьд төрийн эрх мэдлийн гадна хувь хүний амьдрал байнга оршин байдаг. Үүнийг үгүйсгэх боломжгүй юм. Бүхнийг хамруулан ойлгох ард түмэн туйлын эрх чөлөө, дарангуйллын нэгэн адил аюултай үзэгдэл гэдгийг Констан онцолсон. “Нийгэм, олон нийтийн зүгээс оролцох эрхгүй хувь хүний бүтээн туурвих эрхийг эрх чөлөө гэнэ”.
Хувь хүний эрх, эрх чөлөөг төрийн эрх мэдлийг хязгаарлах, хуваарилах замаар хангах бололцоотой. “Үндсэн хуульт бодлогын чиглэлүүд” нэрт бүтээлдээ Констан төрийн эрх мэдлийг 1. Вангийн: 2. Гүйцэтгэх: 3. Байнгын төлөөллийн (Пэрүүдийн танхим): 4. Сонгуульт төлөөллийн (Доод танхим): 5. Шүүхийн: 6. Орон нутгийн гэх эрх мэдлүүдэд ангилж болох талаар дурдсан байна.
Вангийн эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хоорондох зөрчлийг шийдвэрлэх чадвартай төвч, тэнцвэржүүлэгч эрх мэдэл (le pouvoir modevoteur) юм. Вангийн эрх мэдлийг үл ойшоох нь өнөөгийн төрийн байгуулалуудын гол дутагдал болно. “Зарим нэг утгаар авч үзвэл вангийн эрх мэдэл бусад эрх мэдлээ хянах шүүх эрх мэдэл мөн” гэж Констан бичжээ. Сайд нарыг томилж, чөлөөлөх, хэмжээгүй вето эрх эдлэх, доод танхимийг тараах, шинэ сонгуулийн товыг зарлах, угсаа залгамжилсан танхимийн гишүүдийг бүрдүүлэх, ялгах түшмэдийг батламжлах, уучлал үзүүлэх зэрэг нь вангийн эрх мэдэлд хамаарна.
Гүйцэтгэх эрх мэдлийг хууль тогтоох хурлын өмнө хариуцлага хүлээх сайд нар хэрэгжүүлнэ. Сайд нар өөрсдийн нэрийн өмнөөс хуулийн төсөл зохионо. Сайд нарын ажилд пэрүүдийн танхим үйлчилнэ.
Сонгуульт төлөөллийн эрх мэдэл нь хөрөнгийн өндөр шалгуурт үндэслэгдэж эмхлэгдэнэ. Нийтийн эрх ашгийг ухамсарлахад шаардагдах боловсрол, хүмүүжил зөвхөн баячуудад бий болох боломжтой. Тиймээс “ганц өмч хөрөнгө сонгогдох үндэс болно: эд хөрөнгө улс төрийн эрх эдлэх чадвартай бие хүнийг төлөвшүүлдэг” хэмээн Констан бичсэн. Төлөөлөгчдийн үйл ажиллагаанд цалин, урамшуулал олгох ёсгүй. Хэрэв төлөөллийн энэ эрх мэдлийг цалин хөлстэй болговол хүн бүхний анхаарлын төвд өртөх болно.
Байнгын төлөөллийн эрх мэдлийг Констан Английн лордын танхимийн хэлбэрээр төсөөлж байжээ. Энэ тал дээр Констан Монтескье нар төстэй санааг хөгжүүлсэн байна.
Бусад эрх мэдлээс хараат бусаар орших эрх мэдэл нь шүүх юм. Шүүгчийг ван бүх насаар нь томилох бөгөөд өөрчилж үл болно. Ард түмэнд цөлийн нүүдэлчдээс дор амьдрах хараат бус шүүгчид хэрэггүй. Констан тангарагтны шүүхий төлөө байсан бөгөөд ямар нэгэн онцгой шүүх байгуулахын эсрэг байв.
Орон нутгийн эрх мэдлийн тухайд өнөөгийн нутгийн өөрөө удирдах ёс гэх ойлголтыг хамруулан үзсэн байна. Хүй элгэн, орон нутгийн сайн дурын байгууллагуудын туслалцаатайгаар иргэд өөрсдийн эдийн засаг, нийгмийн эрх ашгаас гадна аюулгүй амьдрах орчноо бий болгох ёстой.
Энэ бүхнээс дүгнэн үзэхэд Бенжамэн Констаны сургаал өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байгаа бөгөөд конституционализмийн онолд томоохон хувь нэмэр оруулсныг тэмдэглэх хэрэгтэй (О. Э. Лейст, 1999).

Эх сурвалжийн жагсаалт

О. Э. Лейст (Ed.). (1999). История политических и правовых учений: Учебник для вузов. Москва: Изд-во "Зерцало".
Цэнд-Аюуш, Г. (2015). XIX-XX зууны улс төрийн сэтгэлгээний хөгжлийн түүхэн тойм: Тэргүүн дэвтэр. (Ц. Батболд, Ed.) Улаанбаатар хот: "СЭЛЭНГЭПРЕСС" ХХК.



МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment