Saturday, July 1, 2017

ПАДУА ГАЗРЫН МАРСИЛИЙН УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Падуа газрын Марсилий (1270 оны орчим мэндэлсэн) — нь Дундад зууны үеийн схоластик гүн ухаантан, улс төрийн философич, иргэний эрх мэдлийн онолыг хөгжүүлэгч нэгэн билээ. 1324 онд “Энхийг эрхэмлэгч(«Defensor pacis») нэрт жүнхэн бүтээлээ нийтлүүлсэн бол 1342 онд “Цөөнхийг хамгаалагч(«Defensor minor») зохиол нь гарчээ. Хэдийгээр иргэний засаглалыг сүм хийдийн эрх мэдлээс зааглах үзлийг хөгжүүлж байсан ч дээр дурдсан “Энхийг эрхэмлэгч” зохиолдоо төрийн засаглалыг хууль тогтоох болон гүйцэтгэх гэсэн эрх мэдлийн хоёр хэсэгт хуваах шаардлагатай гэдгийг онцолсон байна.
Марсилий хойд Италийн Падуа нэрт жижиг хотод мэндэлсэн бөгөөд бусад хүмүүс түүнийг “Падуа нутгийн хүн(Paduanis) хэмээн дууддаг байжээ. Гэвч их эрдэмтэн хэдэн оны үед мэндэлсэн тухайд судлаачдын дунд өнөө хэр нэгдсэн ойлголт алга байна. Их төлөв 1270-1280 оны хооронд төрсөн болов уу гэсэн таамаглал дэвшүүлдэг. XX зууны дунд үеэс эхлэн судлаачид 1280 оны орчим мэндэлсэн болов уу гэж үзэх болсон. Судлаачдын ингэж үзэхэд улс төрийн зүтгэлтэн, яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч Альбертино Муссатотой Марсилийн харилцаж асан захидалууд нөлөөлсөн байна. Марсилий анагаах ухааны боловсрол эзэмшиж эмчээр ажиллах болжээ. Барууны бичвэрүүдэд түүнийг Ореганы их сургуульд суралцсан гэсэн байдаг. Гэвч цадиг намтрыг нь сайтар судлаж үзвэл Ореганы их сургуульд Марсилий суралцаж байсан гэх баримт олддоггүй.
Падуа нутгийн Марсилийн амьдралын эхэн үе Парижийн Их Сургуульд “чөлөөт урлаг”-ийн багшаар ажиллаж, дараагаар нь тус сургуулийн захиралаар томилогдсон буюу 1311 он хүртэл үргэлжилсэн гэж үзэж болохоор байна. Их сургуулийн захиралаар томилогдсон Марсилий өөртөө олон тооны дайсан бий болгосон байх талтай. Тэдний дунд үзэл бодлын болон үйл хэргийн дайснууд мундахгүй их байсан нь мэдээж. Юуны түрүүнд, бурхан судлалын факультетийн багш нар Марсилийг буруутган тэрслэх болсон юм. Анагаах ухааны өргөн мэдлэгтэй, санваартан Марсилий тухайн үедээ Европын нэр хүндтэй олон их сургуульд багшилж болохоор байсан. Гэвч тэрээр 10 жилийн туршид Парижийн их сургуулийн уран жүжиглэлтийн салбарт багшилсан байдаг. Анд нөхөр, хамтран зүтгэгч Жан Жандены нөлөө Марсилийн улс төрийн үзэл санаа бүрэлдэн бий болоход томоохон үүрэг гүйцэтгэжээ. Олон жилийн туршид энэ эрхэмтэй сайн харилцаатай байсан нь судлаачдыг “Энхийг эрхэмлэгч” бүтээлийг Жан Жандентай хамтарч бичсэн гэх таамаглалд хүртэл хүргэж байв. Гэхдээ XIX, XX зууны Герман, Америкийн түүхчид энэ таамаглалыг бүрэн үгүйсгэсэн юм. Хэдийгээр Марсилий бүтээлээ туурвихад Жан Жанден нөлөөлсөн байж болох ч энэ нь уг зохиолыг хамтран туурвихад хүргэсэн гэсэн үг хараахан биш юм хэмээн дээрх судлаачид бичжээ. Жан Жанден франц хэлнээ Марсилийн “Энхийг эрхэмлэгч” бүтээлийг анх удаа утгачилсан байдаг. Магадгүй, энэ нь дээрх таамаглал гарахад хүргэсэн байх талтай гэдгийг онцолжээ.
Ромын хутагтын эрх мэдлийг хязгаарлаж, иргэний засаглалыг хүчирхэгжүүлэх санаа гаргасан учир Марсилий Парижийн их сургуулийн захиралын албанаас бууж, тэрс номтонд тооцогдох болжээ. Энэ үед түүний хувьд хамгийн аюулгүй орчин нь Баварын IV Людовигийг түших явдал байв. Падуа газрын Марсилий Баварын IV Людовигт үнэнчээр хүчин зүтгэж, Ромын хутагтын эсрэг чиглэсэн аян дайнд нь хүртэл оролцсон байна. Хариуд нь, хэдийгээр шар шувталсан хүн байсан боловч үнэнч зүтгэлийг нь үнэлж IV Людовиг түүнийг Миланы ширээт ламаар өргөмжилсөн түүхтэй. Хүчирхэг эзэн хааны засаг Европ дахинаа олон жилийн туршид үргэлжилсэн самуун дайснагналыг зогсоож, энх тайван бий болгож чадна гэдэгт бат итгэсэн учир Марсилий Баварын Людовигийн эрх мэдлийг тууштай дэмжих болсон юм.
Ромын хутагтад адлагдсан Уильям Оккам тэргүүтэй тэрс номтнуудтай сайн харилцаатай байсны үрээр Италийн сэтгэгч Ландольфо Колоннагийн бүтээлд тайлбар чимсэн "De translatione imperii Romani" зохиолоо бичсэн бол католиг сүм хийдийн зүгээс хууль бус гэж зарлагдсан IV Людовигийн хүүгийн хуримыг зөвтгөсөн "De jurisdictione Imperia leincausa matrimonial!" шашдираа эзэн хааны зарлигаар туурвисан байна.
Ташрамд дурдахад дээр нэр цохсон Марсилийн “Цөөнхийг хамгаалагч” бүтээл нь “Энхийг эрхэмлэгч” зохиолын тайлбар хэлбэрээр бичигдсэн байдаг.
1327 онд католиг сүм хийдийн зүгээс Падуа нутгийн Марсилийг Жан Жандены хамт үхэх ялт тэрс номтон болохыг нийтэд зарлажээ. Баварын эзэн хаанаас Марсилийг сүм хийдийн мэдэлд эргүүлэн өгөхийг шаардахад Людовиг татгалзсан бөгөөд насны эцэс хүртлээ их эрдэмтнийг ивгээлдээ багтааж байв. Сонирхолтой нь, Ромын хутагт XXII Иоанны эрх мэдэл, бусармаг үйл ажиллагааг илчилсэн эзэн хааны мэдэгдлийг Марсилий бэлтгэж өгсөн байдаг.
Марсилий 1342-1343 оны хооронд бие барсан байна. Яг хэдий үед үхэв гэдэг нь түүхчдийн хувьд оньсого хэвээр үлдсэн. Хутагт VI Климентийн 1343 оны дөрөвдүгээр сарын 10 ны мэдэгдэлд саяхан амирласан гэж түүний тухай бичжээ. Гэтэл IV Людовиг 1343 оны есдүгээр сарын 18 нд хутагтад илгээсэн захидалдаа түүний нэрийг дурдаад өөрийн талынханыг тэрс номтнуудын жагсаалтаас хасахыг шаардсан байх юм. Энэ бүхнээс үндэслэн зарим судлаачид Марсилий 1343 оны есдүгээр сарын дунд үе хүртэл амьд байсан гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Юутай ч их эрдэмтэн, хутагтын эрх мэдлийн эсрэг аймшиггүй тэмцэгч, эзэн хааны шадар туслах Марсилий хэдий үед ажирсан нь бидний хувьд оньсого хэвээр үлдлээ.
Улс төрийн үзэл санаа
Падуа нутгийн Марсилийг Баруун Европын олон орноо алдаршуулсан “Энхийг эрхэмлэгч” бүтээл 1324 оны зун олны хүртээл болсон юм. Энэ талаар Баруун Европ болон АНУ-ын номын сангуудад хадгалагдаж байгаа их сэтгэгчийн дээрх зохиолын эх бичвэрт тодорхой дурдсан байна.
Эртний латин хэлнээ "pacis" хэмээх ойлголт нь хэд хэдэн утга санааг илэрхийлдэг. Үүнд: 1) Энх тайван; 2) Энхийн гэрээ; 3) Амар амгалан байдал; 4) Дэмжлэг, сайн сайхан байдал, соёрхол зэрэг болно. Энэ бүхнээс үзэхэд зохиолын нэрэн дэх "pacis" хэмээх үгийг  "энх тайван",  "амар тайван байдал" гэх утгаар утгачилан буулгах хэрэгтэй мэт. Зохиогчийн хувьд хүний оршихуйн дээд үнэт зүйл болсон нийгмийн нийцэл улс гэрийн доторх амар амгалан байдлын үндэс болдог гэсэн санааг зохиолдоо хөгжүүлсэн байна. Энэ бүхнээс дүгнэн орчуулагч Падуа газрын Марсилийн «Defensor pacis» бүтээлийг “Энхийг эрхэмлэгч” хэмээн монголчилсон болно. Улсын дотоодод амар амгалан байдал хэрхэн бий болдог, түүнд юу нөлөөлдөг хийгээд ямар учраас дайсагнал, тэмцэл гардаг тухай өгүүлсэн учир “Энхийг эрхэмлэгч” гэж монголчлох нь нийцтэй мэт санагдана.
Католиг сүм хийдийн дээд удирдлагуудыг хурцаар шүүмжилсэн “Энхийг эрхэмлэгч” бүтээлд сүм хийдийн шунахай хүсэл эрмэлзэл Европын улс орнууд, тэр дундаа Итали дахь нийгмийн ядуурал, гуйранч байдлын чухам шалтгаан мөн гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Марсилийн үзсэнээр, нийгмийн энэ мэт үзэгдэл, үйл явцыг мэргэдийн оройн чимэг Аристотель хүртэл бүтээл туурвилдаа дурдаагүй байдаг аж. Хутагтийн эрх мэдэл бүхнээс дээгүүр байх ёстой гэх католиг шашны албан ёсны байр суурь “хүн төрөлхтний хувьд хамгийн хөнөөлтэй зүйл мөн” гэдгийг Марсилий онцолсон.
Марсилий өөрийгөө Аристотелийн бүтээлд тайлбар хийгч гэж зарласан ч үнэн чанартаа түүний үзэл санааг улс төрийн сургаалаа биежүүлэхэд ашиглажээ. Тэрээр Аристотелийн «Улс төр» зохиолын тавдугаар дэвтэрийг ашигласан байдаг бол бусад тайлбар хийгчид долоо, наймдугаар дэвтэрийг үндсэндээ гол болгодог.
Хүний оюун ухаан, итгэл бишрэл нь харилцан холбоотой, бие биеэнсээ харилцан дэмжиж байдаг зүйлс болно. Гэхдээ итгэл бишрэл, оюун ухааны хатуу хамаарлыг шаардах өмнөх үеийн сэтгэгч Фомагаас ялгаатай нь, Марсилий оюун ухаан хангалттай хүчтэй бөгөөд оюун ухааны тусламжтайгаар бий болгосон зүйлийг мухар итгэл, бишрэлээр үгүйсгэх юм уу батлах боломжгүй гэдгийг онцолсон. Марсилий хүний энхийг эрхэмлэсэн мөн чанар дээр тулгуурлан өөрийн үзэл санааг хөгжүүлсэн байдаг. Чухамдаа бол хүн – улс төрийн амьтан мөн гэх Аристотелийн санааг гажуу утгаар авч үзсэн байна.
Оюун ухааны тусламжтайгаар шашны итгэл үнэмшлийг танин мэдэх аргагүй билээ. Үүний зэрэгцээ итгэл бишрэлийн ачаар үхэшгүй мөнх амьдрах тухай сургаалыг нотлох боломжгүй. Хүний амьдрал, үйл хэрэгт ертөнцийн эзэн гэхээсээ илүү нөхцөл байдал хүчтэй нөлөөлдөг. Хүн бүр өөрийн гэсэн эрх ашигтай, боломж, бололцоондоо тулгуурлан үүнийгээ хэрэгжүүлэхийг оролддог. Тиймээс хүн бүр эрх тэгш гэж Марсилий үзжээ.
Сүм хийд хойд насны, харин иргэний засаг энэ насны хэрэг явдлыг хамаардаг. Тиймээс сүм хийдээс илүү иргэний засаг хүний амьдралд тэргүүлэх байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл, энэ дэлхийд иргэний засаг голлох үүрэг, ноёрхох байр суурьтай гэдгийг Марсилий хүлээн зөвшөөрчээ.
Хүн болгон сайн, муу шинж хослуулсан байдаг. Тиймээс хүн төрөлхтний нэг хэсэг болсон санваартан нарт ч хүнд байх бүх шинж байна. Хүн нүглээс ангижирч чаддаггүй бол санваартан нар ч ялгаагүй нүгэлт амьтад болно. Үнэн чанартаа санваартнууд дэлхий ертөнц, ертөнцийн эзний холбоос бус, бусармаг хүсэлдээ хөтлөгдсөн католиг сүм хийдийн халхавч төдий юм. Эзэн хааны нэгэн адил санваартан, Ромын хутагт нарыг ард түмэн сонгож томилдог байх ёстой. Санваартан бол ердөө бэлгэдэл болно.
Ард түмэн эрх мэдлийн эх сурвалж тул эзэн хаан, санваартан тэр бүү хэл Ромын хутагтыг хүртэл сонгож томилдог байх ёстой. Хэтэрхий эрх мэдэл хэтэрхий хөнөөл бий болгодог тул төрийн засаглалыг хуваарилах хэрэгтэй гэж үзсэн. Марсилийн үзсэнээр, төрийн засаглалыг хууль тогтоох болон гүйцэтгэх гэсэн эрх мэдлийн хоёр төрөлд ангилах ёстой. Үүний хамт хууль тогтоох эрх мэдэл ард түмэн юм уу түүний сонгож томилсон хүмүүсийн гарт байх учиртайг Марсилий онцолсон.
Ромын хутагтын зүгээс “Энхийг эрхэмлэгч” бүтээлийн суурь санааг үнэлж, цэгнэх тусгай комисс байгуулсан байдаг. 1327 оны аравдугаар сард уг комиссийн таван гишүүн Марсилийн үзэл санаа тэвчихийн аргагүй тэрслүү санаатай болохыг тогтоосон байна. Гэтэл Баварын эзэн хаан IV Людовигийн зарлигаар 1329 оны эцсээр Мюнхен хотноо сүм хийд, эзэн хааны эрх мэдлийн талаар томоохон хэлэлцүүлэг зохион байгуулж, Марсилийн үзэл санааны нөлөөгөөр ард түмнээсээ сонгогдсон эзэн хаанд Ромын хутагтын батламж шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан байх юм. Юутай ч хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний түүхэнд Падуа нутгийн Марсилийн үзэл санаа томоохон байр суурь эзэлдэгийг онцлох байна.  

МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment